Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 646

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Г.Г-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хатанбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2632/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Г-ын Г-эд холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч,  энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овгийн Г-ын Г-, Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3-10 насны 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Баянтурууны 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэл

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сар хорих ял шийтгэгдэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалтад шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 878 дугаар магадлалаар дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан 03 жил 05 сар болгон өөрчилж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 73 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 20 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнссэн суллагдсан,  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Г.Г- нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Баянтурууны 00-0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Д-ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн мөр, бугалга шуу, баруун дал, баруун гуя, шилбэ, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г-: Тухайн хэрэг гардаг өдөр би урд талын айлын хүнтэй пиво авч ууж байгаад хүүхдээ цэцэрлэгээс авч гэртээ ирсэн. Дахиж дэлгүүрээс нэг пиво авч уусан. Тэгээд эхнэр Д-ийг гэртээ оройтож ирэхээр нь  хардаад гараараа гар, хөл рүү нь цохисон гэв.

 

Хоёр. Эрүүгийн 00000000000000 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Н.Д-ийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...Миний бие нөхөр Г-тэй хамт амьдраад 10 жил болж байна. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Баянтурууны 26-7 тоотод оршин суудаг юм. Г- өмнө нь гэр бүлтэй байсан, тэгээд гэрлэлтээ салгуулаагүй учраас бид гэрлэлтээ батлуулж чадаагүй юм.

2017 оны 11 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн үед намайг ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр Г- хажуу айлын 2 залуутай хамт архи ууж байсан. Тэгээд архи нь дуусаад надаас архины мөнгө өгөөч гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тэгээд маргаж эхэлсэн. Нөгөө 2 айлын залуу гараад явсны дараа Г- хэрүүл хийгээд намайг үсдэж сэгсрээд савж унагаагаад хэвлийн 2 тал руу гараараа, гар луу хөл гараараа ээлжлэн цохиод байсан. Мөн цахилгаантай цамц өмссөн байсан болохоор цамцаар хоолой боогоод шөнийн 3 цаг хүртэл хугацаанд зодсон. Зугтаах гэхээр араас үсдэж зулгаагаад хойш нь савж унагаагаад явуулахгүй байсан. Тухайн үед манай 3 хүүхэд л байсан, өөр хүн байгаагүй. Том хүү маань ээжийгээ өмөөрөөд ээжийг битгий зодооч гээд тэврээд хэвтсэн чинь аваад ор луу чулуудсан. Тэгээд намайг зодож байх үед би том хүү Э-ийг ээжийнхээ утсаар эгчийг дууд гэж хэлтэл манай хүү гарч зугтаагаад эгч Ч-ээ рүү залгасан байсан. Удалгүй 23 цагийн үед манай хүргэн ах А- 9-р ангийн хүү Х-ы хамтаар ирсэн. Тэгтэл Г- А- ахыг боож унагаагаад гуйлгачингаа аваад зайл, гуйлгачингуудаа гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгээд маргаж хэрэлдэж байгаад 03 цагийн үед ****УНГ улсын дугаартай “Приус 11” маркийн автомашинаа унаад 05 цагийн үед билүү согтуу орж ирээд унтаад өгсөн.

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө ажилдаа явсан. Ажил дээрээ байж байтал манай хүү над руу утсаар яриад “ээжээ аав гэрийн эд хогшил эвдлээд байна, сэрээд ахиад архи аваад уучихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн, тэгээд цагдаа удалгүй ирээд танай гэрт ирчихсэн байна, хамаг юмыг чинь эвдэлсэн байна, 3 хүүхдээс чинь өөр хүн алга, 3 хүүхдийг чинь дээд айлд чинь хүлээлгэж өгөөд гэрийг чинь цоожилчихлоо гэж хэлсэн. Би гэртээ ирээд хүүхдээ сургуульд хүргэж өгчихөөд дээд айл руу ороод байж байтал Г- согтуу орж ирээд түлхүүр өг гэхээр нь үгүй гэтэл хутга авч гараад арын 2 дугуйг хагалаад хаясан, энэ үед цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Өмнө нь намайг зодож байх үед арын айлд байдаг найз У-ыг нь дуудуулж салгуулж байсан, мөн нэг удаа доод айл руугаа зугтааж орж доод айлын Ж- эгчээс цамцыг нь гуйгаад зугтааж явж байсан. Манай гэрийн ойр хавийхан ер нь манай нөхрийг их агсам гэдгийг мэднэ. 2017 оны 01 дүгээр сард зодуулаад байж байхад манай эгч Цэрмаа цагдаад өргөдөл бичиж өгсөн юм. Тэр үедээ Г- дахин ийм асуудал гаргахгүй гээд уучлалт гуйгаад тэгээд өргөдлөө авч байсан. Одоо би төрсөн эгч Ч-ээгийн гэрт нь 3 хүүхдийнхээ хамтаар байгаа. Г-ээс маш их айж байгаа, Ха яваа газар чинь ална гэх мэтээр сүрдүүлээд байгаа, тайван байж чадахгүй байна, үнэхээр дарамттай. Байнга утсаар ярьж хайгаад Ха байна ална гэж айлгаж дарамтлаад байна. Манай дарга руу бас залгаад хэл амаар доромжилсон байсан. Манай ажлын газрын эмэгтэйчүүд рүү залгаад янхнууд чинь гэх мэтээр залгаж доромжилсон байсан. Ах дүүсийг чинь бүгдийг нь ална, голомтыг нь самрана гэх мэтээр дарамталж байна. Өмнө нь Г-эд зодуулаад 2017 оны 01 дүгээр сард зодуулаад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хандаж байсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хэд хоногийн өмнө зодуулаад ажил дээрээ байж байхад манай ажлын хүн Байгал гар утсан дээрээ миний зургийг дарсан байсан. ...” гэх мэдүүлэг [1],

 

2.Хохирогч Н.Д-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дахин мэдүүлсэн “...бид ...буцаад эвлэрээд гэртээ очсон. Тэрнээс хойш бид 2 маш сайхан гэртээ ямар нэгэн хэрүүл маргаан болон ямар нэгэн асуудал болоогүй, нөхөр маань архинаас гарсан, надаас чин сэтгэлээсээ уучлал гуйсан учир би гэртээ очсон. Дахиж надад гар хүрээгүй. Бид маргалдаж муудалцсан асуудал байхгүй. ...Иймд манай нөхрийг болон 3 хүүхдийг минь бодож хөнгөн шийтгэж өгнө үү гэж хүсэж байна. Би ямар нэгэн эмнэлэгт үзүүлж эм тан авч хэрэглэсэн зүйл байхгүй, тухайн гэмтлүүд нь удалгүй өөрөөрөө эдгэсэн. Иймд надад эмчилгээний зардал гэх зүйл нэхэмжлэх юм байхгүй. ...” гэх мэдүүлэг [2],

 

3.Г.Г-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би өөрийн эхнэр Н.Д-тэй анх танилцаад 10 гаран жилийн хугацаа өнгөрсөн байна. Бид 2 Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Баянтуруунд өөрсдөө газар аваад байшин барьж амьдарч байна. Анх бид хоёр 2008 онд албан ёсоор нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн, дундаасаа 3 хүүхэдтэй. Гэхдээ албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй, гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй.

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авчихаад гэртээ ирэхэд эхнэр Д- гэртээ ирээгүй байсан. Тэгээд би утас руу нь залгаад чи хаагуур яваад байгаа юм бэ нөгөө залуутайгаа уулзаж явна уу гэж уурлаад хурдан ир гэж хэлсэн. Тэгээд эхнэр 20 цагийн үед гаднаас ганцаараа ирсэн. Би уурлаад хаагуур хэнтэйгээ юу хийж яваад байгаа юм бэ гэж хэлээд л уурандаа эхнэрээ зодсон. ...яаж цохиж зодсон талаараа тодорхой санахгүй байна. Би тухайн үед согтуу байсан. ...Ер нь бол нилээн их пиво уусан, согтолттой байсан. ...Би эхнэрээ хардалтаасаа болоод л зодсон. ...Өмнө нь нэг удаа манай эхнэр Д- өөр нэг залуутай хамт байж байхад нь би барьж авч байсан юм. Тэгээд тэр бодогдоод л би зодсон. ...Би тийм хүнтэй явалдаад байгааг нь мэддэг байсан юм. Гэмтлүүдийг би тухайн үед гараараа цохиж зодож учруулсан байгаа. Би дээрхи гэмтлүүдийг учруулснаа зөвшөөрч байна. ...Энэ асуудлаас хойш би их ухаарч эхнэртэйгээ эвлэрч одоо ч гэсэн хамт амьдарч байгаа. ...Дахин би ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэсэн, гар хүрсэн асуудал болоогүй. ...” гэх мэдүүлэг [3]

 

4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14640 тоот дүгнэлтийн

“...Хэсэг газрын үзлэгт: Хуйхаар тэмтрэхэд нэлэнхүйдээ эмзэглэл ихтэй, зүүн хацрын урд хэсэгт 2,2x0,2см хүрэн өнгийн зулгаралттай, орчинд нь бага зэрэг хавдсан,
эмзэглэлтэй, хүзүүгээр тэмтрэхэд урд хэсгээр эмзэглэнэ гэнэ, төвөнхийн доод хэсэгт
цэгчилсэн хүрэн өнгийн зулгаралттай, зүүн сарвууны ар 3,4,5-р хурууны 3-р шивнүүрт
6,5x6 см хэсэгт бага зэрэг хавдсан, эмзэглэлтэй, хөх өнгийн бүдэг цус хуралттай,
баруун бугалганы ар дээд хэсэгт 2,8x2,8 см хөх ягаан өнгийн, урд доод хэсэгт 3x1,5 см
хөх өнгийн бүдэг, зүүн мөрний дээд хэсэгт 3,5x2,2 см, бугалганы гадна доод хэсэгт 6x2,5
см хөх ягаан өнгийн, шууны гадна дээд хэсэгт 5x2,5 см хөх өнгийн, баруун далны дунд
хэсэгт 6x2 см хөх өнгийн бүдэг, баруун гуяны гадна дунд хэсэгт 1,5x1 см хүрэн өнгийн,
доод хэсэгт 12x1,5 см, шилбэний гадна дээд хэсэгт 3x2 см хөх өнгийн, зүүн гуяны гадна
дунд хэсэгт 1,5x1,5 см хүрэн өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

КТГ-н шинжилгээнд явсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргав.

Дүгнэлт

1.Н.Д-ийн биед тархи доргилт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн мөр, бугалга, шуу, баруун дал, баруун гуя, шилбэ, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...” /шинжээч Ч.Эрдэмболор/ гэсэн дүгнэлт [4] ,

 

5.2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн “Аюулын зэргийн үнэлгээ” /өндөр эрсэлтэй/ [5],

 

6.Г.Г-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон эмнэлгийн шийдвэр [6], түүний  иргэний үнэмлэхний лавлагаа [7], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт [8], Г.Г-ийн “Х” банкинд эзэмшдэг дансны хуулга [9], Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 878 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 73 дугаар захирамжийн тус тус хуулбар, Т.Г-ийг суллалсан тухай тодорхойлолт [10], Г.Г-ийн нэр дээр /***?УНК улсын дугаартай Hyundai Grace маркийн тээврийн хэрэгсэл, **** УНГ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл тус тус бүртгэлтэй/ тухай автотээврийн үндэсний төвийн лавлагаа [11], Г.Г-ийн өмчлөлд үл хөдлөх бүртгэлгүй тухай албан бичиг [12] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Г-эд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Г.Г- нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Баянтурууны 00-0 тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Д-ийг архины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар зодсоны улмаас түүнд тархи доргилт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн мөр, бугалга шуу, баруун дал, баруун гуя, шилбэ, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь :

-Хохирогч Н.Д-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “... 2017 оны 11 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн үед намайг ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр Г- хажуу айлын 2 залуутай хамт архи ууж байсан. Тэгээд архи нь дуусаад надаас архины мөнгө өгөөч гэхээр нь би байхгүй гэж хэлсэн тэгээд маргаж эхэлсэн. ...Г- хэрүүл хийгээд намайг үсдэж сэгсрээд савж унагаагаад хэвлийн 2 тал руу гараараа, гар луу хөл гараараа ээлжлэн цохиод байсан. Мөн цахилгаантай цамц өмссөн байсан болохоор цамцаар хоолой боогоод шөнийн 3 цаг хүртэл хугацаанд зодсон...” гэх мэдүүлэг [13]

-Г.Г-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авчихаад гэртээ ирэхэд эхнэр Д- гэртээ ирээгүй байсан. Тэгээд би утас руу нь залгаад чи хаагуур яваад байгаа юм бэ нөгөө залуутайгаа уулзаж явна уу гэж уурлаад хурдан ир гэж хэлсэн. Тэгээд эхнэр 20 цагийн үед эхнэр гаднаас ирэхээр нь би уурлаад хаагуур хэнтэйгээ юу хийж яваад байгаа юм бэ гэж хэлээд л уурандаа эхнэрээ зодсон ...Би тухайн үед согтуу байсан. ...Гэмтлүүдийг би тухайн үед гараараа цохиж зодож учруулсан. Би дээрхи гэмтлүүдийг учруулснаа зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг [14]

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14640 тоот дүгнэлт [15], Аюулын зэргийн үнэлгээ [16]  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г- нь гэм буруугийн талаар маргаагүй.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хатанбаатар гэм буруугийн талд гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Г.Г- нь гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол, мөн архины мөнгө нэхсэн зэрэг шалтгааны улмаас  хохирогч Н.Д-ийг зодсон байх ба, шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тус гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Г.Г-, Н.Д- нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байх боловч 2008 оноос эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хамтран амьдрагч нар байна.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамааруулахаар тодорхойлсон, 

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор хуульчилжээ. Иймд хохирогч Н.Д-, шүүгдэгч Г.Г- нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан бөгөөд  шүүгдэгч Г.Г- нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Д-ийн бие махбодид халдаж түүнийг зодсон үйл баримт тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг заасан ба, харин мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь дээрх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тус зүйл, хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно. Хүндрүүлэх нөхцөл байдалд “гэр бүлийн хүчирхийлэл”-ийг хамааруулж зохицуулсан байдаг ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Г.Г- нь эхнэр Н.Д-ийг зодож биед тархи доргилт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн мөр, бугалга, шуу, баруун дал, баруун гуя, шилбэ, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангажээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн зардлыг нэхэмжлээгүй, холбогдох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн шүүхээс 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогчоос гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй гэж мэдэгдсэн байх тул хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Г-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Г- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар нэг удаа ял шийтгэгдэж байсан байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Г-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал буюу хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоосон тухай эмнэлгийн байгууллагын шийдвэр, мөн шүүгдэгчийн “Х” банкинд эзэмшдэг дансны хуулгын баримт буюу түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, эд хөрөнгийн талаарх лавлагаа зэрэг нотлох баримтыг харгалзан түүнийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг  шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 5 сарын буюу 180 хоногийн хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Г.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

3.Бусад асуудлаар.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 


[1] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 61-62 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 56-57 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 93 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 75 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 48 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 79-82 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 37-42 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 72 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 69 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 56-57 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.