| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/08814/И |
| Дугаар | 191/ШШ2026/01855 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/01855
| 2026 02 02 | 191/ШШ2026/01855 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, О.Золбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,од оршин суух гийн /рд:/-д холбогдох холбогдох
Гэм хорын хохиролд 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., өмгөөлөгч Л., хариуцагчийн төлөөлөгч С., Г., өмгөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б., өмгөөлөгч Л. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б., Г. нар нь Сүхбаатар дүүргийн,од байрлах дөрвөн давхар объектын 1 давхрыг В.******* миний нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлээд 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн*******, Улсын Их Дэлгүүрийн орчимд нэхэмжлэгч надаас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр нийт 60,000,000 төгрөг авч залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн.
Уг гэмт хэргийн үйлдлийг нэхэмжлэгч миний бие Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан бөгөөд тус хэлтсийн мөрдөгч, М. мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А. нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1007 дугаартай тогтоолоор ‘2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.... гэж заасны дагуу дээрх хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 5 жил өнгөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байна....” гэж дүгнэн эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг эс зөвшөөрч хуулиар олгогдсон гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж шат шатны прокурорын газруудад гомдол гаргасан. Ингээд Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.аас миний гомдлыг хүлээн аваад 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/1578 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “Г., Б. нар нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө мөнгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон талаар хууль зүйн дүгнэлт хийж, хохирогч өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, Залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрүүгийн журмаар шалгаад гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон ба уг гэмт хэргийн шинжтэй үйлдлээрээ нэхэмжлэгч надад нийт 60.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Эрүүгийн журмаар шалгаж байх хугацаанд Г. нь олдоогүй бөгөөд уг шалтгаанаар эрүүгийн журмаар шалгах хугацаа удааширсан байдаг. Г. нь одоо ч хаана байгаа нь мэдэгдэхгүй, харин Б. нь Монгол Улсад нэхэмжлэлд дурдсан утас, хаяг дээр амьдарч байгаа тул нэхэмжлэгч хариуцагчаа сонгох эрхийн хүрээнд хариуцагч Б.ээс гэм хэргийн үйлдлээрээ учруулсан гэм хорын хохиролд 60.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Иймд хариуцагч Б.ээс гэм хорын хохиролд 60.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү.
1.1. Гэм хорын хохиролд 60 сая төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь болон Нармандах нарт холбогдуулан 60 сая төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нармандах, нар нь үл хөдлөхийн 4-р давхрыг өгнө гэж хэлээд 60 төгрөг залилж авсан баримт хэрэгт авагдсан. Уг хэрэгт эрүүгийн хэрэг шалгагдсан. Прокурорын тогтоолд гэм буруутай нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. Иймд хохирол төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.
1.2. Хариуцагч нь тайлбар гаргаагүй байсан тул ямар үндэслэлээр мэтгэлцэх нь ойлгомжгүй байсан. Сая хэлэхдээ мөнгө хүлээн авсан баримтгүй, Нармандах авсан болохоос хариуцагч аваагүй гэж байна. Хариуцагч болон Нармандах нар нь гэр бүл байсан юм. Нэхэмжлэгч нь хариуцагчтай найз нөхдийн харилцаатай байсан. Үүн дээр тулгуурлаж үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгнө гэж итгүүлж гэрээ байгуулахгүйгээр бэлнээр мөнгийг өгсөн. Эрүүгийн журмаар хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэж ажиллагаа явагдсан. Ганц Нармандах залилсан гээгүй хамтарч үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Иймд прокурорын тогтоолд гэмт хэрэг үйлдсэн гэж алдаа гаргасан зүйл биш юм. Гэмт хэргийг хамтран үйлдсэн үйл баримт байсан юм. Үүний улмаас хамтарч үйлдсэн байна гэж үзсэн юм. Мөнгө авсан баримт дээр гарын үсэггүй гэдэг нь үндэслэлгүй, прокурорын тогтоолоор авсан нь тогтоогдсон. Яагаад Нармандахаас нэхээгүй талаар яригдах байх. Эрүүгийн журмаар шалгагдаж байх үед Нармандах нь Монгол улсын хилээр гараад явчихсан байсны улмаас эрүүгийн хэрэг удсан юм. Ингээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм. Нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлох эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргасан юм. Нэгэнт хамтарч хэрэг үйлдсэн тул хохирлыг бүхэлд нь гаргуулахаар шаардаж байгаа юм. Нармандах, нар нь нэхэмжлэгчийг 60 сая төгрөгөөр залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоол дээр тодорхой дурдсан. Залилах гэмт хэргийн улмаас гэм хор шаардаж байгаа тул 10 жилийн ерөнхий хугацаа тоологдоно. Бид гарын үсэг зурсан гэж тайлбарлаагүй. Нармандах гарын үсэг зурсан талаар эрүүгийн журмаар тогтоосон гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч С. нь шүүхэд, тэрээр болон төлөөлөгч Г., өмгөөлөгч Э. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биед холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.1. Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол гээд байгаа боловч хэрэгт мөнгө өгсөн баримт байхгүй юм. Нармандах гэдэг нь хариуцагчийн өмнө нь хамт амьдарч байсан хүн юм. Тэр хүнээсээ нэхэхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Нармандахтай гэр бүлийн харилцаатай гэж ярьсан гэхдээ сайн мэдэхгүй. Шар баримтыг үйлдээгүй гэж хэлдэг.
2.2. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
2.3. Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол гээд байна. Хэрэгт байгаа баримтын хувьд хэргийн 54-д байгаа Нармандахад гэсэн гараар бичсэн баримтаар хөтөлбөргүйгээр тогтоогдохгүй байна. Мөн ямар Нармандах нь тодорхойгүй. Гарын үсгээс үзэхэд хэн өгч, хэн авч байгаа нь тодорхойгүй. Мөнгөн дүнг бичихдээ 3 орон аваад таслал авдаг. Гэтэл гараар бичсэн баримтаас үзэхэд 30,000 эсхүл 30,000,000 гэдэг нь ойлгомжгүй. Прокурорын тогтоолоос үзэхэд Нармандах, нар залилан мэхэлсэн гэх гэж байгаа юм. Энэ нь өргөдөлд бичсэн зүйл юм. Энэ тогтоолоор хэн ямар гэмт хэрэг үйлдсэн нь байхгүй. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээгүй. Үндсэн хуулийн 16-14-т зааснаар гэм бурууг шүүхээр тогтоогоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй. Мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхээр гэм буруутай эсэхийг тогтоодог гэв.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1007 дугаар тогтоолын хуулбар /хх5-6/, гэрэл зураг /хх53/, гараар бичсэн баримт 2 ширхэг /хх54/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч В.******* нь гэм хорын хохиролд 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч Б. нь мөнгөн хөрөнгө аваагүй гэж маргаж байна.
4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б. оролцож өнөөдрийн хуралдааны товыг мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан. Улмаар шүүхээс түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж өгсөн. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаанд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай санал гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр хуралдааныг үргэлжлүүлсэн.
5. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн эхэлсэн, нэхэмжлэгч тал тайлбар гаргасны дараа хариуцагчийн төлөөлөгч Г. нь шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан. Үндэслэлийг шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсантай холбогдуулан тайлбарлаж байна. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүхээс хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хангахгүйгээр шийдвэрлэсэн нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах үндэслэл үүсгэхгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан татгалзах гарах үндэслэл тогтоогдсон гэдэг нь хэргийн оролцогчид таалагдахгүй нөхцөл үүссэн дурын үед шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах эрх олгосон зохицуулалт биш юм. Тодруулбал, татгалзан гарах үндэслэл тогтоогдвол тухайн этгээд өөрөө татгалзан гарах үүрэгтэй холбоотой зохицуулалт байна. Цаашлаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулж, энэ талаар хүсэлт гаргаагүй, улмаар хэргийг хэлэлцэж эхэлсний дараа энэхүү хүсэлтийг гаргах эрх хуулиар олгогдоогүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тодорхой тайлбарласан. Иймд татгалзан гаргах хүсэлт гаргаагүйд тооцож, хуралдааныг үргэлжлүүлэв.
6. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь залилан мэхлэх гэмт хэргийн улмаас 60,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарласан. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1007 дугаар тогтоолд гэмт хэрэг хамтран үйлдсэн гэх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 он/-н 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй. Өөрөөр хэлбэл, прокурорын тогтоолоор хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг нотлохгүй юм. Иймд нэхэмжлэгч талын хариуцагчийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэх тайлбар үндэслэлгүй. /хх5-6/
6.1. Нэхэмжлэлд дурдсанаар зохигчийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн өгөх, шилжүүлэн авах зорилгоор 60,000,000 төгрөгийг бэлнээр олгосон гэж тайлбарласан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний дагуу мөнгөн хөрөнгө олгож, улмаар гэрээ хэрэгжээгүй тул гэрээнээс татгалзаж, мөнгөн хөрөнгийг буцаан шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлажээ.
6.2. Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгө олгосон нь гараар бичсэн баримтаар нотлогдоно гэж тайлбарлаж байна. /хх54/
Энэхүү шар цаасан дээр хар өнгийн будагчаар бичсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, гарын үсгийн тайлалгүй байх тул нэхэмжлэгчийг бусдад мөнгөн хөрөнгө өгсөн гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн уг баримтад хариуцагчийн нэр бичигдээгүй байх тул түүнийг бусдаас мөнгөн хөрөнгө хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй.
Тодруулбал, зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан үндэслэл хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдоогүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7. Хэдийгээр хариуцагч талаас шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол тул хөөн хэлэлцэх хугацаа нь 10 жилээр тоологдоно гэж тайлбарласан. Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг гэрээнээс татгалзаж байгаа гэх агуулгаар тайлбарласан байх тул хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хугацаа болох 10 жилээр тоологдохыг дурдав.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.д холбогдох 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
О.ЗОЛБАЯР