Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2019/00077

 

*******ын нэхэмжлэлтэй хариуцагч

******* ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдсан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00494 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 51.797.040 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 979 тоот шийдвэрээр ******* намайг Эрдэнэт медикал төв эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ******* ХХК-аас надад 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 40.772.594 төгрөг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хянаж 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 146 дугаар магадлал, мөн Улсын дээд шүүхээс хянаж 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 001 /ХТ2016/01412 дугаар тогтоол тус тус гаргаж, уг шийдвэр хэвээр үлдсэн. ******* ХХК нь цалин хөлстэй тэнцэх олговрыг олгосон хэдий ч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, намайг ажилд эгүүлэн тогтоохгүй байсан. Иймд миний бие нь ******* ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00617 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 139 тоот магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 001/ХТ2017/01376 тоот тогтоолоор 2016 оны 07 дугаар сарын 08-наас 2017 оны 05 дугаар сарын 29-ний хүртэл 38.497.712 төгрөгийг ******* миний биед олгуулж, тус хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхээр шийдвэрлэсэн болно. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан н.Гантулгатай 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр намайг ажилд эгүүлэн тогтоох чиглэлээр ажиллаж байгаа хэдий ч ******* ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээг аваагүй болохыг мэдэгдсэн. Түүнчлэн ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульч Б.Одгарьдад 2018 оны 2, 4, 5, 6, 12-р саруудад удаа дараа дээрхи асуудлаар мэдэгдсэн хэдий ч шийдвэртэй арга хэмжээг аваагүй болно. Энэхүү байдлаас үүдэн миний эрүүл мэнд болон санхүүгийн байдалд хүндрэл учирч, ялангуяа эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилт дутуугаас үүдэн аливаа эмнэлэгт ч үзүүлэх боломжгүй болж, эрүүл мэндээрээ асар их хохирч ирсэн. Иймд ******* ХХК-аас 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл надад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 41.472.535,20 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

******* тус шүүхэд хандаж "*******" ХХК-аас ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт ажлын 237 өдрийн 41.472.867 төгрөг гаргуулан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөрөө тооцож шаардсан байсан бөгөөд шүүх хурал 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хийхээр товлон зарласан учир мөн өдөр хүртлэх хугацааны ажлын өдөр 296 өдөр болж байгаа юм. Нэхэмжлэгч ******* анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа "*******" ХХК-иас нөхөн төлбөрт 41.472.867 төгрөг гаргуулан авахаар шаардсан бөгөөд энэ дүнгээ 10.324.173 төгрөгөөр нэмэгдүүлж 51.797.040 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ажилтны цалин хөлсөд ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал хамаарна. Харин нэмэгдэл хөлс гэж ажилтан, алба хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй буюу зааснаас илүү ажил үүрэг гүйцэтгэсэн. Эсвэл үндсэн ажил, үүргээ ердийн бус горимоор гүйцэтгэсэн тохиолдолд ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг хэлнэ. Гэтэл нэхэмжлэгч нь одоог хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй хууль, журамд заасны дагуу өөрийн биеэр ажиллаагүй буюу өөрөөр хэлбэл энэ цаг хугацаанд илүү цагаар ажиллах байсан эсвэл нэмэлт ажил үүрэг гүйцэтгэх байсан эсэх нь тодорхойгүй байхад түүний нэхэмжилсэн нэг өдрийн дундаж цалингийн хэмжээгээр цалин хөлсийг хамтатган тооцох нь буруу байна. Мөн нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал нь ******* ХХК-ийн бүтцээс гарсан буюу түүнийг өмнө эрхэлж байсан ажилд нь томилж ажиллуулах бүтцийн нэгж нь бие даасан байгууллага болсон. Хэрэв нэхэмжлэгчийг өөр ажил албан тушаалд ажиллуулах талаар ямар нэг тохиролцоонд хүрч чадахгүй, эсвэл бүтцийн өөрчлөлтөөр тухайн албан тушаалыг дахин шинээр бий болгоогүй гэх мэт тохиолдолд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг удаа дараалан нэхэмжилсээр байж болох нөхцөл байдал үүсээд байна. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуульд ямар нэг эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд нэг талаас эрх зүйн хийдлийг ашиглах боломжийг хэргийн оролцогчид олгохоор байна. Манай талаас нэхэмжлэгчид Эрдэнэт Үйлдвэр ХХК-ний Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн ажил санал болгосон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх бүхий бус этгээдтэй уулзсан. Энэ санал дээрээ цалин хөлс дурдаагүй байсан гэж байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь манайд байхгүй болчихсон учраас адил чанарын буюу өмнө нь авч байсан хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлсийг нь дордуулахгүйгээр цалин хөлс олгоно. Өөрийн чинь ажил мэргэжилд тохирсон ажил байгаа гэхээр энэ саналаас татгалзсан. Нэхэмжлэгч ажил хийе гэдэг байдлаар хандахгүй, ажлын байр санал болгоод байхад ажил хийхгүй байж байгаад цалин хөлс нэхэмжилдэг. Муугаар ярихад зүгээр сууж байгаад цалин аваад байдаг. Иймд дээрх үндэслэлээр иргэн *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ 41.472.867 төгрөг нэхэмжилсэн байх ба уг шаардлагаа 2019.04.08-ны өдрийн байдлаар 51.797.040 төгрөг болгон нэмэгдүүлжээ. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас нотлох баримт гаргуулан хэрэгт хавсаргасан 2019.03.20-ны өдрийн 8/816 тоот албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч нь 2016.04 сараас 2016.11 сар хүртэл хугацаанд Монгол улсын Хөгжлийн банкинд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь баримтаар нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ...хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь ажилгүй байх хугацаандаа өөр байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байсан байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг үндэслэн 51.797.040 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00494 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 51.797.040 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгддөгийг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Шүүх *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 буюу өмнөх шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 заалт нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа юм. Түүнчлэн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалт нь хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж, тухайн комиссоос гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах эрхийг зохицуулсан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг дагаж мөрдөх тухай заалт билээ. *******ыг ажлаас халсан тухай ******* ХХК-ийн ерөнхий захирлын тушаалыг эс зөвшөөрч шүүхэд анх 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан нэг сарын хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан ба шүүх миний гомдлыг хүлээн авч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2016/00979 тоот шийдвэрээр *******ыг Эрдэнэт медикал төв эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулж шийвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2016/979 тоот дугаартай энэхүү шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй бөгөөд хариуцагч болох ******* ХХК *******ыг ажилд авахгүй, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, *******ын эрх зөрчигдсөн хэвээр байгаа. Ийнхүү *******ын эрх зөрчигдсөн хэвээр байхад *******ыг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, *******ын зөрчигдсөн эрх сэргэж ажилдаа орсон бол авах ёстой байсан цалинтай тэнцэх нөхөн олговрыг шаардах эрх маань энэхүү ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай салшгүй нягт холбоотой ажилд авах хүртэл тасралтгүй үргэлжлэх эрх юм. Гэтэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардлага гаргаж анх шүүхэд хандах Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг одоо хэр нь зөрчигдсөн хэвээр байгаа эрхийн хамгаалалтанд хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гаргаж боломгүй бүдүүлэг алдаа болсон гэж үзэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр бүлгийн 74 дүгээр зүйлээс эхлэн 82 дугаар зүйлийг дуусталх зохицуулалтууд үүнд хамаарч байна. Тус хуулийн 80 дугаар зүйлд Хуулийн хүчин төгөлдөр шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулжээ. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна гэж заасан. Энэхүү заалтаар *******ын ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах шаардлага нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийн үндсэн дээр хүчин төгөлдөр байгаа бөгөөд 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх юм. *******ын шаардлага үндэслэлтэй талаар нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр гарсан. Цалинтай тэнцэх нөхөн олговор авах шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох талаархи шаардлагын дагавар нэхэмжлэл бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа болох 10 жилийн дотор гаргасаар байж болох эрхтэй байтал энэхүү хүчинтэй байгаа шаардлагыг дундаас нь тасалж аваад шүүхэд анх нэхэмжлэл гаргах Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэг сарын хугацаа, хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах 3 сарын хугацаатай хольж хутгаж *******ыг хохироосонд гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4-р сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00494 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрт *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-аас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 41472535.20 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* Эрдэнэт медикал эмнэлгийн захирлаар ажиллаж байгаад халагдсан ба Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 979 дугаар шийдвэрээр Эрдэнэт медикал эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 40772594 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1412 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Хариуцагч ******* ХХК нэхэмжлэгч *******ыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн аваагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул ******* ажилгүй байсан хугацааны цалинг шаардаж удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байсан байх ба шүүх сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан шүүхийн шийдвэр 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж эхэлсэн байна гэж дүгнэсэн байгаа боловч хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ямар ажиллагаа явуулсан болох нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зардал гаргуулах гэрээ гэсэн баримт авагдсанаас /хх 31, 32/ үзэхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дууссан гэж үзэхээр байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгч *******ын цалинг бууруулахгүйгээр өөр төрлийн ажил олгоход зөвшөөрөөгүй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн. *******ыг ажилд эргүүлэн тогтоолгох тухай шаардлага биелэгдсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэх, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх талаар ямар ажиллагаа хийгдсэн болох, хэрэв шийдвэр биелэгдээгүй багаа бол хэний буруутай ажиллагаанаас шалтгаалж шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа асуудлыг тодруулснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангах эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

Шүүх хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ гэрээний 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй болохыг заасан бөгөөд зохигчдын хооронд үүссэн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан үндсэн цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилсэн нэхэмжлэл буюу хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан маргаанд 3 сарын хугацааг баримтлахаар байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөхгүй хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдлыг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00494 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ