| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0621/э |
| Дугаар | 630 |
| Огноо | 2018-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг,
улсын яллагч М.Амарзаяа,
хохирогч Б.Б-,
шүүгдэгч Г.С-,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1280/,
шинжээч Б.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Г-ын С-д холбогдох эрүүгийн 00000000000000дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Чогсом овгийн Г-ын С- Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эх, хойд эцэг, эмээ, эгч, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол 000, дугаар байрны 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга
Г.С- нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо С хорооллын сагсны талбай дээр найзуудын хамт тоглож байхдаа Д.Б-тэй сагс тоглох ээлж дарааллаасаа болж маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээч нарын мэдүүлэг
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С-гаас: 2018 оны 4 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед найзуудтайгаа С хорооллын сагсны талбай дээр сагс тоглох гээд очсон. Тэгэхэд Б- гэх залуу тоглож байсан. Дараалж тоглох дарааллаасаа болоод хохирогч Б.Б-тэй маргалдсан. Б.Б- манайх тоглоогүй байна яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тухайн үед Б.Б-ий баг нь өөр багтай тоглоод хожигдсон байсан, тэгтэл дахиад тоглох гээд байсан. Дарааллаар тоглох ёстой байсан. Тоглох дарааллаас болж маргалдаж Б.Б- намайг заамдаж авахаар нь би “намайг тавь” гэж хэлээд тавиулсан. Тухайн үед Б.Б-тэй маргалдаж байхад “танайх тоглосон биз дээ, тэгээд юу яриад байгаа юм бэ, алиа бацаан минь, ямар гичийнээс унасан гомо бацаан бэ, ална чамайг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу гээд байгаа юм бэ” гэхэд намайг цамцаараа боогоод 4-5 удаа цохисон. Тэгэхээр нь би эргүүлээд нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд гэмтлийн эмнэлэг руу Б.Б-ийг авч явж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт Б.Б-ий хамрыг үзүүлэхэд эмч “өмнө нь хамраа хугалсан уу гэхэд Б.Б- “хугарч байсан” гэж хэлсэн. Эмч түүнд уух эм бичиж өгснийг нь би 25.000 төгрөгөөр авч өгсөн гэв.
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б-эс: Би 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагт сагс тоглохоор “С” хорооллын сагсны талбайд 2 найзтайгаа ирсэн. Эхлээд би тоглоогүй. Тэгээд 2 найзыг өөр хүүхэдтэй оруулж тоглуулсан. Тэгтэл өөр нэг хүүхэд ахаа та манайд ороод тоглочих гэж хэлсэн. Тэгээд 2, 3 баг хүлээж байгаад тоглох гэсэн. Тэр үед Г.С- тоглох гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би Г.С-д “ахын дүү манайх тоглоогүй байна” гэхэд өөрөө “хэнийг дүү гээд байна” гэж Г.С- эхэлж уурласан. Тэгээд бид хоёр маргалдсан. Би “манайх тоглоно оо, би тоглоогүй, чи тоглохыг хараагүй биз дээ” гэж зөндөө зүйл ярьсан. Тэгэж маргалдаж байхдаа би Г.С-г “гомо, банди л” гэж хэлсэн. Түүнээс би “гичийнээс унасан” гэж хэлээгүй. Тухайн үед Г.С- намайг хэнийг дүү гээд байгаа юм пизда, гөлөг гэж элдэв бусаар хараасан. С- намайг 2 удаа цохиж тохойлдсон. Хамгийн сүүлд баруун гарын тохойгоороо хамар руу цохиж цус гарч, хамар 2-3 минутын дараа хавдаж эхэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очсон. Эмч үзээд шинэ хугарал байна, ханын таславч хугарсан байна гэж хэлээд эм бичиж өгсөн. С- толгойны эм авч өгсөн. Эмчтэй уулзаад дуусч байхад С- орж ирсэн. Эмч надаас хамар руугаа цохиулсан уу, яасан гэж асуусан. Цохиулсан гэхэд хамар чинь хугарсан байна, компьютер томографийн зураг авахуул гэсэн. Эмч надаас хамар чинь гэмтэж байсан уу гэж асуусан, хугарч байсан уу гэж асуугаагүй. ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэхэд хамрын яс хугарсан, хана хугарсан, цаашид хагалгаа хийх шаардлагатай гэсэн. Хагалгаанд орсны дараа нэхэмжлэх бичиж өгдөг гэсэн. Хагалгаанд ороход 1,500,000-1,700,000 төгрөг гарна гэсэн тул тус зардлыг нэхэмжилнэ. Өнөөдөр “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөрийн 25,000 төгрөгийг хүлээн авсан гэв.
3.Шинжээч Б.Даваасүрэнгээс “... Хохирогч Д.Б-д учирсан гэмтэл нь нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. Гэмтлийн эмч үзлэг хийхдээ үзлэгийн баримтад хэрвээ хуучин гэмтэл тогтоогдвол хуучин гэмтэл гэж заавал бичдэг. Хохирогч Д.Б-ий үзүүлсэн үзлэгийн хуудсанд хуучин гэсэн зүйл байгаагүй. Мөн хугарлын талаар үзэхэд цохиулсны дараа 2-3 минут болоод хавдсан гэж байгаа нь энэ нь ясны хагарлын шинж тэмдэг юм. Хамар ясны хугарал нь хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 00000000000000дугаартай хэргээс:
1.Хохирогч Б.Б-ий хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...Би 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед “С” хорооллын сагсаны талбай дээр зүс таних С- намайг “танай баг тоглохгүй. Манай баг тоглоно хачин банди минь” гэж хэлэхээр нь үгүй ээ манай баг тоглоно гэсэн чинь намайг С- цамцны захаар заамдаж авахаар нь би түлхэж өөрөөсөө холдуулсан. Би яваад өгсөн чинь араас С- чамайг ална хачин банди минь гээд орилохоор нь чи юу гээд байгаа юм гээд буцаж очтол С- миний нүүр лүү гараараа хоёр удаа цохиж нэг удаа тохойгоороо цохисон. Тухайн үед хамраас цус гараад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг [1],
2.Хохирогч Д.Б- хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дахин мэдүүлсэн “...Би 2014 онд мориноос унаж хамраа гэмтээж хавдаж байсан. Гэхдээ С- тэр өдөр миний хамар луу цохиж цус гаргаад хамар хугалсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд эмч нь урьд нь хамраа гэмтээж байсан уу гэж асууж байсан. Тэгэхэд би мориноос унаж хамрын хажуу хэсэг хавдаж байсан л гэж хариулсан. Тэгэхэд С- миний хажууд сонсож байсан болохоор миний хамрыг хугарч байсан гэж ойлгосон. Эмч хэлэхдээ одоо хугарсан чинь шинэ хугарал байна гэж хэлсэн. Би өмнө нь хүнд цохиулж зодуулж хамраа хугалуулж байгаагүй С- миний хамрыг цохиж хугалсан. ...” гэх мэдүүлэг [2],
3.Гэрч А.А-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой би сагс тоглох гээд “С” хороолллын хажууд байдаг сагсны талбай дээр очтол найз С- тоглож байхаар нь баг болоод тоглох гэсэн цаана сууж байсан хүүхдүүд танайх тоглосон биз дээ гээд маргалдсан. Тэгээд нэг банди С-тай тоглосон, тоглоогүй гэж маргалдаж зууралдаж байгаад салчихсан. Тэгсэн чинь нөгөө зууралдаж байгаад салсан банди нь ямар гичийгээс унасан гомо банди бэ гээд хэлчихсэн чинь С- уурлаж дахиж зууралдаж С-гийн цамцнаас зуурч байгаад толгой руу нь цохисон. Би дундуур нь орж салгах үед С- тэр бандийн нүүр лүү нь гараараа нэг удаа хүчтэй цохичихсон. Нөгөө бандийн хамраас цус гараад би машинтай явж байсан болохоор С- бид хоёр тэр бандийг дагуулж гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Тэр бандийн хамар нь хугарчихсан байна, өмнө бас хугарч байсан юм байна гэж эмч хэлж байсан. 10.000 төгрөгөөр эм авч өгсөн. Би Б-ийг огт танихгүй. С-тай маргалдаж байгаад С- хамар луу нь гараараа нэг удаа цохичихсон юм. Энэ Б- гэдэг залуу өөрөө С-г ямар гичийгээс төрсөн гомо бацаан бэ гэж үг хэлээр доромжилж уурыг нь хүргэж байгаад ийм асуудал болчихсон юм. Гэхдээ С- бид хоёр гэмтлийн эмнэлэгт очиж Б-д анхны тусламж үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг [3],
4.Гэрч Э.Д- хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр найз С-тай хамт С хорооллын сагсны талбай орж тоглохоор очсон. Хэд хэдэн удаа тоглож байгаад С-тай Б.Б- гэдэг залуутай тоглох дарааллаас болж маргалдсан. Тэгэж байгаад Б.Б-, Г.С- хоёр зууралдаж байгаад салсан. Б- С-г “гомо гичий” гэх зэргээр үг хэлээр доромжилсон. С- уурлаж Б- дээр очиж зууралдаж байгаад Б-, С-гийн нүүр лүү цохих шиг болсон. Тэгэж байгаад С-гийн цамцыг доошоо болгож толгойг нь дарж байгаад цохиод байх шиг байсан. С- цамцаа тайлаад дээш болох доо Б-ий нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгэж байгаад дахиж нэг цохисон, тэгсэн чинь Б-ий хамраас цус гарсан. С- уучлалт гуйгаад найз А-гийн машинд Б-ий найзтай хамт аваад явчихсан. Би хамт яваагүй үлдсэн. ...” гэх мэдүүлэг [4]
5.Гэрч А.М- хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн “... 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр С хорооллын сагсны талбай дээр найз Б-ий хамт сагс тоглож байгаад би бөмбөг шидэж байтал Б- дарааллаас болж нэг хүүхэдтэй маргалдаад зууралдсан. Би боль гэж дундуур нь орж хэлсэн чинь салахгүй зууралдаад, тэгэж байгаад нөгөө банди Б-ийг цохиод авах шиг болсон. Тэгээд Б-ий хамраас цус гараад хамар нь хавдчихсан чинь нөгөө залуу гэмтлийн эмнэлэг авч явна гээд найзынхаа машинд суулгаад аваад явсан. Гэмтэл дээр очиж Б-ийг үзүүлчихээд тэр залуу буцаж С хороолол дээр авчирч өгөөд явсан. ...”гэх мэдүүлэг [5]
6.Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтад 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн ...” С- нь миний төрсөн ахын бага хүүхэд байгаа юм. Би С-г С хорооллын сагсны талбай дээр хүүхэд зодож цохисон талаар сайн мэдэхгүй байна. С- дараа нь надад хэлэхдээ сагсны талбай дээр хүүхэд зодчихсон гэж хэлсэн. С- манай гэрт хамт амьдардаг юм. С- нь 2017 оны 65 дугаар сургуулийн 11 анги төгссөн. Зан араншингийн хувьд нийтлэг төлөв даруухан хүнтэй тэр болгон муудалцаж зодоон хийдэггүй ахаа, эгчээ гээд явж байдаг хүүхэд байгаа юм. Аав нь ээжээс нь салаад 15 жил болж байна. Ээж нь С-гаас тусдаа толгойтод хашаа байшинд амьдардаг юм. С- надтай хамт амьдардаг юм. Ээжээс хол хараа хяналт бага. Ер нь С хорооллын сагсны талбай дээр сагс тоглоно гэж гардаг. ...” гэх мэдүүлэг [6]
7.Гэрч Л.А- мөрдөн байцаалтад 2018 оны 06 дугаар сарын 05 -ны өдөр мэдүүлсэн “...Манай хүүхэд С- нь 2000 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Миний хоёр дахь хүүхэд байгаа юм. С- нь дээрээ нэг ахтай, доороо хоёр эмэгтэй дүүтэй 2017 оны 65 дугаар сургуулийн 12 дугаар ангийг төгссөн. Бүрэн дунд боловсролтой. Одоо 18 настай, С- нь ирж очиж эмээ Ж-ийн гэрт ирэн очин амьдардаг. С-гийн аав нь 15 жилийн өмнө надаас салаад явсан. Энэ хэргийн хувьд тэр зодуулсан гээд байгаа хүүхэд нь өөрөө буруу үйлдэл хийж С-г үг хэлээр доромжилж миний хүүг цохисон гэж С- надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг [7],
8.Г.С-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн үед С хорооллын сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад Б- гэх залуу өмнө тоглочихоод дахиж тоглоно гэхээр нь одоо манай баг тоглоно гэсэн чинь Б- чи яасан том бацаан бэ гэж хэлээд миний цамцны захаар заамдаж авахаар нь тавь гэж хэлсэн чинь Б- тавьчихсан. Тэгээд холдоод явсан чинь араас Б- ямар “гичийгээс уначихсан гомо бацаан бэ” гэж хэлэхээр нь уур хүрээд буцаж очсон. Б- миний цамцнаас дараад нүүр бүтээчихээд миний нүүр лүү 3-4 удаа цохисон, би хамгаалж гараараа хаасан байсан. Тэгэж байгаад би хойш болж Б-ий нүүр лүү нэг удаа цохисон. Б-ий хамраас цус гарч цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь би найз А-г дуудаж Б-ийг дагуулж гэмтлийн эмнэлэг орсон. Тэр үед Б- архи уусан согтуу, архи үнэртэж байсан. Гэмтлийн эмнэлэг орох замд Б- намайг цохисныг ч мэдэхгүй, би ямар бацаан зодчихов гэж ярьж байсан. Тийм болохоор нилээн согтуу байсан юм болов уу гэж бодож байна. Гэмтлийн эмнэлэг ороод эмчид үзүүлж байхад Б-ий хамар өмнө хугарч байсан уу гэж эмч асуухад хугарч байсан гэж хэлж байсан. Би Б-ий хамар луу гараараа нэг удаа цохисон нь үнэн миний буруу гэхдээ Б-ий хамар нь өмнө хугарч байсан гэж тухайн үед ярьж байсан. Б-ий хамар луу нэг удаа гараараа цохисон. Гэмтлийн эмнэлэг авч яваад үзүүлж 25.000 төгрөгөөр эм авч өгсөн. ...” гэх мэдүүлэг [8],
9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5304 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Баруун зовхины дотор булан, зүүн дээд доод зовхинд цус хуралт.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны үзлэгт онош: тархи доргилт, хамар ясны хугарал гэжээ.
ДҮГНЭЛТ:
1. Б.Б-ийн биед хамар ясны хугарал, баруун зовхины дотор булан, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмэнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Б.Даваасүрэн/ ...” гэсэн дүгнэлт [9] ,
10.Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч Б.Б-ий 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үзүүлсэн үзлэгийн баримт [10] ,
11.Шүүгдэгч Г.С-н иргэний үнэмлэхний лавлагаа[11], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [12], Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт [13], Г.С-н бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар [14], Г.С-н өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө мэдээллийн санд бүртэгдээгүй тухай лавлагаа [15] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.С-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.С- нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “С” хорооллын сагсны талбай дээр сагс тоглож байхдаа иргэн Б.Б-тэй сагс тоглох ээлж дарааллаасаа болж маргалдан түүнийг зодож хамар ясны хугарал, баруун зовхины дотор булан, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Б.Б-ий хэрэг бүртгэлтэд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед “С” хорооллын сагсаны талбай дээр зүс таних ...С- намайг “танай баг тоглохгүй. Манай баг тоглоно хачин банди минь” гэж хэлэхээр нь үгүй ээ манай баг тоглоно гэсэн чинь намайг С- цамцны захаар заамдаж авахаар нь би түлхэж өөрөөсөө холдуулсан. Би яваад өгсөн чинь ардаас С- чамайг ална хачин банди минь гээд орилохоор нь чи юу гээд байгаа юм гээд буцаж очтол С- миний нүүр лүү гараараа хоёр удаа цохиж нэг удаа тохойгоороо цохисон. Тухайн үед хамраас цус гараад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг [16],
-Хохирогч Д.Б-ий хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...Эмч хэлэхдээ одоо хугарсан чинь шинэ хугарал байна гэж хэлсэн. Би өмнө нь хүнд цохиулж зодуулж хамраа хугалуулж байгаагүй С- миний хамрыг цохиж хугалсан. ...” гэх мэдүүлэг [17],
-Гэрч А.А-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой ...нэг банди С-тай тоглосон, тоглоогүй гэж маргалдаж зууралдаж байгаад салсан. Тэгсэн чинь нөгөө зууралдаж байгаад салсан банди нь “ямар гичийгээс унасан гомо банди бэ” гээд хэлчихсэн чинь С- уурлаж дахин зууралдаж ...тэр бандийн нүүр лүү нь гараараа нэг удаа хүчтэй цохисон. Нөгөө бандийн хамраас цус гараад ...С- бид хоёр тэр бандийг дагуулж гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Тэр үед тэр бандийн хамар нь хугарчихсан байна ...гэж эмч хэлж байсан. ...” гэх мэдүүлэг [18],
-Гэрч Э.Д-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ...С-тай Б.Б- гэдэг залуутай тоглох дарааллаас болж маргалдсан. ...Б- С-г “гомо гичий” гэх зэргээр үг хэлээр доромжилж, ...С- уурлаж Б- дээр очиж зууралдаж байгаад ...тэгэж байгаад дахиж нэг цохисон, тэгсэн Б-ий хамраас цус гарсан. ...” гэх мэдүүлэг [19]
-Гэрч А.М-ий хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн “... 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “С” хорооллын сагсны талбай дээр ...Б- дарааллаас болж нэг хүүхэдтэй маргалдаад зууралдсан. ...нөгөө банди Б-ийг цохиод авах шиг болсон. Тэгээд Б-ий хамраас цус гараад хамар нь хавдчихсан чинь нөгөө залуу гэмтлийн эмнэлэг авч явна гээд найзынхаа машинд суулгаад аваад явсан. Гэмтэл дээр очиж Б-ийг үзүүлсэн. ...”гэх мэдүүлэг [20]
-Г.С-н мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны 22 цагийн үед С хорооллын сагсан бөмбөгийн талбай дээр ...Б- чи яасан том бацаан бэ гэж хэлээд миний цамцны захаар заамдаж авахаар нь тавь гэж хэлсэн чинь Б- тавьсан. Би тэгээд холдоод явсан чинь ардаас Б- ямар “гичийгээс унчихсан гомо бацаан бэ” гэж хэлэхээр нь уур хүрээд буцаж очсон. Б- миний цамцнаас дараад нүүр бүтээчихээд миний нүүр лүү 3-4 удаа цохисон, би хамгаалж гараараа хаасан байсан. Тэгэж байгаад би хойш болж Б-ий нүүр лүү нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг [21]
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5304 тоот дүгнэлт [22], Б.Б-ий Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн үзлэгийн баримт [23] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хууль зүйн дүгнэлт:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.С-г найзуудын хамт сагс тоглож байхдаа сагс тоглох дарааллаас болж Б-тэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн хохирогчид учирсан гэмтлийг шинэ, хуучин эсэх дээр талууд маргасан тул шинжээч Б.Даваасүрэнг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулахад хамар ясны хугарлыг шинэ, энэ гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх талаар мэдүүлсэн. Хохирогч Б.Б- нь шүүгдэгч Г.С-г санаа сэтгэл нь цочрон давчидах байдалд хүргэсэн зүйл байхгүй. Тухайн үед шүүгдэгч, хохирогч хоёр харилцан маргалдсан. Тиймээс шүүгдэгч Г.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг өмгөөллийн дүгнэлтэндээ “...гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн хохирогчийн зүй бус, буруутай ажиллагаа байна. Шүүгдэгч нь хохирогчийг цохисон талаар маргаан байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугийн санаатай шинж байсан уу гэдгийг тогтоож чадаагүй. Улсын яллагчийн яллах дүгнэлт дээр хохирогчийн зүй бус үйлдэл болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар тодорхойлоогүй. Хохирогч Б.Б- нь миний үйлчлүүлэгчийг “гомо, банди, гичийгээс гарсан уу” гэх зэргээр хэл амаар доромжилох үед шүүгдэгчийн санаа сэтгэл хэвийн байх боломжтой эсэх нь эргэлзээтэй. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг зөв зүйлчлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн санаатай гэх шинж байхгүй гэж үзэж байна. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт би Г.С-тай эвтэйхэн ярьсан гэх боловч үүнийгээ хохирогч нотлож чадахгүй байна. Мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг нотлох чадвараа алддаг. Гэрч А-, Д- нарын мэдүүлэгт хохирогч “гомо, гичий” гэсэн үгнүүдийг хэрэглэсэн тухай мэдүүлдэг. Үнэхээр төрсөн эхийгээ ийм байдлаар доромжлуулсан байхад хүлээцтэй хандах боломжтой юу. Энэ талаар мөрдөгч, прокурор тогтоож чадаагүй. Хэрвээ ийм байдалд хүн орвол сэтгэц, эмгэг судлалын төв, сэтгэл судлаачаар дүгнэлт гаргуулах байсан. Тухайн нөхцөлд хүн сэтгэцийн хувьд хүнд байдалд орох боломжтой. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байх тул миний үйлчлүүлэгчийг гэм буруугүйд тооцож өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл тухайн өдөр хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь сагс тоглох зорилгоор сагсны талбайд очсон, улмаар сагс тоглох дарааллаас болж маргасан байна. Энэ маргах явцад хохирогч Д.Б- нь шүүгдэгч Г.С-г гомо бацаан гэх зэрэг үгээр доромжилсон байх ба Г.С- нь тус үгэнд уурлаж хохирогч Д.Б-ий нүүрэнд цохиж хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.С-гаас “...гэмтлийн эмнэлэгийн эмч хохирогч Д.Б-д үзлэг хийж өмнө нь хамраа хугалж байсан байна гэж хэлж байсан, тус хамрын ясын хугарал гэмтлийг би учруулаагүй гэж гэм буруугийн талаар маргасан.
Шүүх хуралдаанд шинжээч Б.Даваасүрэнг оролцуулж, шинжээчээс хохирогч Д.Б-д учирсан хамар ясны хугарал шинэ, эсхүл хуучин гэмтэл эсэх талаар тодруулахад “хуучин гэмтэл байсан бол эмч үзлэгийн тэмдэглэлд бичдэг бөгөөд гэмтлийн эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн үзлэгийн баримтад хуучин гэсэн тэмдэглэгээ байгаагүй, түүнчлэн хохирогч цохиулсны дараа түүний хамар 2-3 минутанд хавдсан нь хамар ясны хугарлын шинж тул хохирогчид учирсан гэмтэл нь шинэ гэмтэл гэж мэдүүлсэн бөгөөд тус мэдүүлгээр шүүгдэгчийн дээр дурдсан мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Г.С- нь доромжлолын үгнээс болж сэтгэл санаа нь хэвийн байх боломж нь алдагдсан тул түүний үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэхгүй гэж мэтгэлцэж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гаргасан санал нь хууль зүйн үндэслэлгүй байх ба тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын үед шүүгдэгч нь өөрийгөө жолоодох чадваргүй болох хэмжээний сэтгэл нь цочрон давчдах нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй. Мөн шүүгдэгчийн хийж байгаа үйлдэл нь шууд санаатай, идэвхитэй үйлдлээр хийгдэж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч Г.С-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин тус гэмт хэрэг гарахад хохирогч Д.Б-ий зүй бус ажиллагаа буюу “гомо банди” гэх зэрэг үгээр доромжилсон нь нөлөөлсөн байгааг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь ЭМЖЖ эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр төлсөн 25,000 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд, тус баримтын хүрээнд шүүгдэгч Г.С- нь 25,000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул тус тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч Д.Б- нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн хувьд буюу цаашид хамрын хагалгаанд ороход 1,500,000-1,700,000 төгрөгийн зардал гарна гэсэн үндэслэлээр тус зардлыг нэхэмжилж байх боловч энэ зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.С-гаас нэхэмжлэх нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас арван найман нас гэдэг бол эцэг, эхийн гараас гарч, бие даан амьдрах боломжтой нас биш бөгөөд өсвөр насанд тооцогдоно. Гэр бүлийн хувьд тодорхой орлоготой болох нь биеийн байцаалтаар тогтоогдож байгаа. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгч Г.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.С- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар заасан байдаг ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрөв насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.С- нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байсан бөгөөд тэрээр өсвөр насны этгээдэд хамаарахгүй юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нь шүүгдэгч Г.С-н гэр бүл нь тодорхой орлоготой тул торгуулийн ял оноож өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан бөгөөд өмгөөлөгчийн дээрх санал нь хуулийн тус заалттай нийцэхгүй байна.
Мөн Эрүүгийн хуульд торгох ял оногдуулахдаа шүүгдэгчийн цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.С- нь тогтмол ажил эрхэлдэг, цалин хөлсийг тодорхойлсон гэх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, биеийн байцаалтад эрхэлсэн ажилгүй гэсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй юм.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, тус ялын хугацаанд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.С-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
[1] Хавтаст хэргийн 6-7-р тал
[2] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.
[4] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.
[5] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 19-22 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 23-25 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 27 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 28 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.
[12] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.
[13] Хавтаст хэргийн 43 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 44-45 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 41 дүгээр тал.
[16] Хавтаст хэргийн 6-7-р тал
[17] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.
[18] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.
[19] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.
[20] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.
[22] Хавтаст хэргийн 27 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 28 дугаар тал.