| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/11137/И |
| Дугаар | 191/ШШ2026/01867 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/01867
2026 02 02 191/ШШ2026/01867
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* монгол овогт *******ын ******* /РД: /-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,915,586 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч Т.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 10,915,586 төгрөгийг гаргуулах тухай. "******* ******* *******" ХХК (цаашид "Компани" гэх) нь 2019 онд үүсгэн байгуулагдсан ба хэрэглэгчдэд "Storepay" аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээг хүүгүй, шимтгэлгүйгээр "Одоо аваад, дараа төлөх" буюу хуваан төлөх үйлчилгээг үзүүлэн 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани нь 2021 оны 10 сарын 27-ны өдөр өөрсдийн дэд бүтцэд тулгуурлан "SPC" (StorePay Coin)-ийг trade.mn биржээр дамжуулан хөрөнгө оруулалт татах буюу IEO (Initial Exchange Offering)-г хийж *******ын зах зээлд 90 тэрбум ширхэг SPC токенийг олон нийтэд гаргасан. SPC токений танилцуулга буюу Whitepapeег-аас харвал хамгийн анх 90 тэрбум ширхэг SPC токенийг 1ш нь 0.20 төгрөг байхаар тогтоон, олон нийтээс 18 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байдаг. Хавсралтад токен гаргах үеийн танилцуулга болох Whitepaper-ийн SPC токений анхны хуваарилалтын хэсгийг хэрэгт хавсаргасан байгаа. Токений ханш нь олон нийтэд гарсан цагаас эхлэн арилжаачдын эрэлт, нийлүүлэлт, биржийн арилжаа зэргээс хамаарч минут, секунд тутам өөрчлөгддөг. 2022 оны 8-р сарын 17-ны өдөр хариуцагчийн өөрийн SPC токений хэтэвчинд 9,036,778 ширхэг SPC токен байсан бөгөөд үүнээс 100,000,000 ширхэг SPC токены гүйлгээ гаргах оролдлого хийсэн байдаг. Гэтэл тухайн гүйлгээний оролдлого нь "Storepау" аппликейшний хөгжүүлэгч компани болох Ай си ти групп ХК-ийн системийн алдаанаас үүдэлтэй амжилттай шилжүүлэгдэж хэрэглэгч Т.*******ын SPC токений хэтэвч рүү 90,963,222 ширхэг SPC токен илүү шилжин орсон. SPC токений тухайн өдрийн ханш нь ISPC-0.12 төгрөг /Хавсралтаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч "Дижитал Эксчейнж *******иа" ХХК-ийн 2022.08.17-ны өдрийн SPC токений ханшийн мэдээг ирүүлсэн албан бичгийг хавсаргав/ байсан тул нийт 10,915,586 төгрөгтэй тэнцэх хэмжээний токений алдаатай гүйлгээ хийгдсэн гэсэн үг юм. Хариуцагч нь уг алдаатай токенийг хэтэвчиндээ орж ирснийг мэдсэн даруй өөрийн SPC токений хэтэвчнээс зарлага гарган арилжааны банкны дансандаа төгрөг болгон хөрвүүлж, татан авч зарцуулсан байдаг. 2 Дээрх алдаатай гүйлгээний талаарх мэдээллийг компанийн дотоод хяналт шалгалтын явцад 2025 оны 4-р сард олж илрүүлсэн бөгөөд 2025 оны 6-р сард хариуцагчтай холбоо барин компани дээр уулзалт зохион байгуулахад "Т.******* нь Миний хэтэвчинд гэнэт 90 сая орчим SPC токен орж ирсэн, тухайн үед би найздаа хэлтэл найз татаад авчихаа мөнгө болгоод аваад хэрэглэ гэж зөвлөсөн. Болохгүй гэдгийг би мэдэж байсан ч тухайн үед тэгээд данс руугаа татаж шилжүүлэн авсан. Би авсан SPC токеноо төлнө, гэхдээ тухайн үеийн ханшаар төлье. Их мөнгө учир ганцаараа шийдэх боломжгүй байна эхнэртэйгээ ярилцаад төлбөрийн хуваарийн санал гаргаад и-мэйл явуулъя" гэж тохиролцоод уулзалт дууссан. Гэвч хариуцагч Т.******* нь уг амлалтаа биелүүлээгүй ба бид хариу авахаар удаа дараа холбогдохыг оролдсон боловч утсаа авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 90,963,222 ширхэг SPC токенийг тухайн үеийн ханш болох 2022 оны 08 сарын 17-ны өдрийн 1SPC-0.12 төгрөгөөр тооцож нийт 10,915,586 төгрөгийг гаргуулан компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэв.
2. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд анх койн гэдэг зүйлийг мэддэггүй байхад ******* ******* компани *******д шинээр койн гаргаж байгаа, удахгүй гадаадын зах зээлд койноо гаргана гэх мэтчилэн сурталчилж байсан учир анх удаа Трэйд, Койнхаб зэрэг биржүүдэд бүртгүүлэн койн худалдан авч, зарж эхэлсэн юм. Тус хугацаанд SPC койныг хамгийн ихдээ 1.8 төгрөг, хамгийн багадаа 0.22 төгрөг гэх мэтчилэн бага багаар цуглуулсаар нийт 9 сая ширхэг койныг 6 сая гаруй төгрөгөөр цуглуулан хадгалсан байсан. Гэвч 2022 оны 08-р сарын 13-ны өдөр миний хэтэвчинд +100,000,000ш койн орж ирсэн байсан бөгөөд тус койнийг ямар нэгэн санаатайгаар аваагүй гэдгээ албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тухайн үед Storepay аппликейшн дотор Staking нэртэй койноо 3, 6, 12 сараар хадгалаад банкны хүү шиг өгөөж авах байсан санагдаж байна. Тус өгөөж алдаатай орж ирсэн байх. Мөн тус хугацаанд миний хувийн хэтэвчинд алдаатайгаар койн шилжүүлсэн, алдаатайгаар шилжүүлсэн койноо хэтэвчнээс зөвшөөрөлгүй буцаан авсан (одоо хасах дүнтэй байгаа) талаар ямар нэгэн мэдэгдэл, гомдол ирээгүй тул биржээр дамжуулан арилжиж тухайн үеийн ІНС, ЕАС зэрэг койноор сольсон бөгөөд мөн л тус койнууд нь үнэ цэнэгүй болон унаж 2021 болон 2022 онуудад тус алдаатай орж ирсэн SPC койн болон мөн өөрийн цалингаас, цалингийн зээлээс зэрэг эх үүсвэрээс их хэмжээний хохирол амссан болно. Миний зүгээс дээр дурдсан онуудад *******д шинээр гарсан койнуудаас алдсан мөнгийг өөрийн алдаа хэмээн бодож ямар нэгэн хувь хүн болон албан байгууллагыг буруутган цагдаа шүүхэд өгөөгүй болно. Гэвч "******* ******* *******" ХХК-аас гаргасан нэхэмжлэлд дурдсан 2025 оны 6- р сард ******* ******* *******" ХХК-ын байранд хийсэн уулзалтын үеэр надаас 100,000,000 ш койн оо зөвхөн койноор л (одоогийн ханшаар 40 гаруй сая төгрөг) эргүүлэн авна хэмээн нэхэмжилж байсан тул миний бие тухайн үеийн бодит ханшаар тооцон боломжоороо урт хугацаанд хуваан төлье гэж бодон хэлж байсан юм. Үүний дараа тухайн үед миний зүгээс надтай адил шалтгаанаар алдаатайгаар шилжүүлсэн олон хүн байгаа юу гэж асуухад уулзсан 2 ажилтны царайнд зэрэг хувирал мэдрэгдсэн тул ямар нэгэн ашиг хонжоо хайсан, эсвэл татвар болон бусад тайлангаас зугтаах зорилгоор зориудаар шилжүүлсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа байх магадлалтай хэмээн хардах сэтгэл төрөөд мөнгийг төлөхөө хойшлуулж шүүхээр бодит үнэн мөнийг тогтоолгон шийдвэрлүүлэхээр шийдэн юм. Мөн миний хардах бас нэг шалтгаан нь нэхэмжлэлд дурдсанчлан ямар нэгэн төлбөрийн хэрэгсэл (гадаад дотоод валют) эсвэл хөрөнгөөр баталгаажсан Хувьцаа, үнэт цаас биш оргүй хоосноос үүссэн нийт 600 тэрбум койноос зөвхөн 90 тэрбум койноо 18,000,000,000 төгрөгөөр зарж татан төвлөрүүлсэн байж өөрсдийн алдаанаас болсон 100,000,000ш 12,000,000 төгрөгийн койныг нэхэмжилж байгаа нь надтай ижил нэг биш нэлээд их тохиолдол байгаа хэмээн хардах нөхцөлийг төрүүлж байгаа юм. Мөн нэхэмжлэлд 100,000,000 ширхэг SPC токены гүйлгээ гаргах оролдлого хийсэн байдаг. Гэтэл тухайн гүйлгээний оролдлого нь "Storepay" аппликейшний хөгжүүлэгч компани болох Ай Си Ти Групп" ХК-ийн системийн алдаанаас үүдэлтэй амжилттай шилжүүлэгдэж хэрэглэгч Т. *******ын SPC токений хэтэвч уруу 90,963,222 ширхэг SPC токен илүү шилжин орсон гэдэг нь илт худал гүтгэлгийн шинжтэй байгаа бөгөөд тухайн үед миний хэтэвч руу 100,000,000ш койн эхэлж орж ирсэн байсан юм. Өнөөдрийн байдлаар гүйлгээний хуулгыг харахад өмнөхөөс өөр харагдаж байна. Миний зүгээс надаас нэхэмжилж буй 90,963,222ш койноос болж тус компанид 10,915,586 төгрөгийн бодит хохирол үүссэн гэж, мөн тус койноос болж миний хувьд хөрөнгөжсөн, баяжсан гэж үзэхгүй байгаагаа, хэрэв бодит хохирол учирсан бол алдаа гаргасан аппликейшин хөгжүүлэгч байгууллага, эсвэл алдаатай шилжүүлэг хийсэн ажилтанд хариуцлага тооцох, хохирлыг нэхэмжлэх нь зөв гэж үзэж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Дээрх нөхцөл байдалд үндэслэн "******* ******* *******" ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье. гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТЗ101/802 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-5-6/, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/03/241 тоот Итгэмжлэл /хх-7/, ******* ******* аппликейшн дэх Т.*******ын SPC хэтэвчийн орлого зарлагын нийт гүйлгээний мэдээлэл /хх-8/, Дижитал эксчейнж монголиа ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 25/94 тоот албан бичиг /хх-87/,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хариу тайлбар /хх-85-86/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, хариуцагч Т.*******т холбогдуулан нийт 10,915,586.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр харуицагч Т.*******аас 10,915,586.00 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.
1.1. Хариуцагчийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн 100,000,000.00 койн хэтэвчинд орж ирсэн, буцаан шаардаагүй тул уг койноор IHC, EAC койнуудыг худалдан авсан, гэвч худалдан авсан эдгээр койнуудын зах зээлийн үнэ буурсан, ашиг олоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан./х.х-ийн 56 дугаар тал/
2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хөрөнгө оруулалт татах зорилгоор хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд 90,000,000,000,000.00 SPC токеныг гарган, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Т.*******ын SPC токены хэтэвчинд 90,963,222.00 ширхэг токеныг шилжүүлсэн байна./х.х-ийн 2 дугаар тал/
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх 90,963,222.00 ширхэг токен өөрийн хэтэвчинд орсон эсэхтэй маргаагүй ба харин уг токенээр IHC, EAC койнуудыг худалдан авсан эсэхтэй маргаагүй боловч үүнээс болж нэхэмжлэгч алдагдалд ороогүй, хариуцагч ашиг олсон болон үндэслэлгүй хөрөнгөжсөн үйл баримт тогтоогдоогүй гэж маргаж байна./х.х-ийн 85, 86 дугаар тал/
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус заасны дагуу зохигчдын хооронд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах гэрээ, хэлцэл байгуулагдсанаар иргэний эрх зүйн харилцаа үүснэ.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь алдаатай гүйлгээний улмаас 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Т.*******ын SPC токены хэтэвчинд 90,963,222.00 ширхэг токеныг шилжүүлсэн, хариуцагч үндэслэлгүй олж авсан токеныг ашигласан, захиран зарцуулснаас үүдэн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших; гэж заасан иргэний эрх зүйн харилцаа талуудын хооронд үүссэн байна.
******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан.
Тайлбарлавал, иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх ба эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгоно.
Үүнээс улбаалан тухайн этгээд эд хөрөнгийг тодорхой гэрээ болон хуульд заасан үндэслэлээр олж авсан тохиолдолд түүнд эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах буюу захиран зарцуулах эрх үүсэх бөгөөд тэрээр үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг хүлээнэ.
Энэ талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.
Нэгэнт зохигч нарын хооронд үүрэг үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж зааснаар буцаан шаардах эрхтэй.
Ингэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь, хариуцагч Т.*******т 90,963,222.00 ширхэг токеныг шилжүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ханшаар тооцож /90,963,222*0,12мөнгө=10.915.586төгрөг/ нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй ба хариуцагч токен шилжүүлсэн үеийн ханш, үнэтэй холбоотой маргаагүй.
Мөн хариуцагч Т.******* нь өөрийн хэтэвчинд орсон 90,963,222.00 ширхэг токеныг хөрөнгийн биржээр дамжуулан захиран зарцуулсан, түүгээр ашиг олоогүй, алдагдал хүлээсэн нь буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-д Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө. гэж зааснаар үнийг төлөх үүрэг үүснэ.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагч Т.*******аас 10,915,586.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 189,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Т.*******аас 10,915,586.00 төгрөгийг гаргуулж, ******* ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 189,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас 189,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА