Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/58

 

 

 

 

 

2025        11         19                                         2025/ДШМ/58

 

   Б.Бид холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч: Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Уртбаяр,

Нарийн бичгийн дарга: Ц.Б нарыг оролцуулан

Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бид холбогдох 00 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт Бын Б, 000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Х аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дууны техникч мэргэжилтэй, Х аймгийн Хт У ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Х аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг 0-р байр 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 0000/.

Б.Б нь Х аймгийн Хын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж гэрлийн техникч мэргэжил шаардах Х аймгийн Хын “Гэрлийн техникч” албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй буюу зураач мэргэжилтэй өөрийн төрсөн охин Бийн Иг 0000 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар “Б.Иг түр хугацаагаар ажилд томилох тухай” тушаалаар томилж, түүнээр “Гэрлийн техникч” албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажлыг хийлгүүлэхгүйгээр түүнд хамааралгүй “Зураач” албан тушаалын ажлыг гүйцэтгүүлэн өөрийн төрсөн охин Б.Иг тус албан тушаалд томилон ажиллуулах зорилгоор “Зураач” албан тушаалд ажиллаж байсан Б.Бг хуульд нийцүүлэн ажлаас гаргах өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлэн хавчин гадуурхаж, дарамт үзүүлсэн, улмаар Б.Б нь өөрийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөө авсан учир өөрийн охин Б.Иг000оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Б.Иг сэлгэн ажиллуулах тухай” Б/20 дугаартай тушаалаар “Зураач” албан тушаалд шилжүүлэн томилж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Бын Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бын Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Х аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Б.Бийг Х аймгийн Мөрөн сумаас гадагш явах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр давж заалдах гомдолдоо: “...Хэргийн үйл баримтаас үзэхэд:

Х аймгийн Хын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б нь 0000 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б/18 дугаартай тушаалаар өөрийн төрсөн охин Б.Иг Хын гэрлийн техникчийн албан тушаалд түр томилсон. Тухайн “Гэрлийн техникч”, “Дууны техникч”-ийн ажлын байр тус тусдаа ажлын байр бөгөөд тухайн ажлыг Л.Бэ хавсран хийж байсан учраас ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Б.Иг гэрлийн техникчээр түр томилсон.

Гэрлийн техникчийн ажлын байрны тодорхойлолтын “В”-д албан тушаалд тавигдах тусгай шаардлагад. Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх гэсэн шаардлага тавигддаг болохоос гэрлийн техникч гэх тусгай мэргэжил эзэмшсэн байхыг шаарддаггүй /2 дугаар хавтаст хэргийн 137-140 дүгээр тал/.

Б.И нь Монгол Улсын Соёл урлагийн дээд сургуулийн Театрын урлагийн сургуулийн “Тайз, дэлгэцийн бүтээлийн зураач” мэргэжлээр суралцаж төгссөн, бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн. Театрын гэрлийн техникчийн ажил нь театрын тайзны гэрэл сүүдэр, өнгө зэргийг тохируулж, тодорхойлдог ажил бөгөөд тайз дэлгэцийн бүтээлийн зураач мэргэжлийн хувьд бүрэн нийцэж байсан, зөвхөн албаны эрх ашгийн төлөө байсан гэдгийг, өөртөө болон охиндоо давуу байдал олж, төрийн байгууллагын эрх ашгийг хохироох гэсэн, бусдын боломжийг булааж хохирол, хор уршиг учруулах гэсэн сэдэлт санаа зорилго огт байхгүй гэдгийг шүүгдэгч Б.Б нь яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ тогтвортой мэдүүлдэг хэлж мэдүүлдэг, энэ талаар хэрэгт авагдсан баримт, тайлан зэргээр нотлогдон тогтоогддог.

2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хын зураач Б.Б нь хүүхэд асрах чөлөө авахаар хүсэлтээ гаргасны дагуу түүнд000оны 03 дугаар 03-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон байдаг /1 дүгээр хавтаст хэргийн 132 дугаар тал/.

Байгууллага гэнэтийн байдлаар тайзны зураачгүй болсон, төрийн байгууллагын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус улс, аймгийн хэмжээний олон ажил арга хэмжээг тасалдуулахгүй, төрийн байгууллагын эрх ашгийн үүднээс гэрлийн техникчээр ажиллаж байсан Б.Иг хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Бгийн оронд түр сэлгэн томилж ажиллуулсан бөгөөд түүнийг гэрлийн техникчээр болон театрын зураачаар ажиллуулснаар улсын хэмжээнд адил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагын дундаас 0000 оны уран бүтээлээрээ 1 дүгээр байрт шалгарч, 97.7 сая төгрөгийн санхүүжилт нэмж авах эрхээр шагнуулсан амжилтыг үзүүлсэн. Үүнд Б.Иа нь “Диваажингийн хаалга”, “Надаар тоглосон хайр”, “Цаатан түмний аялгуу” 6 ястны концерт, “Хоймор эгшиглэн", Хайрын булингар” гэх мэт театрын уран бүтээлийн тайз, хувцас, хэрэглэл, тайзны гэрэл зэрэг бусад театрын зургийн уран бүтээлийг голчлон бүтээсэн нь орчин үеийн онцлогийг шингээсэн шинэлэг болж чадсанаараа улсын хэмжээнд Х аймгийн Х анх удаагаа тэргүүн байранд шалгарсан ажлын амжилт гаргасан юм. Үүгээрээ төрийн байгууллагын эрх ашгийг хохироох биш амжилтыг ахиулж олон сая төгрөгийн орлого оруулах эх үүсвэрийг бий болгож, байгууллагын нэр хүндийг системийн хэмжээнд бий болгож, орон нутагт хөрөнгө оруулсан нь байгууллагын эрх ашгийн төлөө л зорьж ажиллаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдоно /4 дүгээр хавтаст хэргийн 36-38 дугаар тал/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3 дахь хэсэгт заасны дагуу Б.Иг гэрлийн техникчийн ажлаас зураачийн ажилд түр сэлгэн томилсон байхад анхан шатны шүүх зураачийн албан тушаалд шилжүүлэн томилсон, гэрлийн техникч мэргэжилгүй хүнийг өөрийн төрсөн охин учраас давуу байдал бий болгон томилсон нь албаны эрх ашийг эсрэг гэмт үйлдэл мөн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 0000 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар, 0000 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар өөрийн төрсөн охин Б.Иг гэрлийн техникчээр түр томилсон ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрийг гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй боловч хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болж мэдэгдээгүйг нь зөвтгөж болохгүй. Мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс Б.Иг гэрлийн техникчээр болон хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд түр томилсноос болж албаны болон иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол, хор уршиг учирсан эсэхэд дүгнэлт хийсэн бол шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлийн объектив болон субектив талын шинжүүдийн аль аль нь хангагдсан уу гэдгийг тодорхойлох боломжтой байсан.

Мөн000оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг гаргахдаа000оны 3 дугаар сарын 09-ний өдөр цахимаар болон цаасаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн. / 2 дугаар хавтаст хэргийн 69-81 дүгээр тал/. Хэдийгээр цахимд мэдэгдлийг шийдвэрлээгүй байна гэсэн төлөвтэй байна гэж үзлэгийн тэмдэглэлд дурдсан байгаа боловч цаасаар шийдвэрлэсэн нотлох баримтад анхан шатны шүүх огт дүгнэлт хийсэнгүй. /3 дугаар хавтаст хэргийн 107 дугаар тал/. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заажээ.

Төрийн албан тушаалтан албаны чиг үүрэг хэрэгжүүлэх явцдаа хууль хэрэглээний олон олон алдаа дутагдал гаргадаг бөгөөд тэр болгоныг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж ял халдаагаад байх юм бол төрийн албан хаагчийн болон салбар эрх зүйн харилцааг зохицуулсан хууль тогтоомжуудын, гэрээ хэлцэл, байгууллагын дотоод журмын зорилго зорилт алдагдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн үндэс суурь алдагдахад хүрнэ.

Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу гэмт этгээд албаны ашиг сонирхлын эсрэг, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт харш үр дагавар бий болгож байна гэдгээ мэдсэн, ухамсарласан, хүсэж үйлдсэн байхыг хуульд шаарддаг. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад, гэмт хэргийн шинжгүй байхад гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

...Иймд Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.Бид холбогдох хэргийг-хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үнэхээр гайхаж байна. Бүх юм миний эсрэг болчихсон байх юм” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “ ...анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Бид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1. Х аймгийн Прокурорын газраас “Б.Б нь Х аймгийн Хын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж гэрлийн техникч мэргэжил шаардах Х аймгийн Хын “Гэрлийн техникч” албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй буюу зураач мэргэжилтэй өөрийн төрсөн охин Бийн Иг 0000 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар “Б.Иг түр хугацаагаар ажилд томилох тухай” тушаалаар томилж, түүнээр “Гэрлийн техникч” албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажлыг хийлгүүлэхгүйгээр түүнд хамааралгүй “Зураач” албан тушаалын ажлыг гүйцэтгүүлэн өөрийн төрсөн охин Б.Иг тус албан тушаалд томилон ажиллуулах зорилгоор “Зураач” албан тушаалд ажиллаж байсан Б.Бг хуульд нийцүүлэн ажлаас гаргах өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлэн хавчин гадуурхаж, дарамт үзүүлсэн, улмаар Б.Б нь өөрийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөө авсан учир өөрийн охин Б.Иг000оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Б.Иг сэлгэн ажиллуулах тухай” Б/20 дугаартай тушаалаар “Зураач” албан тушаалд шилжүүлэн томилж бусдад давуу байдал бий болгосон” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцээд “...Б.Бийн үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг агуулсан байна” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Ж.Дгийн “...Б.Б нь өөрийн төрсөн охин болох Б.Иг 0000 оны Б/18, Б/63 тушаалаар “Гэрлийн техникч” албан тушаалд томилсон байх боловч Б.И нь тайзны зураач мэргэжилтэй, “Гэрлийн техникч” ажлын байрны тодорхойлолтод нийцэхгүй хүн байсан. ...Б.И нь зураач мэргэжилтэй байгаа нь тохирохгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 9-11 тал/, гэрч Г.Гийн “...Б.И нь гэрлийн техникийн албан тушаалд тохироогүй, туршлагагүй, өмнө нь ажиллаж байгаагүй, энэ талаараа суралцаж ч байгаагүй хүн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 19-22 тал/,

гэрч Б.Эын “...Манай драмын театрын зураач Б.И нь даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, театрын уран сайхны удирдагч Б.Бийн төрсөн охин бөгөөд Б.Б нь дарга байх үедээ Б.Иг гэрлийн техникч албан тушаалд ажилд авч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 25-27 тал/,

гэрч Б.Аын “...Б.И нь анх 0000 онд “Гэрлийн техникч” албан тушаалд Б.Бийн тушаалаар томилогдон ажилд орж байсан. Манай байгууллага болох Х аймгийн Х нь иргэнийг ажилд авах эсхүл шилжүүлэн томилохдоо хүсэлт гаргасан иргэний асуудлыг байгууллагын дотоод уран сайхны зөвлөлөөр хэлэлцэж ажил олгох гэж байгаа иргэн тухайн албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагад тэнцэж байгаа эсэхийг хэлэлцэнэ. ...Харин Б.Иг ажилд авахдаа уран сайхны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй. ...Б.Иг бол гэрлийн техникчийн өрөөнд сууж байсныг бол мэднэ гэхдээ яг ажлыг нь бүрэн гүйцэт хийж байсан эсэхийг нь бол мэдэхгүй байна, би яг үндсэн ажлыг нь хийгээд явж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 30-31 тал/,

гэрч Г.Огийн “...түүнийг хэрхэн ажилд авсан талаар архивт байгаа баримтуудыг үзэхэд тушаалаас өөр юм олдоогүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр байгууллагын дотоод журамд заасны дагуу түүний даргын цохолттой ажилд орох өргөдөл байхгүй, дээрээс нь уран сайхны зөвлөл болон захиргааны зөвлөлийн тогтоол байхгүй, түүнийг ажилд авсан тушаал дээр ямар нэгэн зөвлөлийн тогтоолыг үндэслэл болгоогүй буюу Б.Б нь шууд тушаал гарган өөрийн охин Б.Иг томилсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 45-46 тал/,

гэрч Б.Бгийн “...Б.И нь тайзны зураач мэргэжилтэй бөгөөд гэрлийн техникчийн мэдлэг туршлага байхгүй байсан, уг ажлыг ч хийгээгүй ер нь зураачийн ажил хийгээд яваад байсан. ...Б.Бтай бол эхлээд ямар нэгэн маргаан байхгүй зүгээр харилцаатай байсан. Харин түүний охин болох Б.И нь Соёл урлагийн их сургуулийг тайзны зураач мэргэжлээр 2017 онд төгсөөд Х аймагт ирснээс хойш сонин зан, авир, харилцаа гаргаж эхлэх болсон. Жишээ нь миний зурсан зургийг голох, чинийх болохгүй байна гэж дарамтлан энийг охиноороо хийлгэнэ гэж хэлээд хэд хэдэн тоглолтын экскиз зургийг театрт ажилд ороогүй Б.Игаар зуруулж байсан тохиолдол гарсан. Гэтэл Б.Иг Б.Б нь 0000 онд өөрийн тушаалаар театрт гэрлийн техникч албан тушаалд томилсон. Б.Иг томилогдсон цагаас эхлээд надад үзүүлэх дарамт, шахалт улам ихэссэн. Намайг жоохон алдаа гаргахад л уран сайхны зөвлөлийн хурлаар оруулдаг, дахиж ийм алдаа гаргахгүй гэсэн өргөдлөө бичиж өг гэж дарамталдаг, миний цалинг хасна гэж байнга сүрдүүлдэг, хэд хэдэн удаа ч бүр хассан гэх мэтээр дарамталж байсан. ...Б.Б нь зөвхөн өөрийн охиноо зураачаар авах зорилгоор л намайг шахан дарамталдаг байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 60-62 тал/,

гэрч Ш.Огийн “...Надад мэдэгдэж байгаагүй, би анх удаа л Б.Бийн төрсөн охин Х аймгийн Хт ажилладаг гэж сонсож байна. Х аймгийн Хын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэдэг утгаараа Б.Б нь томилох эрх бүхий албан тушаалтан болж байгаа юм. Гэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахаар бол дээд шатны байгууллага болох Х аймгийн Засаг даргын тамгын газарт мэдэгдэл гаргаж, зөвшөөрсний үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 203- 204-р тал/,

гэрч Б.Игийн “...Би өөрийн аав Б.Бийн тушаалаар Х аймгийн Хт гэрлийн техникч албан тушаалд томилогдож байсан. ...Ажилд томилогдоод 1 сарын дараа гэрлийн техникчийн сургалтад суусан. Гэхдээ би Гэрлийн техникчээр ажиллаж байхдаа давхар зураачаар хэд хэдэн удаа ажилласан. Харин сүүлд миний тушаал зураачаар гарч өнөөдрийг хүртэл зураачаар ажиллаж байна. ...Намайг анх гэрлийн техникч албан тушаалд томилоход надад гэрлийн техникчийн үнэмлэх, серфикат байгаагүй уг чиглэлээр эзэмшсэн мэргэжил байгаагүй боловч ажил ороод сургалтад сууж сертификат авсан. Намайг анх ажилд авахдаа театрт мэргэжлийн зураач хүн хэрэгтэй гэж танилцуулан авсан юм шиг байсан. Намайг ажилд авах шийдвэрийг орлогч даргаар ажиллаж байсан миний төрсөн аав Б.Б гаргаад байгаа юм...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтас 207-209-р тал/,

гэрч Т.Бын “...Би бол Б.Иг ажилд орохоор уран сайхны зөвлөлөөр орон хэлэлцүүлэгдэж байсныг бол санахгүй байна. Тийм ч тогтоол дээр гарын үсэг зурж байгаагүй. Харин Б.Б шууд тушаал гаргаад Б.Иг ажилд авч байсан. ...Б.Б нь ер нь бол өөрийн охин Б.Иг ажилд авахаар боломж, бололцоог хайж янз бүрээр үзэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 240-241-р тал/,

гэрч Л.Бийн “...Б.Иг ажилд орохоос өмнө Б.Б надад нэг удаа “Өөрийнхөө охин Б.Иг театрт зураачаар авах гэсэн чинь зураач байгаа болохоор чамайг дууны техникчээр томилоод Б.Иг гэрлийн техникчээр томилох гэж байгаа, тэгэхдээ удахгүй зураачаар нь ажиллуулчих учраас чи гэрлийн техникчийн ажлыг Б.Ид зааж өгөнгөө өөрөө дууны техникч, гэрлийн техникчийг хамт хийж байгаарай” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би угаасаа шийдвэр гаргадаг албан тушаалтан биш учраас за гэж хэлээд л өнгөрч байсан. Гэтэл удалгүй Б.И гэрлийн техникчээр томилогдон манайд ажилд орсон. Б.И нь зураач мэргэжилтэй өмнө нь гэрлийн техникчээр ажиллаж байгаагүй, туршлагагүй, гэрлийн талаар анхан шатны мэдлэггүй байсан учраас би бүүр эхнээс нь бүгдийг нь зааж өгч байсан. Гэхдээ түүгээр гэрлийн техникчийн ажлыг хийлгүүлээгүй, би өөрөө тус ажлыг дууны техникчийн ажлын хамт хийж гүйцэтгэж байсан. ...Б.Иг анх Б.Б нь гэрлийн техникчээр ажилд авахдаа намайг дууны техникч болгосон. Гэхдээ Б.И ирсэн ирээгүй хоёр ямар ч ялгаагүй, өмнө нь ч дараа нь ч адилхан гэрлийн техникч, дууны техникчийг давхар хийж байсан учраас ажлын ачаалал бол буураагүй. Харин Б.И ер нь бол үндсэн мэргэжил болох зураачийнхаа ажлыг хийж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 244-246-р тал/, гэрлийн техникчийн ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хавтас 100-103-р тал/, Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-н 109-110-р тал/,  0000 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 тушаалаар Б.Иг гэрлийн техникчээр 3 сарын хугацаагаар түр хугацаагаар ажилд томилсон тушаал /1-р хх-н 114-р тал/, 0000 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/63 тушаалаар Б.Иг гэрлийн техникчээр томилсон тушаал /1-р хх-н 115-р тал/,000оны 4 сарын 03-ны өдрийн Б/20 дугаартай Б.Иг сэлгэн ажиллуулах тушаал /1-р хх-н 116-р тал/, мөрдөгчийн цахим системд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 69-81-р тал/, Монгол Улсын Соёлын сайдын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн А/75 тоот тушаал албан тушаалын жишиг тодорхойлолт /2-р хх-ийн 83-86-р тал/, Албан тушаалын тодорхойлолт батлах тухай Х аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны А/73 дугаартай захирамж /3-р хх-ийн 88-р тал/, Орон нутгийн өмчит театрын даргын албан тушаалын тодорхойлолт /2-р хх-ийн 88-91-р тал/, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/07 тоот Х аймгийн Хын даргын тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам /2-р хх-ийн 93-104-р тал/, 0000 оны 4 сарын 22-ны өдрийн А/16 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам /2-р хх-ийн 105-134-р тал/, Хын зураачийн албан тушаалын тодорхойлолт /2-р хх-ийн 141-143-р тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба эдгээрийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

3. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн тухайд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгодог бөгөөд Г.Б нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ Х аймгийн Хын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан болох нь Х аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/58 дугаартай захирамж, гэрчүүдийн мэдүүлэг, төрийн албан хаагчийн анкет зэргээр тогтоогдож байна.

4. Энэхүү албан тушаал нь нийтийн албан тушаал буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалд хамаарна.

            5. Тэрээр зураач мэргэжилтэй өөрийн төрсөн охин Б.Иг гэрлийн техникч мэргэжил шаардах албан тушаалд томилж, “Гэрлийн техникч” албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажлыг хийлгүүлэхгүйгээр түүнд хамааралгүй ажлыг гүйцэтгүүлсэн нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан буюу “...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” санаа зорилгоо хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

6. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б, Л.Бэ нар нь тодорхой мэдүүлсэн байх ба мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

7. Түүнчлэн шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг 7.1.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн байх төдийгүй Х аймгийн Хын даргын 0000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/16 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам /2-р хх-ийн 105-134-р тал/-ын 5.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах хүсэлтэй иргэний өргөдлийг байгууллагын бичиг хэргээр дамжуулан удирдлагад танилцуулагдсаны үндсэн дээр урлагийн салбарын мэргэжилтэй бол “Уран сайхны зөвлөл”-д захиргаа аж ахуйн ангийн чиг үүрэгтэй бол “Захиргааны зөвлөл”-д тус тус иргэний өргөдлийг  цохолтоор үүрэг болгон хүргүүлж тухайн зөвлөлүүд судалсны үндсэн дээр удирдлагад танилцуулж эцсийн шийдвэрийг удирдлага гарган шийдвэрлэнэ” гэж,

5.2-т “Мэргэжлийн уран бүтээлчдийг сонгон шалгаруулахдаа “Уран сайхны зөвлөл” зохих шалгуур хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргах ба дүгнэлтийг мэргэжлийн ур чадвар, боловсрол, ёс зүйн байдал, мэдлэг  туршлага зэргийг харгалзан үзсэн зөвлөлийн дүгнэлтийг удирдлагад танилцуулах бол “Захиргааны зөвлөл” нь ажил хэрэгч байдал, мэдлэг боловсрол, туршлага, ёс зүйн төлөвшил, мэргэжлийн ур чадвар, түвшин зэргийг судлан үзсэн зөвлөлийн дүгнэлтийг удирдлагад танилцуулан шийдвэр гаргахад дэмжлэг болох мэдээллээр хангана” гэж, журмын 5.4-т “Төрийн үйлчилгээний салбарын ажилтныг ажилд авахдаа Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдлөг болгон ажиллана” гэж заасан хэм хэмжээг баримтлаагүй нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэж үзэх үндэслэл болно.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаярын гаргасан “...анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...Мөн Б/20 дугаартай тушаалыг гаргахдаа000оны 3 дугаар сарын 09-ний өдөр цахимаар болон цаасаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн” гэх агуулга бүхий гомдлын тухайд: Б.Итай анх 0000 оны 3 дугаар сарын 01-ны өдөр хугацаагүй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Х аймгийн Хын даргын 0000 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн Б/18 ажилд томилох тухай тушаалаас дүгнэвэл Б.Б нь өөрийн төрсөн охиноо ажилд авахдаа ашиг сонирхлын зөрчил үүсэж болох эсэхийг шалгах болон хуульд заасны дагуу холбогдох газарт нь мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байх ба000оны 3 дугаар сарын 09-ны өдөр гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “...албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, ...хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл ажилд авах тушаалыг 0000 оны 3 дугаар сарын 01-ны өдөр гаргаад000оны 3 дугаар сарын 09-ны өдөр Meduuleg.iaac.mn сайтад хүсэлт гаргаж байсныг тухайн цаг хугацаанд нь мэдэгдэл гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Иймд өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАЯРХҮҮ                                                       

                       ШҮҮГЧИД                                     Б.СОСОРБАРАМ

                                                                                       Л.ЭРДЭНЭБАТ