Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2019/00073

 

******* сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй хариуцагч *******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00355 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 360.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэний гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. ******* нь 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл ******* хорооллын 101 дүгээр байрны 30 тоот орон сууцанд оршин сууж байна. ******* хорооллын оршин суугчдын хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын зардлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу харуулын албаны хөлс нь 1 сард 7500 төгрөг байхаар тогтоосон байдаг. ******* нь 101 дүгээр байрны 30 тоот орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдрах хугацаандаа буюу нийт 4 жилийн хугацааны харуул хамгаалалтын хөлс 360000 төгрөг болно. Уг 360000 төгрөгийг задалж үзвэл 2015 онд 90000 төгрөг, 2016 онд 90000 төгрөг, 2017 онд 90000 төгрөг, 2018 онд 90000 төгрөг нийт 360000 төгрөг төлөх ёстойгоос огт төлөлт хийгээгүй. Энэхүү үйлдэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заагдсан сууц өмчлөгчийн үүргээ зөрчсөн үйлдэл юм. Иймээс *******эс ******* хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс болох 360.000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбараа:

Миний бие дээрх нэхэмжлэлийг эсэргүүцэн тайлбар гаргаж байна. 2013 оны 03 сард 101-р байрны гадаа СӨХ байгуулах тухай хурал болсон. Би тэр хурал гэх жүжгийг тавцан дээрээсээ харсан. Номингийн өөрийн байгуулсан тоглоомын СӨХ-ны дарга Баттуяаг даргаар нь сонгосон. Хуралд 21 хүн оролцсон. Дараа нь харуулын мөнгө гэх 7.500 төгрөгийг бүх оршин суугчдаас нэхэх болсон. Би хуулийн дагуу СӨХ-ны мөнгө 8.600 төгрөгийг сар бүр төлдөг. Эхнэр бид 2 группт байдаг. Группийн мөнгө тун бага, ийм учраас хууль бус зүйлийг дэмжиж чадахгүй. Би бүх гишүүдийн хуралд нэг удаа суусан. Эхний удаад бол болконоороо хурал хийж байхыг нь харсан. Энэ СӨХ бол оршин суугчдын дундаас томилогдсон СӨХ ерөөсөө биш юм. Эхний ээлжинд 24 хүн гадаа хурал хийсэн. Тэр хурал дээр Баттуяаг даргаар тавиулъя гэж байсан. Би 2013 онд энэ байранд орсон. Тэр хурал дээр тиймэрхүү юм яригдаад харуул хамгаалалттай байя гэсэн санал тавьсан. Гагцхүү тэр надаас гарч байгаа 8.700 төгрөгтөө энэ харуулын зардлаа багтаамаар байна. Бид шинэ байранд орсон оршин суугчид. Нэг ширхэг хадаас ч хадах, нэг ширхэг будаг түрхэх шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ мөнгийг биднээс илүү аваад байна. СӨХ-ны хүмүүс харуул асар их юм харж байгаа гэдэг юм. Хамгийн гол нь Монгол улсын ерөнхийлөгчөөсөө эхлээд СӨХ-ны дарга хүртэл хулгайн зүйл хийж байгаад харамсаж байна. Шударга бус байгаа зүйлийг үзэж чадахгүй байна. Манай СӨХ-ны дарга Баттуяа намайг сайн танихаас гадна хүндэлдэг. Үнэхээр харуул хэрэгтэй бол машинтай хүмүүсээс нь тэр төлбөрөө ав гэж хэлсэн. Машингүй хүмүүсээс битгий ав гэсэн. Би 80 айлын санал авсан. Дээрх 80 айл харуулын мөнгө авч байгаа дээр нь СӨХ-ны мөнгө авч байгаа нь 2 давхар юм болоод байна гэж үзсэн. Өнөөдөр 189 айлын эрх ашгийг тэр үеийн 20, 30 хүний санал хангах боломжгүй юм. Энэ байрны зарим айлууд олон гомдол хэлдэг. Хуульд нийт өрхийн 50 хувь нь оролцсон тохиолдолд бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/355 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 360.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий , хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж хуульчилсан байдгаас үзэхэд нэхэмжлэгч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалттай холбогдон гарсан зардлыг оршин суугчдаас шаардах эрхтэй. ******* хорооллын оршин суугчид Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлж байхаар хуульчилсан. Харин дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын зардлын талаар нарийн хуульчлагдаагүй байдаг. Энэ нь хувийн эрх зүйн зарчим болох хориглосноос бусдыг зөвшөөрөх зарчимд хамаарах асуудал тул ******* хорооллын оршин суугчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь хуульд тусгагдаагүй буюу хэрхэн шийдвэрлэхийг оршин суугчдад нээлттэй үлдээсэн байдаг. Оршин суугчдад дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг өөрсдөө хамгаалах, харуулын албанд тодорхой хөлс төлж хамгаалуулах, огт хамгаалалтгүй байх ч эрх нь байгаа. Гэвч уг асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурал, түүнийг үндэслэн гаргасан шийдвэрээр шийдвэрлэх боломжтой. Уг асуудлаар ******* сууц өмчлөгчдийн холбооноос 2013 онд бүх гишүүдийн хурлыг хэсэгчлэн хуралдуулж 100%-ын саналаар оршин суугчид харуул хамгаалалтын алба ажиллуулах нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн. Мөн уг асуудлын талаар 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд оршин суугчдаас бичгээр санал хураах ажлыг зохион байгуулсан. Уг санал асуулга 4 асуулт, чөлөөтэй санал илэрхийлэх нэмэлт 1 хэсгээс бүрдэх санал асуулгаар дамжуулан оршин суугчдын саналыг авах зорилгоор явагдсан. Уг санал асуулгад:

-СӨХ-ны үйл ажиллагааг үнэлж дүгнэвэл

-Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, арчлалт хэр зэрэг байгааг дүгнэвэл

-Харуул хамгаалалт цаашид ажиллуулах шаардлагатай эсэх

-Харуул хамгаалалтын зардлыг яаж хувиарлавал зүйтэй талаар

-Цаашид СӨХ ямар ажил зохион байгуулах талаар /нөхөж бичих хэсэг/

-Бүх гишүүдийн хурлыг хэзээ зарлах талаар асуусан байдаг.

******* СӨХ-с бүх гишүүдийн хурлаар хэлэлцэгдэх асуудлуудын дагуу дээрх асуулгыг бичгэн хэлбэрээр бэлтгэж оршин суугчдаас саналыг авсан. Уг саналын хуудсанд ойлгомжгүй, тодорхойгүй, хоёр утга агуулсан асуулт нэг ч байхгүй. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын талаар оршин суугчид харуул хамгаалалтын албаар дамжуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтыг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн нь хэрэгт авагдсан байгаа. Хэдийгээр хариуцагч ******* нь уг санал асуулгад харуул хамгаалалтын алба шаардлагагүй гэж санал өгсөн боловч Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилснаас үзэхэд олонхын саналаар шийдвэрлэгдсэн зардлыг ******* төлөх үүрэг хүлээх учиртай. Мөн шүүх хуралдаанд Эрдэнэ нь харуул хамгаалалт байх хэрэгтэй, гэхдээ машинтай айлаас авах хэрэгтэй гэх саналыг хэлж байсан нь уг зардлыг хүлээн зөвшөөрч байгааг илтгэж байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дутаар сарын 26-ний өдрийн 142/ШШ2019/00355 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******эс дундын өмчлөлийн эд хөрөнгө хамгаалалтын хөлс 360.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* СӨХ нь 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян-Цагаан багт байрлах ******* хотхоны 101, 102, 104 дүгээр байруудын сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалан ажиллах болсон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар дундын өмчлөлийн хамгаалалтын хөлсийг нэг өрхөөс 7.500 төгрөгөөр тооцон авахаар шийдвэрлэж харуул хамгаалалтын албатай тохиролцож харуул ажиллуулах болсон тухай үйл баримтанд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ бид нараас СӨХ-ийн хөлс гэж 8.000 төгрөг авдаг түүнээс харуул хамгаалалтын хөлсөө гаргаад авах боломжтой, тухайн үед хуралд оролцсон цөөн айлын саналаар нийт айлын эрх ашгийг шийдвэрлэх боломж байхгүй, хуульд нийт өрхийн 50 хувь оролцсон тохиолдолд бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно гэж заасан хурлын ирц бүрдээгүй байхад хамгаалалтын хөлс гэж сар бүр нэг өрхөөс 7.500 төгрөг авахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гарган мэтгэлцэж байна.

Шүүх 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар нийт 207 сууц өмчлөгчөөс 50 өмчлөгч хуралд биечлэн ирж хурлаар дундын эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтын байдлыг харгалзан цаашид гэрээт харуул ажиллуулж хөлсийг нь өмнө мөрдөж байсан 1 өрх 7.500 төгрөг байхаар тогтоож шийдвэрлэсэн нь СӨХ-ын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан бүх гишүүдийн 50 хувиас дээш оролцсоноор хурал хүчинтэй болно гэсэн заалттай нийцээгүй 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд ******* СӨХ-ын бүх гишүүдийн хурлыг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зарлан хуралдуулахад бүх гишүүдийн ирц хүрээгүй тул хурлыг 14 хоногоор хойшлуулан хуралд биечлэн оролцох боломжгүй сууц өмчлөгч түүний төлөөлөгчөөс түүний хурлаар хэлэлцэх, шийдвэрлэх асуудлаар саналыг бичгээр авч дараагийн хуралд танилцуулах энэ нь эчнээ санал хураалтаар оролцож санал өгсөнд тооцогдохоор шийдвэрлэж байсан нь нотлох баримтаар тогтоогдож, энэхүү үйл ажиллагаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх СӨХ-ын бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл зохигчийн мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй зүйлийн талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчмыг зөрчжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон СӨХ-ын 2016 оны бүх гишүүдийн хурал түүний шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж байгаагүй энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байхад хурлын шийдвэр хүчин төгөлдөр бус гэж дүгнэлт хийсэн нь буруу байна.

Сууц өмчлөгч нь иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2., 147 дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагч ******* нь хуульд зааснаар харуул хамгаалалтын хураамж төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй тул СӨХ-ын харуул хамгаалалтын сар бүрийн хөлсийг төлөх үүрэгтэй болно.

Хариуцагч ******* нь эхнэрийн хамт өвчний учир тахир дутуугийн тэтгэмж авдаг, ажил эрхэлдэггүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул энэ байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг буюу 180.000 төгрөгийг гаргуулж ******* СӨХ-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00355 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтын хөлс 360.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3., 148.3., Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3., 13.2.9.,-д зааснаар хариуцагч *******эс харуул хамгаалалтын хөлс 180.000 төгрөг гаргуулж ******* СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаарлагаас 180.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй гэсний дараа *******эс Улсын тэмдэгтийн хураамж 6050 төгрөг гаргуулж ******* СӨХ-д олгосугай гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.450 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ