| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 2522000920065 |
| Дугаар | 2025/ДШМ/28 |
| Огноо | 2025-12-19 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/28
*******ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гомдлоор шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн 2522000920065 тоот хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрөгч угсралт мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан (РД: );
Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар баг “Балжив” гэх газарт өөрийн эзэмшлийн 09-03 УКМ улсын дугаартай Lexus Н5250Н” маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7а “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 23.9б “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэсэгт (энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд) хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин хамтран амьдрагч ийг автомашины хамар дээр хэвтүүлэн бичлэг хийлгэн шороон замаар хөдөлгөөнд оролцох үед нь газарт унаж, эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл учирч, амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
1. Дундговь аймгийн Прокурорын газраас: *******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал *******ад холбогдох эрүүгийн 2522000920065 дугаартай хэрэгт хавсарган үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67 1.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 08 сарын 28-ны өдөр төрсөн охин : 2020 оны 01 сарын 15-ны өдөр төрсөн охин нарт нэн даруй асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Дундговь аймгийн ******* сумын засаг даргад үүрэг болгож, шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэсэн байна.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Шийтгэх тогтоол нь эрүүгийн хариуцлагын талаар хөнгөрүүлэх байр суурийг илэрхийлж, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч” оролцсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “ ахынд очиж 2 аяга бараашиг уусан, Одоо хоёр охин, настай аавтайгаа 4-үүлээ амьдарч байна. Хэргийг хөнгөрүүлж өгнө үү” гэж мэдүүлсэн. Түүнчлэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “Одоо хоёр охинд нь аав нь л үлдсэн, бидэнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг гаргаж оролцсон.
Харин өмгөөлөгчийн зүгээс хэрэгт эргэлзээтэй нотлох баримтууд авагдсан, өөрөөр хэлбэл согтуурлын зэргийг тогтоосон баримт эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлүүлэх санал, дүгнэлт гаргаж оролцсон бөгөөд үйлчлүүлэгчийн хувийн байдал, гэм буруугаа зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн ял оногдуулах саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагаа явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол, хор уршиг нэхэмжлээгүй.
*******ад холбогдох хэрэгт нотлогдвол зохих байдлууд нотлогдсон, гэмт хэргийн улмаас бий болсон хохирол, хор уршиг нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бий болсон гэдгийг ******* нь ухамсарласан ойлгосон.
Мөн хэрэгт авагдсан шинжээчийн 2025.04.03-ны өдрийн 52-43/145 дугаартай дүгнэлтэд “амь хохирогч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2 “Тээврийн хэрэгслийн зорчигч дараах зүйлсийг хориглоно” б/ тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэрэг дээр...тээврийн хэрэгслээс зүүгдэх” гэснийг зөрчсөн гэж үзсэн. *******ын ажил амьдралын хүрээн дэх зан төлөв, нас, ам бүлийн байдал буюу бага насны 2 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй эцгийн хамт амьдардаг нөхцөл байдлыг харгалзан Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын хэмжээг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү гэв.
4. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтэй үнэхээр гэмшиж байна. Миний ялыг багасгаж өгнө үү гэв.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуйлт байна. 2 хүүхэд аав нь байхгүй болохоор цэцэрлэгийнх нь хүүхэд өдөр болгон орондоо шээж байна. 2 дугаар ангийн охин нь хичээлдээ явах дургүй. Хэд дэх өдөр аавтай уулзах билээ гэж намайг сэтгэл их эмзэглүүлээд хэцүү байна. Болж өгвөл өршөөгөөд суллачих арга тал байна уу л гэдгийг би гуйж байна. Надад гомдол байхгүй. 2 охиныг харахад зүрх зүсэгдэж, элэг эмтэрч байна. Өөр хэлэх юм байхгүй гэв.
6. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ад оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд *******ын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар яллагдагчаар татсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 1 аяга чавганы шүүс уусан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж байсан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо согтуурал шалгах багаж асуудалтай байсан. Намайг хэд хэдэн удаа үлээлгэсэн. Төхөөрөмж нь ажиллаагүй зэрэг тайлбарыг гаргаж, өмгөөлөгчтэйгөө нэг байр суурьтай оролцоно гэдгээ илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хувьд хэргийн зүйлчлэлийн талаар маргаж оролцсон байх тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэх ерөнхий хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Мөн түүний өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд драгер багаж хэн гэдэг хүн үлээлгэсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу согтуурлын зэргийг шалгасан юм уу? Энэ нь нотлох баримтаар бүрдүүлэгдсэн эсэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл согтууруулах ундааны зүйл хэрэглэж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж буюу шинжээчийн дүгнэлтээр гарсан замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалт зөрчсөний улмаас хамтран амьдрагч ийн амь насыг хохироосон гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь эргэлзээтэй байна. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэдгийг илэрхийлж, шүүгдэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө байр суурь нэг оролцохоо илэрхийлж. Энэ хүрээнд анхан шатны шүүх хуралдаан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын гэсэн 2 үе шаттайгаар явуулсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ын хувьд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, тухайн шүүгдэгчийн бага насны хүүхдүүдээ асран хамгаалж байсан хувийн байдал, амь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хамгийн хэмжээгээр буюу түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,
Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар баг “Балжив” гэх газарт өөрийн эзэмшлийн 09-03 УКМ улсын дугаартай Lexus Н5250Н” маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7а “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 23.9б “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэсэгт (энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд) хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин хамтран амьдрагч ийг автомашины хамар дээр хэвтүүлэн бичлэг хийлгэн шороон замаар хөдөлгөөнд оролцох үед нь газарт унаж, эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл учирч, амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон байна. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэгтээ:
“ нь миний төрсөн охин бөгөөд ******* нь миний охин ийн нөхөр байгаа юм. Би 2025 оны 03 дугаар сарын 03-ны орой Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар баг, Зүүн жирмийн 01-06 тоотод байх гэртээ байж байтал манай нөхөр ирээд " эмнэлэг дээр ухаангүй байна гэнэ, ухаан орохгүй байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "яасан юм, юу болсон юм" гэхэд манай нөхөр “мэдэхгүй хөгшин нь учрыг нь олоогүй байна" гэж хэлсэн. Тэгээд нөхрийн хамт сумын Эрүүл мэндийн төвд очиход эмнэлгийн үүдэнд талийгаач охины маань нөхөр ******* миний төрсөн охин нар байсан. Тэгээд би гоос "юу болсон бэ? миний охин, яагаад эгч нь ухаан орохгүй байна вэ" гэж асуухад "айлаас гараад явж байтал эгч би машин дээрээ гарч бичлэг хиймээр байна гэж хэлсэн. Тэгэхэд нь ******* ах юу яриад байгаа юм харанхуй болчхоод байхад гэж хэлэхэд тэгвэл би ядаж машины хамар дээр сууж бичлэг хиймээр байна гээд уурлаад байсан. Тэгээд эгээ машиныхаа хамар дээр гарч хэвтээд ******* ах машиныг жолоодоод, би гар утсан дээрээ бичлэг хийгээд явсан. Машин явж байх үед эгээ машинаас унаж ухаан ороогүй. Машинаас унангуут нь шууд эмнэлэг дээр ирсэн гэж хэлсэн. Талийгаач охин маань Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар баг "Зүүн жирмийн 01-04 тоотод нөхөр *******, хадам аав , охин /6 настай/, /5 настай/ нарын хамт амьдардаг бөгөөд эрхэлсэн ажилгүй, гэртээ байдаг... Миний сэтгэцэд хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэх шаардлага байхгүй. Би гаргуулахгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хүргэндээ гомдоод ч яах билээ. Миний охин өөрөө уурлаж, загнаж байгаад машины хамар дээр гарсан гэсэн. 2 зээгээ бодож байна. Цаашид аавтайгаа элэг бүтэн амьдраасай гэж хүсэж байна. ...******* л хоёр хүүхдэдээ их хань болж байна.” гэжээ /хх-ийн 31-32 34/,
Мөн насанд хүрээгүй гэрч Ө Урангоо мэдүүлэгтээ: “ нь миний төрсөн эгч ******* нь манай хүргэн ах буюу эгчийн маань нөхөр байгаа юм. Би 2025 оны 03 дугаар сарын 03-ны орой 18 цаг өнгөрч байх үед төрсөн эгч , түүний нөхөр *******, эгчийн хүүхдүүд болох , нарын хамт аавынхаа төрсөн ах Ө.ынд очиж золгохоор явсан. Тухайн үед бид ******* ахын эзэмшлийн "Lexus НS-250" маркийн машинтай явсан бөгөөд ******* ах жолоодоод явсан. Ө. ахынх ******* сумын төвөөс баруун зүгт 10 гаран километр зайд байдаг юм. Бид 19 цагийн үед Ө. ахынд очоод золгочхоод юм ярьж сууж байгаад 20 цаг өнгөрч байх үед сум руу хөдөлсөн. Тухайн үед ******* ах жолоо бариад, эгч жолоочийн хажууд, ард би хоёр хүүхдийнх нь хамт суугаад явсан. Замд явж байх үед " эгч машин явж байх үед машины дээр сууж байх үеийн бичлэг хийнэ" гэж ярьж эхэлсэн. Тэгэхээр нь ******* ах бид хоёр "яах гээд байгаа юм, харанхуй болсон байна" гэж хэлсэн. Тэгээд ярилцаж байгаад эгч "машины хамар дээр хэвтээд ******* ах машинаа жолоодоод, би гар утсан дээрээ бичлэг хийхээр болсон. Тэгээд эгч машины хамар дээр гарах гэхэд би өргөж өгч чадахгүй байсан тул ******* ах түлхэж /өргөж/ эгчийг машины хамар дээр гаргасан. Тухайн үед эгч "машины хамар дээр доошоо харан хөндлөн байрлалтай /хөл нь жолоочийн урд хэсэгт, цээж, толгой хэсэг нь жолоочийн хажуугийн урд тал хэсэгт/ хэвтсэн. Тэгээд өвчтэй буюу зүүн гараараа машины копутны арын хэсгээс барьж, баруун гар нь сул байсан. Тухайн үед ******* ах машинаа хөдөлгөж урагшаа явж би жолоочийн хажуугийн хаалганы цонхоор цээж хэсгээ гаргаад эгчийг гар утсаараа бичлэг хийж явсан. Тэгж байх үед эгч унах гээд байгаа юм шиг болохоор нь би зүүн гараа эгч рүү сунгаж гараас бариарай гэж хэлэхэд эгч баруун гараараа миний зүүн гараас барьсан. Тэгж байгаад эгч машины зөв тал хэсэг рүү буюу миний хажуу тал руу газарт унасан. Тэгэхэд нь ******* ах машинаа зогсоож ухрахад эгч шороон замын хажууд газарт хэвтэж байсан. Тэгэхээр нь ******* ах машинаас буугаад гүйгээд очиход эгч ухаангүй байдалтай байсан. Тэгэхээр нь шууд эгчийг машины арын суудалд хэвтүүлээд ******* сумын эмнэлэгт авч ирсэн. Энэ санааг эгч өөрөө гаргасан байх. Намайг ард хүүхдүүдтэй нь бэлэг, сэлт янзалж байх үед л энэ яриа эхэлчихсэн байсан. эгч эхлээд машины дээвэр дээр сууж явна гэж байсныг ******* ах бид хоёр эсэргүүцэж байж машины хамар дээр суулгаж явахаар болсон юм....гэжээ /хх-ийн 36-37/,
Ийнхүү дээрх хоёр гэрчийн мэдүүлгээс гадна гэрч , “/хх-ийн 39-40/, /хх-ийн 99, 199/,Ө./хх-ийн 101-102/, /хх-ийн 104/, нарын мэдүүлгийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан байна.
Хавтаст хэрэгт шинжээч эмч гийн: “Амь хохирогч нь “гавал тархины битүү гэмтэл”-ийн улмаас нас барсан тул тархины эд нь гэмтэл авсны дараах эхний 5 минутын дотор эргэшгүй өөрчлөлтөд орох боломжтой байдаг. Тийм тул энэ хугацааг л гэмтэл авсан даруйд гэж хэлээд байгаа юм. Амь хохирогч ийн тухайн гэмтлийг авсан даруйд ахисан шатны эмнэлэгт /2,3-р шатлалын эмнэлэг/ эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд амь насыг аврах боломж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 106/ бол
Гэрч : “... ******* сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *******ын согтуурлыг багажаар шалгах явцдаа бичлэг хийсэн байсан. Тэр бичлэгийг гаас өөрөөс нь хэсгийн мөрдөгч гаргуулж авч сиди дээр хуулбарлаж авсан юм. Би 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаас гаргуулж авсан 32 секунтын бичлэгт үзлэг хийсэн юм. Тухайн үзлэгийг хийх явцдаа “shipping pool” ашиглаж 2 гэрэл зураг болгож тэмдэглэл хавсаргасан юм. Тухайн тогтоолд дурдагдсан шинжилгээг шинжээч оос хийлгэсэн. Тухайн шинжээчийн нэрийг бичихдээ шинжээч эмч н нэртэй андуурч сольж бичсэн байна. Мөн гаас гаргаж өгсөн *******ын 1 ширхэг зургийг хэрэгт хавсаргах тогтоол хийсэн боловч зургийг хэрэгт хавсаргаагүй орхигдуулсан байна " гэж мэдүүлсэн байна. /хх- ийн 202/
Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0625/018 дугаартай: “Амь хохирогч ийн цогцост хийсэн шинжилгээгээр “баруун чамархай ясны хайрст хэсгээр баруун дагз, зулай яс руу салаалж үргэлжилсэн болон баруун чулуулаг ясны урд ирмэг дагаж гавлын дунд хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун зулайн, дагз хэсгийн дэлбэнг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн тархины эдийн дарагдал, няцрал, цус харвалт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр амь хохирогчийг нас барахаас өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4 1 3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд, орж нас барсан байна гэх дүгнэлт /хх-ийн 43-46/
Зам тээврийн ослын шинжилгээ хийх эрх авсан шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 52-43/145 дугаартай “...Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7а “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 23.9б “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэсэгт (энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд) хүн тээвэрлэхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ... Lехus Н5250h маркийн 09-03 УКМ улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 23.9б дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэх дүгнэлт /хх-ийн 56-58/
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-12/, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 14/, 2025 оны 03 сарын 04-ний өдөр гийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18/, 2025 оны 03 сарын 04-ний өдөр амь хохирогч ийн хувцсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 23/, Цагаан өнгийн “Lexus HS-250’’ маркийн 09-03 УКМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-28/, Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 69-70/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар *******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудал болно..
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ад 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахдаа харгалзах хууль зүйн үндэслэл, журмын талаар дүгнэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын хэмжээг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүхэд шүүгдэгч ******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон болох нь хөдөлбөргүй нотлогдсон, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс бусдын амь нас хохирсон талаар маргаагүй. Гагцхүү оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу эрх зүйн байдлыг дээрдүүлэхтэй холбоотой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоосон процессын талаар маргаж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар өмгөөлөгч тайлбараа гаргаж оролцож байсан байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь ял оногдуулахаас гадна нийгэмшүүлэх зорилготой бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа нөхцөл байдал, ар гэрт 2 бага насны хүүхэд үлдэж байгаа нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ял хөнгөрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд магадлалд заасан дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч *******ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 53 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтын “2 /хоёр/ жил” гэснийг “1 /нэг/ жил” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 53 /тавин гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ
ШҮҮГЧИД Г.БАЯРДАВАА
Ц.ОТГОНЦЭЦЭГ