Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 309/ШШ2026/00598

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн хүсэлттэй

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“******* банк” ХК-аас 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр *******ыг хариуцагчаар татан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ банкнаас зээл авах үед оршин сууж байсан Дорнод аймаг, Баянтүмэн сумын 1 дүгээр баг хаягаар нэхэмжлэлийг гаргасан. Гэвч шүүхийн шатанд хариуцагч ******* нь тухайн хаягтаа оршин суудаггүй нөхцөл байдал тогтоогдсон тул шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 309/ШЗ2025/04038 дугаартай захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ургийн овогт *******ийн ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.

Манай банкнаас зээлдэгч *******ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасныг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дэмжиж байгаа. Тиймээс *******ийн *******ыг эрэн сурвалжлах шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/58292522 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 30-ны өдрийн 309/ШЗ2025/04038 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж” зэрэг баримтын хуулбар, бусад бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан түүний оршин суугаа газрын шүүхэд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон       ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ийн ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч “******* банк” ХК-ийн Дорнод салбар /утас: *******, *******/-т мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.        

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.ПАГМА