| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0610/э |
| Дугаар | 645 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 645
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Д.Ганчимэг,
хохирогч, шүүгдэгч Ц.Э-,
хохирогч, шүүгдэгч П.У- нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн:
-А- овгийн П-гийн У-,
-Б- овгийн Ц-ын Э- нарт холбогдох эрүүгийн 00000000000000дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Б- овгийн Ц-ын Э- Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Зүрх уулын 0 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Нарангийн голын 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:
-2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих шийтгэгдэж, шүүхээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан
2. А овгийн П-гийн У- Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт амьдардаг, Ховд аймгийн Манхан сумын 0 дугаар баг, төгрөг гол гэх газар оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Эрдэнэтолгойн 00-000 тоотод И.Т-ынд түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга
П.У- нь 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Э-тай “согтуу машин барьсан гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Ц.Э- нь 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.У-тай “согтуу машин барьлаа” гэх шалтгаанаар маргалдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХнь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг.
1.Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Э-, П.У- нар шүүгдэгчийн хувьд: Мэдүүлэг гаргахгүй гэв.
2.П.У- шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ:
Би Тоёота Кролла **** БРА дугаартай М-ын эзэмшлийн автомашиныг жолоодон явж байсан. Төрсөн өдөр тэмдэглээд архи уусан байсан. Тэгээд гараад замдаа явж байхдаа таксинд хүн авсан. Тэгсэн машинд суусан энэ Ц.Э- намайг согтуу байна гэж шаардлага тавьж, цагдаа дуудна гэсэн. Үүнээс болж маргалдаад зодолдсон. Биед хөнгөн гэмтэл учирсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй гэв.
3.Ц.Э- шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: Би оюутан ангийнхаа найзтай уулзаад архи уусан. Тэгээд гэр лүүгээ харих гээд такси барьсан чинь энэ П.У-тай зогссон. Машинд нь суугаад явж байтал согтуу байгааг нь мэдээд шаардлага тавьсан. Тэгээд бид маргалдаад харилцан зодолдож, хөмсөгөндөө оёдол тавиулсан. Эмчилгээний зардалд 120,000 төгрөг хүлээн авсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 00000000000000 дугаартай хэргээс:
1.Хохирогч Ц.Э-ы хэрэг бүртгэлтэд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 13 -ны өдөр оюутан ангийн найз Б-тэй 21 дүгээр хороололд байрлах “Нийслэл” нэртэй пабад 22 цаг өнгөрч байх үед уулзаад 0,75 литрийн “Соёрхол” архи нэг шилийг худалдан авч сууж байгаад түүнийгээ хувааж уугаад тэндээс 01 цаг өнгөрч байх үед байх, цагаа яг сайн санахгүй байна, тэндээс гараад 21 дүгээр хорооллын ард байрлах Цэлмэг төвийн замын хойд талд урагшаа харсан байрлалтай Т нэртэй караокед орж Б-ий найз С-тай нэг цаг хэртэй юм ууж байгаад 03 цагийн үед тэндээсээ Б-ий хамт гарсан. Зам дагуу Толгойт руу чиглэлд хэсэг алхаж байгаад гэртээ харихаар зам дээрээс гар өргөхөд **** БРА гэсэн улсын дугаартай суудлын машин зогсохоор нь суусан. Нарангийн гол орно гэж хэлэхэд тэр машин хөдлөөд явсан юм. Уг машинд суугаад хөдлөөд 300-500 метр явахад жолооч нь согтуу байх нь анзаарагдсан. Би жолоочид нь согтуу байж жолоо барьж болохгүй гэж хэлээд Толгойтын хуучин эцэс дээр байдаг “Х” банкны АТМ -ийн гадна уг машиныг зогсоолгосон. АТМ -ээс 5000 төгрөг авсан. Би мөнгөө аваад ирэхэд уг машин барьж явсан согтуу жолооч машинаасаа бууж ирээд надтай маргалдаж, намайг зодсон. Тэр залуу намайг зодож байгаад, эргээд машинд суу гэхээр нь би машинд нь суухад эргээд 21 дүгээр хорооллын зүгт явж байгаад гэрэл дохиогоор баруун эргээд доошоо яваад “Драгон”-ы ард талын байрнуудын дунд замын хурд сааруулагч дээр хурдаа хасах үед нь би урд талын хайрцагнаас нь бичиг баримтыг авч машинаас буухад намайг жолооч барьж байсан залуу нэг удаа өшиглөсөн. Би зөрүүлээд түүнийг нэг удаа цохиод машинаас нь буугаад түүний бичиг баримтыг ард талд явж байсан машины жолоочид өгөөд цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тухайн үед машины ард сууж байсан эрэгтэй машинаас бууж уг машиныг жолоодоод зугатаах гэхэд цагдаа нар ирж түүнийг саатуулж зогсоосон юм. ... Машины жолооч залуу тухайн үед машинаас бууж ирээд надтай маргалдаж байгаад гараараа миний цээжнээс дээгүүр толгой тархи руу гараараа олон удаа цохиж зодсон. Намайг зодуулсны дараа доошоо тонгойх үед миний зүүн хөмсөгний дээд талд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний хөмсөгнөөс цус гарсан. Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Тухайн үед миний хүзүү зүүлттэй явж байсан монетон нарийхан гинж байсан тасарч алга болсон байсан. Гинжээ би мөнгө хэрэг болоод ломбарданд тавьж байхад 350.000 төгрөгөөр авч байсан. 350.000 төгрөгөөр үнэлж байна. Малгайтай цамц урагдсан 25.000 төгрөгөөр үнэлж байна. Томографийн зураг хэдэн төгрөгөөр авахуулснаа санахгүй байна. Хохиролдоо оруулж тооцож нэхэмжлэх болно. Зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний гарсан бүх зардлаа нэхэмжилж хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Уг асуудлыг хуулийн дагуу шалгаж өгнө үү. ...” гэх мэдүүлэг [1],
2.Хохирогч Ц.Э-ы хэрэг бүртгэлтэд дахин 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...Таксины жолооч ганцаараа зодсон. Хамт явсан залуу энд тэндээс татаж чангааж байсан, гэхдээ гэмтэл учруултал цохиогүй. Тухайн үед миний өмдний халаасанд байсан “iphone 5” маркийн гар утас Толгойтын АТМ хажууд таксины жолоочтой ноцолдож байх үед халааснаас газар унаж байсан. Тухайд үед би утсаа аваад халаасандаа буцааж хийсэн. Дараа нь засварчинд үзүүлсэн зүгээр байна гэсэн тул утасаа нэхэмжилэхгүй. Мөн ноцолдох үед миний өмсөж явсан малгайтай цамц урагдсан байсан боловч би хуучин өмсөж байсан цамц тул нэхэмжилэхгүй. ...” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч П.У-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...өөрийн найз М-аас **** БРА улсын дугаартай Тоёота королла маркийн автомашиныг гуйж аваад ахынхаа гэрт хоносон. Маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр найз Д-ын төрсөн өдөр болсон гэхээр нь Зурагтад байх М-гийн гэрт очин М-тай уулзаад хамт Хайлаастад байх Д-ыг гэрээс нь очиж авсан. 21 дүгээр хороололд нэг зочид буудалд 23.40 цагийн үед ирж өрөө захиалсан. Дэлгүүрээс 1 шил 0.75 граммын литрийн Улаанбаатар архи, 2.5 литрийн “Нийслэл” пиво 1-ийг тус, тус худалдан аваад буудалд ороод авсан зүйлээ уусан. ...Дахин уухаар шийдээд 03 цаг болж байх үед М-гийн хамт буудлаас гарч машинаа асааж бариад архи зарж буй дэлгүүр хайж олохоор Толгойтын эцэс рүү чиглэлээд явж байхад зам дагуу хоёр залуу гар өргөсөн. Зогсоод хаа хүрэх талаар асуухад Нарангийн гол орно гэхэд нь суучих гэсэн. Нэг өндөр залуу суусан. Машинд суусан залуу жолооч согтуу байна гэсэн, би өөдөөс нь архи уугаагүй гэсэн. Уусан байна гээд миний хажууд сууж явж байсан М-тай маргалдан явж байгаад Толгойтын хуучин эцэс дээр очоод зогсоход машинд суусан нөгөө өндөр залуу цагдаа дуудна гэсэн. Тэгвэл хүлээж байя гээд зогсоод хэсэг хүлээсэн. Цагдаа хүлээгээд ирэхгүй болохоор нь би найзынхаа хамт тэр залууг аваад хөдлөхөд тэр залуу машины арын суудал дээрээс цагдаа дуудсан хүлээж бай гээд чарлаад байсан. Машинаа зогсоогоод машинаас буухад тэр залуу араас машинаас бууж ирээд би цагдаа дуудсан байна, чи явах гээд байна гэж хэлээд миний өмсөж байсан куртикнээс зуураад тавихгүй байсан. Би тэр залууг тавиулах гээд түлхэн гарыг нь салгахад тэр залуу миний баруун хөлөнд нэг удаа хөлөөрөө өшиглөхөөр нь чи яаж байна гээд зөрүүлээд нүүр хэсэгт нь нэг удаа цохитол, тэр залуу намайг цохиод авсан. Би зөрүүлээд цохиж аван зодолдож эхэлсэн. Энэ үед манай найз М- машинаас бууж ирээд бид хоёрыг салгаад намайг аваад явах гэтэл тэр залуу бид хоёрын хувцаснаас зуураад тавихгүй замын эсрэг тал руу чирч гарган намайг цохихоор нь би зөрүүлээд хөлийг нь хамаж газар унагаад харилцан зодолдсон. Бид хоёрыг зодолдож байтал манай найз М- хажуунаас орж ирж салгахад тэр залуу манай найзтай барьцалдаад байхаар нь би гарыг нь тавиулж байгаад машин руугаа чирсэн. Машиндаа ороод хамт миний хажууд суугаад цагдаа руу явахаар болоод машинаад суугаад явж байгаад Драгоны арын хороолол дунд байх туслах замаар явж байгаад эргүүлийн алаг машинд баригдсан. ...” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч М.М-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр найз У- өөрийн дугаараас залгаад чи Ха уулзая гэж залгасан. 22 цагийн үед Зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр уулзахад У- **** БРА улсын дугаартай найз М-гийн машинтай явж байсан. Д-ын төрсөн өдөр болсон, очьё гэхээр нь би зөвшөөрч хамт Хайлаастад байх Д-ын гэрийн гадна Д-ыг дуудаад гурвуулаа болоод хамт Сонгинохайрхан дүүргийн 21 хороололд байх зочид буудалд ирсэн. Буудалд орохдоо дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Улаанбаатар, 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво аваад орсон. ...Архи пиво дуусаад У-ын хамт бид хоёр архи пиво худалдан авахаар 03 цагийн үед байх, ...гараад машинаа У- барьсан. Толгойт чиглэлд хөдөлсөн. Удалгүй зам дээр хоёр залуу гар өргөөд зогсож байхаар нь У- зогсоход 1 өндөр улаан куртиктэй залуу машины ард суусан. Нарангын гол явна гэж хэлсэн. Толгойтын хуучин эцэс чиглэлтэй хөдөлсөн. Замдаа явж байтал суусан залуу “чи согтуу байна уу“ гээд У-аас асуухад У- чимээгүй яваад байсан. Тэр залуу “чи согтуу машин барьлаа” гээд маргалдан удалгүй зогссон. У- тэр залууг машинаасаа буулгаад машинаа асаан хөдлөхөд араас орилоод үлдсэн. 50 орчим метр хэртэй яваад У- машинаа зогсоон буухад тэр залуу гүйж ирээд машины гадна У- тэр залуутай заамдалцаад байхаар нь би машинаас буусан. Би У- тэр залуу хоёрыг машинаасаа буулгаад салгахад хоорондоо хэсэг маргалдаж байгаад тэр залуу машинд суухаар болсон. Тэр залуу урд талд суугаад, би ард талын сандал дээр суугаад явсан. Явж байхдаа хэрэлдээд би цагдаа дээр очно гээд хэсэг явж байгаад У- машинаа зогсоон тэр залууг буучих гэсэн. Тэр залуу буун У-ын хаалган дээр очоод хаалга онгойлгон хувцаснаас татаад буугаад ир гээд зууралдаж байсан. У- буусан. Буугаад тэр залуу У- хоёр харилцан цохилцож байхаар нь би машинаас буугаад яваад очтол тэр залуу куртикээ тайлж шидээд У-тай хоорондоо зодолдоод байхаар нь би салгах гээд татахад намайг нэг удаа цохисон. Би цааш нь түлхэн, өөрөөсөө холдуулж байсан. У- надад машины түлхүүрээ өгөөд машин жаахан холдуулчих гэхээр нь би холдуулах гэж машинаа асаатал цагдаагийн машин ирээд бид хэдийг саатуулсан. ...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч М.А-ын мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мэдүүлсэн “...П.У- нь 2013 онд Үндэсний батлан хамгаалах сургуулийн ахлагчийн курсын буудагч мэргэжлээр суралцан төгссөн. ...Зан чанарын хувьд худал их ярьдаг, хөнгөн хийсвэр юманд ханддаг, ажил тасалж архи их уудаг, дээд шатны захирагч дарга нарын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй байсан. Ажил тасалж байгаад 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар Б-1048 тоот Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар цэргийн жинхэнэ ахлагчийн албан тушаалаас халагдсан. Одоо манай тус ангид ажилладаггүй. ...” гэх мэдүүлэг [5],
6.Ц.Э-ы хэрэг бүртгэлтэд яллагдагчаар 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б- гэдэг найзтайгаа ...нэг караокед ороод архи пиво хольж уугаад тэндээсээ 03-04 цагийн орчим нилээд согтуу гараад гэрлүүгээ харихаар авто сургуулиас такси бариад би ганцаараа суугаад Бат-
Эрдэнэ гэрлүүгээ явсан. ...таксины жолоочийг согтуу байгааг нь мэдээд чи согтуу байна жолоо барьж болохгүй гэж хэлснээс болж хоорондоо маргалдсан. ...гэтэл чи намайг согтуу гэж хэлдэг юу юм бэ гэж заамдаж авсан. Би тэр таксины жолоочтой дээр доороо орж ноцолдсон. Тэгээд болье гээд машинд нь суухдаа би жолоочийн хажуугийн суудалд сууж нөгөө хамт явсан залуу арын суудалд суусан. Тэр үед согтуу залуу хурдтай давхиад Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо драгоны арын байрны голоор орсон. Тэр үед хурд сааруулагч таараад хурдаа бага зэрэг хасах үед би уг жолоочийн бичиг баримтыг нь урд талын хайрцагнаас нь авах үед бид хоёр хоорондоо маргалдаж байгаад миний зүүн талын хөмсөг лүү өшиглөж хөмсөг задалж цус гарсан. Энэ үед би машинаас буугаад ард талд явж байсан Соната маркийн машины жолоочийг цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэр үед тэр хавиар явж байсан алаг машинтай цагдаа хүрээд ирсэн. ...Тухайн үед таксины жолооч У- гэх залууг согтуу машин барьж болохгүй гэж хэлснээс болж маргалдаж намайг заамдаад авахаар нь харилцан ноцолдсон. ...Миний зүүн талын хөмсөг лүү өшиглөж цус гаргасан. ...Би барьж аваад нэг удаа зүүн талын шанаа луу нь гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг [6],
7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14323 тоот дүгнэлтийн:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацар хаван хавдартай, 0,5х2см хүрэн улаан өнгийн зулгаралттай, дагзны зүүн доод хэсгээр хаван хавдартай, зүүн шууны ард доод хэсэгт 0,5х5см, 0,5х8см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Нэмэлт шинжилгээнд явуулсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргав.
Дүгнэлт:
1.У-ын биед зүүн хацар, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн шууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо
2.4.Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар мархиулах тул гэмтлийн хөнгөх зэрэгт хамаарна.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /шинжээч Ц.Оюун-Эрдэнэ/ гэсэн дүгнэлт [7],
8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14298 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгт 2,5x0,2 см хэмжээтэй, мэс заслын олон оёдол тавигдсан хагас ташуу байрлал бүхий шархтай. Зүүн нүдний дээд зовхинд хаван, хавдартай. Хамрын нуруунд 0,2x0,2 см, баруун хацарт 1,5x0,4 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн зулгаралттай. Зүүн гарын 4-р хурууны үзүүрийн үений түвшинд бага зэрэг хаван, хавдартай, эмзэглэлтэй. Зүүн өвдөгний үеэнд 1,5x1,0 см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралттай.
Эмнэлгийн бичиг баримтанд...Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмчийн үзлэгт.... Онош: Зүүн зовхины няцарсан шарх. Тархи доргилт. Нүүрний хэсгийн халцарсан шарх. 2017.11.14 гэжээ.
“Натур” эмнэлгийн толгойн компьютер томографийн шинжилгээнд...Тархины эдэд голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. 2 талын хажуугийн ховдлууд болон 3, 4-р ховдлуудын байрлал болон хэлбэр хэвийн, хэмжээ жигд өргөссөн. Зөөлөн бүрхүүлийн доорх зайнууд хэвийн. Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Голын бүрдэл хазайлтгүй. Гавал яс болон 2 талын нүдний ухархайд гэмтлийн гаралтай бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Нүдний ухархайн арын эслэг зайд эмгэг өөрчлөлтгүй. Нүдний гадна ба дотно шулуун булчингууд болон харааны мэдрэл хэвийн. Хамрын таславч зүүн тийш хуучин мурийлттай. Баруун талын гайморовын хөндийд +42 Н1) нягтралтай хана дагасан шингэнтэй. Хамрын бусад дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт ердийн. Дүгнэлт бичсэн эмч С.М-. 2017.11.15 гэжээ.
Дүгнэлт:
1.Ц.Э-ы биед тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, нүдний дээд зовхи, баруун хацар, хамар, зүүн гарын 4-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
2.Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдагдалд нөлөөлөхгүй /шинжээч Т.Сэлэнгэ/ гэсэн дүгнэлт [8],
9.Ц.Э-ы компьютерт томографийн оношлогоо [9], Ц.Э-ы КТГ хийлгэсэн бэлэн мөнгөний баримт [10], Ц.Э-аас Шүүх шинжилгээний үзлэгийн төлбөр төлсөн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер [11],
10.Шүүгдэгч Ц.Э-ы иргэний үнэмлэхийн лавлагаа [12], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [13], Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолын хуулбар [14],
11.Шүүгдэгч П.У-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [15], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [16] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Э-, П.У- нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Э- нь 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёота Королла загварын **** БРА улсын дугаарын машинд сууж явахдаа таксины жолооч хийсэн иргэн П.У-тай “согтуу машин барьлаа” гэх шалтгаанаар маргалдан түүнийг гараараа цохих зэргээр зодон, эрүүл мэндэд нь зүүн хацар, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн шууны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч П.У-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн найз М-аас **** БРА улсын дугаартай Тоёота королла маркийн автомашиныг гуйж ...М-тай уулзаад хамт ... архи, 2.5 литрийн пиво худалдан авч буудалд ороод уусан. ...дахин уухаар шийдээд 03 цаг болж байх үед М-гийн хамт буудлаас гарч машинаа асааж бариад архи зарж буй дэлгүүр хайж олохоор Толгойтын эцэс чиглэлээд явж байхад зам дагуу хоёр залуу гар өргөсөн. ...нэг өндөр залуу суусан, тэр залуу “жолооч согтуу байна” гээд М-тай маргалдан явж байгаад Толгойтын хуучин эцэс дээр очоод зогсоход ...цагдаа дуудсан байна, чи явах гээд байна” гэж хэлээд миний өмсөж байсан куртикнээс зуураад тавихгүй байхаар нь би тэр залууг тавиулах гээд түлхэн гарыг нь салгахад тэр залуу миний баруун хөлөнд нэг удаа хөлөөрөө өшиглөж ...тэр залуу намайг цохиод авсан ... ...” гэх мэдүүлэг [17],
-Гэрч М.М-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн үед найз У- уулзъя гэж залгасан. ...У- 42ЗЗ БРА улсын дугаартай найз М-гийн машинтай явж байсан. ...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд зочид буудалд ирсэн. Буудалд орохдоо дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Улаанбаатар, 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво авч орж уусан....Архи пиво дуусаад У-ын хамт бид хоёр архи пиво худалдан авахаар 03 цагийн үед байх, ...гараад машинаа У- бариад толгойт чиглэлдээ хөдөлсөн. ...удалгүй зам дээр 2 залуу гар өргөөд зогсож байхаар нь У- машинаа зогсоосон. ...өндөр улаан куртиктэй залуу машины ард суугаад Нарангийн гол явна гэсэн. ...Замдаа явж байтал суусан залуу чи согтуу байна уу гээд У-аас асуусан, У- чимээгүй яваад байсан. Тэр залуу чи согтуу машин барьлаа гээд маргалдсан. ...хэсэг маргалдаж байгаад ...тэр залуу У- хоёр харилцан цохилцсон. ....” гэх мэдүүлэг [18],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14323 тоот дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.У- нь 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Королла загварын **** БРА улсын дугаарын автомашиныг жолоодож, улмаар уг машинаар такси үйлчилгээнд явж, иргэн Ц.Э-ыг авсан байх ба, Ц.Э-аас “согтуу машин барьлаа, цагдаа дуудна” гэх шаардлагыг тавихад цагдаа дуудах гэлээ гэж маргалдан, зодолдож, түүний биед тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, нүдний дээд зовхи, баруун хацар, хамар, зүүн гарын 4-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохиорогч Ц.Э-ы хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: ”...2017 оны 11 дүгээр сарын 13 -ны ... 03 цагийн үед тэндээсээ Б-ий хамт Толгойт руу чиглэлд хэсэг алхаж байгаад гэртээ харихаар зам дээрээс гар өргөхөд **** БРА гэсэн улсын дугаартай суудлын машин зогсохоор суугаад Нарангийн гол орно гэж хэлсэн. Тэр машин хөдлөөд явсан юм. ...300-500 метр явахад жолооч нь согтуу байх нь анзаарагдсан. ...би жолоочид нь согтуу байж жолоо барьж болохгүй гэж хэлээд Толгойтын хуучин эцэс дээр ирээд Х банкны АТМ-ээс 5000 төгрөг аваад сууж явсан машин дээр ирэхэд уг машин барьж явсан согтуу жолооч машинаасаа бууж ирээд надтай маргалдаж байгаад намайг зодсон. ...би урд талын хайрцагнаас нь бичиг баримтыг нь авч машинаас буухад ...намайг жолоо барьж байсан залуу нэг удаа өшиглөсөн. ... гараараа миний цээжнээс дээгүүр толгой тархи руу гараараа олон удаа цохиж зодсон, намайг зодуулсны дараа доошоо тонгойх үед миний зүүн хөмсөгний дээд талд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...миний хөмсөгнөөс цус гарсан. ...гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. ...” гэх мэдүүлэг [19],
-гэрч М.М-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг [20], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14298 тоот дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э-, П.У- нар нь тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул тэднийг гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч П.У- нь архидан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож такси барихаар зогсож байсан Ц.Э-ыг авч, согтуу машин барьлаа гэсэн шаардлага тавихад Ц.Э-ы тавьсан шаардлагыг үл тоож, улмаар олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, тэд харилцан зодолдсон үйл баримт тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Э- нь хохирогч П.У-ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч П.У- нь хохирогч Ц.Э-ы бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Э-, П.У- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 234 дүгээр яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан хугацааг хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй буюу 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үйлдэгдсэн мэтээр яллах дүгнэлт үйлдэгдсэн байх бөгөөд хэрэгт цугларсан баримтаар буюу хохирогч Ц.Э-ы цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр гэмт хэрэг нь 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шөнө гарсан байх тул шүүх гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Э- нь хохирогчийн хувьд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилсэн баримтыг ирүүлсэн, шүүгдэгч П.У-аас түүнд 120,000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Харин П.У- нь хохирогчийн хувьд гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд хохирогчийн хувьд П.У-, Ц.Э- нар нь харилцан нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул тэднийг тус тус төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э-, П.У- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.Э-, П.У- нар өөрөө өөрсдийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн талаар мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ц.Э- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар нэг удаа ял шийтгэгдэж байсан байх ба, харин шүүгдэгч П.У- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч П.У- нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.
Эрүүгийн хуульд торгох ялыг шүүгдэгчийн цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан үзэж оногдуулахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.Э-, П.У- нар нь ажил эрхэлдэг гэх талаар болон тэдний цалин хөлс, хөрөнгө, бусад орлогыг тодорхойлсон нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.
Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан тус бүрт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Э-, П.У- нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэд энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.
[1]Хавтаст хэргийн 05-07 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 12 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 7-8 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 18-20 дугаар тал
[5]Хавтаст хэргийн 21 дүгээр тал.
[6]хавтас хэргийн 39-40 дүгээр тал.
[7]Хавтаст хэргийн 24 дүгээр тал.
[8]Хавтаст хэргийн 31 дүгээр тал.
[9] хавтаст хэргийн 26 дугаар тал.
[10] хавтаст хэргийн 25 дугаар тал.
[11] Хатаст хэргийн 29 дүгээр тал.
[12]Хавтаст хэргийн 87 дугаар тал.
[13]Хавтаст хэргийн 85 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 92-94 дүгээр тал.
[15]Хавтаст хэргийн 129 дүгээр тал.
[16]Хавтаст хэргийн 86 дугаар тал.
[17]Хавтаст хэргийн 7-8 дугаар тал.
[18]хавтаст хэргийн 18-20 дугаар тал.
[19]хавтаст хэргийн 12 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 18-20 дугаар тал