| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 2509 01762 0838 |
| Дугаар | 2025/ДШМ/1150 |
| Огноо | 2025-08-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Л.Төвхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1150
2025 09 25 2025/ДШМ/1150
Э.Н-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Төвхүү,
шүүгдэгч Э.Н-,
хохирогч “Н-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.М-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1843 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Н-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2509 01762 0838 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Э-ын Н-, ............, (РД:Э-).
Шүүгдэгч Э.Н- нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийн ажилладаг “Н-” ХХК-аас итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох “Dell inspiron 3530 i5” зөөврийн компьютерыг авч ломбардад 500,000 төгрөгийн барьцаанд тавьж, “Н-” ХХК-д 1,999,920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Э-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг дөрвөн зуун /400/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-аас 2,327,903 төгрөгийг гаргуулан “Н-” ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болсон өөрт холбогдох эрүүгийн хэрэг дээрх шүүгчийн оноосон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Би урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон тул надад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү. Би өмнө нь хохирлоо барагдуулаагүй байсан. Одоо хохирлыг бүрэн барагдуулсан.” гэв.
Хохирогч “Н-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Н- нь хохирлыг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бүрэн төлж барагдуулсан. Манай байгууллага түүнд гомдол санал байхгүй. Э.Н- нь урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, залуу хүн тул боломж олгож, шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй.” гэв.
Прокурор Л.Төвхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Н-т анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Тухайн үед хохирол, төлбөр төлөгдөөгүй байсан. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Н-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй.
1. Шүүгдэгч Э.Н- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг, өөрийн ажилладаг “Н-” ХХК-аас итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө буюу ажлын хэрэгцээнд зориулж хүлээлгэн өгсөн “Dell inspiron 3530 i5” загварын зөөврийн компьютерыг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажлын байрнаас авч яван барьцаалан зээлдүүлэх газарт 500,000 төгрөгийн барьцаанд тавьж, хохирогч “Н-” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан 2,327,903 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг завшиж, хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын “...2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Зангиа” платпормоор дамжуулан Э-ын Н- бизнес хамтын ажиллагааны менежерээр ажилд орсон байдаг. ...Уг өдрөө dell inspirion 3530 i5 загварын нөүтбүүкийг хариуцуулж өгсөн. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өглөө ажилдаа ирсэн, орой ажил тараад явах үедээ хариуцуулж өгсөн нөүтбүүкийг авч явсан байсан. Э.Н-ын гар утас руу залгасан боловч утсаа авахгүй, сүүлдээ холбогдох боломжгүй болсон. ...” /хх 26-27/,
шүүгдэгч Э.Н-ын яллагдагчаар өгсөн “...ажлаасаа гарахдаа ажлаас тавьж өгсөн Lap Top-ыг авч гараад Баянгол дүүргийн модны хоёрын урууддаг автобусны буудлын арын ломбарданд 600,000 төгрөгөөр тавиад тухайн мөнгөө өөртөө зарцуулсан. ...үйлдэлтэйгээ маргах зүйл байхгүй...” /хх 74-75/ гэсэн мэдүүлгүүд,
“Н-” ХХК-иас “Dell inspiron 3530 i5” нөүтбүүкийн санхүүгийн анхан шатны баримтууд /хх 15-19/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Н-ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
2. Харин прокурорын тогтоол, яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг гарсан газрыг тусгаагүй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч “Н-” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон байх бөгөөд гэмт хэрэг гарсан газрыг тусгаж шийдвэрлэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, мөн үүнтэй холбоотойгоор хэргийн шүүхийн харьяалал зөрчигдөөгүй гэж үзэв.
3. Хохирол, хор уршгийн тухайд: Прокуророос хохирогч “Н-” ХХК-нд 1,999,920 төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх 2,327,903 төгрөгөөр зөвтгөн шийдвэрлэснийг үндэслэл бүхий гэж дүгнэв. Тодруулбал,
Хохирогч “Н-” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл баримтаар тус компани нь “Э-” ХХК-нд 30,262,739 төгрөг шилжүүлсэн, уг шилжүүлэг нь нэхэмжлэх баримтаар 13 ширхэг Dell inspiron 3530 i5 загварын зөөврийн компьютерийг 1 ширхэгийн үнэ 2,327,903 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдож, байгууллагын үндсэн хөрөнгөд зөөврийн компьютер 1 ширхэгийг 2,327,903 төгрөгөөр хөрөнгийн үнийг бүртгэжээ. /хх 16-19/ Үүнээс хойш 26 хоногийн дараа, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч Э.Н- нь “Н-” ХХК-нд менежерээр ажилд ороход тус өдөр түүнд ажлын хэрэгцээнд зориулж дээрх худалдан авсан Dell inspiron 3530 i5 зөөврийн компьютерийг хүлээлгэн өгсөн нөхцөл байдал тогтоогджээ.
Гэтэл хэрэгт шинжээчээр оролцсон хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн СБ1-25-66 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эд хөрөнгийг буюу Dell inspiron 3530 i5 зөөврийн компьютерийн үнийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээ 1,999,920 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй болжээ. Учир нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэрэг гарсан байхад тус өдрөөр бус, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зах зээлийн үнээр хөрөнгийн үнийг тогтоосон нь үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана.” гэж хуульчилсан бөгөөд шинжээчийн дүгнэлт нь нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш тул шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй эсэх, хүлээн зөвшөөрөгдсөн эсэх талаас нь үнэлэх юм.
Иймд нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхэд хэрэгт авагдсан “Э-” ХХК-ийн нэхэмжлэх, хохирогч “Н-” ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, хөрөнгийн хөдөлгөөний падаан-2, ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл зэрэг санхүүгийн анхан шатны баримтад нэг ширхэг Dell inspiron 3530 i5 зөөврийн компьютер буюу тус хөрөнгийн үнэ 2,327,903 төгрөгөөр байна.
Мөн хохирогч байгууллага шинээр худалдан авч, хөрөнгөдөө бүртгэсэн дээрх зөөврийн компьютерийг 26 хоногийн дараа шүүгдэгч Э.Н-т ажлын хэрэгцээнд хүлээлгэн өгсөн байхад Dell inspiron 3530 i5 загварын зөөврийн компьютерийн элэгдэл хорогдлыг тооцоогүй атлаа, гэмт хэрэг гарсан өдрөөс хойш 22 хоногийн дараах хугацаагаар, зах зээлийн үнээр хөрөнгийн үнийг тогтоосон “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй, түүнчлэн үндэслэлтэй гэж үзэхээргүй, эргэлзээтэй байх тул хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтад тооцохгүйгээр, санхүүгийн анхан шатны баримтад үндэслэн хохирлын хэмжээг 2,327,903 төгрөгөөр тооцож, хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4. Шүүгдэгч Э.Н- “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн тус хэргийг шүүгдэгч Э.Н-ын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэж, шүүгдэгч Э.Н-ын “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэх гомдлыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна гэж үзлээ.
Тодруулбал, Э.Н- нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдлээ мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн хүлээн зөвшөөрсөн, хохирогч “Н-” ХХК-нд 2,327,903 төгрөгийн хохирлыг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бүрэн төлж барагдуулсан, нөгөө талаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...2,327,903 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, манай байгууллага гомдол санал байхгүй...ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй. ...” гэх тайлбарыг давж заалдах шатны шүүхэд гаргасан, мөн шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад санд бүртгэгдээгүй лавлагаа авагдсан, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс Э.Н-т торгох ялыг сонгон хэрэглэж, мөн зүйл, хэсэгт зааснаар 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар өөрчлөн шийдвэрлэлээ.
Мөн түүнд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Н-т мэдэгдэх нь зүйтэй.
Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1843 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1843 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-т шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж,
4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н- нь оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Э.Н- нь хохирогч “Н-” ХХК-нд 2,327,903 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА