| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2538000000020 |
| Дугаар | 2025/ДШМ/59 |
| Огноо | 2025-12-10 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/59
2025 12 10 2025/ДШМ/59
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: П.Ж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Баасанбаяр,
Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025 /ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нарын давж заалдах гомдлоор Ш.Год холбогдох 0000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ш овогт Шын Г, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эцэг, эх, ах, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар баг 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ....../.
Ш.Г нь 0000 оны 00 дугаар сарын 5-ны өдрөөс 6-ны өдөр шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 00 дугаар гудамжинд Б.М тай “таксигаар үйлчлүүлээд мөнгө бүрэн өгсөнгүй гэх шалтгаанаар” маргалдан, толгой хэсэг рүү нь цохиж, биед нь баруун дух, зүүн зулай ясанд хугарал, баруун дух, зулайн хатуу хальс дээрх цусан хураа, зүүн зулай чамархайн аалзан хальс доорх цус хуралт, тархины хаван, хамар ясны хугарал таславчийн мурийлт, дух, баруун хацар, зүүн чих, хоёр гарын хуруунд зулгаралт, зүүн тохой, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтлүүд учруулж, хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025 /ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолоор Ш овогт Шын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шын Гыг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шын Год оногдуулсан 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Жын нэхэмжилсэн 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хаана үйлдвэрлэсэн болон өмсгөлийн хэмжээ тодорхойгүй хар хөх өнгийн даавуун материалтай урт ханцуйтай куртик 1 ширхэг, хар өнгийн даавуун материалтай урт ханцуйтай 2 ханцуй хэсэгтээ цагаан өнгийн даавуун оруулга бүхий судалтай цамц 1 ширхэг, усан цэнхэр өнгийн даавуун материалтай богино ханцуйтай цамц 1ширхэг, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, эрээн өнгийн эрэгтэй хүний дотоож 1 ширхэг, саарал өнгийн даавуун материалтай 1 хос оймс, хар өнгийн хагас түрүүтэй арьсан материалтай 1 хос гутал, бага зэрэг элэгдсэн шар өнгийн арьсан материалтай тэмберланд гэсэн бичиглэлтэй 1 хос гутал зэргийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ж давж заалдах гомдолдоо: “...дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
1.Миний хүү Б.М нь 0000 оны 00 дугаарсарын 05-ны өдрөөс 0000 оны 00 дугаарсарын 06-ны өдөр шилжих шөнө бусдад зодуулж, гавал тархиндаа хүнд зэргийн гэмтэл авч нас барсан юм. Би хүүгээ энэ гурван хүүхдэд зодуулж нас барсан гэж үздэг. Хэргийг мөрдөн шалгаж байсан байцаагч, хяналт тавьж байсан прокурорт нь хүртэл хэргийн үнэн мөнийг олж тогтоолгохоор гомдол, хүсэлт гаргаж байсан. Нарийн шалгаж, тогтоож өгөөгүй. Би энэ хэрэгт н.Э, н.С нар хамтарч оролцсон гэж үздэг. Хэрэв хоёр хүүхэд хамтарч оролцоогүй юм бол Ш.Гыг боль гэж хийж байсан үйлдлийг нь таслан зогсоож болиулсан бол хүүгийн минь амь нас аврагдах байсан. Гэхдээ энэ хүүхдүүд хамтарч оролцсон байж болох үндэслэл нь дэлгүүрийн камерын бичлэгээр тогтоогдож байсан. Иймд хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Камерын бичлэгийг дахин нягталж үзэхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.
2.Шүүх сэтгэл санааны хохирлыг ч бүрэн гүйцэт гаргаж өгөөгүй. Миний гомдлын дагуу хэргийг хянаж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ: Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 -т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн атлаа Эрүүгийн хуулийн Ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй, эрх зүйн байдлыг нь дордуулж байна.
Миний үйлчлүүлэгч Ш.Г нь 18 нас 6 сартай байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн буруутай үйлдэлдээ чин шударгаар гэмшиж байгаа, хохирол төлбөрийн баримт байхгүй хэдий ч хохирол төлбөрийг өөрийн эцэг эхийн боломжийн хэмжээгээр 21,512,000 төгрөгийг сайн дураар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс ЭХХШТХуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймээс Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/336 дугаар бүхий шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ялыг шүүгдэгч Ш.Год оногдуулж шийдвэрлэж өгнө үү гэж энэхүү гомдолыг гаргаж байна” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...“...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгчид ял оногдуулахад хууль хэрэглээний асуудал байгаа учраас үүнийг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....хэргийг дутуу шалгасан гэж бодож байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэхгүй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Хөвсгөл аймгийн прокурорын газраас Ш.Г нь 0000 оны 00 дугаарсарын 5ны өдрөөс 6-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаарбагийн 15 дугаар гудамжинд Баасанжавын М /0000 /-ыг таксины мөнгөө өгсөнгүй гэх шалтгаанаар хавсарч унагаан, зүүн шанаан тус газарт нь 1 удаа өшиглөж, хүнийг алсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцээд “Ш.Г нь амь хохирогчийг “таксины мөнгө өгөөгүй” гэх шалтгаанаар хавсарч унаган, нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөсний улмаас тархины хүнд гэмтэл авч, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч Ш.Г нь амь хохирогчийг хавсарч унагасан, нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөсөн үйлдэл, уг үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан үйл баримттай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх шинжийг агуулах бөгөөд Ш.Г нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.Гын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна. ...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Намайг үнэхээр уучлаарай...” гэх мэдүүлэг /1-р хх-н 158-159-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Жын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-н 67-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/, Насанд хүрээгүй гэрч Ш.С, Б.Э, гэрч Б.О, П.Н, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг 1-р хх-н 69, 73-74, 92-94, 98-99,101-102-р тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 8-р тал/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд болоод гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 11-20-р тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 37-39-р тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 49-56-р тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 56-64-р тал/, насанд хүрээгүй гэрч Ш.Сын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 75-79-р тал/, насанд хүрээгүй гэрч Б.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 87-89-р тал/ цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 141-142-р тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 0000 оны 00 дугаарсарын 13-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт /1-р хх-н 122-123-р тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаартай дүгнэлт /1-р хх-н 158-159-р тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчдийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 424 дугаартай дүгнэлт /1-р хх-н 165-167-р тал/, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт, /1-р хх-н 188-191-р тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба шүүгдэгчийн дээрх үйлдлийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Жын “...хэрэгт Б.Э, Ш.С нар нь хамтран оролцсон болохыг шалгаж тогтоогоогүй, ...сэтгэл санааны хохирлыг ч бүрэн гүйцэт гаргаж өгөөгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Б.Э, Ш.С нар гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба мөрдөн байцаалтын шатанд гэрчүүд хэргийн талаар тодорхой мэдүүлсэн тэдний мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэл санааны хохирлыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу тооцсон, энэ талаар шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 424 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэгийн “...анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шүүгдэгчид хуульд зааснаас хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Гын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдал, нас зэрэгт тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын хамгийн бага хэмжээг шүүх сонгон хэрэглэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхээс гадна үүрэг юм.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд “...тухайн гэмт хэргийг үйлдэхдээ 18 нас 6 сартай, 21 нас хүрээгүй байсан. Тиймээс ялыг 2 дахин багасгаж оногдуулах хуулийн заалт байгаа...” гэж тайлбарлаж байх боловч түүний энэхүү гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан ба энэ нь 18 насанд хүрсэн боловч насанд хүрсэн хүний оюун ухаан, сэтгэхүйн хөгжлийн түвшинтэй харьцуулахад өөрийн үйлдлийн нийгмийн аюулын мөн чанарыг бүрэн гүйцэд ойлгох хэмжээнд хөгжөөгүй 21 нас хүртэлх оюуны хөгжлийн байдлыг харгалзан ял оногдуулах тухай зохицуулалт юм.
Шүүгдэгчийн оюун ухааны хөгжлийн онцлог нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байж шүүх уг хүнийг өсвөр насны хүнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан тусгай журмыг хэрэглэж ял оногдуулна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс дээрх байдлыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, Ш.Гыг өсвөр насны хүнд тооцох нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул өмгөөлөгч Б.Ганчимэгийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр хуулийн дээрх зохицуулалт нь эрх олгосон шинжтэй хэм хэмжээ тул анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025 /ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ