| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0609/э |
| Дугаар | 649 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 150.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 649
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Х.Анхцэцэг,
хохирогчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1584/,
шүүгдэгч Э.С-,
шүүгдэгч Б.Г-,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Мягмарцэрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0034/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б-ийн Г-, Б овгийн Э-ын С- нарт холбогдох эрүүгийн 1708 0170 80472 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Б овгийн Э-ын С-, Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Хапитат 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
2.Х овгийн Б-ийн Г-, Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3-5 насны 3 хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Сургуулийн 0000 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Э.С- нь 2015 оны 08 дугаар сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 07-ныг хүртэлх хугацаанд “О” ХХК-нд борлуулагч, худалдагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан 8,228,100 төгрөгийн эд хөрөнгийг завшсан, мөн “О” ХХК-д нярваар ажиллаж байсан яллагдагч Б.Г-т итгэмжлэн хариуцуулсан эмульс будгыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд бүлэглэн завшиж 12,162,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, нийт 20,390,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Б.Г- нь “О” ХХК-д няраваар ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд яллагдагч Э.С-тэй бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эмульс будгыг завшиж 12,162,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг.
1.Шүүгдэгч Э.С- мэдүүлэхдээ: Би анх 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “О” ХХК-д үйлчлэгчийн ажилд орсон. Тэгээд 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр борлуулагч болоод 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан. Удалгүй 2015 оны 08 дугаар сарын 01-нээс “Т”-рүү худалдагчаар шилжсэн. “Т”-д 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажиллаад уг дутагдлыг гаргасан. Би “Т, Т-2” худалдааны төв дээр ганцаараа ажилладаг байсан. 8,228,100 төгрөгийг Т худалдааны төвд ажиллаж байхдаа дутагдуулсан. Би Б.Г-аас 75 ширхэг эмульс гуйж авсан. Энэ нь мөнгөн дүнгээр бодвол 6.690.000 төгрөг болно. Үүнээс би 1.000.000 төгрөгийг Б.Г-т өгсөн. 8,228,100 төгрөгөөс 4,079,624 төгрөгийг компанидаа ажиллаж цалингаараа төлсөн. 8,228,100 төгрөгийн хохирол учруулснаа зөвшөөрч байгаа. Нийт учруулсан гэх хохирлын 12,162,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг Г-т төлсөн байгаа. Ажлаасаа халагдсанаас хойш ажил хийгээгүй. Гэхдээ би хохирлоо нөхөн төлнө гэв.
2.Шүүгдэгч Б.Г- мэдүүлэхдээ: Би анх 2014 оны 09 дүгээр сарын 02-нд “О” ХХК-д туслах ажилтнаар орсон. Дараа нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс нярав болсон. Нярав байх хугацаандаа бараа материалын дутагдал гаргасан. Э.С- эмульс авахдаа дараа долоо хоногт падаанаа бичүүлье гээд хэлдэг, тэгээд бичүүлдэггүй байсан. Хохирлыг төлж барагдуулна гэв.
Хоёр. Эрүүгийн 1708 0170 80472 дугаартай хэргээс:
1.Хохирогч “О” ХХК-ний захирал Д.Д-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...Манай компани Солонгос улсаас бүх төрлийн барилгын будаг оруулж ирж худалдаалдаг. Т, Г худалдааны төв, М худалдааны төв, 100 айлд салбар дэлгүүрээрээ будгын худалдаа эрхэлдэг. Манай салбар дэлгүүр болох “Т” худалдааны төвд байрлах дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан С-ийн ажилд хийсэн санхүүгийн тооллогоор 2015 оны 08 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 07-ныг хүртэлх хугацаанд “Т” дэлгүүрийн тооцоо бодолтоор 1,701,500 төгрөгийн бэлэн мөнгөний, Т-2 Э дэлгүүрийн тооцоо бодолтоор 2,871,200 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал, Э.О-ын хариуцсан “Г” салбарын 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Д” ХХК-ний төлбөрийн зөрүү 2,400,000 төгрөг нийт 6,972,700 төгрөгийн бэлэн мөнгө завшсан. Мөн 14 нэр төрлийн 59 ширхэг барааны 1,255,400 төгрөгийн барааны дутагдал гаргаж нийт 8,228,100 төгрөгийн хохирол компанид учруулсан.... Б.Г- нь 2015 оны 6 дугаар сарын 01-нээс 2016 оны 4 дүгээр сарын 23-ныг дуустал хугацаанд Сонсголон дахь агуулахад няраваар ажиллаж байхдаа 4 нэр төрлийн 150 ширхэг бараа дутагдуулж 12,162,000 төгрөгийн барааг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж эдгээр хүмүүсийг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан юм. ...Г-ын хувьд бэлэн мөнгөний дутагдал гаргаагүй, түүнийг ажлыг тоолох үеэр хоосон хайрцаг тоолуулаад байсан юм байна лээ. Будгын сав нь 2 тонн жинтэй ПО гэх машинаар өргөж зөөвөрлөдөг бөгөөд хүн гараараа өргөөд явах боломжгүй том хайрцагтай байдаг. Тэгээд хамгийн сүүлд хийсэн тооллогоор бүх хайрцагаа нээж үзэхэд дотор будгыг нь авчихсан хоосон хайрцагийг доод талд нь тавиад дотроо будагтай хайрцагуудыг дээд талд нь тавих байдалтайгаар цааш хийж нуусан байсан. Энэ складан доторх будгуудыг өөрөө хүлээж авсан, хариуцах хүн нь Г- юм. Тэрээр урьд нь явсан шалгалтын үеэр бол хоосон хайрцагаа дотроо будагтай гээд бүтнээр тоолуулаад тооллогоо өнгөрөөж байсан байна лээ.
“Г” худалдааны төвийн салбар дээр 2015 оны 4 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд О-, С- нар цуг ажиллаж байгаад С- “Т” салбар луу шилжиж ажиллахаар явсан. 2015 оны 7 дугаар сарын 10-наас болов уу өдрийг санахгүй байна. О- 100 айл дахь салбарт түр ажиллаж түүний оронд ѓÔ төвд очиж 8-9 хоног орчим ажилласан. Энэ хүмүүсийн гаргасан дутагдлын талаар “Т” ХХК-ний аудитын шинжээч нар шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Шинжилгээ хийхдээ санхүүгийн анхан шатны баримт болон өөрсөдтэй нь уулзаж энэхүү дүгнэлтийг гаргасан. Миний ойлгосноор бүх л орлого зарлага гүйлгээ, анхан шатны баримтыг тулгах байдлаар шалгасан. Аудитын хийсэн дүгнэлттэй уншиж танилцсан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү дүгнэлтийн дагуу нэхэмжлэлийг гаргаж байна. ...Хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг [1]
2.Хохирогч “О” ХХК-ний захирал Д.Д-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дахин мэдүүлсэн: “...Э.С- нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс “О” ХХК-ний захирлын 11/12 дугаартай тушаалаар үйлчлэгчээр ажилд орсон. Улмаар 2013 оны 09 дүгээр сарын 01-нээс борлуулагчаар ажиллахаар томилсон. ...Манай компаний хувьд борлуулагч, худалдагч гэсэн нь нэг л ойлголттой нэг ажил юм. С- нь манай компанид худалдагч борлуулагчаар л ажиллаж байсан хүн. ...Г- нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс захирлын 09/02 дугаартай тушаалаар бараа олгогчийн ажилд томилсон. Энэ нь ачигчийн ажил гэж ойлгож болно. ...Энэ ажлыг хийж байгаад 2015 оны 05 дугаар сарын 31-ний 05/11 тушаалаар 2015 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн няраваар ажиллах болсон. Ажлын байрны тодорхойлолтын хувьд тухайн аж ахуйн нэгжийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа учраас тэдний компаний ажлын байрны тодорхойлолт, ажлын цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Өөрөөр хэлбэл манай компаний борлуулалтын цэгүүд дандаа түрээсийн байранд байрладаг. Ажлын байрны тодорхойлолтын хувьд Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлсэн тодорхойлолтын хүрээнд байгаа. ...Ажил үүргийн хуваарийг сар бүр ажилчдын хурал дээр танилцуулж өөрчлөх зүйл байвал өөрчлөөд өөрчлөх зүйл байхгүй бол танилцуулаад явдаг. Ажил үүргийн хуваариар нярав нь юу хийх, худалдагч нь юу хийх, ачигч нь юу хийх талаар ажилчдын хурал дээр танилцуулж саналаа солилцоод явдаг байсан. ...Сар бүрийн хурлаар ажил үүргийн хуваариа хэлэлцээд явдаг байсан. Ерөнхий ажил үүргийн хуваарь гэж байдаг, үүнээс гадна тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөлт хийх бол ажилчдын хурлаар танилцуулж хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг гэж болно. ...” гэх мэдүүлэг [2],
3.Хохирогч “О” ХХК-ний захирал Д.Д-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дахин мэдүүлсэн: “...Компанид Э.С-, Э.О- нар 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хамт ажиллаж байсан гэж мэдүүлжээ. Энэ хугацаанд ямар дутагдал гаргасан талаар өөрсдөө л хэлэх байх. Учир нь 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн тооллогоор 11,364,000 төгрөгийн барааны дутагдал гарсан. Үүнийгээ “Д” ХХК-д зарагдсан барааны падааныг 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нөхөж өгөөд 30-ны өдөр дээрх үнийн дүнг компаний дансанд хийсэн. Ингэснээр 7 дугаар сарын 30-н гэхэд компанид төлөх өргүйгээр тооцоогүй гарсан. Энэ нь тэр хоёр хоорондоо ямар учиртай байсан талаар бид нар мэдэх зүйл байхгүй. Ингээд тэр хоёр өөр өөр салбарт ажиллах болсон. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн гэнэтийн тооллогоор Э.О-т дутагдал илэрсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 16-нд Э.С-ий ажиллаж байсан дэлгүүрт гэнэтийн тооллого хийж түүнд оногдох дутагдал илэрсэн....” гэх мэдүүлэг [3],
4.Хохирогч “О” ХХК-ний захирал Д.Д-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дахин мэдүүлсэн: “...2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай санхүүгийн ажилтнууд Э.О-, Э.С- нарын хариуцан ажиллаж байсан “Г” худалдааны төв дэх салбарт барааны болон бэлэн мөнгөний тооллого хийсэн. Энэхүү тооллогоор 11,364,300 төгрөгийн дутагдал илэрсэн. Үүнийгээ 29-ний өдөр нь Д ХХК-д бараа борлуулсан гэсэн падаан бичиж өгөөд 30-ны өдөр нь 2 хувааж төлж барагдуулсан. Энэхүү дутагдлыг тухайн сардаа төлж барагдуулсан. Компани тухайн үедээ ингэж дутагдал гаргасан гэж мэдээгүй. Тухайн үедээ тооцоо нийлүүлэхэд л ийшээ зарчихсан гэж падаанаа үзүүлээд нөгөөдөр мөнгө нь шилжээд орчихсон болохоор бид бол энгийн гүйлгээ явагдсан гэж үзээд өнгөрсөн. 7 сарын сүүлийн тооллогоор манай байгууллагатай энэ хоёр хүн ямар нэгэн өр авлагагүйгээр тооцоо хийгдсэн. ...С-ий хувьд 2015 оны 12 дугаар сарын 04-нд Т дэх салбарт гэнэтийн тооллого хийснээр 7.139.493 төгрөгийн дутагдал илэрсэн. С- бол энэхүү мөнгийг төлж барагдуулсаар одоогоор 4.032.996 төгрөгийг төлж барагдуулсан. ...дутагдлын талаар “Т” ХХК-ний мэргэжлийн нягтлан бодогч аудитор нараар шинжлүүлсэн. Шинжлүүлэхэд орлогын зарлагын бүхий л баримт, банкны хуулга, компанитай холбоотой санхүүгийн бүхий л анхан шатны баримтуудыг нягталж үзэж дүгнэлтийг гаргасан. Энэхүү дүгнэлтээр ...С- 8.228.100 төгрөгийн, Г- 12.162.000 төгрөгийн дутагдлыг тус тус гаргасан нь тогтоогдсон. С-, Г- нар нь энэхүү тооцоог хүлээн зөвшөөрч байгаа. ...7 сарын 30-ны өдөр “Д” гэсэн нэрээр компаний дансаар 2 удаагийн гүйлгээ орж ирсэн. Энэ талаар хавтаст хэрэгт банкны харилцах дансны хуулбар, 2015 оны 07 сарын 29-ний өдөр Э.С-ий бичсэн зарлагын баримтын хуулбар 3 ширхэг, компаний харилцагчдын тооцооны жагсаалтын хуулбар зэргийг хавсаргаж өгсөн болно. ...” гэх мэдүүлэг [4],
5.Гэрч Б.Д-оос хэрэг бүртгэлтэд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...Би Г худалдааны төвд байрлах компаний дэлгүүрт ажиллаж байсан. С-тэй эхэлж ажиллаж байгаад дараа О-тай хамт гурвуулаа ажиллах болсон. С- сүүлдээ Тд ажиллахаар болсон. ...Би С-, О- нартай хамт Г худалдааны төвд ажиллаж байхдаа ачигчаар ажилладаг байсан. Тэр хоёр касс, худалдагчаар ажилладаг байсан. 2015 оны 10 сард билүү ...над руу С-, О- нар хоёулаа ээлжилж залгаад уулзая гээд дуудаад байсан. ...Тэгэхээр нь 10 хороололд байрлах цайны газарт уулзсан. ...тэр хоёр надад тооллогоор бараа дутсан, 3 сая төгрөгийн бараа дутсан байна, гурвуулаа сая сая төгрөгөөр төлье гэсэн. Тэгэхээр нь би үгүй би яахлаараа төлдөг юм бэ, би ямар бараа тоолдог биш, ачигчаар л ажилладаг, та нарын ач буулга гэснийг чинь зөөдөг байснаас тооцооны асуудлыг мэдэхгүй гэж хэлсэн. ..." гэх мэдүүлэг [5],
6.Гэрч Э.О-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...2015 онд “О” ХХК-д худалдагчаар ажиллаж байсан. Тэр үед С-тэй хамт ажиллаж байсан. ...О ХХК-д 2014 оны 09 сараас эхлэн ажиллаж эхэлсэн. 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс Г худалдааны төвд байрлах салбар дэлгүүрт худалдагчаар ажилласан. Энд ажиллаж байхад 2015 оны 07 сарын 15-наас 26-ны хооронд 100 айл дахь салбар дэлгүүрт түр ажилласан. 2015 оны 07 сарын 27-ны өдөр С- амарч байсан тул Г худалдааны төвд ирж ажиллахад гэнэтийн тооллого хийсэн. Гэнэтийн тооллогоор 10 гаран сая төгрөгийн дутагдал гарсан. Тэгээд үүнийг С-тэй хувааж төлөхөөр тохирсон. ...С- мөнгө зээлж явсаар түүний өр 6 сая төгрөг болчихсон. 7 сарын 28-ны тооллогын өмнө 10 гаран хоног 100 айлын дэлгүүрт 10 гаран хоног ажилласан. Энэ хугацаанд С- нэмж мөнгө авсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг [6],
7.Гэрч Э.О-ын мөрдөн байцаалтад 2018 оны 04 дугаар сарын 28-ны өдөр дахин мэдүүлсэн “...2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэнэтийн тооллого хийгдэж 11,364,300 төгрөгийн дутагдал гарсан. Энэ дутагдалыг С- Д компанид зээлээр өгсөн падаан бичиж кассын орлогоо тэнцүүлээд 2015 оны 07 сарын 30-ны өдөр дээрх мөнгийг төлж барагдуулсан. Энэ нь компаний дансаар орсон нь харагдаж байгаа, 7 сарын 30 гэхэд компанитай ямар нэгэн өр авлага байгаагүй. С- надаас 7 сард бага багаар мөнгө зээлж байсан. Энэ нь 6 сая төгрөг болсон. Энэ мөнгийг гэнэтийн тооллогоор илэрсэн тул түүнд өөрт нь хэлж мөнгийг гаргуулж мөнгийг төлүүлсэн Ингэснээр 7 сарын 30-ны өдөр “Д” ХХК-ний нэрээр мөнгийг компаний дансанд шилжүүлсэн байдаг. Үүний дараа 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гарсан тооллогоор надад 5.024.635 төгрөгийн дутагдал гарсан. ...С- бага багаар надаас хувийн байдлаар мөнгө зээлдэг байсан, албаны мөнгөнөөс өг гэж хэлж байгаагүй, би түүнд хувь хүний хувьд мөнгө зээлж байсан. Яг ч 6 сая төгрөг зээлж бэлнээр нь өгсөн асуудал байхгүй, ...миний санаж байгаагаар 200-300 мянган төгрөгөөр бас 1 сая төгрөгийг авч байсан. Ямар ч байсан 11 сая гаран төгрөгийн өр гарсан тул ажиллаж байснаараа хоёулаа хувааж төлж барагдуулахаар тохирсон. Өөрөөр хэлбэл бид хоёр хариуцаж байсан учраас гарсан төлбөрөө л хувааж төлж байгаа байдал юм. Бага багаар мөнгө зээлж байсан гээд байгаа мөнгөний дүнг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед би 100 айл дахь салбар луу 7 билүү 10 хоног ажиллаад ирсэн. Энэ хугацаанд түүнийг иймэрхүү мөнгөний дутагдал гаргасан болов уу гэж тооцоод түүнийг 6 сая төгрөгийг нь төл гэж хэлсэн юмаа. Гэхдээ 2015 оны 07 сарын 28-ны өдрийн тооллогоор гарсан 2015 оны 07 сарын 30-ны өдөр төлж барагдуулсан. 11.364.300 төгрөгийн дутагдал нь 2018.02.13-ны өдрийн А/18/ж-1 дугаартай аудитын дүгнэлтээр гарсан дутагдал хоёр хоорондоо ямар ч хамаа байхгүй. Өөрөөр хэлбэл 2015 оны 7 сарын 28-нд гарсан дутагдал болох 11.364.300 төгрөгийн дутагдалыг төлж барагдуулсан. Үүнээс хойш ажиллаад 9 сарын 16-нд дахин дутагдал гарсныг компаниас нэхэмжилсэн юм. Тухайн үедээ надаас аудитын шинжилгээ хийгдээгүй байх үед 7-8 сая төгрөг нэхээд байсан. Сүүлд нь аудит хийлгэх үед С- 2,400,000 төгрөгийг өөрөө хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. ...” гэх мэдүүлэг [7],
8.Э.С-ий мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би “О” ХХК-нд 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үйлчлэгчээр ажилд орж, ажиллаж байгаад 2013 оны 04 дүгээр сараас ... “Г” худалдааны төвд худалдагчаар ажилласан. Энэ үед касс худалдагчийн ажлыг зэрэг хийдэг байсан. Ингэж байгаад касс худалдагчийн ажлыг тус тусад нь салгахаар компаниас шийдвэр гарч 2014 оны 04 дүгээр сараас ..О-ыг кассаар ажиллуулж, би худалдагчаар ажиллах болсон. Бид хоёртой хамт Д- гэх залуу ачигчаар ажилладаг байсан. О- надаас кассын ажил хүлээж авахад бараа материалаа тоолуулж компанид ямар ч тооцоо байхгүй ямар нэгэн мөнгөний зөрүүгүйгээр ажлыг хүлээлгэж өгсөн. Худалдагч болохоор хүний авч байгаа барааг падаан бичиж өгнө, ачигч барааг хүлээлгэж өгнө, касс зөвхөн тооцоо хийнэ. Миний борлуулж байгаа барааг компаний дотоод программд нягтлан үзэж шивэлт хийгээд мөнгийг хүлээн авна. Хүлээж авсан бэлэн мөнгөө компанид тушаадаг. Өдөр бүр мөнгийг тушаадаг. Барааны дутагдал гарвал гурвуулаа тооллогын дараа хувааж төлдөг байсан. ...2015 оны 07 дугаар сард болов уу Тд компани дахин салбар нээж ажиллах болсноор би тийшээ худалдагч, кассаар ажиллахаар шилжин томилогдсон. Шинэ газар ажиллаад ямар нэгэн дутагдалгүйгээр ажиллаж байсан. О- ...2015 оны 07 дугаар сард надтай утсаар яриад надад гэнэтийн тооллого ороод ирлээ, чи бид хоёрын өр 6 сая төгрөг байна, яаж энэ мөнгийг олох вэ гэсэн. Тэгэхээр нь би Г худалдааны төвд ажилладаг Алтанжин гэх эгчээс хүүтэйгээр 6 сая төгрөг зээлж тэр өдрийн компаний орлого тушаах үед нэмж өгсөн. О- өөрөө тушаасан. Тэгээд тэр тооллого явагдаж дууссаны дараа О- дахин залгаад эндээс барааны дутагдал 3 сая төгрөг гарч ирлээ, Д- гурвуулаа уулзая гэж хэлсэн. Тэгээд 10 дугаар хороололд уулзсан. Дутагдал 3 сая төгрөг байна, гурвуулаа сая саяар нь хувааж төлье гэтэл Д- би мөнгө төгрөг хариуцдаггүй, та нарыг гарга гэсэн барааг л гаргадаг тиймээс би хариуцахгүй гэсэн. Тэгэхэд О- хоёулаа нэг хүний 1,5 саяар нь төлье гэсэн. Тэгэхээр нь би за тэгье гээд энэ мөнгийг нь төлсөн. Энэ үед О- 6 сая төгрөгнөөсөө “Г” худалдааны төвд ажилладаг Оюунаа гэх эгчээс 2.700.000 төгрөг зээлж аваад компаний данс руу хийгээд үлдсэн 4 сая гаран төгрөгөө төлж чадаагүй. Өөрөөр хэлбэл нийт 12 сая төгрөгийн кассын бэлэн мөнгөний дутагдал гарснаас бид хоёр хувааж би 6 сая төгрөгийг, О- 2.700.000 төгрөгийг төлсөн. ...Нярав Г-аас би гуйж 75 ширхэг эмульс авсан юм. Дотор эмульс 40 ширхэг, гадна эмульс 35 ширхэгийг тус тус хүлээж авсан юм. О-т 6 сая төгрөгийг “Г” төвийн А- гэх эгчээс түр аваад буцааж мөнгийг өгөх хэрэгтэй болсон тул Г-аас бараа гаргаж өгөөч би чамд буцааж бэлэн мөнгөөр төлж өгнө нэг ёсондоо бараа гаргасан гэсэн падаан хоосон бичүүлж аваад түүнийг нь би мөнгөөр нь компаний орлогод хийх байдлаар эргэж төлчихнө гэж ойлгуулж авсан юм. Ингээд Г-аас падаангүйгээр дээрх барааг аваад “Т” худалдааны төв дээрээс зарж борлуулаад энэ мөнгөөр А- эгчийн өрийг дарсан. 40 ширхэг дотор эмульс нь нэг нь 68,800 төгрөгийн 2,752,000 төгрөгийн, 35 ширхэг гадна эмульс нь нэг нь 88,800 төгрөгийн 3,108,000 төгрөгийн нийт 5,860,000 төгрөгийн эмульс авсан. Би энэ эмульсыг 2015 оны 11 сарын орчим авсан. Би дээрх 75 ширхэг эмульс авсан мөнгөнөөс Г-т зөндөө мөнгө өгч байсан. Одоо санаж байгаагаар 300,000 төгрөг түүний аавын дансанд, 570,000 төгрөгийг би өөрт нь өгөөд тэр өөрөө миний картыг авч яваад хүний дансанд хийж өгч байсан. Т худалдааны төв дээр ирж 50,000 төгрөг надаас авсан, маргааш нь 32-ын автобусны буудал дээр уулзаад надаас 80,000 төгрөг авсан. Миний санаж байгаагаар 1,000,000 төгрөгийг өгсөн байна. Миний хувьд Г-аас өөр авсан зүйл байхгүй, үлдсэн дутагдлын хувьд өөрөө л мэдэх байх. Гэхдээ надаар Г- эмульс будаг бага багаар заруулж мөнгийг нь авдаг байсан. Би түүнд мөнгийг нь өөрт нь өгчихдөг байсан. ...Ер нь бол 5-10 ширхэгээр нь заруулж байсан, 10 ширхэг эмульс заруулахад л 900,000 төгрөг, яг хэдэн удаа заруулж байсан гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан 10 орчим удаа л заруулсан гэж болно. ... би түүнээс 75 ширхэг эмульс авч зараад өрөө дарсан нь үнэн. Үлдсэн 40 ширхэг нэхэгдээд байгааг нь өөрөө надаар заруулж мөнгөө өөрөө авсан. Г-ын дутагдуулсан гэх агуулахын барааны талаар бол би хариуцах ёсгүй, харин би өөрөө гуйж авсан 75 ширхэг эмульсны мөнгийг компанид төлөх ёстой юм. ...” гэх мэдүүлэг [8],
9.Э.С-ий мөрдөн байцаалтад 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...2013 оны 09 дүгээр сарын 01-нээс борлуулагчийн ажилд захирлын тушаалаар томилогдсон. Анхандаа туслах борлуулагчаар ажиллаж байгаад 2014 оны 07 дугаар сараас Г худалдааны төвд борлуулагчаар ажилд хуваарилагдсан. ...“О” ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 07-ныг хүртэлх хугацаанд Гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах Т дэлгүүрийн тооцоо бодолтоор 1,701,500 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал, мөн газар тусдаа байрлах Т-2 Э дэлгүүрийн тооцоо бодолтоор 2,871,200 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал, Э.О-ын хариуцсан Г салбарын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Д ХХК-ний төлбөрийн зөрүү болох 2,400,000 төгрөг 6,972,700 төгрөгийн дутагдал гарсныг хүлээн зөвшөөрч байна....2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Г худалдааны төвд гэнэтийн тооллого хийсэн. Би энэ үед амарч байсан. Гэтэл гэнэтийн тооллого хийгдээд 12 сая орчим төгрөгийн дутагдал гарсан гэж байсан. Би О-аас хувь хүний хувьд мөнгө зээлж байсан. Гэхдээ нарийн тийм их ч хэмжээний мөнгө авч байгаагүй. Тэгээд О- надад таны өр 6 сая төгрөг болсон байна, та энийг төлөх хэрэгтэй байна гэхээр нь би 6 сая төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зээлж барагдуулсан. О-ын өөрийнх нь дутагдал үлдсэн. Миний бодлоор энэ үед түүнд гарсан төлбөр нь одоо нэхэгдээд байгаа гэж үзэж байна. Гэтэл би 6 сая төгрөгийг А- гэдэг хүнээс зээлээд төлчихсөн....Миний гаргасан дутагдал бол 2015 оны 12 сарын 07-нд билүү гэнэтийн тооллогоор илэрсэн. ...О-ынх болохоор 2015 оны 09 сард гаргасан өөрийнх нь хариуцсан салбарын дутагдал тэгэхээр зөвхөн өөрт нь л хамаатай. Би 2017 оны 09 сард өөр салбарт ажиллаж байсан. Харин 7 сарын 28-ны тооллогоор гарсан дутагдлын хувьд цуг ажиллаж байсан үеийн тооцоо учраас би төлөлцсөн юм. Энэ өрийг л дарах гэж явсаар дараагийн тооллогоор миний дутагдал илэрч би энэ хохирлоо төлж барагдуулж байсан. Би бодохдоо О- 7 сарын 28-нд гаргасан дутагдалаа төлөхгүй явсаар 9 сард нь дахин гарчихсан юм болов уу гэж тооцоод байгаа юм. Би энэ 6 сая төгрөгийг хүнээс зээлж төлсөнөөс болж энэ өрөө дарахын тулд Тд ажиллаж байхдаа орлогоноосоо төлж байснаас үүссэн дутагдал юм.
Г-аас бол бараа падаангүйгээр авч зарж борлуулаад өр ширээ дарж байсан. ...40 ширхэг дотор эмульс нь нэг нь 68,800 төгрөгийн 2,752,000 төгрөгийн, 35 ширхэг гадна эмульс нь нэг нь 88,800 төгрөгийн 3,108,000 төгрөгийн нийт 5,860,000 төгрөгийн эмульс авсан. Үүнээс бусдыг нь Г- өөрөө бусдыг бага багаар зөөж борлуулсан. Надаар 5-10 ширхэгээр ганц хоёр удаа заруулж байсан. Би яг цаг хугацаагаар нь хэлж мэдэхгүй байна. Өөр бусад жижиглэнгийн лангуутай хүмүүсээр заруулж байсан. ...” гэх мэдүүлэг [9]
10.Э.С-ий мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн мэдүүлэг [10],
11.Э.С-ий мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн мэдүүлэг [11],
12.Б.Г-ын мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би “О” ХХК-д 2014 оны 09 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл няраваар ажилласан. Анх туслах ажилтнаар ажилд орж улмаар нярав болж ажилласан. 2016 оны 04 дүгээр сард гэнэтийн тооллого хийгдэж энэ тооллогоор 12,162,000 төгрөгийн дутагдал гарсан. Би энэ барааг Тийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан С-д өгсөн. Би С-ийг хэд хонуулаад биччих гэж гуйгаад байхад нь өгсөөр байгаад ийм асуудал болсон. Би С-эс тавин мянга, жаран мянгаар мөнгө авч л байсан байх үүнээс өөрөөр би түүнээс мөнгө төгрөг авч байгаагүй. ...Би түүнд бөөн байдлаар 2 удаа бараа өгсөн. Дотор эмульсын үнэ 68,800 төгрөгөөс илүү үнэтэй байсан санагдаж байна. 80 ширхэг эмульс өгсөн гэж бодоод байсан, 75 ширхэгийг өгсөн юм байна. Энэ тооцоогоо тааруулаад хохирлыг тооцуулна. Үлдэгдэл дутагдлын хувьд бага сагаар хэрэглэсээр байгаад өөрөө хэрэглэчихсэн. Дараа нь өөрөө төлнө гэж бодож явсаар хуримтлагдсан. Би яллагдагч Э.С-эс 1,000,000 төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг би төлж барагдуулна. ...С-ийг гуйгаад байхад нь гадна дотно нийлсэн нийт 75 ширхэг эмульс падаангүй гаргаж өгсөн. Би бараа өгөлгүй, падаан өгөх байдлаар энэ тоог нь буцааж борлуулалтаар нөхөж болно гэж бодсон юм. С- энэ мөнгийг өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэсэн надад хамаагүй. ...” гэх мэдүүлэг [12],
13.Б.Г-ын мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...“О” ХХК-д 2014 оны 09 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл бараа олгогчоор ажилд орж улмаар няраваар ажилласан. 2016 оны 04 дүгээр сард гэнэтийн тооллого хийгдэж энэ тооллогоор 4 төрлийн барааны 12,162,000 төгрөгийн дутагдал гарсан. Би энэ барааг Тийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан С-д өгсөн. Би С-ийг хэд хонуулаад биччих гэж гуйгаад байхад нь өгсөөр байгаад ийм асуудал болсон. Би С-д 40 ширхэг дотор эмульс нь нэг нь 68,800 төгрөгийн 2,752,000 төгрөгийн, 35 ширхэг гадна эмульс нь нэг нь 88,800 төгрөгийн 3,108,000 төгрөгийн нийт 5,860,000 төгрөгийн эмульсыг өгсөн. Тэрээр мөнгөний өрөнд орчихсон гээд надаас авсан, дараа нь падаан бичүүлж өөрөө төлөлтийг нь хийх байдлаар өрөө цайруулчихна гэж байсан юм. Үлдсэн 6,302,000 төгрөгийн барааны дутагдлын хувьд ажлын хариуцлага алдчихсан юм болов уу яагаад дутаад байгааг нь ойлгохгүй байна. С-эс өөр хүнд ингэж өгч байгаагүй. С- надад цувуулаад 1 сая төгрөг өгсөн. Үүнийгээ нэмээд 7,302,000 төгрөгийг компанид төлж хохиролгүй болгоно. Аудитын дүгнэлттэй уншиж танилцсан ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. ...” гэх мэдүүлэг [13],
14.Б.Г-ын мөрдөн байцаалтад 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...Миний хувьд нийт ажиллах хугацаандаа гаргасан дутагдал бөгөөд 2016 оны 04 сарын 23-нд хийсэн гэнэтийн тооллогоор илэрсэн. Өөрөөр хэлбэл би дан бараа хариуцдаг, миний хариуцсан бараанаас 12,162,000 төгрөгийн бараа дутсан. С-д падаангүйгээр нийт 75 ширхэг эмульс өгчихсөн нь үнэн. Гэхдээ үүнийг С- өөрөө төлж барагдуулах байсан. Бусад гарсан дутагдлыг өөрөө хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно. ...Бараа олгогч гэдэг нь бараа ачиж буулгах, барааг худалдан авагчийн машинд хүргэж өгөх зэрэг ачигчийн ажил хийдэг байсан. Энэ ажлыг хийж байгаад 2015 оны 05 дугаар сарын 31-ний 05/11 тушаалаар 2015 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн няраваар ажиллах болсон. Складнаас барааг дэлгүүрүүдийн захиалгын дагуу хүргэж өгдөг байсан. Падаанаар харьцах болохоос бэлэн мөнгөөр харьцдаггүй байсан. Миний няраваар ажиллах үед ажлын байрны тодорхойлолт гэж байсан. Энэ нь компанид л байгаа байх, ажил үүргийн хуваарийн хувьд сар болгон ажилчдын хурал болдог үүгээр цааш хийх ажлын чиглэлээ хэлэлцээд тэмдэглээд явчихдаг, үүнийгээ л мөрдөж ажилладаг байсан. ...” гэх мэдүүлэг [14],
15.Б.Г-ын мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...С-д би 18 литрийн багтаамжтай, дотор эмульс 40 ширхэг гадна эмульс 35 ширхэг тус тус өгч заруулсан байгаа. Компаниас гаргаж байгаа үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд дутагдлын талаар ямар нэгэн маргаан санал хүсэлт байхгүй. С-ий хэлсэн тоо ширхэгийг хүлээн зөвшөөрч компаниас гаргасан үнэлгээг зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг [15],
16.“Т”-ын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн аудитын дүгнэлтэд:
“...1.Б.Г- нь анх 2014 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн дугаар №09/02 тоот захирлын тушаалаар тус компанид бараа олгогчоор ажилд орж улмаар 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар № 05/11 тоот захирлын тушаалаар 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бараа олгогч албан тушаалаас няравын албан тушаалд дэвшин томилогдон 2016 оны 04 дүгээр сарын 23-ныг дуустал хугацаанд Сонсголон агуулахын няраваар ажиллаж байсан байна.
2. Б.Г- нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 23-ныг дуустал хугацаанд Сонсголон агуулахын няраваар ажиллаж байхдаа 4 нэр төрлийн 150 ширхэг барааг дутааж нийт 12,162,000 төгрөгийн барааны дутагдал гаргасан байна. Уг дутагдал нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 23-ныг дуустал хугацааны Сонсголон агуулахын барааны орлого (импортын татан авалт), зарлагын падаанууд (агуулахаас зарлагадсан), нэр төрлөөр тооцоо бодсон акгуудаар тогтоогдож байна. Б.Г- нь бараа хариуцсан нярав бөгөөд агуулахад бараа орлогодож, бараа зарлагаддаг, бэлэн мөнгөтэй харьцдаггүй гэх учраас уг дутагдал нь барааны тооцооноос үндсэлж гарсан бараагаарх дутагдал болно. Тооцооллыг хавсралтаар харуулав. /Хавсралт №1/
3. Э.С- нь анх 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар №11/12 тоот захирлын тушаалаар тус компанид үйлчлэгчээр ажилд орж улмаар 2013 оны 09 дугаар сарын 01-ний өдрийн дугаар № 09/04 тоот захирлын тушаалаар 2013 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчлэгчээс борлуулагчийн албан тушаалд дэвшин томилогдож 2015 оны 12 дүгээр сарын 07-ныг дуустал хугацаанд Т барилгын материалын захад байрших лангууны борлуулагчаар ажиллаж байсан байна.
4. Э.С- 2015 оны 08 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 07-ныг хүртэл ажиллаж байх хугацаандаа Т дэлгүүрийн тооцоо бодолтоор 1,701,500 төгрөгийн мөнгөөр дутагдал, Т-2 Э дэлгүүрийн тооцоо бодолтоор 2,871,200 төгрөгийн мөнгөөр дутагдал, Э.О-ын хариуцсан Г салбарын 2015 оны 04 сарын 29-ны өдрийн “Д” ХХК-ний төлбөрийн зөрүү мөнгө 2,400,000 төгрөг нийт 6,972,700 төгрөгийн мөнгөөр дутагдал, 14 нэр төрлийн 59 ширхэг бараа болох 1,255,400 төгрөгийн барааны дутагдал нийт 8,228,100 төгрөгийн дутагдал гарч байна. Уг дутагдал нь харилцахын хуулга, бэлэн мөнгөний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримтууд, барааны орлого,зарлагын баримтууд, нэр төрлөөр тооцоо бодсон актууд, компаний санхүүгээс гаргаж өгсөн харилцагчдаас орсон мөнгөний тодруулга зэргээр тогтоогдож байна. Тооцооллыг хавсралтаар харуулав. /Хавсралт №2а,б,в/...” гэсэн дүгнэлт [16],
17.Гэрч Б.Т /Тын шинжээч/-ын мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн “...Би “Т” ХХК-ний аудиторын шинжээчийн туслахаар ажилладаг. Энэ чиглэлээр 5 дахь жилдээ ажиллаж байна. Эрүүгийн 000000000000 дугаартай хэрэгт “О” ХХК-ний нярав Б.Г-, худалдагч, касс Э.О-, борлуулагч Э.С- нарын тооцоонд шинжилгээг хийсэн. Миний бие нь Шинжилгээг хийхэд санхүүгийн тооцооллыг хийж гаргасан. Дүгнэлтийг ахлах аудитор Б.О- гаргасан. Тооцооллыг гаргахдаа байгууллагын программын өглөг авлагын тооцоог дэлгэрэнгүйгээр шүүж хамаарах төлбөрийг тооцоонд оруулж гаргасан. “О ХХК-ний нярав Б.Г-, худалдагч, касс Э.О-, борлуулагч Э.С- нар нь тус компанид учруулсан хохирлыг бүлэглэн үйлдсэн байж болох эсэх асуудлыг санхүүгийн анхан шатны баримтаар тогтоох боломж байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоодог. “О” ХХК-ний нярав Б.Г-ын хувьд байгууллагын дотоод хяналт шалгалтын тооллогоор бараа дутаасан болох нь тогтоогдсон байсан. Өөрөө бэлэн байгаа гэж хэлж байсан бараа нь хоосон хайрцгаар тоолуулж, бараа нь байхгүй болох нь тогтоогдсон байсан. “О” ХХК-ний борлуулагч Э.С-ий хувьд 2015 оны 08 дугаар сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 07-ныг хүртэлх хугацаанд байгууллагын 6.972.700 төгрөгийн бэлэн мөнгөний 1.255.400 төгрөгийн барааны нийт 8.228.100 төгрөгийн дутагдлыг гаргаж байгууллагад хохирол учруулсан болох анхан шатны баримтаар нотлогдсон. Барааны дутагдлын хувьд 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд гарсан дутагдал байгаа юм. ...Э.О-, Э.С- нар нь 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд хамт ажиллаж байсан гэжээ. Хамт ажиллах хугацаанд 12.833.400 төгрөгийн борлуулалтын орлогыг компанидаа тушаагаагүй байсан. Энэ мөнгөн дүнд зээлээр олгосон барааны үнийн дүн орсон байх боломжтой. Улмаар үүнээс хойш 2015 оны 09 дүгээр сарын 16-ныг хүртэлх хугацаанд 7.564.790 төгрөгийн борлуулалтын орлогыг тушаагаагүй байсан. Үүнээс 2015 оны 04 дүгээр сарын 29-ний “Д” ХХК-ний борлуулалтын төлбөрийн үлдэгдэл 2.400.000 төгрөгийг Э.С- нь би төлөх ёстой гэсэн хүсэлтээр Э.О-ын тооцооноос хасч, Э.С-д нэмж шилжүүлэн тооцоог гаргасан. Өөрөөр 7 дугаар сарын 29-нд гарсан 12.833.400 дутагдал багасч 2015.09.16-нд гэхэд 5.164.790 төгрөг болсон байсан гэсэн үг. Харин энэ хоёр хүн тухайн үед гарсан дутагдалаа хоорондоо яаж ярьж зохицуулсныг харах боломжгүй. 7 дугаар сарын 30-нд “Д” ХХК-ний нэр дээрээс 5.964.300, 5.400.000 төгрөгийн орлогуудыг оруулсан байсан. Дээр нь нэмж хэлэхэд зээлээр бараа авсан байгууллагуудын тооцоог дээрх хүмүүсийн борлуулалтын орлогоос хасч бууруулж тооцсон. ...” гэх мэдүүлэг [17],
18.Шинжээч В.О-ээс мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...“О” ХХК-ний нярав Г-т холбогдох эрүүгийн хэрэгт аудитын шалгалт хийхдээ компаниас бидэнд ирүүлсэн “Х” банкны 3 харилцах дансны хуулга, Э.С-ий “Т” худалдааны төвийн барааны орлогын баримтууд, мөн “Т” худалдааны төвийн 1, 2-р павилоны зарлагын падаанууд, Э.Г-ын Сонсголон агуулахын барааны орлого зарлагын баримтууд, мөн барааны дотоод хөдөлгөөний тооцоо, Э.О-ын “Г” төвийн барааны орлого зарлагын баримтууд, тооллого тооцоо бодсон акт, Э.С-ий хувийн харилцах дансны хуулга, мөн Э.С-ий барааны тооллого тооцоо бодсон актуудыг үндэслэж аудитын шалгалтыг явуулсан. Аудитын шинжилгээг хийхдээ Э.С-, Э.О- нартай биечлэн уулзсан. Тэгэхэд тэр хоёроос биечлэн өгөх нэмж гаргах материал байхгүй гэж мэдэгдсэн. Харин Э.С- нь Э.О-ын 2,400,000 төгрөгийн тооцоо нь миний тооцоонд оруулах ёстой гэж мэдэгдсэн. Үүний дагуу өрийг шилжүүлж тооцоо хийсэн.
Шинжилгээгээр нярав Б.Г-ын хувьд цэвэр бараагаар орлого зарлага гаргадаг агуулахын няравын ажил эрхэлж байсан учраас бэлэн мөнгөтэй харьцдаггүй байсан. Түүний хувьд байхгүй барааг байгаа мэтээр тооцуулж байсан нь дотоод хяналтаараа зөрчлийг илрүүлсэн байсан. Барааны орлого зарлагын падаанаараа дутагдал нь тогтоогдсон. Түүний хувьд 4 нэр төрлийн 150 ширхэг 12,162,000 төгрөгийн үнэ бүхий барааны дутагдал гаргасан байсан. Э.О-ын хувьд худалдагч, кассаар ажиллаж байсан бараа бэлэн мөнгө хариуцан ажиллаж байсан бөгөөд Г Э колор дэлгүүрийн тооцоо бодолтоор 5,164,790 төгрөгийн бэлэн мөнгөний, 18 нэр төрлийн 459,845 төгрөгийн барааны дутагдлыг гаргаж нийт 5,624,635 төгрөгийн дутагдал илэрсэн. Э.С-ий хувьд “Т” дэлгүүрийн тооцоо бодолтоор 1,701,500 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал, “Т-2” Э дэлгүүрийн тооцоо бодолтоор 2,871,200 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал, мөн өөрийн хүсэлтээр Э.О-ын тооцоонд бодогдож байсан Даян дээрх компаний төлбөрийн зөрүү 2,400,000 төгрөг нийт 6,972,700 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал, 14 нэр төрлийн 59 ширхэг бараа болох 1,255,400 төгрөгийн барааны дутагдал нийтдээ 8,228,100 төгрөгийн дутагдал гарсан. Дээрх бэлэн мөнгөний дутагдал гаргасан, худалдагч, борлуулагч нарын гаргасан үйлдлийг ажиглахад борлуулсан барааны мөнгийг компанидаа тушаахгүй байснаас үүдэлтэй дутагдал илэрсэн юм. Бүлэглэн үйлдсэн эсэхийг тогтоох боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар л тогтоох байх, бидний хувьд санхүүгийн баримтуудыг үндэслэн тооцоо бодолтыг хийж дутагдлыг гаргана. ...” гэх мэдүүлэг [18],
19.“О” ХХК-ний санхүүгийн анхан шатны баримтууд, дансны хуулга [19],
20.“О” ХХК-ний агуулахын няравын ажлын байрны тодорхойлолт [20], Б.Г-ыг “2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн туслах бараа олгогчийн албан тушаалаас няравын албан тушаалд томилсон тухай “О” ХХК-ний захирлын тушаал [21], “О” ХХК, Б.Г- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ [22], 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б.Г-ыг ажлаас чөлөөлсөн тушаал [23],
21.Б.Г-аас хохиролд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус төсөн талаарх кассын орлогын ордер,
22.Э.С-ийг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчлэгчийн албан тушаалаас борлуулагчийн албан тушаалд томилсон тухай[24], 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Э.С-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай “О” ХХК-ний захирлын тус тус тушаал [25], Э.С-ий 2015 оны 09 дүгээр сарын 25-наас хойш 2017 оны 02 дугаар сарын 10-ны хүртэлх цалингаас хохирол төлсөн [26] баримт болон шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр өгсөн “О” ХХК-ний бэлэн мөнгөний орлогын баримтууд,
23.Хувийн байдлын талаарх Б.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа[27], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [28], Б.Г-ын нэр дээр /Hyundai excel маркийн **** ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл/ бүртгэлтэй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [29], Б.Г- Баянзүрх дүүргийн 00 дугаар хороонд оршин суудаг гэх засаг даргын тодорхойлолт [30], мөн Э.С-ий иргэний үнэмлэхийн лавлагаа[31], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [32], Э.С- Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд оршин суудаг гэх засаг даргын тодорхойлолт [33], эмнэлгийн жирэмсний хяналтын картын хуулбар болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Г-, Э.С- нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.С- нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 07-ныг хүртэлх хугацаанд “О” ХХК-нд борлуулагч, худалдагчаар ажиллаж байхдаа:
-Т дэлгүүрийн 1,701,500 төгрөгийг,
-Т-2 Э дэлгүүрийн 2,871,200 төгрөгийг,
-Г салбарын “Д” ХХК-ний төлбөрийн зөрүүнд өгсөн 2,400,000 төгрөгийг, нийт 6,972,700 төгрөгийг бэлнээр завшсан,
-мөн 14 нэр төрлийн 59 ширхэг бараа болох 1,255,400 төгрөгийн барааны дутагдал гаргаж, тус компаний итгэмжлэн хариуцуулсан бүгд 8,228,100 төгрөгийн эд хөрөнгийг хувьдаа завшсан,
-Түүнчлэн “О” ХХК-нд агуулахын няраваар ажиллаж байсан Б.Г-тай бүлэглэн түүний итгэмжлэн хариуцаж байсан эмульс будгыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд падаан бичүүлэхгүйгээр, цувуулан авч, 12,162,000 төгрөгийг бүлэглэн завшиж, хохирогчид нийт 20,390,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.Г- нь “О” ХХК-нд няраваар ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд өөрийн хариуцаж байсан агуулахаас эмульс будгыг санхүүгийн анхан шатны баримтгүйгээр борлуулагч, худалдагчаар ажиллаж байсан Э.С-д өгч, түүнтэй бүлэглэн компаний итгэмжлэн хариуцуулсан 12,162,000 төгрөгийн эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
-Хохирогч “О” ХХК-нийн захирал Д.Д-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн мэдүүлсэн “...Манай компани Солонгос улсаас бүх төрлийн барилгын будаг оруулж ирж худалдаалдаг. Т, Г худалдааны төв, М худалдааны төв, 100 айлд салбар дэлгүүрээрээ будгын худалдаа эрхэлдэг. Манай салбар дэлгүүр болох Тд байрлах дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан С-ийн ажилд хийсэн санхүүгийн тооллогоор 2015 оны 08 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 07-ныг хүртэлх хугацаанд “Т” дэлгүүрийн тооцоо бодолтоор 1,701,500 төгрөгийн бэлэн мөнгөний, “Т-2” Э дэлгүүрийн тооцоо бодолтоор 2,871,200 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал, Э.О-ын хариуцсан “Г” салбарын 2015 оны 04 сарын 29-ний өдрийн “Д” ХХК-ний төлбөрийн зөрүү 2,400,000 төгрөг, нийт 6,972,700 төгрөгийн бэлэн мөнгө завшсан. Мөн 14 нэр төрлийн 59 ширхэг барааны 1,255,400 төгрөгийн барааны дутагдал гаргаж нийт 8,228,100 төгрөгийн хохирол компанид учруулсан. ...Б.Г- нь 2015 оны 06 сарын 01-нээс 2016 оны 04 сарын 23-ныг дуустал хугацаанд Сонсголон дахь агуулахад няраваар ажиллаж байхдаа 4 нэр төрлийн 150 ширхэг бараа дутагдуулж 12,162,000 төгрөгийн барааг завшсан. ...Г-ын хувьд ...түүний ажлыг тоолох үеэр хоосон хайрцаг тоолуулаад байсан юм байна лээ. Будгын сав нь 2 тонн жинтэй ПО гэх машинаар өргөж зөөвөрлөдөг, хүн гараараа өргөөд явах боломжгүй том хайрцагтай байдаг, ...хамгийн сүүлд хийсэн тооллогоор бүх хайрцагаа нээж үзэхэд дотор будгыг нь авчихсан хоосон хайрцагийг доод талд нь тавиад дотроо будагтай хайрцагуудыг дээд талд нь тавих байдалтайгаар цааш хийж нуусан байсан. Энэ складан дотор будгуудыг өөрөө хүлээж авсан, өөрөө хариуцах хүн нь Г- юм. ...урьд нь явсан шалгалтын үеэр бол хоосон хайрцагаа дотроо будагтай гээд бүтнээр тоолуулаад тооллогоо өнгөрөөж байсан байна лээ. Г худалдааны төвийн салбар дээр ...С- ажиллаж байгаад С- Т салбар луу шилжиж ажиллахаар явсан. ...СГ төвд очиж 8-9 хоног орчим шилжин ажилласан. Энэ хүмүүсийн гаргасан дутагдлын талаар ТХХК-ний аудитын шинжээч нар шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Ингэж шинжилгээ хийхдээ санхүүгийн анхан шатны баримт болон өөрсөдтэй нь уулзаж энэхүү дүгнэлтийг гаргасан. Миний ойлгосноор бүх л орлого зарлага гүйлгээ, анхан шатны баримтыг тулгах байдлаар шалгасан байсан. ...” гэх мэдүүлэг [34], мөн түүний 2018 оны 03 дугаар сарын 20 [35], 04 дүгээр сарын 03-ны өдөр тус тус мэдүүлсэн мэдүүлэг [36], мөн түүний мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр дахин мэдүүлсэн “...С-ий хувьд 2015 оны 12 дугаар сарын 04-нд Т дэх салбарт гэнэтийн тооллого хийснээр 7,139,493 төгрөгийн дутагдал илэрсэн. С- бол энэхүү мөнгийг төлж барагдуулсаар одоогоор 4,032,996 төгрөгийг төлж барагдуулсан. ...”Т” ХХК-ний мэргэжлийн нягтлан бодогч аудитор нараар шинжлүүлсэн. Шинжлүүлэхэд орлогын зарлагын бүхий л баримт, банкны хуулга, компанитай холбоотой санхүүгийн бүхий л анхан шатны баримтуудыг нягталж үзэж дүгнэлтийг гаргасан. Энэхүү дүгнэлтээр ...С- 8,228,100 төгрөгийн, Г- 12,162,000 төгрөгийн дутагдлыг тус тус гаргасан нь тогтоогдсон. С-, Г- нар нь энэхүү тооцоог хүлээн зөвшөөрч байгаа ...” гэх мэдүүлгүүд [37]
-Гэрч Б.Д-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Би Г-, О-, С- нарыг танина, би 2011-2012 оноос хойш О ХХК-д ажилд орж түүнээс хойш ажиллаж байна. ...Би С-, О- нартай хамт Г худалдааны төвд ажиллаж байхдаа ачигчаар ажилладаг байсан. ...2015 оны 10 сард билүү ...С-, О- нар хоёулаа ээлжилж залгаад уулзая гээд дуудаад байсан. ...10 хороололд байрлах цайны газарт уулзсан. ...тэр хоёр надад тооллогоор бараа дутсан, 3 сая төгрөгийн бараа дутсан байна, гурвуулаа сая сая төгрөгөөр төлье гэсэн. ..." гэх мэдүүлэг [38],
-Гэрч Э.О-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...2015 онд “О” ХХК-д худалдагчаар ажиллаж байсан. Тэр үед С-тэй хамт ажиллаж байсан. ...2015 оны 04 сарын 01-нээс Г худалдааны төвд байрлах салбар дэлгүүрт худалдагчаар ажилласан. ...2015 оны 07 сарын 27-ны өдөр С- амарч байсан тул Г худалдааны төвд ирж ажиллахад гэнэтийн тооллого хийсэн. Гэнэтийн тооллогоор 10 гаран сая төгрөгийн дутагдал гарсан. Тэгээд үүнийг С-тэй хувааж төлөхөөр тохирсон. ...С- мөнгө зээлж явсаар түүний өр 6 сая төгрөг болчихсон. ...” гэх мэдүүлэг [39]
-Гэрч Э.О-ын мөрдөн байцаалтад дахин 2018 оны 04 дугаар сарын 28-ны мэдүүлсэн “...2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэнэтийн тооллого хийгдэж 11,364,300 төгрөгийн дутагдал гарсан. Энэ дутагдалыг С- Д компанид зээлээр өгсөн падаан бичиж кассын орлогоо тэнцүүлээд 2015 оны 07 сарын 30-ны өдөр дээрх мөнгийг төлж барагдуулсан. ...С- надаас 7 сард бага багаар мөнгө зээлж байсан. Энэ 6 сая төгрөг болсон. ...Сүүлд нь аудит хийлгэх үед С- 2,400,000 төгрөгийг өөрөө хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. ...” гэх мэдүүлэг [40],
-Э.С-ий мөрдөн байцаалтад 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би “О” ХХК-д 2013 оны 04 дүгээр сараас ...Г худалдааны төвд худалдагчаар ажиллах байх хугацаанд, 2015 оны 04 сарын 29-ний өдөр “Д” ХХК нь 6,502,000 төгрөгийн бараа худалдаж авсан. Үүнийхээ 2,400,000 төгрөгийг зээлээр авч яваад дараа нь тэр хугацаандаа авчирч өгсөн. Энэ мөнгийг нь би аваад өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн. ...2015 оны 08 дугаар сарын 10-наас Тд худалдагч кассын ажил эрхлэхээр очсон. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэнэтийн тооллого хийгдсэн. Энэ тооллогоор бараан материал, кассын дутагдал, Д ХХК-ний 2,400,000 төгрөг зэргийг нэмээд гарсан болов уу гэж ойлгож байна. ...Нярав Г-аас би гуйж 75 ширхэг эмульс авсан. Дотор эмульс 40 ширхэг, гадна эмульс 35 ширхэгийг хүлээж авсан. ...Г-аас бараа гаргаж өгөөч би чамд буцааж бэлэн мөнгөөр төлж өгнө нэг ёсондоо бараа гаргасан гэсэн падаан хоосон бичүүлж аваад түүнийг нь би мөнгөөр нь компаний орлогод хийх байдлаар эргэж төлчихнө гэж ойлгуулж авсан. Ингээд Г-аас падаангүйгээр дээрх барааг аваад Т дээрээс зарж борлуулаад энэ мөнгөөр А- эгчийн өрийг дарсан. 40 ширхэг дотор эмульс нь нэг нь 68,800 төгрөгийн 2,752,000 төгрөгийн, 35 ширхэг гадна эмульс нь нэг нь 88,800 төгрөгийн 3,108,000 төгрөгийн нийт 5,860,000 төгрөгийн эмульс авсан. ...Би дээрх 75 ширхэг эмульс авсан мөнгөнөөс Г-т зөндөө мөнгө өгч байсан. Одоо санаж байгаагаар 300,000 төгрөг түүний аавын дансанд, 570,000 төгрөгийг би өөрт нь өгөөд тэр өөрөө миний картыг авч яваад хүний дансанд хийж өгч байсан. Т худалдааны төв дээр ирж 50,000 төгрөг надаас авсан, маргааш нь 32-ын автобусны буудал дээр уулзаад надаас 80,000 төгрөг авсан. Миний санаж байгаагаар 1,000,000 төгрөгийг өгсөн байна. ...Гэхдээ надаар Г- эмульс будаг бага багаар заруулж мөнгийг нь авдаг байсан. Би түүнд мөнгийг нь өөрт нь өгчихдөг байсан. ...Ер нь бол 5-10 ширхэгээр нь заруулж байсан, ....түүнээс 75 ширхэг эмульс авч зараад өрөө дарсан нь үнэн. Үлдсэн 40 ширхэг нэхэгдээд байгааг нь өөрөө надаар заруулж мөнгөө өөрөө авсан. Г-ын дутагдуулсан гэх агуулахын барааны талаар бол би хариуцах ёсгүй, харин би өөрөө гуйж авсан 75 ширхэг эмульсны мөнгийг компанид төлөх ёстой юм. ...” гэх мэдүүлэг [41], мөн Э.С-ий мөрдөн байцаалтад яллагдагчаар дахин 2018 оны 03 дугаар сарын 30-ны, 04 дүгээр сарын 03, 28-ны өдөр тус тус мэдүүлсэн мэдүүлэг [42], шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-Б.Г-ын мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 22-ны яллагдагчаар мэдүүлсэн “...Би “О” ХХК-д 2014 оны 09 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл нярваар ажилласан. ...2016 оны 04 дүгээр сард гэнэтийн тооллого хийгдэж энэ тооллогоор 12,162,000 төгрөгийн дутагдал гарсан. Би энэ барааг Тийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан С-д өгсөн. Би С-ийг хэд хонуулаад биччих гэж гуйгаад байхад нь өгсөөр байгаад ийм асуудал болсон. Би С-эс тавин мянга, жаран мянгаар мөнгө авч л байсан байх үүнээс өөрөөр би түүнээс мөнгө төгрөг авч байгаагүй. ..би ....эмульс 75 ширхэгийг өгсөн юм байна. Энэ тооцоогоо тааруулаад хохирлыг тооцуулна. Үлдэгдэл дутагдлын хувьд бага сагаар хэрэглэсээр байгаад өөрөө хэрэглэчихсэн. Дараа нь өөрөө төлнө гэж бодож явсаар хуримтлагдсан. Би яллагдагч Э.С-эс 1,000,000 төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрч байна.....Миний хувьд С-ийг гуйгаад байхад нь гадна дотно нийлсэн нийт 75 ширхэг эмульс падаангүй гаргаж өгсөн. Дараа нь би бараа өгөлгүй падаан өгөх байдлаар энэ тоог нь буцааж борлуулалтаар нөхөж болно гэж бодсон.. ...” гэх мэдүүлэг [43], мөн Б.Г-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар дахин 2018 оны 02 дугаар сарын 21, 3 дугаар сарын 31, 5 дугаар сарын 16-ны өдөр тус тус мэдүүлсэн мэдүүлэг [44], шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ ,
-Гэрч Б.Тын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би “Тэд-Аудит” ХХК-ний аудиторын шинжээчийн туслахаар ажилладаг. ...Шинжилгээг хийхэд санхүүгийн тооцооллыг хийж гаргасан. ...“О” ХХК-ний нярав Б.Г-ын хувьд байгууллагын дотоод хяналт шалгалтын тооллогоор бараа дутаасан болох нь тогтоогдсон байсан. Өөрөө бэлэн байгаа гэж хэлж байсан бараа нь хоосон хайрцгаар тоолуулж, бараа нь байхгүй болох нь тогтоогдсон. “О” ХХК-ний борлуулагч Э.С-ий хувьд 2015 оны 08 дугаар сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 07-ныг хүртэлх хугацаанд байгууллагын 6.972.700 төгрөгийн бэлэн мөнгөний 1.255.400 төгрөгийн барааны нийт 8.228.100 төгрөгийн дутагдалыг гаргаж байгууллагад хохирол учруулсан болох анхан шатны баримтаар нотлогдсон. Барааны дутагдлын хувьд 2015.12.01-2015.12.07-ны өдөр хүртэлх хугацаанд гарсан дутагдал байгаа юм. 2015 оны 04 дүгээр сарын 29-ний “Д” ХХК-ний борлуулалтын төлбөрийн үлдэгдэл 2.400.000 төгрөгийг Э.С- нь би төлөх ёстой гэсэн хүсэлтээр Э.О-ын тооцооноос хасч, Э.С-д нэмж шилжүүлэн тооцоог гаргасан. ...” гэх мэдүүлэг [45]
-Шинжээч В.О-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...“О” ХХК-ний нярав Г-т холбогдох эрүүгийн хэрэгт аудитын шалгалт хийхдээ компаниас ирүүлсэн Х банкны 3 харилцах дансны хуулга, Э.С-ий Тийн барааны орлогын баримтууд, мөн Тийн 1, 2-р павилоны зарлагын падаанууд, Э.Г-ын Сонсголон агуулахын барааны орлого зарлагын баримтууд, мөн барааны дотоод хөдөлгөөний тооцоо, Э.О-ын Г төвийн барааны орлого зарлагын баримтууд, тооллого тооцоо бодсон акт, Э.С-ий хувийн харилцах дансны хуулга, мөн Э.С-ий барааны тооллого тооцоо бодсон актуудыг үндэслэсэн. Аудитын шинжилгээг хийхдээ Э.С-, Э.О- нартай биечлэн уулзсан. ...С- нь Э.О-ын 2,400,000 төгрөгийн тооцоо нь миний тооцоонд оруулах ёстой гэж мэдэгдсэн. Үүний дагуу өрийг шилжүүлж тооцоо хийсэн. ...нярав Б.Г-ын хувьд цэвэр бараагаар орлого зарлага гаргадаг агуулахын няравын ажил эрхэлж байсан учраас бэлэн мөнгөтэй харьцдаггүй байсан. Түүний хувьд байхгүй барааг байгаа мэтээр тооцуулж байсан нь дотоод хяналтаараа зөрчлийг илрүүлсэн байсан. Барааны орлого зарлагын падаанаараа дутагдал нь тогтоогдсон. Түүний хувьд 4 нэр төрлийн 150 ширхэг 12,162,000 төгрөгийн үнэ бүхий барааны дутагдал гаргасан байсан. ...Э.С-ий хувьд Т дэлгүүрийн тооцоо бодолтоор 1,701,500 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал, Т-2 Э дэлгүүрийн тооцоо бодолтоор 2,871,200 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал, мөн өөрийн хүсэлтээр Э.О-ын тооцоонд бодогдож байсан Даян дээрх компаний төлбөрийн зөрүү 2,400,000 төгрөг нийт 6,972,700 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал, 14 нэр төрлийн 59 ширхэг бараа болох 1,255,400 төгрөгийн барааны дутагдал нийтдээ 8,228,100 төгрөгийн дутагдал гарсан. Дээрх бэлэн мөнгөний дутагдал гаргасан, худалдагч, борлуулагч нарын гаргасан үйлдлийг ажиглахад борлуулсан барааны мөнгийг компанидаа тушаахгүй байснаас үүдэлтэй дутагдал илэрсэн....” гэх мэдүүлэг [46]
-“Т”-ын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн аудитын дүгнэлт[47],
-Б.Г-ыг 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн туслах бараа олгогчийн албан тушаалаас няравын албан тушаалд томилсон тухай” “О” ХХК-ний захирлын тушаал [48], “О” ХХК, Б.Г- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ [49], Э.С-ийг “2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчлэгчийн албан тушаалаас борлуулагчийн албан тушаалд томилсон тухай” “О” ХХК-ний захирлын тушаал [50] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хууль зүйн дүгнэлт:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.С-, Б.Г- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150. 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Мягмарцэрэн болон шүүгдэгч нар нь гэм буруугийн талд болон хэргийн зүйлчлэлд маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
“О” ХХК-ний захирлын тушаалаар шүүгдэгч Э.С- нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс борлуулагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан байх ба тус хугацаанд тус компаний Г, Т, Т-2 гэсэн салбар дахь төвүүдэд борлуулагч, худалдагчаар ажиллаж байсан байна.
Мөн шүүгдэгч Б.Г- нь “О” ХХК-ний захирлын тушаалаар 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс няравын албан тушаалд томилогдон тус компаний Сонсголон дахь агуулахын няраваар ажиллаж байжээ.
“О” ХХК-ний няравын ажлын байрны тодорхойлолтод “бараа материалын орлого, зарлагын баримт болох шаардах хуудсуудыг цуглуулж, бараа материалыг хянах, агуулахын бүртгэлийн дэвтэрт бүртгэл хийх, борлуулагчийн бичсэн падааны дагуу үйлчлүүлэгчид барааг үнэн зөв, тоо ширхэгтэй барааг олгох” гэж зохицуулсан байна.
Хууль зүйн хувьд итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж байгууллагын өмчийг хариуцахаар үүрэг хүлээсэн эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ийнхүү үүрэг хүлээсэн этгээд нь итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, хууль бусаар бусдад шилжүүлэх, өөрийн өмчийн адил захиран зарцуулах, хувийн хэрэгцээндээ хэрэглэх, өрөнд шилжүүлэх зэрэг үйлдлийг завших гэж ойлгоно.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Э.С-, Б.Г- нар нь албан тушаалын хувьд “О” ХХК-ний эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байсан этгээдүүд байх бөгөөд Э.С- нь өөрийн хувийн өр төлбөр, өдөр тутмынхаа хэрэгцээнд байгууллагын борлуулалтын орлогыг өөрийн хөрөнгө мэтээр захиран зарцуулж, завшсан, мөн шүүгдэгч Б.Г- нь агуулахаас санхүүгийн анхан шатны баримтгүйгээр борлуулагч, худалдагчаар ажиллаж байсан Э.С-д 75 ширхэг эмульсийг шилжүүлж, дур зоргоороо авирлан, улмаар Э.С-эс борлуулсан зарим барааны мөнгийг шилжүүлэн авсан боловч хувийн хэрэгцээндээ зарцуулж, байгууллагын эд хөрөнгийг бүлэглэн завшиж, хохирол учруулсан нөхцөл байдал нь тогтоогдсон байна.
Тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь байгууллагаас тооллого хийхдээ шүүгдэгч Б.Г-ын тоолуулж буй эд хөрөнгө гэх хоосон хайрцагыг үзэлгүйгээр, хайхрамжгүй байдлаар тооллого явуулсан нь байгууллагын эд хөрөнгийг завших гэмт хэргийг удаан хугацаагаар үргэлжлүүлэн үйлдэгдэх нөхцлийг бий болгосон байна. Нөгөө талаас хохирогч байгууллага нь өдөр тутмын хяналт, тооллого, борлуулалтын орлогыг хураан авах, тооцоо нийлэх, хийх зэрэг ажиллагааг санхүүгийн алба нь явуулаагүй байдал нь гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч Б.Г-, Э.С- нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, завших гэмт хэргийг үйлдэж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг шүүгдэгч Э.С- нь 2015 оны 08 дугаар сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 07-ныг хүртэлх хугацаанд, шүүгдэгч Б.Г- нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд тус тус үйлдсэн байх ба тус хугацаанд 2002 оны Эрүүгийн хуулийг мөрдөж байсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж, мөрдөж байна.
Шүүгдэгч Э.С-ий ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Г-ын бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан тус тус гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт хамаарч байх ба тус зүйл, хэсэгт заасан оногдуулах ял шийтгэл нь тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан ба, тэдний үйлдсэн дээрх гэмт хэрэг нь одоо мөрдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад нийцэж, хамаарахаар байна. Тус заалтад заасан ялын төрөл хэмжээ нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.
Эдгээр хуулийн заалтыг харьцуулан үзвэл 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүнд ялын буюу хорих ялын дээд хэмжээ 8 жил, харин 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан хүнд ялын буюу хорих ялын дээд хэмжээ 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон байх ба ялын төрөл, хэмжээний хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан оногдуулах ял нь хөнгөрсөн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.
Иймд шүүгдэгч Э.С-, Б.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж яллах дүгнэлт үйлдснийг, мөн тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Шүүгдэгч Э.С- нь ганцаараа үйлдлээр “О” ХХК-нд 8,228,100 төгрөгийн, Б.Г-, Э.С- нар нь бүлэглэн 12,162,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан байна. Үүнээс:
Э.С- нь байгууллагад ганцаараа үйлдлийн улмаас учруулсан 8,228,100 төгрөгийн хохирлыг тус байгууллагад ажилласан цалин хөлсөөр буюу 4,079,624 төгрөг нөхөн төлсөн болох нь “О” ХХК-ний санхүүгийн албанаас ирүүлсэн тооцоо, бэлэн мөнгөний орлогын баримтууд зэргээр тогтоогдож, үлдэх 4,148,476 төгрөг төлөгдөөгүй байна.
Мөн Б.Г-, Э.С- нар нь бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан 12,162,000 төгрөгийн хохирлоос Б.Г- нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус нөхөн төлсөн талаарх кассын орлогын ордерыг хохирогчоос хэрэгт ирүүлсэн бөгөөд Б.Г- нь 7,000,000 төгрөгийг нөхөн төлж, үлдэх 5,162,000 төгрөг төлөгдөөгүй байна.
Хохирогчийн өмгөөлөгчөөс дээрх 5,162,000 төгрөгийг бүхэлд нь Б.Г-аар төлүүлэх тухай санал гаргаж буй боловч шүүхээс шүүгдэгч нарын оролцсон оролцоог харгалзан хохирлыг нөхөн төлүүлэх үндэстэй гэж үзсэн тул Б.Г-ыг бүлэглэж үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж, үлдэх 5,162,000 төгрөгийг Э.С-эс гаргуулах үндэстэй гэж дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Г-ыг хохирогч “О” ХХК-нд төлөх төлбөргүй гэж үзэж, шүүгдэгч Э.С-эс 9,310,476 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллагад олгох нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Г-, Э.С- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тус бүр тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр Э.С-ийг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Г-ыг 2 жил 06 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Мягмарцэрэнгээс өмгөөллийн дүгнэлтдээ Э.С-ий хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, 08 сартай жирэмсэн зэрэг байдлыг харгалзан улсын яллагч санал болгосон ялыг хөнгөрүүлэн, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн, шүүгдэгч Б.Г-ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүнчлэн бага насны 3 хүүхэдтэй, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх боломжтой, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч Э.С-, Б.Г- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.С-, Б.Г- нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Г- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн хэрэгт жирэмсний хяналтын карт, ургийн бичлэг зэргийг шүүгдэгч Э.С-эс ирүүлсэн байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.С-ий 8 сартай жирэмсэн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийг хэрэглэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, шүүгдэгч Б.Г- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэж тэнсэх боломжтой гэж үзлээ.
3.Бусад асуудлаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Г-, Э.С- нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.
[1] 1дүгээр хавтаст хэргийн 18-20 дугаар тал.
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дүгээр тал.
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 175 дугаар тал.
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 226-227 дугаар тал.
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар тал.
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дүгээр тал.
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 228-230 дугаар тал.
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 68-72 дугаар тал.
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 182-185 дугаар тал.
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 186-189 дүгээр тал.
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 233-235 дугаар тал.
[12] 1 дүгээр хавтатс хэргийн 79-82 дугаар тал.
[13] 1 дүгээр хавтаст хэргийн 83-86 дугаар тал.
[14] 1 дүгээр хавтаст хэргийн 190-193 дугаар тал.
[15] 2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар тал.
[16] 1 дүгээр хавтаст хэргийн 37-55 дугаар тал.
[17] 1 дүгээр хавтаст хэргийн 176-178 дугаар тал.
[18] 1дүгээр хавтаст хэргийн 179-181 дүгээр тал.
[19] 1 дүгээр хавтаст хэргийн 207-212 дугаар тал.
[20] 1 дүгээр хавтаст хэргийн 202-203 дугаар тал.
[21] 1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр тал.
[22] 1 дүгээр хавтаст хэргийн136-141 дүгээр тал.
[23] 1 дүгээр хавтаст хэргийн 198 дугаар тал.
[24] 1 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар тал.
[25] 1 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр тал.
[26] 1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр тал.
[27] 1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар тал.
[28] 1 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар тал.
[29] 1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар тал.
[30] 1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар тал.
[31] 1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар тал.
[32] 1 дүгээр хавтаст хэргийн 104 дүгээр тал.
[33] 1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар тал.
[34] 1 дүгээр хавтаст хэргийн 18-20 дугаар тал.
[35] 1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дүгээр тал.
[36] 1 дүгээр хавтаст хэргийн 175 дугаар тал.
[37] 1 дүгээр хавтаст хэргийн 226-227 дугаар тал.
[38] 1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар тал.
[39] 1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дүгээр тал.
[40] 1 дүгээр хавтаст хэргийн 228-230 дугаар тал.
[41] 1 дүгээр хавтаст хэргийн 68-72 дугаар тал.
[42] 1 дүгээр хавтаст хэргийн 182-185-189, 233-235 дугаар тал.
[43] 1 дүгээр хавтатс хэргийн 79-82 дугаар тал.
[44] 1 дүгээр хавтаст хэргийн 83-86, 190-193, 2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар тал.
[45] 1 дүгээр хавтаст хэргийн 176-178 дугаар тал.
[46] 1дүгээр хавтаст хэргийн 179-181 дүгээр тал.
[47] 1 дүгээр хавтаст хэргийн 37-55 дугаар тал.
[48] 1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр тал.
[49] 1 дүгээр хавтаст хэргийн136-141 дүгээр тал.
[50] 1 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар тал.