Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/1399

 

 

М.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд 

прокурор С.Ууганбаяр,

шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Б.Чулуунгэрэл, З.Цэнгэнбаяр,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2129 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.О-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Б.Чулуунгэрэл, З.Цэнгэнбаяр нарын хамтран гаргасан гомдлоор М.О-д холбогдох эрүүгийн 2502000000008 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр *** дүүргийн ***-р хороо, *** тоотод байрлах өвлийн сууцанд амь хохирогч С.Бтай маргалдаж улмаар хохирогчийн цээжин тус газарт хутгалж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

   Нийслэлийн Прокурорын газрын прокуророос М.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх “...шүүгдэгч М.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ийг 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д оногдуулсан 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ийн цагдан хоригдсон 247 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хэргийн газрын үзлэгээр хураан авсан зуухны доод талд байсан шаргал өнгийн металл мэт зүйл, цогцсын доод талд байсан улаан өнгийн шатаж түлэгдсэн хувцасны өөдөс мэт зүйл, 7 дугаараар тэмдэглэсэн хутга, 8 дугаараар тэмдэглэсэн дотроо 6 ширхэг тамхитай “LD” гэсэн бичиглэлтэй саарал өнгийн тамхины хайрцаг, 9, 10, 45, 56 дугаараар тэмдэглэсэн тамхины ишнүүд, 87 дугаараар тэмдэглэсэн 2 ширхэг тамхины иштэй наалдсан шатаж хайлсан хувцасны өөдөс мэт зүйл, 23, 2 дугаартай 2 ширхэг архины шил, зуухны дотор талд байсан үнс, шатаж барьцалдсан хар өнгийн зүйл болон үлдсэн дотор талын үнс, зуухны доод талын үнсний саванд байх үнс, зуухны ханан дээр наалдсан байсан шатаж харласан мэт хар өнгийн зүйлс, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цүнхний хэсэг, 4, 5 дугаартай арчдас, №29 дугаараар хаягласан хэргийн газрын үзлэгээр авсан жижиг шатсан зүйл, №15 дугаараар хаягласан арчдас, №17 дугаараар хаягласан шатсан зүйл, яллагдагч М.О-ийн баруун зүүн гараас авсан 4 ширхэг арчдас, шүүгдэгч М.О-ийн гарын хумс 10 ширхэг, амь хохирогч С.Б-н хумс 8 ширхэг, цогцсын үзлэгээр хураан авсан хагас түрийтэй гутал, улаан өнгийн дотоож, хар өнгийн өмд, хар өнгийн оймс 1 хос, хөх өнгийн оймс 1 хос, шүүгдэгч М.О-ийн биед үзлэг хийж хураан авсан цэнхэр өнгийн цахилгаантай юүдэнтэй цамц, хар өнгийн өвлийн түрийтэй гутал зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгаж, хэргийн хамт хавсаргаж ирүүлсэн Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс 256/163 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээллийн ярианы бичлэг бүхий компакт диск 1 ширхэг, амь хохирогч С.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэлд холбогдуулан саатуулах үеийн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн хүлээлгийн танхим болон гадна үүд хэсгийн дүрс бичлэг бүхий компакт диск 2 ширхэг, *** дүүргийн ***-р хороо, *** тоотод үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий компакт 1 ширхэг, хэргийн газарт гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээллийн дагуу ажилласан цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий компакт диск 1 ширхэг, эд мөрийн баримтаар тооцоогүй дансны хуулга бүхий 1 ширхэг компакт диск зэрэг нийт 7 компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-гийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 118.800.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч М.О-өөс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг болох 106,800,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгож, прокурорын 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 274 дугаартай эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаартай, *** дүүргийн *** хороо, *** тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө” болох газраас М.О-д ногдох хэсгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож...” шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.О-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шийтгэх тогтоолоор М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шахуу буюу 13 жилийн хугацаагаар хорих оногдуулсан нь хэргийн бодит байдлыг дүгнэхдээ хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Өөрөө хэлбэл, хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн болон шүүгдэгч өөрийгөө хянах чадваргүй байсан нөхцөл байдал мөн үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярих чадваргүй байхад мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэн зэрэг онцлох процессын ажиллагаа хуульд нийцээгүй байхад шүүх тэрхүү нийцээгүй ажиллагаануудыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй болно. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид Иргэний хуулийн 511.3, 511.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээгээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй өөр өөр хэлбэл шууд амь насны хохирлоор тогтоосон нь, мөн хууль зүйн болон бодит байдлын үндэслэлийг тогтоолд тайлбарлаагүй нь үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж дүгнэхээргүй байна. Иймд хэргийг бүхэлд нь судлан, хянаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хорих ялыг багасгаж, амь насны хохирлыг сэтгэцэд учирсан хохирлын хэмжээгээр шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.О-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хэргийн бодит байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэх боломжтой. Гэрч Э.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, яллагдагч М.О, гэрч П.Б болон шинжээчийн мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын дотоод аюулгүй байдлын хэлтсээс Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын албан хаагчид холбогдуулан албаны шалгалт явуулсан талаарх баримт зэргийг иш татах зайлшгүй шаардлагатай. Гэрч Э.Э “хэлтэс дотор сууж байгаад нөгөө 2 согтуу эрэгтэй явъя гээд хэлтсээс гарсан. Би араас нь бас дагаж гарсан бөгөөд тэр хоёр хамтдаа Улиастайн шинэ эцсийн автобусны буудлаас урагш явсан. Царайг нь харахад нэг нь хөгшин, нөгөө нь залуу мэт харагдсан юм. Тэр залуу нь л жоохон өдөөд л байсан даа. Юу ч гэлээ, ямар ч байсан нэг газраас ирсэн л гээд л онгироод байсан” гэж мэдүүлдэг. Тэгэхээр дээрх хүмүүсийн мэдүүлэгт дүгнэлт хийх шаардлагатай. Учир нь, амь хохирогч С.Б, шүүгдэгч М.О нарын хоорондын харилцаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс ямар байдалтай эхэлснийг харуулж байгаа юм. М.О, С.Б нар *** дүүргийн ***-р хороо, *** тоотод эхлээд виски уугаад дараа нь хамт дэлгүүр явж архи авч уусан. Тэгээд М.О, С.Б нарын хооронд маргаан үүссэн. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 1826 дугаартай “М.О-ийн биед хүзүү, хэвлий, баруун дал, тохой, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмч буюу гэрч П.Б-гийн “гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд холбогдсон М.О гэх хүнийг авч ирсэн. Би тухайн М.О-ийн биед нь үзлэг хийгээд, даралт, зүрхний цохилтыг хэмжиж амин үзүүлэлтийг тогтоосон. М.О-ийн дээд даралт нь 180 доод даралт 120-ийг зааж байсан. Харин зүрхний цохилт 1 минутад 130 удаа цохилж байсан учраас эрүүлжүүлэх боломжгүй тул Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эргүүлийн цагдаад буцааж өгч хүргүүллээ. М.О-ийн биед үзлэг хийхэд бараан өнгийн куртик, өмд, цамц, гуталтай байсан. Түүний биед үнэт эдлэл байгаагүй. Би М.О-ийн биеэс ямар нэгэн зүйл хурааж аваагүй” гэж мэдүүлдэг. Мөн М.О-ийн өвлийн сууцанд амь хохирогчтой архи ууж байхдаа юунаас болж маргалдсан, яагаад нэг нь нөгөөдөө хүч хэрэглэсэн бэ гэсэн асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гүйцэт шалгаж тогтоогоогүй. М.О-ийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр түүний биед халдсан үйл баримт байгаа. М.О-ийн хүзүүнд байсан алтан зүүлт өнөөдрийг хүртэл олдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ асуудлыг бүрэн шалгаагүй. М.О-ийн алтан зүүлтээс болж амь хохирогч болон шүүгдэгчийн хооронд маргаан үүссэн гэдгийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, М.О-ийн биед хийсэн үзлэг хийсэн баримтаар цагдаагийн хэлтсээс гарахад хүзүүнд нь байсан алтан зүүлт байхгүй байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн ар гэрийнхнээс энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргасан. Анхан шатны шүүх хохирогчийн хувийн байдал гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд хамааралтай гэдгийг анхаарч үзээгүй. Тиймээс шүүгдэгч М.О хохирогчийн амь насыг санаатай хохироосон гэж үзэх боломжгүй. Харин тухайн нөхцөлд М.О-ийн хүзүүнд байсан алтан гинжийг С.Б хүчээр авах оролдлого хийсний улмаас М.О эд хөрөнгөө хамгаалах, өөрийгөө алах нь байна гэж ойлгож, нөхцөл байдлыг буруу үнэлж, аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж С.Б-н биед халдсан гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй. Түүнээс гадна шүүхийн шийтгэх тогтоолд сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон нь үндэслэлгүй. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар улсын хэмжээнд мөрдөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 цагт 4.715 төгрөг буюу сард 792.000 төгрөг байхаар тогтоосон. Гэтэл шүүх 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гэмт хэрэг гарсан байхад 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн журмыг баримталж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792.000 төгрөгөөр тооцож 150 дахин нэмэгдүүлж 118.000.000 төгрөг гэж буруу тооцсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон М.О-д оногдуулсан ялыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.О-ийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Нэгдүгээрт, энэ үндэслэлээр прокурорын яллах дүгнэлт үндэслэлгүй. 2 дугаар хавтаст хэргийн 101-103 дугаар хуудсанд авагдсан баримтад 15 гарын мөр байгаа. Үүнээс 11 ширхэг гарын мөр нь шүүгдэгч М.О болон амь хохирогч С.Б нарынх бөгөөд 4 өөр гарын мөр байдаг. Тухайлбал, 2, 5, 6, 10-д авагдсан 4 гарын мөр мэдээллийн санд авагдаагүй. Тэгэхээр өөр хүн байжээ гэсэн таамаг байна. Хоёрдугаарт, 2 дугаар хавтаст хэргийн 130 дугаар хуудсанд “хутган дээр 1 гарын мөр илэрсэн. Энэ нь шинжилгээгээр тогтоогдож чадахгүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт авагдсан. Иймд  М.О хүн амины хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэдэгт эргэлзээ төрүүлж байна, өөр хүн байж болох юм. Гуравдугаарт, 1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөгч хэргийн газарт үзлэг хийхэд 2 ширхэг гутлын мөр илэрч, гэрэл зургаар бэхжүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.10 дахь заалтад “хэргийн газар, түүний дотор байгаа зүйлийн байр байдлыг бэхжүүлэхийн тулд дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах” гэж заасан. 1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудсанд 94, 95, 96, 97-д хээнүүд тодорхой авсан. Үүнийг тогтоогоогүй. Дөрөвдүгээрт, М.О-ийн зүүж явсан 18.000.000 төгрөгийн үнэтэй алтан гинж тухайн өдөр алга болсон. 1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд авагдсан 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр М.О-ийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар “хүзүүний ар хэсэгт 1х0, 0х2 гэсэн зулгаралт үүссэн байдаг. Тэгэхээр гинжийг урдаас нь татаж авсан байх боломжтой бөгөөд үүнийг шалгаагүй. Тавдугаарт, 1 дүгээр хавтаст хэргийн 191 дүгээр хуудсанд гэрч Э.Э-ийн мэдүүлэг авагдсан. Энэ хоёрын маргалдаж байхыг харсан гэдэг энэ хүмүүс архины хамааралтай. Маршрутыг болон гуравдагч хүн байж болох эсэхийг тогтоогоогүй. Мөн архинаас хамааралтай хүмүүсийг авч явчхаад гэрт нь хүргэж өгөөгүй. Амь хохирогчийн эхнэр, М.О-ийн эхнэр, Э.Э-ийн эхнэр нийлж архи уу гэж явуулсан юм уу гэж хэлдэг. Цагдаагийн эмч, жолооч, жижүүрийн ахлагч, эргүүлийн офицер, Эрүүлжүүлэх байрны ахлах байцаагч гэсэн 6 хүнд ёс зүйн дүрэм зөрчсөн гэж сахилгын шийтгэл оногдуулсан. Эдгээр хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд очсон байхад үүнийг тогтоогоогүй. Эцэст нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792.000 төгрөгөөр тогтоосон байхад анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хохирлыг тооцохгүйгээр буруу тооцсон. Иймд М.О-д холбогдох хэргийг хэрэгт цугларсан эргэлзээтэй нотлох баримтуудаар дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би монетон гинжний тухай прокурор Сэргэлэнбаатарт хэлэхэд шалгуулна гэж хэлсэн. Мөрдөгч Мөрөн хэрэв байгаагүй бол хүн гүтгэсэн болно гээд гинжний асуудлыг авч хэлэлцээгүй. Би юу болсныг мэдэхгүй, хамт архи уусандаа буруудаж 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Тиймээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж гуравдагч этгээдийг олж тогтоолгохыг хүсэж байна. ...” гэв.

Прокурор С.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж гарсан гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлуудад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд няцаан үгүйсгэж дүгнэсэн. Мөн өмгөөлөгч нарын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг 118.000.000 төгрөгөөр тогтоосон нь буруу гэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцийн дүгнэлт 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гарсан тул анхан шатны шүүх хохирлын хэмжээг үндэслэлтэй тооцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх М.О-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр *** дүүргийн ***-р хороо, *** тоотод байрлах өвлийн сууцанд амь хохирогч С.Б-тай маргалдаж улмаар хохирогчийн цээжин тус газарт хутгалж, хүнийг алсан гэмт хэргийн үйлдсэн болох нь:

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасагт 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цаг 22 минутад гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 17-р хуудас/

*** дүүргийн ***-р хороо, *** тоот хаягт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-46-р хуудас/,

амь хохирогч С.Б-н цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 47-54-р хуудас/,

яллагдагч М.О-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 55-65- р хуудас/

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн амь хохирогч С.Б-ийг саатуулах үеийн дүрс бичлэгтэй 1 ширхэг компакт диск хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 79-р хуудас/,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 91-98-р хуудас/,

*** дүүргийн ***-р хороо, *** тоотод үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас хэргийн 99-111-р хуудас/,

гэмт хэргийн талаарх мэдээлэл гаргасан иргэнтэй цагдаагийн алба хаагч дуудлагын дагуу уулзах үеийн болон хэргийн газарт алба хаагчид ажиллах үеийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 113-121-р хуудас/,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас/1-р хх-ийн 123-124-р хуудас/,

дуудлагын үеийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 125-127-р хуудас/,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч, Ш.Э, цагдаа жолооч цагдаагийн дэд ахлагч, Ц.Баттогтох нарын гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу ажилласан талаарх илтгэх хуудас /1- р хх-ийн 131-132-р хуудас/,

гэрч Д.Л-гийн: “М.О нь “...2025 оны 1 дүгээр сарын 06-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд цагдаагаас гараад явсныг нь мэдээд гэрээсээ гарч гэрийнхээ орчимд хайсан. Би явсаар гудамж руу өгсөөд явж байхад манай байшингийн яндангаас утаа гарч байсан. Би М.О-ийг гэртээ байгаа юм байна, байшин руу яаж орсон юм бол гэж бодоод машинаа хашааны үүдэнд байрлуулаад хашаандаа орсон. Хашааны хаалгаар ороод байшингийн цонхоор харалгүй цоожоо түлхүүрээрээ нээгээд орсон. Хаалгаа нээгээд харахад гэр нэлэнхийдээ утаа гарсан байсан. Намайг харахад О зуухны хажууд байж байгаа харагдсан. Гэрт нэлэнхийдээ утаа бүрхсэн байсан тул зуухны хажууд хувцас нь түлэгдсэн хүн доош харсан байдалтай байхаар нь айгаад гараад зугтсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 143-149-р хуудас/,

гэрч Ш.Э-н: “...Бид 2 дуудлага өгсөн эмэгтэйг машиндаа үлдээгээд энгэрийн камераа энгэртээ зүүж, хойд зүгт байрлах шар өнгийн байшингийн хаалгыг эхэлж татахад түгжээтэй байсан болохоор нь цонхоор хартал ямар нэгэн хүн байгаагүй, тэгэхээр нь урд зүгт байрлах улаан тоосгон байшингийн үүдэнд очиход хэншүү, хярвас, угаарын үнэр үнэртэж эхэлсэн. Бид 2 тухайн байшингийн хаалгаар нэвтрэн ороход үүдний коридор байсан, дараагийн хаалга нь онгорхой байсан, тэгэхээр нь дотогш хартал газар шалан дээр түлэгдсэн хүний хөл гэх мэт зүйлс харагдсан. Дотогш яваад ортол шар усны саван дээр 40 орчим насны эрэгтэй тамхи татаад сууж байсан, тухайн эрэгтэйн 2 хөлийн дунд нь түлэгдсэн цогцос байсан, тухайн цогцсын баруун гар нь байхгүй яс нь харагдаж, хавирга хэсгээр нь хутгаар сийчсэн байдалтай байсан, түүний хажууд байрлах зууханд хүний гарын сарвуу хэсэг дээш харсан байдалтай шатаж харласан байсан мөн зуухны хажууд хутга байсан. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 181-182-р хуудас/,

Гэрч Э.Э-ийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 198-203-р хуудас/,

Гэрч Ц.У-ийн: “...М.О- манай дэлгүүрээр тогтмол үйлчлүүлдэг үйлчлүүлэгч нарын нэг. 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр өглөө 09 цаг өнгөрч байхад М.О манай дэлгүүрт орж ирээд миний санаж байгаагаар 0,75 литрийн хэмжээтэй "Хараа" нэртэй архинаас 2 шилийг, LD нэртэй тамхи, Соса Соlа нэртэй ундаа 1 ширхгийг аваад явсан. Тэрээр дэлгүүрт орж ирэхдээ миний ажигласнаар бол эрүүл мэт байдалтай орж ирсэн. Тухайн үед М.О- дэлгүүрт ганцаараа орж ирээд гараад явсан. Би М.О-ийг дэлгүүрээс гараад явсны дараагаар дэлгүүрийн баруун зүгт харсан цонхоор гудамж руу харахад М.О- гудамжинд буюу манай дэлгүүрээс баруун хойд зүгт холгүй зайд десант ногоон эрээн өнгийн куртиктэй хүнтэй уулзаад цааш гэрийнхээ зүг буюу гудамжаар дээш өгсөөд яваад өгсөн. М.О-тэй уулзсан хүнийг би хальт л харсан, өөрөөр тус хүнийг сонирхож ахиж хараагүй тэр хүний царайг нь болон куртикнээс нь бусад хувцсыг одоо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 218- 219-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 540 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 50-61-р хуудас/,

Шинжээч эмч Э.Баасанжавын “...цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүү, бүсэлхийн зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн баруун хэсгийн эдийн дутагдал бүхий шарх, баруун гарын мөрний үеэрх тасрал гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд ир үзүүртэй зүйл гэдэгт таны асуусан асуултад дурдагдсан хутгыг хамааруулан ойлгож болно. Мөн амь хохирогчийн биеийн нийт гадаргуун 80-85 хувь нь IIIБ-VI зэргийн түлэгдэлттэй, шатаж, нүүрсэжсэн байсан ба байрлалын хувьд дээрх хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлүүд нь шатаж, нүүрсэжсэн хэсгүүдтэй давхцаж байгаа тул шаталт, түлэгдэлтийн улмаас үүссэн арьсны бүрэн бүтэн байдлын алдагдал, татагдалтын улмаас хэмжээнүүд харилцан адилгүй байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай хохирлын хүнд зэрэгт хамаарах ба гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд амьд байх (байсан) эсэхийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлийн үед цээжээр хүчтэй өвдөх, уушгийг гэмтээсэн шархнаас цус алдан, цус алдалтын шокт орж эхлэх үед толгой эргэх, ухаан балартах, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 64-65-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 1826 дугаартай “М.О-ийн биед хүзүү, хэвлий, баруун дал, тохой, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 79- 80-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ЕГ0125/607 дугаартай “...хар нунтаг ашиглан илрүүлж 119х48 мм, 117х48 мм, 135х48 мм, 118х48 мм, 71х48 мм, 78х48 мм, 118х48 мм, 39х48 мм, 73х48 мм хэмжээтэй тунгалаг наалтан туузад бэхжүүлэн “1, 2, 3 “Хараа” нэртэй 0,75 литрийн шилний гадраас, 4, 5, 6 “Хараа” нэртэй 0,75 литрийн шилний гадаргуугаас, 7, 8, 9, 10, 11 шаргал өнгийн хуванцар аяганы гадаргуугаас, 12, 13 байшингийн хойд талын цонхны гадна рамаас” гэж хаягласан 13 ширхэг гарын мөр, “14-Ханан пийшингийн гадаргуугаас, 15-ханан пийшингийн гадаргуугаас” гэж хаяглан 2 ширхэг 126х89 мм хэмжээтэй гэрэл зургаар бэхжүүлсэн 2 ширхэг гарын мөрийг задгайгаар ирүүлсэн нь тогтоолд дурдсантай агуулгаараа тохирч байна. /Зураг 1,2/ 1. Шинжилгээнд ирүүлсэн 2, 3, 5, 6, 10 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин 1, 4, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 15 дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй. Гарын хээний нэгдсэн санд тоот дугаараар бүртгэгдсэн М.О-ийн  баруун гарын долоовор хурууны дардастай 3 дугаартай гарын мөр тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 101-113-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ЕГ0325/861 дугаартай “...20 дугаартай хутга дээр хүний цус илэрсэн. Хутга дээрх цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ий ч тогтоц тогтоогдсон нь ЕГ0325/857 дугаартай дүгнэлтэд тусгасан С.Б гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 137-140-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ЕГ0325/857 дугаартай “...М.О-ийн өмсөж явсан хувцаснууд 1 дугаартай цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, 7 дугаартай хар өнгөтэй, түрийтэй хос гутал. 1. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгөтэй юүдэнтэй цамцны энгэр хэсэг, хар өнгөтэй түрийтэй гутлын түрийний доод хэсэгт хүний цус илэрсэн. Бусад зүйлс дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй. 2. Цэнхэр цамц болон хар гутлаас илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь С.Б гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 154-158-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн ЕГ0125/526 дугаартай “...Шинжилгээнд хар өмдөнд үүссэн 170х130 мм, хар өмд, саарал өмдөнд үүссэн 730х400 мм, улаан дотоожинд үүссэн 180х230 мм, 60х50 мм, хар гуталд үүссэн 110 мм, 105х50 мм хэмжээтэй гэмтлүүд нь дулаан илчний үйлчлэлээр үүссэн шинэ түлэгдэл" байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн түлэгдэлтийг хэдэн удаагийн үйлчлэл, ямар хэмд түлэгдсэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн дулааны хэм тодорхойлох багаж байхгүй тул тодорхойлох боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 161-165-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ЕГ0325/856 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн оймс, хар өнгийн оймс, хар өнгийн гутал, улаан өнгийн дотоож, хар өнгийн өмд зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. Ногоон өнгийн оймс, хар өнгийн оймс, хар өнгийн гутал, улаан өнгийн дотоож, хар өнгийн өмд зэргээс цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Уг илэрсэн цуснуудаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь С.Б-н ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 168-173-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0325/860 дугаартай “...Шинжилгээний үр дүнгээр хумснаас хоёр эрэгтэй хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь С.Б, М.О- нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн хумснууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хумснууд дээрээс цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус мөн, ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээний үр дүнгээр хумснаас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч С.Б, сэжигтэн М.О нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 176-178- р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн ЕГ0325/862 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч С.Б-н зүүн гарын долоовор хурууны хумсанд цус илэрсэн. Бусад хумснуудад урвал өгөөгүй тул цус илрээгүй. Хумснуудад үс, биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. Зүүн гарын долоовор хурууны хумсанд илэрсэн цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба амь хохирогч С.Б-н ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 181-184-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0325/858 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн М.О-ийн зүүн гарын алга, хурууны арчдас, баруун гарын алга, хурууны арчдасууд цус илэрсэн. Биологийн гаралтай өөр бусад толбо болон үс илрээгүй. Сэжигтэн М.О-ийн дүгнэлтэд тусгасан С.Б гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 137-140-р хуудас/,

гэрч П.Б-гийн “...үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 03 цагийн үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд холбогдсон М.О- гэх хүнийг авч ирсэн. Би тухайн М.О-ийн биед нь үзлэг хийгээд, даралт, зүрхний цохилтыг хэмжиж амин үзүүлэлтийг тогтоосон. Тэгэхэд М.О-ийн дээд даралт нь 180 доод даралт 120-ийг зааж байсан. Харин зүрхний цохилт 1 минутад 130 удаа цохилж байсан. Тус үзүүлэлтүүд нь хүний зүрх зогсох, тархинд цус харвалт егөх эрсдэлийг илтгэдэг. Иймд М.О-ийг авч ирсэн Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн авто эргүүлийн алба хаагчдад буцаан хүлээлгэж өгөөд эмнэлгийн байгууллагад хандаж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээнд хамруулахыг зөвлөөд явуулсан. М.О-ийн биед үзлэг хийхэд бараан өнгийн куртик, өмд, цамц, гуталтай байсан. Түүний биед үнэт эдлэл байгаагүй. Би М.О-ийн биеэс ямар нэгэн зүйл хурааж аваагүй...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 243-244-р хуудас/,

гэрч И.Т-гийн: “...согтолтын хүнд зэргийн үед хүний биед ухамсарт ухаан нойрмоглон балартах, авир араншинд өөрчлөлт орох, агсан тавих, орчинд үзүүлэх хариу үйлдэл удаашрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Тус шинж тэмдгүүд нь хувь хүний онцлогоос хамаарч өөр өөр байдлаар илэрнэ. Энэ нь тухайн хүний зан чанар, архи задлах ферментийн хэмжээ, архи уухаас өмнөх хооллолтын байдал, архинд донтсон эсэх, уусан архины хэмжээ зэргийг хамааруулан ойлгоно гэсэн үг. Монгол хүний архи задлах ферментийн хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар бусад улс орны буюу барууны орнуудын хүмүүсээс, бага гэж тогтоосон байдаг. Хүнд зэргийн согтолт нь ерөнхийдөө миний сая ярьсан шинж тэмдгүүд илрэх боловч хувь хүний онцлогоос хамаарч биеэ хэр хэмжээнд авч явах нь хамаарна. Согтолтод нас хүйс хамаарахгүй харин архинд донтох эмгэгийн түвшин нөлөөлдөг. Мөн эрүүл мэндийн байдал согтолтод нөлөөлнө ...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 248-249-р хуудас/,

Шинжээч эмч Э.Баасанжавын дахин өгсөн “...Амь хохирогч С.Б-н биед тогтоогдсон цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины дээд, доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндий дэх цус хуралт 500 мл гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь цээжний хөндийд ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэл болон үйлдлээр уушгийг гэмтээж тухайн уушгины гэмтлээс цээжний хөндийд цус хуралт үүсэж байгаа болно. Иймд тухайн нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь цээжний хөндийд ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэл болон үйлдлээр уушгийг гэмтээж тухайн уушгины гэмтлээс цээжний хөндийд цус хуралт үүсэж байгаа болно. Иймд тухайн гэмтлийг ялгаж салгах боломжгүй нэг хүчний үйлчлэлээр 1 цаг хугацаанд зэрэг үүссэн гэмтлүүд байна...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 13-р хуудас/,

Шинжээч Б.Нямхишигийн: “...Спиртийн агууламж нь амь хохирогчийн биеэ авч явах чадварт нөлөөлөх эсэхэд миний эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд би асуултад хариулах боломжгүй. Шинжилгээгээр зөвхөн спиртийн агууламжийг тодорхойлсон. Анагаах ухааны чиглэлийн асуултад би хариулж мэдэхгүй байна. Э.Баасанжав эмч шинжилгээний хариуг авч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт хийж шинжээчийн дүгнэлт гаргасан...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 16-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1171 дугаартай “...Б.Б-гийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн хямралын шинжүүд илэрч байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. 3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 8-10-р хуудас/,

Монгол Улсын гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 06/1211 дугаартай “...2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 3929 төгрөг буюу сард 660.000 төгрөг байсан...” гэсэн албан бичиг /4-р хх-ийн 37-39-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлтийг тус тус хийсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч М.О ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны, үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч М.О нь амь хохирогч С.Б-н цээжин тус газарт хутгалж, хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг  өөрчлөх, эсхүл буруутгах үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч М.О-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан “...М.О-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн хохирол төлбөрийг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр тогтоож өгнө үү. ...”,

өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан “...хавтас хэрэгт авагдсан баримт буюу гутлын  болон гарын мөрөөр М.О хүн амины хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй, өөр хүн байж болохыг тогтоогоогүй. М.О-ийн зүүж явсан алтан гинж тухайн өдөр алга болсон, хохирогч тус гинжийг урдаас нь татаж авсан байх боломжтой бөгөөд үүнийг шалгаагүй, хохирлыг буруу тооцсон тул хэргийг дахин шалгуулна уу...”,

өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар “…шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаар маргалдсаныг шалгаж тогтоогоогүй, шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй. Мөн М.О аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж С.Б-н биед халдсан тул оногдуулсан ялыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцааж өгнө үү. ...” гэх тус тус агуулга бүхий гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах, сэргээн дүрслэх замаар хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удаа дараа гаргасан шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын мэдүүлгүүд зэргийг үнэлж, дүгнэн М.О-өд холбогдох хэргийг хянан шийдвэрлэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд “шүүгдэгч М.О-д алтан гинж байсан, хэргийн газрын үзлэгээр гутлын мөр илэрсэн” гэх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудад “хоёр гутлын мөр”, “шүүгдэгч М.О-д алтан гинж” байсан гэдгийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд зүйлд авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид алтан гинж байсныг нотолсон гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, эсхүл үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдаагүй, шүүгдэгч алтан гинж зүүж явсан, үүнийг нь амь хохирогч авах гэснээс болж маргалдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Мөн “гутлын мөр илэрсэн” гэх гомдлын тухайд: Гутлын мөр илэрсэн газар нь хэрэг учрал болсон газар буюу өвлийн сууц /байшин/-аас өөр, тодруулбал хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр хэрэг учрал болсон байшингийн зүүн хойд хэсэгт байрлах өөр байшингаас бэхжүүлж авсан байх бөгөөд хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Шинжээчийн дүгнэлтээр хэргийн газраас авсан амь хохирогч С.Б болон шүүгдэгч М.О нарын гарын хээ, ДНХ-ийн шинжилгээний үр дүнтэй уялдан тохирч байгаа нь тогтоогдсон бөгөөд үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр түүнээс өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иймд өмгөөлөгч нарын гаргасан “өөр этгээд хэрэг үйлдсэн байх боломжтой” гэх таамаг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар батлагдаагүй, харин ч эсрэгээрээ шүүгдэгч М.О-ийн гэм бурууг нотлох баримтууд хоорондоо уялдаа холбоотой, зөрчилгүйгээр тогтоогдсон гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна.

Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд “...М.О аргагүй хамгаалалт хийсэн...” гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан амь хохирогч С.Б-н цогцост болон шүүгдэгч М.О-ийн биед хийсэн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд шүүгдэгчийн биед амь нас, эрүүл мэндэд бодитой, зайлшгүй аюул учруулсан халдлагад өртсөнийг илтгэх гэмтэл, шарх, сорви тогтоогдоогүй. Тодруулбал, амь хохирогч С.Б нь шүүгдэгч рүү Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөрийгөө хамгаалах зайлшгүй шаардлага” үүсгэхүйц халдлага үйлдээгүй бөгөөд шүүгдэгч өөрийгөө хамгаалах нөхцөл бүрдээгүй байхад хутга хэрэглэн амь насыг нь хохироосон нь аргагүй хамгаалалтад хамаарахгүй байна. Иймд уг гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-гийн сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэг, холбогдох журам, жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож шүүгдэгчээс 118.800.000 (нэг зуун арван найман сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 91 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгч М.О-ийн ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2129 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.О-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, З.Цэнгэнбаяр, Ж.Эрдэнэбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч М.О-ийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 91 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ГАНДОЛГОР

                                            ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН

                                             ШҮҮГЧ                                       Л.ОДОНЧИМЭГ