Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 620

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч А.Мөнхзул,

хохирогч Г.Б-,

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1765/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү овгийн Б-ы М-т холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ү овгийн Б-ы М- Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, “Ш” ХХК-нд мастераар ажилладаг, ам бүл 4, нөхөр, 02-4 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчиний 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, тус дүүргийн  00 дугаар хорооны 00 дугаар гудамжны 0 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Б.М- нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар орон сууцны 8 хувийн зээлэнд хамруулж  өгнө гэж төөрөгдөлд оруулж, иргэн Г.Б-ийн 19,500,000 төгрөгийг “Г” банкинд өөрийнхөө эзэмшдэг 0000000000 дугаарын дансаар дамжуулан, хууль бусаар залилан авсан, мөн шууд бусаар хохирогч Г.Б-т байрны засвар хийхэд зарцуулсан 1,100,000 төгрөг буюу нийт 20,600,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-ээс:

Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

            2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б- мэдүүлэхдээ:

Б.М-ийн ээжтэй нь би хамт ажилладаг юм. Би ипотекийн зээл хөөцөлдөөд бүтэхгүй байсан. Б.М-ийн ээж нь түүнийг тухайн үед “М” гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байгуулсан гэж ярьсан. Тэгээд Б.М- нь ипотекийн 8 хувийн зээлийг хурдан гаргаж өгнө гээд 00 дүгээр хорооллын “О” хороололд 2 өрөө байрыг зарна гэхээр нь очиж үзээд авахаар болсон. Тус байр нь 62,000,000 төгрөгийн үнэтэй гэсэн. Тэгээд Б.М- нь 8 хувийн зээлийг “Х” банкнаас гаргаж өгнө гэсэн бөгөөд “та байрны урьдчилгаа 30 хувиа” энэ данс руу шилжүүлчих гээд Г банкинд  өөрийнхөө эзэмшдэг дансны дугаарыг надад өгөөд, таны зээл бүтнэ гэж хэлэхээр нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 19.500.000 төгрөгийг Б.М-ийн дээрх данс руу шилжүүлсэн. Тухайн үзсэн “О” хорооллын байранд засвар 1.100.000 төгрөгөөр хийж, ипотекийн зээл бүтэхээр байрандаа оръё гээд хүлээж байсан боловч зээл бүтэхгүй болсныг 12 сард мэдсэн. 2018 оны 04 дүгээр сард Б.М-ийн ээж нь өөрийн өмчлөлд байсан хашаа байшин, газрыг Сонгинохайрхан дүүргийн тойргын нотариатаар орж үнэлүүлсэн ба газрыг нь 2.000.000 төгрөгөөр, хашаа байшинг нь 18.000.000 төгрөгөөр үнэлж нийт 20.000.000 төгрөгөнд дээрх хашаа байшинг нь би өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Одоо хохирол төлөгдсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 00000000000000 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Г.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 06 дугаар сард намайг өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхдаа “би 8 хувийн зээлд хамрагдаад 2 өрөө байр авах гэсэн бүтэхгүй байна” гэж ярьж байсан чинь Б- гэх сувилагч "Манай охин “М” гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байгуулсан, 8 хувийг амархан гаргаж өгч болно, та манай охинд хандаад үз гэж хэлсэн. Тухайн үед би байрны зээл хөөцөлдөөд чадахгүй байсан болохоор итгэсэн. Б-гийн охин М- намайг ажил дээрээ байж байсан чинь “Би үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байгуулсан юмаа. “О” хороололд 53 м.кв-тай 2 өрөө байр байна, очоод үзчих гэж хэлсэн. Би нөхөр А-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “О” хороололд байрлах 53 м.кв байрыг нь очиж үзээд таалагдаад авахаар болсон. Маргааш нь би гар утсаар ярьсан чинь М- манай ажил дээр ирээд миний байр хөөцөлдөж байсан бүх бичиг баримтыг аваад явсан. “Таны бичиг баримтыг “Х” банкинд шалгуулаад юу хэрэгтэй байгаа талаар эргээд хэлье” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа М- над руу залгаад “Таны 8 хувийн байрны зээл чинь бүтэх юм байна, та миний Г банкны 0000000000 дугаарын данс руу 19.500.000 төгрөгийг хийчих, урьдчилгаа мөнгө чинь болох юм байна” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Г” банкны салбар ороод өөрийн 0000000000 дугаарын данснаас 19.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би “О” хорооллын 2 өрөө байрыг 65.000.000 төгрөгөөр худалдаж авахаар М-тэй тохиролцсон. “О” хорооллын байранд тухайн үед хувь хүмүүс амьдарч байсан. Хэсэг хугацааны дараа би М-тэй ярихад “Одоо удахгүй байрны зээл чинь гарна, “Х” банкны хурлаар орж байгаа, удахгүй ээ, эгч хүлээж бай” гэж хэлээд байсан.

Би 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр М-тэй холбогдсон чинь “Х банкны зээл бүтэхээ больчихлоо, таны зээлийг “Х-” банкаар гаргахаар боллоо” гэж хэлээд ажлын газрын тодорхойлолт гаргуулж авсан. Дараа нь залгахаар М- “Х-” банкны хурлаар орж байгаад удахгүй зээл чинь гарна гэж хэлээд хойшлуулсан. М- надад хэлэхдээ “Миний өөрийн нэр дээр данс үүсгээд 30 хувийг чинь байршуулсан” гээд байсан Тэгэхлээр нь би “тэгвэл би тэр эдийн засагчтай нь уулзъя” гэж хэлэхээр М- “хэрэггүй ээ, би өрөө зохицуулна, та зүгээр хүлээж бай, би гадуур ажилтай явж байна” гээд байдаг байсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Х-” банк дээр би өөрөө очоод “миний нэр дээр ямар нэгэн данс үүсгэсэн зүйл байна уу” гэж асуухад миний нэр дээр ямар нэгэн данс байхгүй байсан. Тэгэхлээр нь би М- рүү залгахаар гар утсаа авахгүй олон хоног болсон. Би М-ийн ээж Б-гийн гар утас руу залгаад “Миний нэр дээр “Х-” банкинд ямар нэгэн данс алга байна” гэж хэлсэн чинь М-ийн ээж Б- нь “харин тиймээ би сая л мэдлээ, чиний мөнгийг М- үрчихсэн юм шиг байна, одоо мөнгө чинь байхгүй” гэж надад хэлсэн. М- гар утсаа авахгүй надтай уулзахгүй байхаар нь маргааш нь ээж Б-г нь дагуулаад М-ийн гэр болох “О” хорооллын байранд нь очиж уулзсан чинь М- “Би ямар нэгэн аргаар таны зээлийг гаргаж өгнө, одоо “Т-” банкинд зээл хөөцөлдөж байгаа удахгүй” гээд байсан. Тэрнээс хойш ерөөсөө холбоогүй байгаа юм. Би О хорооллын 2 өрөө байрны түлхүүрийг авчихсан байсан, тэгээд байранд нь 1.100.000 төгрөгөөр завсар хийчихсэн байсан. Тэгээд тэр байрны хүмүүс нь мөнгө өгөхгүй, зээл нь бүтэхгүй болохоор надаас буцаагаад байрныхаа түлхүүрийг авчихсан. Би М-т байрны 8 хувийн зээлд оруулж өгнө гээд байхаар нь итгэсэндээ л М-ийн “Г” банкны  данс руу 19.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би М-тэй ээж Б-гаар нь дамжуулан уулзсан. Би М-тэй ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Надад нийт 20.600.000 төгрөгийн хохирол учирсан. Надад 2018 оны 02 дугаар сард 500.000 төгрөг төлсөн, өөр надад ямар нэгэн хохирол төлсөн зүйл байхгүй. Надад гомдолтой байна хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг. ...” гэх мэдүүлэг [1],

 

2. Гэрч В.Б-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны зун Б- надад “Би орон сууцны 8 хувийн зээлд ормоор байна, тэгсэн банкны ажил бүтэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “М- үл хөрөнгө зуучлалын компани ажиллуулж байгаа шүү дээ” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа М- “Би О хороололд нэг байр олчихлоо, Б- эгчид таалагдах юм болов уу яах юм бол” гэж надад хэлсэн. Тэгээд би Б- М- хоёрыг хоорондоо юу гэж тохиролцсоныг мэдээгүй явж байгаад 2018 оны 12 дугаар сард охин М-ээс Б-ийн урьдчилгаа 30 хувь 19.500.000 төгрөгийг үрчихсэн гэдгийг нь мэдсэн. Миний том охин 1991 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот Эх нялХ- эрдэм шинжилгээний төв эмнэлэгт төрсөн. Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 42 дугаар бүрэн дунд сургуульд суралцаж байгаад 9 дүгээр ангиасаа ерөнхий боловсролын 9 дүгээр бүрэн дунд сургуульд шилжин ороод 2009 онд 11 дүгээр анги төгссөн. Ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд 2009 онд Их засаг их сургуулийн англи хэлний орчуулагчийн ангид элсэн ороод 2013 онд төгссөн. 2013 оноос эхлэн Гадаад хэлний сургалтын төвд багшилж байгаад 2016 оноос “Б-” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанд зуучлалын менежерийн ажил хийж байгаад 2017 оноос “Н-” компанид худалдааны зөвлөх хийж байсан. Дараа нь 2017 оны 06 дугаар сараас “М” нэртэй үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байгуулаад ажиллаж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг [2]

 

3. Гэрч Т.А-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...Эхнэр бид хоёр амьдарч байсан орон сууцаа зараад томруулах гэж байсан юм. Тэгээд зарсан байрныхаа мөнгөөр урьдчилгаа хийгээд томхон орон сууц авахаар хөөцөлдөж байсан. Би өөрийнхөө дүүг байрны зээл авахад хамтран зээлдэгчээр орсон байсан учир эхнэртэйгээ цуг зээл авах боломжгүй болчихсон, бидэнд өөр хамтран зээлдэгч олдохгүй байсан. Тэгтэл манай эхнэрийн хамт ажилладаг В.Б- гэдэг эмэгтэй манай эхнэрт өөрийнхөө охин Б.М-ийг үл хөдлөх хөрөнгийн зуучлалын ажил хийж байгаа гээд уулзуулсан. Б.М- нь “О” хороололд 2 өрөө байр үзүүлсэн. Тэр байр нь гайгүй юм шиг байхаар нь авъя гэж бодсон. Тэгээд М-тэй ярилцтал өөрийнхөө данс руу 19.500.000 төгрөгийг шилжүүлж авсан. М- эхнэр бид хоёрт олон удаа худлаа хэлсэн. Эхлээд “Г” банкнаас зээл авч өгнө бичиг баримт материал бүрдүүлсэн гэж байгаад, банкаа солиод “Х” банк болсон гэж хэлсэн. Дараа нь дахиж өөрчлөөд “Х-” банк гэх зэргээр өөрчлөгдөөд байсан. Тэгээд өнөөдөр байр ч үгүй, мөнгө ч үгүй байгаад байна. “О” хороололд авах гэж байсан байрны эзэд нь хотын төв рүү байранд ороод нүүгээд явсан учир хоосон байранд нь бид хоёр 1.100.000 төгрөгөөр засвар хийсэн. Байрны зээл бүтэхгүй болохоор “О” хорооллын байрны эзэн нь байраа буцаагаад авсан. Тэгээд биднийг өөрсдөө дурандаа засвар хийсэн гээд засвар зардлыг төлөхгүй байгаа. Тийм учир бид тухайн зардлыг М-ээс нэхэмжилж байгаа юм. Б.М-ийн аав ээжийг нь танина. Ээж нь эхнэртэй маань хамт ажилладаг учир бие биенийхээ гэрээр орж гардаг байсан. Тэгээд зүс таньдаг байж байгаад залилуулаад хохирчихлоо. ...” гэх мэдүүлэг [3] ,

 

4. Гэрчээр Д.О-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...Би Б.М-ийн ээж Б-гийн дүү нь юм. Миний дүү Б.М- нь 1991 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 42 дугаар бүрэн дунд сургуульд суралцаж байгаад 9 дүгээр ангиасаа ерөнхий боловсролын 9 дүгээр бүрэн дунд сургуульд шилжин ороод 2009 онд 11 дүгээр анги төгссөн. Ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд 2009 онд Их засаг их сургуулийн англи хэлний орчуулагчийн ангид элсэн ороод 2013 онд төгссөн. 2013 оноос эхлэн Гадаад хэлний сургалтын төвд багшлаж байгаад 2016 оноос “Б-” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанд зуучлалын менежерийн ажил хийж байгаад 2017 оноос “Н-” компанид худалдааны зөвлөх хийж байсан. Дараа нь 2017 оны 06 дугаар сараас “М” нэртэй үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байгуулаад ажиллаж эхэлсэн....” гэх мэдүүлэг [4],

 

5. Б.М-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би “М” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани ажиллуулдаг юм. Манай ээж В.Б-тай Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт хамт ажилладаг Г.Б- гэдэг эмэгтэй 2 сар шахуу банкинд байрны зээл хөөцөлдөж байгааг ээж маань мэдээд түүнд надтай холбогдохыг зөвлөж хэлсэн байсан. 2017 оны 09 дүгээр сарын эхээр Г.Б- гэдэг эмэгтэй над руу утсаар холбогдоод “өөрийн амьдарч байсан байраа зарчихсан, 21 дүгээр хорооллын орчимд байр хайж байна, урьдчилгаа 30 хувь нь бэлэн байгаа” гэж ярьсан. Тухайн үед манай байгууллага “О 1 дүгээр хороололд 2 өрөө байр зарах гэж байгаа хүнтэй борлуулалтын зуучлалын гэрээ хийсэн байсан юм. Тэгээд тэр байрыг Г.Б-т үзүүлсэн юм. Г.Б- нөхөртэйгээ хамт очиж тэр байрыг үзээд 65,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Г.Б- зээл гарна гэж хүлээгээд 1 сая төгрөгөөр тухайн байрандаа засвар хийсэн байсан. Хүмүүсээс дам асууж Ха байрны зээл гарах боломж өндөр байдгийг лавлахад Сансарын “Х” банкны салбар дээр гардаг гэж байсан. Би хүмүүстэй уулзаж хайж явахад боломж бололцоо тааруу учир Б-ээс авсан мөнгөө буцааж өгөлгүй, байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэсэн. Зар сурталчилгаа хийлгэх болон ажилчдын цалин гэж өгөөд дууссан. ...Би Нарангийн голд байдаг 107-р сургуульд сурч 2009 онд төгссөн. Төгсөөд 2009 онд Чингис СООСЭ сургуульд сурч 2013 онд төгссөн. 2013 оны 11 дүгээр сараас эхлэн хуулийн орчуулгын ажил хийж байсан. Голдэн хөрөнгө зуучлалын газар зуучлалын менежерээр ажиллаж байсан. “Н-” ХХК-д худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан. Сүүлд өөрөө “М “XXК-нийг байгуулж ажиллуулах болсон. Оюутан байхдаа цуг сурч байсан Н.Б- гэх залуутай танилцаж найзлаад 2015 онд гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. Томыг нь Б.Б- гэдэг 4 настай, багийг нь Б.Т- гэдэг 2 настай. Би одоогоор 2 хүүхдийн хамт төрсөн эцэг Б.Б-ы гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хилчин 00-00 тоотод оршин сууж байгаа. ...” гэх мэдүүлэг [5],

 

6. Хохирогч Г.Б-ээс шүүгдэгч Б.М-ийн “Г” банкинд эзэмшдэг данс руу 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 19,500,000 төгрөгийг шилжүүлсэн тухай төлбөрийн баримт [6],

 

7. “М” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар [7], “М” ХХК-ний дүрэм [8], “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Б.М- тухай/, гэрчилгээ, дүрэм [9], Х төрийн  бус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэм гэх зэрэг хуулбар баримтууд [10] ,

 

8. Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, хилчиний 00 дүгээр гудамжны 00 тоот хаягт байрлах 700 мк.в газар худалдах худалдан авах гэрээ [11], Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, хилчиний 00 дүгээр гудамжны 00 тоот хаягт байрлах 60 мкв талбайтай хувийн сууц худалдан авах гэрээ, эдгээр хөрөнгө нь Г.Б-ийн нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэгдсэн тухай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар [12],

 

9. Шүүгдэгч Б.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа[13], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [14], Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, хилчин 00 гудамж 00 тоот хаягт  оршин суудаг гэх нэг цэгийн үйлчилгээнээс авсан лавлагаа[15], Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар [16], Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Б.М- нь сар бүрийн хяналтанд орж, зан үйл засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдаагүй гэх 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3/11151 дугаар албан бичиг [17], жирэмсэн эмэгтэй хяналтын хөтөч гэсэн эмчийн үзлэг бүхий тэмдэглэлтэй карт болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.М- нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж орон сууцны 8 хувийн зээлэнд хамруулж өгнө гэж төөрөгдөлд оруулж, иргэн Г.Б-ийн 19.500.000 төгрөгийг Г банкинд өөрийнхөө эзэмшдэг 0000000000 дугаарын дансаар дамжуулан шилжүүлэн авч, залилан, 19.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Г.Б-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Б-гийн охин Б.М- ...“Би үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байгуулсан, “О” хороололд 53 м.кв талбайтай 2 өрөө байна очоод үзчих гэсэн. ...байрыг нь очиж үзээд таалагдаад авахаар болсон. ...М- манай ажил дээр ирээд миний байр хөөцөлдөж байсан бүх бичиг баримтыг аваад, “Танай бичиг баримтыг Х банкинд шалгуулаад юу хэрэгтэй байгаа талаар эргээд хэлье” гэсэн. Хэсэг хугацааны дараа М- над руу залгаад “Таны 8 хувийн байрны зээл чинь бүтэх юм байна та миний Г банкны 0000000000 дугаарын данс руу 19.500.000 төгрөгийг хийчих, урьдчилгаа мөнгө чинь болох юм байна” гэхээр нь өөрийн 0000000000 дугаарын данснаас 19.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ... ...“Одоо удахгүй байрны зээл чинь гарна Х банкны хурлаар орж байгаа, удахгүй ээ эгч хүлээж бай” гэж хэлээд байсан. 2017 оны 11 дүгээр сарын сүүлээд М-тэй холбогдсон чинь “Х банкны зээл бүтэхээ больчихлоо таны зээлийг “Х-” банкаар гаргахаар боллоо” гээд ажлын газрын тодорхойлолт гаргуулсан. Дараа нь залгахаар М- “Х- банкны хурлаар орж байгаад удахгүй зээл чинь гарна” гэж хэлээд хойшлуулсан. М- надад хэлэхдээ “Миний өөрийн нэр дээр данс үүсгээд 30 хувийг чинь байршуулсан” гээд байсан. Тэгэхлээр нь би “тэгвэл би тэр эдийн засагчтай нь уулзъя” гэж хэлэхээр М- “хэрэггүй ээ би өрөө зохицуулна та зүгээр хүлээж бай би гадуур ажилтай явж байна” гэдэг байсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Х-” банк дээр би өөрөө очоод “миний нэр дээр ямар нэгэн данс үүсгэсэн зүйл байна уу” гэж асуухад данс байхгүй байсан. ... “Миний нэр дээр Х- банканд ямар нэгэн данс алга байна” гэж хэлсэн чинь М-ийн ээж Б- нь ...чиний мөнгийг М- үрчихсэн юм шиг байна...” гэсэн. ...М- “Би ямар нэгэн аргаар таны зээлийг гаргаж өгнө одоо “Т-” банкинд зээл хөөцөлдөж байгаа, удахгүй” гээд, тэрнээс хойш ерөөсөө холбоогүй байгаа. Би О хорооллын 2 өрөө байрны түлхүүрийг авчихсан байсан тэгээд байранд нь 1.100.000 төгрөгөөр засвар хийчихсэн. ...итгэсэндээ л М-ийн Г банкын данс руу 19.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би М-тэй ээж Б-гаар нь дамжуулан уулзсан. ...” гэх мэдүүлэг [18]

-Гэрч Т.А-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...В.Б- гэдэг эмэгтэй манай эхнэрт өөрийнхөө охин Б.Мөнцхэцэгийг үл хөдлөх зуучлалын ажил хийж байгаа гээд уулзуулж, Б.М- нь “О” хороололд 2 өрөө байр үзүүлэхээр нь авъя гэж бодсон. ...өөрийнхөө данс руу 19.500.000 төгрөгийг шилжүүлж авсан. М- эхнэр бид хоёрт олон удаа худлаа хэлсэн. Г банкнаас зээл авч өгнө бичиг баримт материал бүрдүүлсэн гэж байгаад, банкаа солиод Х банк болсон гэж хэлсэн, дараа дахиж өөрчлөөд Х- банк гэх зэргээр өөрчлөгдөөд байсан. Тэгээд өнөөдөр байр ч үгүй, мөнгө ч үгүй байна. ...” гэх мэдүүлэг [19] ,

-Гэрч В.Б-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2017 оны зун Б- надад “Би орон сууцны 8 хувийн зээлд ормоор байна, банкны ажил бүтэхгүй байна” гэхээр нь би “М- үл хөрөнгө зуучлалын компани ажиллуулж байгаа шүү дээ” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа М- “Би О хороололд нэг байр олчихлоо Б- эгчид таалагдах юм болов уу яах юм бол” гэж надад хэлсэн. ...2018 оны 12 дугаар сард охин М-ээс Б-ийн урьдчилгаа 30 хувь 19.500.000 төгрөгийг үрчихсэн гэдгийг нь мэдсэн. ...” гэх мэдүүлэг [20],

-Б.М-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...2017 оны 09 дүгээр сарын эхээр Г.Б- гэдэг эмэгтэй над руу утсаар холбогдоод “өөрийн амьдарч байсан байраа зарчихсан, 21 дүгээр хорооллын орчимд байр хайж байна, урьдчилгаа 30 хувь нь бэлэн байгаа” гэж ярихаар нь  “О 1 дүгээр хороололд 2 өрөө байр зарах гэж байгаа хүнтэй борлуулалтын зуучлалын гэрээ хийсэн байсан юм, тэгээд тэр байрыг Г.Б-т үзүүлсэн юм. Г.Б- нөхөртэйгээ хамт очиж тэр байрыг үзээд 65,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Г.Б- зээл гарна гэж хүлээгээд 1 сая төгрөгөөр тухайн байрандаа засвар хийсэн. Хүмүүсээс дам асууж Ха байрны зээл гарах боломж өндөр байдгийг лавлахад Сансарын Х банкны салбар дээр гардаг гэж байсан. Би хүмүүстэй уулзаж хайж явахад боломж бололцоо тааруу учир Б-ээс авсан мөнгөө буцааж өгөлгүй байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэсэн. Зар сурталчилгаа хийлгэх болон ажилчдын цалинд гэж өгөөд дууссан. ...” гэх мэдүүлэг [21], хохирогч Г.Б-ээс шүүгдэгч Б.М-ийн “Г” банкинд эзэмшдэг данс руу 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 19,500,000 төгрөгийг шилжүүлсэн тухай төлбөрийн баримт [22] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.М- нь шууд санаатай шунахай сэдэлтээр иргэн Г.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох буюу 8 хувийн зээлд хамруулж өгч чадна гэж итгэл үнэмшилж төрүүлж “М” гэх компантай гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Г.Б-ийн 19.500.000 төгрөгийг өөрийнхөө дансаар дамжуулан, залилан авч, мөн шууд бусаар хохирогч Г.Б-т байрны засвар хийхэд зарцуулсан 1.100.000 төгрөгийн буюу нийт 20.600.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан байна. “М” компани нь үл хөдлөх зуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компани биш, барилгын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Б.М- нь уг гэмт хэргийг  үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил сайн харилцааг ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

            Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.М-ийн эх В.Б- нь хохирогч Г.Б-тэй нэг дор хамт ажилладаг байх ба  Б.М- нь Г.Б-ийг таньдаг урьдны харилцаагаа ашиглан өөрт байхгүй эрхийг хохирогчид амлан банкны 8 хувийн зээлэнд хамруулж өгнө гэж хуурч, улмаар өөрийн оршин суудаг “О” хороололд 2 өрөө орон сууц худалдана гэсэн хүмүүстэй уулзуулж, тус байрыг худалдан авах орон сууцны үнийн 30 хувийг байршуулж байж зээл авч өгнө гэж төөрөгдөлд оруулж, хохирогчийн мөнгийг эргүүлэн төлөх санхүүгийн эх үүсвэргүй, өөрөөр хэлбэл буцаан төлөх бодит баталгаагүй гэдгээ мэдсээр байж, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогчийн 19.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг дансанд шилжүүлэн авч, залилсан, шилжүүлэн авсан хөрөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, хохирогчийн эд хөрөнгийг залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

Нөгөө талаас хохирогч Г.Б- нь эрх бүхий байгууллага болох банкинд бус, шүүгдэгч Б.М-ээс түүнд олгогдоогүй эрхийг шаардсан буюу, иргэнээр дамжуулан банкнаас зээл гаргуулах тухай хүсэлт нь хууль бус бөгөөд түүний гаргасан хууль бус хүсэлт нь тус гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлсөн байна.

Тиймээс шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх тус зүйл, хэсэг, заалтад зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б- нь шүүгдэгч Б.М-т 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 19.500.000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдсон. Мөн хохирогч Б.Б-т “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын “О” хорооллын 2 өрөө, 53 мкв талбайтай хоёр өрөө  орон сууцыг худалдан борлуулна гэж хуурсан, хохирогч Г.Б- нь зээл гарахаар тус байранд орно гэсэн зорилгоор 1.100.000 төгрөгөөр засвар хийсэн шууд бус гэм хорын хохирол учирсан байх бөгөөд  нийт 20.600.000 төгрөгийн төлбөр төлөгдөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд хохирогч Г.Б-ээс “шүүгдэгч Б.М-ийн төрсөн эх В.Б- нь өөрийн өмчлөлийн газар, хувийн сууцыг миний нэр дээр шилжүүлж өгсөн тул хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч Б.М-ээс түүний эх В.Б-гаас төлбөрийг эд хөрөнгөөрөө барагдуулсан талаар мэдүүлсэн.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэн В.Б-, Г.Б- нарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны Хилчний 00 дүгээр гудамжны 00 тоот хаягт байрлах 700 мкв талбайтай газрыг 2,000,000 төгрөгөөр худалдах тухай худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр дээрх тоот хаягт байрлах 60 мкв талбайтай хувийн сууцыг 18,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ тус тус байгуулсан талаарх гэрээ авагдсан байх ба, Г.Б-ээс худалдах худалдан авах гэрээгээр хэлцэл хийсэн боловч газар, хувийн сууцыг өөрийн 20.600.000 төгрөгийн төлбөрт шилжүүлэн авсан талаар мэдүүлсэн. Мөн хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн 0000000000, 0000000000 дугаар бүхий 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр олгосон тус тус гэрчилгээнд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны Хилчний 00 дүгээр гудамжны 00 тоот хаягт байрлах 700 мкв талбайтай газар, 60 мкв талбай бүхий хувийн сууц зэрэг хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Г.Б- бүртгэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Б.М-ийн ар гэр нь түүний учруулсан хохирлыг хохирогчид үл хөдлөх хөрөнгөөр тооцож төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэ тогтоолоор хохирогч Г.Б-т төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюй 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэгээс Б.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.М-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тэрээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байна.[23] 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Шүүгдэгч Б.М- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолоор 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгэгдсэн, харин тус шүүхэд хянагдаж байгаа эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн ял шийтгэгдэхийн өмнө үйлдсэн гэмт хэрэг нь илэрсэн байх бөгөөд түүнийг ял шийтгэгдсэний дараа дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх ...энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.М- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдоогүй. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан ялыг нэмж нэгтгэх зохицуулалт тус этгээдэд хамаарахгүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд, хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор зохицуулсан тул шүүх Б.М-т Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэх боломжтой гэж үзлээ.

Б.М- нь 4 сартай жирэмсэн болох талаар хэрэгт жирэмсэн эмэгтэй хяналтын хөтөч гэсэн эмчийн үзлэг бүхий тэмдэглэлтэй картыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан, хувийн байдал буюу жирэмсэн байдлыг харгалзаж түүнд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.0000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан 3 сар буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 


[1] Хавтаст хэргийн 7-8 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 72-73 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 70-71 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 47 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн  48-50 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 123-124, 138-146 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 125-136 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 190 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 191-193 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 82 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 80 дугаар тал.

[15] хавтаст хэргийн 76 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 92-94 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 189 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 7-8 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 72-73 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 70-71 дүгээр тал.

[22] Хавтаст хэргийн 191 дүгээр тал.

[23] Хавтаст хэргийн 189 дүгээр тал.