| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 1838009120300 |
| Дугаар | 2025/ДШМ/60 |
| Огноо | 2025-12-10 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/60
Л.Гад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Ц.Цэен-Ойдов,
Яллагдагч: Л.Г,
Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/733 дугаар захирамжийг эс зөвшөөрч Дээд шатны прокурор Ч.Алтансүхийн гаргасан эсэргүүцлээр Л.Гад холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ж овгийн Лийн Г, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.
Л.Г нь “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 000оны хооронд албан тушаалын байдлаа ашиглаж компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 000 оны 00 сарын 00-ны өдөр шийдвэр гарч, тэмдгийг хураасан байхад 000 оны 11 сарын 10-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “гээгдүүлсэн тухай” 1/20 тоот албан бичиг хүргүүлж 000 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэг дахин захиалах эрх бүхий хяналтын дугаар авч, шинээр хийлгэн тогтмол ашиглан үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл, интернет Кевико компаниудын Хөвсгөл аймаг дахь салбаруудтай компанийн “Т” дээр антен байрлуулах гэрээг уг хуурамч тэмдгийг ашиглан байгуулж, 000 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд “Тэс гүн”, “Х” ХХК-уудын болон өөрийн дансаар шилжүүлэн авч “гүйцэтгэх захирлын болон харуулын цалин олгосон” гэх нэрийдлээр завшиж “Х” ХХК-нд 87,542,070 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/733 дугаар захирамжаар Эрүүгийн 000 дугаартай хэрэгт хохирогч “Х” ХХК-ний хууль ёсны төлөөлөгчөөр Б.Быг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лийн Гад холбогдох эрүүгийн 000 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Гад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт яллагдагч Л.Гын эзэмшлийн улсын бүртгэлийн Г-000 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн 0 дугаар баг 00 дүгээр гудамжны 00 тоотод байрлах 000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Улсын бүртгэлийн 000 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах 163 м.кв талбайтай хувийн сууц, зоорь агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-000 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг 00-р байр 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай орон сууцны байр, граш битүүмжлэгдсэн болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Х” ХХК-ны 000 дугаартай, регистрийн 000 дугаартай тамга 1 ширхгийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Ч.Алтансүх эсэргүүцэлдээ: “...шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэг. Яллагдагч Л.Гыг Хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэхдээ гэмт хэргийн шинжийг яллах дүгнэлтэд нарийвчлан заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл хэсэг, заалтаар зүйлчлэгдэх гэснийг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл “Хөрөнгө завших” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж хуульчилсан ба аль шинжээр нь яллагдагчийг хүндрүүлэн зүйлчилж байгааг яллах дүгнэлтэд дүгнэж тодорхой тусгаагүй байна” гэжээ.
Л.Гад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 235 дугаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба яллагдагч Л.Гыг “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 000оны хооронд албан тушаалын байдлаа ашиглаж компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 000 оны 08 сарын 26-ны өдөр шийдвэр гарч, тэмдгийг хураасан байхад 000 оны 11 сарын 10-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “гээгдүүлсэн тухай” 1/20 тоот албан бичиг хүргүүлж 000 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэг дахин захиалах эрх бүхий хяналтын дугаар авч, шинээр хийлгэн тогтмол ашиглан үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл, интернэт Кевико компаниудын Хөвсгөл аймаг дахь салбаруудтай компанийн “Т” дээр антен байрлуулах гэрээг уг хуурамч тэмдгийг ашиглан байгуулж, 000 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд “Т ”, “Х” ХХК-уудын болон өөрийн дансаар шилжүүлэн авч “гүйцэтгэх захирлын болон харуулын цалин олгосон” гэх нэрийдлээр завшиж “Х” ХХК-д 87,542,070 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.14-т заасан "мөрдөгч өөр нутаг дэвсгэрт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, ... шаардлага гарвал энэ тухай даалгаврыг бичгээр хүргүүлэх ба түүнийг хүлээн авсан мөрдөн шалгах байгууллага даалгаврыг хугацаанд биелүүлж, хариуг цугларсан нотлох баримтын хамтаар ирүүлэх” -ээр заасан байна.
8 дугаар хавтаст хэргийн 149 дүгээр хуудаст мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Тэмүлин нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Б.Дашцэрэнд даалгавар хүргүүлсэн байх ба даалгаврын биелэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.14-т зааснаар хүлээж авсан мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөрдөгч нь даалгавраар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Тодруулбал: Мөрдөгчийн даалгаварт: Та “Х” ХХК-ийн түрээсийн орлогын шинжилгээ хийж 2023 оны 12 дугаар сард 23-251 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна. Тус дүгнэлтэд “...Х” ХХК Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд зарцуулагдсан материал, кассын зардлын тооцоо 2023 оны 06-12 дугаар сарын байдлаар нийт 1,462,956,905 төгрөгөөр тооцогдов...” гэсэн байна. Гэвч дүгнэлт хэсгийн зориулагдсан, бусад хэрэглээний тодорхойлолт хэсэгт “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах “Х” ХХК-ийн Мобиком, Юнител, Скайтел, Мобайл, интернет үйлчилгээний Кевико компаниудаас 000 оны 11 дүгээр 27-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн орлогын баримтад эдийн засаг, санхүүгийн шинжилгээ дүгнэлтийг хийж гүйцэтгэв ...” гэсэн байна. Энэ нь шинжээчийн дүгнэлт зөрүүтэй ойлгомжгүй байгаа тул та энэ талаар ярина уу?, мөн тус дүгнэлтэд “...Х” ХХК-ийн дансаар гүйцэтгэх захирал Л.Гын хувийн дансаар, гүйцэтгэх захирлын хамаарал бүхий компани болох “Т” ХХК-ийн дансаар нийт 87,542,070 /наян сая таван зуун дөчин хоёр мянган төгрөг/-ийн түрээсийн орлогыг Мобиком, Юнетил, Скайтел, Жи-Мобайл, интернет үйлчилгээний Кевико компаниудаас төвлөрүүлсэн байна...” гэсэн байна. Дээрх мөнгөн дүнг хувьцаа эзэмшигч нарт тараах ашиг гэж үзэх үү даалгаварт заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэн даалгаврын хариуг 2024 оны 06 дугаар сарын 07-ны дотор хариуг ирүүлнэ үү гэсэн асуултыг асуухаар хүргүүлсэн мөрдөгчийн даалгавар биелэгдээгүй байх тул даалгаврын биелэлтийг хангаж, “Х" ХХК нь Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд 2023 оны 06-12 дугаар сарын байдлаар нийт 1,462,956,905 төгрөг зарцуулсан эсэх асуудлыг шалгаж шийдвэрлэх нь энэ хэрэгт зайлшгүй шаардлагатай гэж үзлээ” гэжээ.
Л.Гыг “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 000оны хооронд албан тушаалын байдлаа ашиглаж компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 000 оны 08 сарын 26-ны өдөр шийдвэр гарч, тэмдгийг хураасан байхад 000 оны 11 сарын 10-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “гээгдүүлсэн тухай” 1/20 тоот албан бичиг хүргүүлж 000 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэг дахин захиалах эрх бүхий хяналтын дугаар авч, шинээр хийлгэн тогтмол ашиглан үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл, интернэт Кевико компаниудын Хөвсгөл аймаг дахь салбаруудтай компанийн “Т” дээр антен байрлуулах гэрээг уг хуурамч тэмдгийг ашиглан байгуулж, 000 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд “Тэс гүн”, “Х” ХХК-иудын болон өөрийн дансаар шилжүүлэн авч “гүйцэтгэх захирлын болон харуулын цалин олгосон” гэх нэрийдлээр завшиж “Х” ХХК-д 87,542,070 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд 2023 оны 06-12 дугаар сарын байдлаар нийт 1,462,956,905 төгрөг зарцуулсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй болно. Шүүх хэргийг прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэрлэнэ.
2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23-251 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлтэд Сант сургуулийн 1.4 тэрбум төгрөгийн талаар дурдагдаагүй байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй шаардлагагүй.
Гурав. Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан асуудлыг бүрэн хянаж ирүүлээгүй байна гэж дүгнэлээ.
Учир нь: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгт: ". 2010 оноос хойших 3 асуудалд гомдол гаргасан. Хөдөө аж ахуй яамны харьяа газар тариалан дэмжих сантай мөн дээрх хуурамч баримтуудаар үндэслэн 1,4 орчим тэрбум төгрөгийн улаан буудай хадаж өгнө гэсэн гэрээ байгуулж бусдад зарж хөрөнгийг нь хувьдаа завшсан. Энэ 1,4 орчим тэрбум төгрөгөө Улаанбаатар хотод байх Сант сургуулийн өргөтгөлд зарцуулсан гэж хуурамч баримт бүрдүүлсэн байсныг мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад хийлгэсэн аудитын компанийн дүгнэлтээр тогтоосон. Энэ мөнгө нь “Х” ХХК- ийн нэр дээр Монгол банкны өөрийн мэдээллийн санд идэвхтэй ангилалд бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Л.Г нь дээрх бүх асуудалд өөрийн эхнэр Д.Нгийн “Тэс гүн” ХХК-тай хамтарч хийсэн болох нь баримтаар тогтоогддог тул Д.Нг хамтрагчаар оролцсон гэж тогтоон шалгаж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 107 тал/-д хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана” гэж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгаас 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэгт Л.Гын эхнэр “Тэс гүн” ХХК-ний захирал Д.Нтай хамтарч үйлдсэн байх тул хамтрагчаар оролцсон эсэхийг шалгаж өгнө үү гэсэн мэдүүлэг өгсөн.
Мөн Д.Бгийн мэдүүлэгт “2010 оноос хойших 3 асуудалд гомдол гаргасан. Хөдөө аж ахуй яамны харьяа газар тариалан дэмжих сантай мөн дээрх хуурамч баримтуудаар үндэслэн 1,4 орчим тэрбум төгрөгийн улаан буудай хадаж өгнө гэсэн гэрээ байгуулж бусдад зарж хөрөнгийг нь хувьдаа завшсан. Энэ 1,4 орчим тэрбум төгрөгөө Улаанбаатар хотод байх Сант сургуулийн өргөтгөлд зарцуулсан” гэж хуурамч баримт бүрдүүлсэн байсныг мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад хийлгэсэн аудитын компанийн дүгнэлтээр тогтоосон.
Уг мэдүүлэгт дурдагдсан Д.Нгаас гэрчээр мэдүүлэг авсан ба хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй учраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаагүй байдаг.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь Аймгийн прокурорын газарт Д.Нг шалгуулах талаар хүсэлт гаргаагүй, хэрвээ хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлт, гомдлын бүртгэлд авч ажпын 5 өдрийн дотор шийдвэрлэж хариуг өгөх боломжтой юм.
Харин 5 дугаар хавтаст хэргийн 163 дугаар талд Л.Гад 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба 8 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй болно.
Дөрөв. Яллагдагч Л.Г нь “Х” ХХК-ийн 000 оны 08 сарын 26-ны өдрийн үүсгэн байгуулагчдын тогтоол, шийдвэрийн эх сурвалж тодорхойгүй эх сурвалжийг тодорхой болгох талаар хүсэлт гаргасан байна.
Өөрөөр хэлбэл “Х” ХХК-ийн 000 оны 08 дугаар сарын 26- ны өдрийн үүсгэн байгуулагчдын тогтоолын эх сурвалж тодорхой бус, 2 дугаар хавтаст хэргийн 98 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 5 дугаар тал, 1 дүгээр хавтаст хэргийн 178 дугаар талд авагдсан үүсгэн байгуулагчдын тогтоол хуулбар нь канондож ирүүлсэн “хуулбар үнэн” дардас дарагдаагүй, ямар учраас эх баримтыг ирүүлээгүй болох нь тодорхойгүй байх тул уг баримтыг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байх ба мөрдөгч эрүүгийн 000 дугаартай хэрэгт нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж үзлээ” гэжээ.
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Шижир 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эд зүйл баримт бичиг хэрэгт тусгахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүйн дээр “Х” ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байдал, түний хувийн хэрэгт үзлэг хийж хэрэгт хавсаргасан байна.
Тав. “Яллагдагч Л.Гын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгт “уг тамгыг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөгч М.А гэдэг залууд прокурорын тогтоолоор хураалгасан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 40 тал/ хохирогч Д.Бгийн өгсөн мэдүүлэг, гэрч Н.Нгийн мэдүүлэг, прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /1 хх-ийн 55 тал/, мөрдөгчийн эд мөрийн баримт түр хураан авсан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэл /1 хх-ийн 56 тал/ зэрэг баримтуудаас үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 000 дугаартай тогтоол, Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Яллагдагч Л.Гад холбогдох эрүүгийн хэргийн тухай” 231 дугаартай яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэрэг болсон гэх цаг хугацаа зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй байна.
Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн эд мөрийн баримт түр хураан авсан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэлээр “Х” ХХК-ны 000 дугаартай, регистрийн 000 дугаартай тамгыг хураан авсан байхад 000оны хооронд гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, гэмт хэргийг хэзээ үйлдэгдсэн нь тодорхой бус байна” гэжээ.
Шүүх дүгнэхдээ 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр прокурорын зөвшөөрлөөр “Х” ХХК-ны 000 дугаартай, регистрийн 000 дугаартай тамгыг хураан авсан байхад 000оны гэмт хэрэг болсон гэх цаг хугацаа зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй гэж тайлбарлажээ.
Яллагдагч Л.Гыг “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл, интернет Кевико компаниудын Хөвсгөл аймаг дахь салбаруудтай компанийн “Т” дээр антен байрлуулах гэрээг уг хуурамч тэмдгийг ашиглан байгуулсан байна.
Хэдий Л.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Х” ХХК-ны 000 дугаартай, регистрийн 000 дугаартай тамгыг хураалгасан ч уг компаниудтай байгуулсан гэрээний хугацаа нь дуусаагүй үргэлжилж байсан байна.
Зургаа. Мөрдөгч, прокурор нь Д.Бг компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар хохирогчоор тогтоосон бол бусад хувьцаа эзэмшигч нар болон компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд /М.Б-5,03, Б.Б-3.4, Б.Г-6, Б.Б-4 хувь хувьцаатай/ мөн хохирогч байх боломжтой бөгөөд Д.Бг Компанийн тухай хууль, Х ХХК-ний ямар дүрмийг үндэслэж хохирогчоор тогтоосон нь тодорхойгүй, хууль дүрэм нь хүчин төгөлдөр мөн эсэхэд хууль зүйн зүйн дүгнэлт хийгээгүй байна.
“Х” ХХК-ний хууль ёсны төлөөлөгчөөр Д.Бг /19 хх-ийн 101 тал/ тогтоосон байхад 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор эрүүгийн 000 дугаартай хэрэгт дахин хохирогчоор тогтоож, хохирогчоос мэдүүлэг авсан нь ойлгомжгүй байна” гэжээ.
Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр Д.Б нь хүнд өвчтэй байгааг нотолсон эмнэлгийн баримт авагдаж “Х” ХХК-ийн захирал Б.Тын хүсэлт, шийдвэрийг хүлээн авч шүүх Х ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Быг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэх захирал Б.Төрболд томилогдсон байна.
“Х” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаартай гүйцэтгэх захирал Б.Тын тус компанийг төлөөлж Д.Бд итгэмжлэл олгосон тул хохирогч Х.Д, Д.Нг хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Иймд “Х” ХХК-ийг төлөөлж хууль ёсны төлөөлөгч Д.Бг тогтоосон нь үндэслэлтэй байна. Д.Бг ХХК-ийг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон учраас дахин мэдүүлэг авсан болно. Анхан шатны шүүхээс Д.Бг хүнд өвчтэй байгаа тул компанийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Быг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Долоо. “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай” гэжээ.
"Х" ХХК-нд учруулсан хохирлыг “Д” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг 87,542,070 төгрөг гэж гаргасан.
“Д” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25-174 дугаартай шинжээчийн: “Х” ХХК нь 000 оны 04 дүгээр улирлаас 2021 оны 04 дүгээр улирлыг дуустал хугацааны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаас харахад нийт 199,547,936 төгрөгийн борлуулалтын орлогыг төвлөрүүлсэн байх бөгөөд үүнээс 216,074,186 төгрөгийг борлуулсан бүтээгдэхүүний өртөг, удирдлага болон борлуулалтын үйл ажиллагааны зардал, үндсэн бус үйл ажиллагааны зардалд зарцуулсан байдалтай байна. “Х” ХХК нь 000 оны 04 дүгээр улирлаас 2021 оны 04 дүгээр улирлыг дуустал хугацаанд нийт 241,172,739 төгрөгийн ажилчдын цалин, татвар, хураамж болон бусад компанийн зардлыг гаргасан байна. Тус аж ахуй нэгжийн нийт борлуулалтын орлогын дүн 199,547,936Т байна.
Дээрх борлуулалтын орлого нь бүгд Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл, интернэт үйлчилгээний Кевико компаниудаас төвлөрүүлсэн түрээсийн орлого биш байгаа бөгөөд бусад үндсэн үйл ажиллагаатай холбоотой борлуулалтын орлого төвлөрсөн байх тул дээрх зардлын дүнг ялган гаргах боломжгүй байна.
Тодруулбал: “Дамно” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25-174 дугаартай дүгнэлтүүдийг хохирлын хэмжээг бодитой тогтоосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, “Х” ХХК нь 000 оны 04 дүгээр улирлаас 2021 оны 04 дүгээр улирлыг дуустал хугацаанд нийт 241,172,739 төгрөгийн ажилчдын цалин, татвар, хураамж болон бусад компанийн зардал гаргасан байхад орлогын дүн 199,547,936 төгрөг гэж дүгнэж, нэмэлтээр “Х” ХХК-ийн санхүүгийн болон дэлгэрэнгүй задаргааны хамт ирүүлснээр шинжилгээ хийх боломжтой байна гэж дүгнэж ирүүлсэн байхад мөрдөгч прокурор нь компанийн санхүүгийн тайлан болон бусад шаардлагатай материалыг хүргүүлж бүрэн гүйцэт дүгнэлт гаргуулаагүй бодит хохирлыг нарийвчлан тооцоогүй” гэжээ.
Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Т нь шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа санхүүгийн болон дэлгэрэнгүй задаргаа болон бүхий баримтыг нэмэлтээр явуулж дүгнэлт гаргуулсан байна. Энэ хэрэгт дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Хэрвээ шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж шийдвэрлэх боломжтой юм.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/733 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Яллагдагч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр гаргасан шүүгчийн захирамжийг зөв гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Яллагдагч Л.Г нь “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 000оны хооронд албан тушаалын байдлаа ашиглаж компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 000 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гарч, тэмдгийг хураасан байхад 000 оны 11 сарын 10-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “гээгдүүлсэн тухай” 1/20 тоот албан бичиг хүргүүлж 000 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэг дахин захиалах эрх бүхий хяналтын дугаар авч, шинээр хийлгэн тогтмол ашиглан үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл, интернет Кевико компаниудын Хөвсгөл аймаг дахь салбаруудтай компанийн “Т” дээр антен байрлуулах гэрээг уг хуурамч тэмдгийг ашиглан байгуулж, 000 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд “Т”, “Х” ХХК-уудын болон өөрийн дансаар шилжүүлэн авч “гүйцэтгэх захирлын болон харуулын цалин олгосон” гэх нэрийдлээр завшиж “Х” ХХК-нд 87,542,070 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх яллагдагч Л.Гад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газарт буцаасан байх ба шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл нь дахин засуулахаас өөрөөр тогтоох боломжгүй буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох”, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийг чанд сахих” үүрэгтэй.
Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдал, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал байгаа эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоох учиртай.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал” буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, мөн зүйлийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн нотлоогүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Тодруулбал,
Хөвсгөл аймгийн прокурорын газраас Л.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагч дээрх гэмт хэргийг хэрхэн үйлдсэнийг нотлон тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэрхэн, ямар байдлаар өөрийн мэдэлд оруулсан, захиран зарцуулсан, завшсан болохыг холбогдох баримтаар нотлооогүй.
Мөн дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоогоогүй байна. Тодруулбал, хөрөнгийн үнэлгээний Д компаниар хийлгэсэн түрээсийн орлогын шинжилгээгээр үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл, интернэт Кевико компаниудын Хөвсгөл аймаг дахь салбаруудаас гэрээний төлбөрт “Х” ХХК-ийн дансаар 47,212,070 төгрөг, “Тэс гүн” ХХК-ийн дансаар 39,230,000 төгрөг, Л.Гын дансаар 1,100,000 төгрөг, нийт 87,542,070 төгрөгийн түрээсийн орлого орсныг тогтоосон байх ба уг хэмжээгээр хохирлыг тогтоосон нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь, дээрх дүгнэлтэд “...дэлгэрэнгүй санхүү байдлын тайлан, орлогын тайлангийн үзүүлэлтүүд дутмаг байх тул ...хугацаанд олсон түрээсийн орлогын зарцуулалтын дэлгэрэнгүйг тооцох боломжгүй байна.” гэж тусгасан байх ба орлогын зарцуулалт тооцоогүй дүгнэлтийг үндэслэн хохирол тооцсоныг хохирлыг бодитой тогтоосон гэж дүгнэх үндэслэлгүй.
Түүнчлэн гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг зөв тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Эдгээрээс гадна тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай магадлал, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг бүрэн гүйцэт явуулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/733 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ