Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/1427

 

   

 

 

 

  2025            12             16                                      2025/ДШМ/1427                      

 

Ц.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч А.Ариунболд,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2317 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч А.Ариунболд, Б.Энхболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Б-т холбогдох эрүүгийн 2502000000204 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

Ц.Б- нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй “****” ХХК-иас 20 ширхэг падаанаар 908.450.000 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 90.845.000 төгрөгөөр бууруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б-ыг “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон,...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 90.845.000 (ерэн сая найман зуун дөчин таван мянга) төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн татварын хэлтэст олгож, Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч А.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс гэм буруутайд тооцсон үндэслэл тодорхойлохдоо Ц.Б-ын мэдээгүй, хамааралгүй нөхцөл байдлыг тодруулахгүйгээр буюу гэмт хэргийн үйлдэл, сэдэл, шалтгаант холбоог авч үзэхгүйгээр буруутгасан, мөн иргэний нэхэмжлэгч Ш.- бодит байдалд нийцээгүй мэдүүлгийг тодруулахгүйгээр нотлох баримтын хэмжээнд үнэлсэн. Өөрөөр хэлбэл Ц.Б-т хуулийн хугацаанд тайлан залруулж зөвтгөх хугацаа олгосон гэдэг нь үндэслэлгүй бөгөөд татварын байгууллагаас тухайн онуудад татварын хяналт шалгалт оруулж өөр асуудлаар, өөр үнийн дүнгээр зөрчил илрүүлсэн бөгөөд энэхүү буруутгагдаж буй гэмт хэргийн үнийн дүн, үйл баримтыг огт дурдаагүй, ийм зөрчил илрүүлээгүй. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал тогтоох шаардлагатай дараах үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, гэм буруугийн асуудлаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгдэгч талын эрх зүйн байдалд ашигтай, цагаатгах талын баримт хэрэгт байхгүй, уг ажиллагаа хийгдээгүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр уг нөхцөл байдлыг тодруулах хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг шүүгдэгчид ашиггүй байдлаар шийдвэрлэсэн. Хэргийн үйл баримт, нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа  дутуу хийгдсэн. Ц.Б- нь анх 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө **** ХХК-иас барилгын бараа материал худалдан авсан, үүний дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараа тайлагнасан талаар ярьсан байдаг. Тухайн бараа материал худалдан авсан үед гэрээний дагуу нягтлан авч ажиллуулсан, нягтлан нь НӨАТ-ын тайланд дурдсан нөхцөл байдлыг тодорхой мэдэж байгаа гэх тайлбар өгсөн боловч үүнийг тодруулахгүйгээр хий бичилт хийлгэн татвараас зайлсхийсэн гэж яллагдагчаар татсан. Хэргийг шалгахдаа барилгын материал үнэхээр авсан эсэх, төлбөр тооцоог яаж, хэн шилжүүлсэн эсэх талаар нягтлан болон гуравдагч этгээдээс тодруулахгүйгээр **** ХХК-ийн бусад аж ахуй нэгжид татварын хий бичилт хийсэн нөхцөл байдалтай холбогдуулан яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Б-ыг яллагдагчаар татсаны дараа мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө гэснээр мэдүүлгийг дуусган хэргийн үйл баримтыг тодруулахгүйгээр мэдүүлэг авсан боловч өмгөөлөгчтэй мэдүүлэг аваагүй. Энэхүү гомдолд дурдсан үйл баримтуудыг тодруулаагүй нөхцөл байдлыг үндэслэж мөрдөгч магадлагаа гаргасан бөгөөд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдалтай шууд хамааралтай бөгөөд энэ асуудлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлтийг зөв хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “гэм буруугүйд тооцох” зарчмын дагуу бидний үйлчлүүлэгч Ц.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий, хэрэгт авагдсан баримтууд хоорондоо хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзэж байна. Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг нь тухайн цаг хугацаанд орлогоо бууруулж, татварын тайлан илгээснээр төгсдөг. Татварын ерөнхий хуулийн 29.1 дүгээр зүйлийн 29.1.3-т “хуульд заасан хугацаанд татварын тайлангаа үнэн, зөв тайлагнах” гэж хуульчилсан. Санхүү, нягтлан бодох бүртгэлээр худалдагч, худалдан авагч тал харилцан бие биеийнхээ орлого, зарлагыг нотолж байдаг. Монгол Улсын эдийн засаг, төсвийг бүрдүүлж байгаа татварын үнэн, зөв байдлыг үүгээр хангадаг. Татварын тайлангаа үнэн зөв илгээхийг үүрэгжүүлж, хуульчилсан. Ц.Б-ын удирдан, үйл ажиллагаа явуулж байгаа компани нь огт танихгүй, үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуй нэгжээс шивэлт хийгдсэн, татварын тайлангаа баталгаажуулж, тайлангаа илгээснээр тус гэмт хэрэг төгссөн. Мөн санхүүгийн анхан шатны баримтууд байдаггүй. Татварын ерөнхий хуулиар санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдон тогтоохыг мөн үүрэгжүүлсэн. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, журмын дагуу энэ нь нотлогдож байх ёстой. Ц.Б-ын “****” ХХК-с худалдаж авсан гэж байгаа бараа, бүтэгдэхүүний санхүүгийн анхан шатны баримт, бараа, ажил, үйлчилгээ авсан этгээд байдаггүй. Үнэхээр үйл ажиллагаа явуулж, А гэдэг компаниас авсан юм бол тухайн компаниас авсан баримт, санхүүгийн тайлангаа илгээ гэдэг үүргийг биелүүлээгүй. Үүгээрээ энэ гэмт хэрэг төгс төгссөнд тооцогдож, гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлэсэн. Эрүүгийн хуульд заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн субьектив санаа, зорилго нь Татварын ерөнхий хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байхтай шууд холбоотой. Шүүгдэгчийн өмгөөлөгч нөхөн ногдуулалтын актын тухай ярьж байна. Нөхөн ногдуулалтын акт нь энэ гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал биш. Мөн тухайн цаг хугацаанд татварын байгууллагаас хяналт, шалгалт хийсэн, илрээгүй гэж байна. “****” ХХК-иас худалдан авсан баримттай холбоотой биш, бусад байдлаар буюу хий бичилттэй падаан, бараа, ажил, үйлчилгээ явуулаагүй байсантай холбоотойгоор нөхөн ногдуулалтын акт тавьсан. Мөрдөгчийн магадалгаа нь зөвхөн “****” ХХК-ийн татварын бааз дээр хийгдсэн гэж байна. Мөрдөгч магадлагаанд дурдагдсан татварын ерөнхий бааз дээр хийсэн. Яагаад “****” ХХК дээр гарсан мөрдөгчийн магадлагаанд тулгуурлан “****” ХХК-ийг татвар төлөхөөс зайлсхийсэн болохыг нягталж байгаа вэ гэж байна. Түрүүн хэлсэнчлэн санхүү, нягтлан бодох бүртгэлээрээ худалдагч, худалдан авагч тал нь харилцан бие биеийнхээ орлого, зарлагыг баталж байдаг учраас огт үйл ажиллагаа явуулдаггүй “****” ХХК-иас санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, түүнийг нь ашиглаж, бусад компани татвараас зайлсхийх боломж олгож байгаа нь гол нотлох баримт мөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Ц.Б-т холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч А.Ариунболд, Б.Энхболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Б- нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй “****” ХХК-иас 20 ширхэг падаанаар 908.450.000 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 90.845.000 төгрөгөөр бууруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

иргэний нэхэмжлэгч Ш.Уртнасангийн “...энэ аж ахуйн нэгж Баянгол дүүргийн татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгэлтэй. “****” " ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйл ажиллагаа явуулдаггүй "****" ХХК-иас 17 ширхэг төлбөрийн баримтаар 908.450.000 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр тайлагнаж, улсын төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа 90.845.000 төгрөгөөр бууруулж тайлагнасан үйлдэл гэмт хэргийн шинжтэй байсан. Дээрх аж ахуйн нэгжийн хувьд өндөр дүнтэй НӨАТ-ын тайлангаа нотлох, эсхүл татварын улсын байцаагчтай ирж уулзах талаар татварын албанаас мэдэгддэг. Аж ахуйн нэгжүүд буюу "****", "****” ХХК-иуд нь адилхан тайлангаа залруулах ёстой байсан боловч хуулийн хугацаанд тайлангаа залруулж зөвтгөөгүй тул “****” ХХК улсад төлөх татварын ногдох орлогоо бууруулж татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл хийсэн гэж үзэж байна. ...” /хх 28-29/,

гэрч Э.Б-ийн “...миний санаж байгаагаар 2020 оны 12 дугаар сарын дундаар байхаа Г-гийн эхнэр Ш.Л надад хэлэхдээ "татан буугдаж байгаа компани байгаа юм, түр чиний нэр дээр байлгах гэсэн юм, он гараад өөр хүний нэр дээр болгоно, чи гарын үсэг зураад өгөөч, янз бүрийн асуудал байхгүй" гэж хэлсэн. Түүнд итгээд 100- н айлын улсын бүртгэлийн газарт очиж гарын үсэг зурсан. "****" ХХК-ийн нэр шилжүүлэх үед л гарын үсэг зурсан, дахин ямар ч юман дээр гарын үсэг зурж байгаагүй, компанийн тамга, тэмдэг ч надад байгаагүй. Ажил гүйцэтгэх, бараа таваар худалдан авах, гэрээ хэлцэл хийх зэрэг компанийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн зүйл дээр гарын үсэг зурж байгаагүй. Миний санаж байгаагаар 2021 оны 01 сарын сүүлээр байхаа Эрүүгийн цагдаагийн албанаас намайг дуудах үед Ш.Лг хууль бус үйлдэл хийж байсныг мэдсэн. ...” /хх 56/,

гэрч С.Э-ийн “..."****" ХХК нь 2017-2020 онд цахим төлбөрийн системд 28.469.631.809,09 төгрөгийн борлуулалтын баримтыг нэр бүхий 28 ААН-д НӨАТ-ын хий бичилттэй борлуулалтын цахим баримт бичин татвар ногдуулах орлогоо бууруулах боломж олгосон байна. Өөр хэлбэл "****" ХХК нь ямар нэгэн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй мөртлөө 2017 онд НӨАТ төлөгчийн болзол хангасан аж ахуйн нэгж болоод, нийт 46-н аж ахуйн нэгжид борлуулалтын цахим падаан бичиж, аж ахуйн нэгжүүдийн төлөх татварыг бууруулсан. ...” /хх 58/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...6.“****” ХХК нь 2020 онд “****” ХХК-иас 20 ширхэг төлбөрийн баримтаар 908,450,000 төгрөгөөр бууруулж, тайлагнасан байж болзошгүй байна. ... “****” ХХК-н 2016-2020 оны борлуулалтын нэгтгэлийн 15 дугаар жагсаалтад худалдан авагч 5613655 борлуулагчийн дугаартай “****” ХХК нь 999.595.000 төгрөгийн нийт борлуулалт, татварын танилцуулгад 908.450.000 төгрөг. ...“****” ХХК-н 2016-2020 оны борлуулсан хий бичилттэй падааны мэдээллийн хавсралтын 17 дугаарт “****” ХХК-ийн цэвэр дүн 908.450.000 төгрөг...” гэх Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Энхмаагийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 47240031 дугаартай мөрдөгчийн магадалгаа, хавсралт /хх 3-10, 12/,

“...“****" ХХК нь 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр УБЕГ-т бүртгүүлсэн ба тус компанийг иргэн Бавуухүү овогтой Идэрмөнх үүсгэн байгуулсан, нэг гишүүнтэй компани болох нь УБЕГ-ын https://opendata.burtgel.mn/ нээлттэй мэдээллийн сангаас тогтоогдож байна. “****” ХХК нь 2017-2020 онд цахим төлбөрийн системд 28.469.631.809,39 төгрөгийн борлуулалтын баримтыг нэр бүхий 28 ААН-д НӨАТ-ын хий бичилттэй борлуулалтын цахим баримт бичин татвар ногдуулах орлогоо бууруулах боломж олгосон нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй. ...” гэсэн танилцуулга /хх 42/,

Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 11а-3/4969 дугаар албан бичгийн хавсралтад дурдсан аж ахуй нэгжүүдийн 2020-2023 оны нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааны худалдан авалтын залруулсан болон залруулаагүй мэдээлэл /хх 111/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.Б-ын өөрийн удирдан, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг компанийн их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй компаниас 20 ширхэг падаанаар 908.450.000 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 90.845.000 төгрөгөөр бууруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч А.Ариунболд, Б.Энхболд нар “...хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, эргэлзээ бүхий нотлох баримтууд байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Б-ыг цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

1.“Хуулиар ногдуулсан албан татвар төлөх”-ийг Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван долдугаар зүйлд иргэний үндсэн үүрэг болгосон. Татварыг “албан” гэж тодотгосон нь заавал төлнө гэсэн утгыг агуулна. Өөрөөр хэлбэл, сайн дурын биш гэдгийг илэрхийлнэ.

 

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд “албан татвар” гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг” хэлнэ гэжээ.

 

Татвар бол төлөгч татгалзах эрхгүй заавал төлөх үүрэгтэй, нийтлэг эрх ашгийг хамгаалахад чиглэсэн шинжийг агуулдаг. Мөн татвар улсын санхүүг бүрдүүлэх, хуваарилах, зохицуулах, хянах зэрэг чиг үүрэгтэй.

 

Тийм учраас татвар нь улс орших, нийтлэг эрх ашгаа төрөөр хамгаалуулах, эдийн засгийн үндсийг бүрдүүлдэг гол эх үүсвэр тодруулбал, өөрийн нь амьд явах, эрх чөлөөтэй байх, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эдийн засгийн нэг гол баталгаа тул иргэний үндсэн үүрэг болгосон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь эдийн засгийн гэмт хэрэгт хамаардаг ба гэмт хэргийн үндсэн шинж нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорхойлсон, нуусан үйлдэл байна.

 

Татвар төлөхөөс зайлсхийх гэдэгт хуулийн хүрээнд татварын ачааллаа багасгах, татвар төлөх үүргээ санаатай хэрэгжүүлээгүй буюу татварын албанд мэдэгдэлгүйгээр санхүүгийн үйл ажиллагаа эрхэлсэн үйлдлийг ойлгодог.

 

Аливаа үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцоход Эрүүгийн хуулийн тусгай анги дахь хэм хэмжээний диспозицид заасан урьдчилсан нөхцөлийг буюу гэмт хэргийн объектив, субъектив шинжийг бүхэлд нь хангасан байх учиртай.

 

Энэ гэмт хэргийн объектив үндсэн шинж нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан байх явдал ба ногдох татварын хэмжээ нь их хэмжээний буюу хуульд зааснаар 50 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээтэй байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Ц.Б- нь өөрийн хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх удирдлагаар ажилладаг хуулийн этгээдийн орлого, бараа, ажил үйлчилгээнд хуулиар тогтоосон албан татварыг шударгаар бүрэн тодорхойлж төлөх үүргээ биелүүлэхгүй, бууруулан тайлагнах, эдийн засгийн хууль бус ашигтай байдал бий болгох үүднээс бусдаас бараа, ажил үйлчилгээ худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч баримтын хий бичилт хийлгүүлэн, худалдан авалтын буцаалт хэсэгт тусгасан талаар иргэний нэхэмжлэгч Ш.-ийн “...“****” " ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйл ажиллагаа явуулдаггүй "****" ХХК-иас 17 ширхэг төлбөрийн баримтаар 908.450.000 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр тайлагнаж, улсын төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа 90.845.000 төгрөгөөр бууруулж тайлагнасан үйлдэл гэмт хэргийн шинжтэй байсан. ..."****", "****” ХХК-иуд нь адилхан тайлангаа залруулах ёстой байсан боловч хуулийн хугацаанд тайлангаа залруулж зөвтгөөгүй. ...” гэх мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, “****" ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн танилцуулга зэрэг баримтуудаар давхар нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Тодруулбал, шүүгдэгч Ц.Б- нь “****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “****” ХХК-иас нийт 90.845.000 төгрөгийн татвар ногдох 908.450.000 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй 20 ширхэг санхүүгийн төлбөрийн баримтыг татварын хэлтэст тайлагнан ашигласан нь татвараас зайлсхийх гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрсэн, энэ гэмт хэргийн үндсэн шинж хангагдаж байгаа талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг  шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунболд, Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2317 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч А.Ариунболд, Б.Энхболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.АЛДАР

 

         ШҮҮГЧ                                                           Т.АЛТАНТУЯА

 

         ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН