Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/123

 

                Б.А*******д холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай    

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж

Прокурор Б.Хишигсувд /цахим/

Хохирогч Ц.Б******* /цахим/

Шүүгдэгч Б.А******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Б.А*******д холбогдох эрүүгийн 2532000000111 дугаартай, 149/2025/0120/Э/208/2025/0095 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О******* овгийн Б******* А*******, Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Г******* аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, нөхөр, * хүүхэд, * зээгийн хамтаар Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг Б******* *-*** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай. (РД: ******* )

Шүүгдэгч Б.А******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум * дугаар баг Б******* тоотод өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Ц.Б******* ыг хэвлий хэсэгт нь хутгаар буюу зэвсгийн чанартай зүйлээр хатгаж түүний биед хэвлийн хөндийн нэ,втэрсэн шарх, зүүн сүврэгдэсний холбоосны тасрал, булчингийн гэмтэл, 12 хуруу гэдэсний харалдаа чацархайд шарх, 2 ширхэг артерийн тасрал, хэвлийн хөндийн шингэн хуралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.А******* гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/134  дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч О******* овогт Б******* А*******г Эрүүгийн хуулийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “зэвсэг хэрэглэн” хохирогч Ц.Б******* ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Б******* А*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурван/ жил 5 /таван/ хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсяп зааснаар Б.А*******д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А******* д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Б.А******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 85.491 төгрөгийг Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн даатгалын санд төлснийг дурьдаж, хохирогч энэ гэмт хэргийн улмаас эмчилгээний зардал нэхэмжлэх шаардлагатай бол иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч Б.А******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар иштэй нийт урт 34 см, ажлын хэсгийн 20 см, ишний хэсгийн 14 см хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц устгаж, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа:

...шийтгэх тогтоол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Тус эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үндсэн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдаагүй гэж үзэж байна. Миний бие анхнаасаа мэдүүлэг өгөхдөө нөхөр болох Ц.Б******* ыг санаатай хутгалаагүй, гэртээ хоолоо хийж байхад нөхөр согтуу байхдаа мөнгө нэхээд араас татахад хутгалагдсан байсан. Бидний хооронд хэрүүл маргаан болоогүй, нөхөр ч энэ талаараа хэлж мэдүүлдэг. Би санамсар болгоомжгүй байдлын улмаас хохирол учруулсан. Болгоомжгүй байдлаас гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна.

Би хэдийгээр бүрэн дунд боловсролтой хэдий ч хууль эрх зүйн мэдлэггүй. Мөрдөгчөөс анх мэдүүлэг авахдаа намайг өмгөөлөгч авах эрхийг хэлж тайлбарлаж асуугаагүй шууд байцаалтыг авсан. Мөн шүүх хуралдааны өмнө улсын өмгөөлөгчийг томилж оролцуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс тайлбарлахдаа та 2 гайгүй шийдэгдэх байх санаа зоволтгүй гэж хэлдэг байсан болохоос биш шүүхээр орно шүү хүнд гэмт хэрэг шүү та нар өмгөөлөгч хуульчаас зөвлөгөө авч өмгөөлүүлээрэй гэж нэг ч удаа хэлээгүй. Прокурорын хяналтаас эрүүгийн хэргийг шүүхэд шилжээд шүүхийн шатанд хянагдах хугацаанд урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт өгөх талаар мэдээгүй байснаас болж хүсэлт гаргаагүй байсаар үндсэн шүүх хурал болсон. Мөрдөгчөөс мэдүүлэг авахдаа надаас өмгөөлөгч авах эсэх, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эсэх талаар асуугаагүй төдийгүй тус эрүүгийн хэрэгт миний гэр бүлийн хүмүүс болох нөхөр Ц.Б******* аас хохирогчоор мэдүүлэг авахдаа ч, төрсөн хүүхэд болох Б.Б гэрчээр мэдүүлэг авахдаа ч өмгөөлөгчөөс зөвлөгөө авах, өмгөөлүүлэх эрхийг асуугаагүй, хуулийн зүйл заалт учир ач холбогдлыг ойлгуулаагүй. Ээж аав 2 нь нэгэндээ гэмтэл учруулсны маргааш нь төрөөд удаагүй нялх биетэй охины сэтгэл санаа нь цочирдсон байхад мэдүүлгийг авсан.

Мөн гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эсэхийг тайлбарлан хэлж ойлгуулан зөвшөөрсөн, татгалзахгүй талаар мөрдөн байцаалтын тэмдэглэлд тусгаагүй байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл надад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа төрсөн охины гэрчээр өгсөн мэдүүлгээр ээжийг нь яллаж аавыг нь хохирсон гэж үзсэн нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.” гэж заасныг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.”, мөн 6 дахь хэсэгт “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.” гэж заасныг тус тус зөрчсөн. Ийм ажиллагаа огт хийгээгүй байна.

Миний эрүүл мэнд тааруу зүрх болон бөөрний өвчтэй тогтмол эмчилгээ хийлгэдэг. Бид 4 хүүхэдтэй, 1 зээтэй ба том охин хүүхэд гаргаж төрөөд гэртээ ирсэн, бага насны насанд хүрээгүй 3 хүүхэд гэртээ ээжийгээ яасныг ч мэдэхгүй байна. Би өөрөө гэртээ ганцаараа ажил хөдөлмөр хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Нөхөр хааяа ажил хийдэг байсан. Би эх хүн эхнэр хүний хувьд гэр бүлдээ хоол хийж мах хэрчиж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн хүн татаж чангааж угзарч байна шүү хутганд орчихвий гэж бодож хутгаа ширээн дээр тавих байсан байна гэж маш их харамсаж байна. Холбогдсон гэмт үйлдэлдээ чин санаанаас гэмшиж анхнаасаа үнэн зөв мэдүүлж байсан, мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй ноцтой зөрчиж явуулсан зэргийг давж заалдах шатны шүүх харгалзан үзнэ үү. Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож зүйлчлэлийг өөрчилж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц овогтой Б******* миний бие эхнэр Баатар овогтой А******* болон 4 хүүхэд зээгийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын Баянсуудал *-р баг Б******* *** тоотод амьдардаг болно. Миний бие 2025 оны 07 сарын 07-ны өдөр гэртээ архидан согтуурсны улмаас энэ хэрэг үүссэн. Энэ хэргийн улмаас эхнэр болох Баатар овогтой А******* нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 3 жил 5 сар хоригдох ял аваад байгаа. Энэ хэрэг санамсаргүй байдлаас болсон. Бид 2 хэрэлдэж маргасан зүйлгүй байсан. Бидэнд эрүүгийн хуулийн ямар ч мэдлэг мэдээлэл байгаагүй 07.08-ны өдөр хагалгаанд ороод норкоз гараагүй байхад энэ хэргийн мөрдөгч ирж мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан байсан энэ талаар сайн санахгүй байгаа. Энэ хэргийг ийм хүнд заалттай хэрэг гэдгийг мэдээгүй мөрдөгч болохоор гайгүй гарчихна гээд тайвширчихсан байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ тэр гэж байдгийг мэдээгүй. Хэргийг эхнэр маань санамсар болгоомжгүй цочиж сандарсны улмаас үйлдсэнийг зөөлрүүлэн үзэж 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх зүйл ангийн зүйлчлэлийг өөрчлөн үзэж давж заалдах шатны шүүх шалгаж үзнэ үү гэсэн хүсэлтэй байна.

Миний эхнэр болох Баатар овогтой А******* зүрхний хүнд өвчтэй бөөр үрэвсэлтэй унаж тусдаг, зүрхний хэм алдагдалтай байнгын эмчийн хяналтанд байдаг. Манай амьдрал ахуй тааруу 2-3н банк, банк бусын зээл төлдөг. Том охин оюутан энэ жил төгсөх курс, бага нярай хүүхэдтэй, харж асрах хүнгүй.  Бага охин 12-р анги том хүү 9-р анги бага хүү 4-р анги төгсөх юм. Энэ хэргийн улмаас хүүхдүүд маань хичээл сурлага, сэтгэл санааны хүнд байдалтай бидний сэтгэл санаа ахуй амьдралын энэ хүнд байдлыг харгалзан үзэж энэ хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шалгаж өгнө үү. үр хүүхдүүд маань амьдралд дөнгөж хөл тавьж байхад элэг бүтэн байлгаж хорих ялыг нь хөнгөлж өгөөч гэж хүсэж байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд шүүхийн шатанд Б.А******* д хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэн оролцсон. Миний үйлчлүүлэгчийн зүгээс нөхрийнхөө эрүүл мэндэд учруулсан хүнд хохирлыг санаатайгаар биш санамсар болгоомжгүйгээр үйлдсэн учраас ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх  байр суурийг илэрхийлдэг. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийн гомдлыг дэмжиж байна. Хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тооцож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хэргийн үйл баримтын тухайд ахуйн хүрээнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хэрүүл маргаантай байх үедээ хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон. Шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлаар оролцсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэсэн байдаг. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн зүйлчлэлд тохирно. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.А*******д холбогдох эрүүгийн 2532000000111 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч Б.А******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум 3 дугаар баг Б******* тоотод өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Ц.Б******* ыг хэвлий хэсэгт нь хутгаар хатгаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүнд гэмтлийг зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан

-хохирогч Ц.Б******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би тухайн өдөр өглөө 11 цагийн орчим 8 шарга дэлгүүрээс 0,5 литрийн архи авч хариад  ууж байтал эхнэр  ирээд 3 хундага  уусан тэгээд би ууж байгаад унтсан... орой 17 цагийн орчим сэрээд  гэр лүү ортол эхнэр хоолоо хийж байсан. тэгэхээр би очиж мөнгө нэхсэн гэтэл эхнэр ... юм хэрчиж  байгаад эргээд харахдаа  миний хэвлий хэсэгт хатгасан...” гэсэн мэдүүлэг,

-гэрч Б.Б “...манай аав, ээж хоёр архи согтууруулах ундаа  хэрэглэсэн.. ууж байгаад хоорондоо маргалдсан... 19 цаг өнгөрч байхад аав гэнэт орилж  гэрээс гарч ирсэн. Аав “яаж байгаа юм бэ?” гэж гарч ирээд  машины хажууд унасан. Ээж гэрээс гарч ирээд “ Би аавыг чинь алчихлаа” гэж хэлээд уйлаад байсан” гэсэн мэдүүлэг,

-гэрч Б.М ” А******* нь миний төрсөн дүү... энэ хоёр 20 гаруй жил  хамтран амьдарч байгаа Үе үе архи уухаараа  ямар нэгэн асуудал  гаргачихаад байдаг. ...манай дүү А******* над руу залгаж “ Би Болдоог хутгалаад алчихлаа гээд уйлаад байсан. Тэгтэл цаанаас нь нэг цагдаа утсыг нь аваад намайг дуудсан... ийм л юм болсон.” гэсэн мэдүүлэг,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 сарын 24-ны өдрийн 117 дугаартай “...Ц.Б******* ын  биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, зүүн сүврэгдэсний холбоосны тасрал, булчингийн гэмтэл, 12 хуруу гэдэсний харалдаа чацархайд шарх, 2 ширхэг артерийн тасрал, хэвлийн хөндийн шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ  гэмтэл байх боломжтой, амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар  хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

Сэлэнгэ аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлэгийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5469 дугаартай “Яаралтай  тусламжийн хуудас” зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

4. Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, шүүгдэгч Б.А******* нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А******* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 /гурван/ жил 5 /таван/ хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон, мөн шүүхээс шүүгдэгчид  тухайн зүйл хэсэгт заасан  хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн  байна.

6. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогчид гэмтэл учруулахдаа болгоомжгүй учруулсан, шүүгдэгчийн субьектив санаа бодлын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, хохирол, хор уршиг учраагүй, гэрч нараас мэдүүлэг авахдаа Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна.

7. Эрүүгийн хуульд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн шинж, онцлог, түүнийг тодорхойлж буй нөхцөлийн бүрдэл зэргийг тогтоон хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон тусгасан.

Шүүгдэгч Б.А******* гийн  гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь иж бүрдэл, бүтцийн хувьд хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох эд зүйл тул түүнийг “зэвсэг” гэж үзнэ.

Хэргийн үйл баримтаас дүгнэн үзвэл, шүүгдэгч Б.А******* нь нөхөр Ц.Б******* ыг мөнгө нэхэх үед нь уурлаж улмаар түүнийг хутгатай гараараа түлхсний улмаас  хохирогчийн хэвлий хэсэгт нь хутгалсан үйл баримтын талаар хохирогч шүүгдэгч нар нь маргаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа болон түүнийг ухамсарлаж үйлдсэн эсэх, өөрөөр хэлбэл, хүсэл зоригийн элементийг зайлшгүй харгалзах учиртай.

Хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Б.А******* нь хохирогчийг  хутгалсан боловч болгоомжгүй хэлбэрээр хутгалсан тул зүйлчлэлийг хөнгөрүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг нь:

-“хөнгөмсгөөр найдаж буюу гэмт этгээд өөрийн үйлдлийн үр дүнд ийм үр дагавар бий болох боломжийг урьдаж мэдэх, харах боловч түүнийг урьдчилан сэргийлж чадна гэж хангалтгүй үндэслэлгүйгээр найдаж, буруу тооцож үйлдсэн;

-хайхрамжгүй хандаж буюу ийм үр дагавар бий болох боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн” үр дагаврын дүнд Эрүүгийн хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана.

Дээрх ойлголтыг шүүгдэгчийн үйлдэлтэй холбон дүгнэвэл Б.А******* нь хутгатай гараараа түлхэхдээ түүний биед хохирол учруулах гэдгийг бүрэн мэдэх боломжтой байснаас гадна түүний үйлдэлд хэн нэгний эрүүл мэндэд хохирол учруулахгүй байж чадна гэсэн хөнгөмсгөөр болон хайхрамжгүй хандсан шинж тогтоогдохгүй байна.

Мөн гэрч Б.Б, Б.М, хохирогч Ц.Б******* нараас мэдүүлэг авахдаа Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг заасан эрхийг нь  тайлбарлан өгөөгүй,  мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа төрсөн охины гэрчээр өгсөн мэдүүлгээр ээжийг нь ялласан гэсэн гомдлын хувьд хохирогч Ц.Б******* т 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, гэрч Б.Б д 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус тус  эрх үүргийг нь тайлбарлан, Монгол улсын Үндсэн хуулийн 16.14 дэх хэсэгт зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй талаар танилцуулсан байх ба гэрч, хохирогч нар нь мэдүүлэг өгөхийг зөвшөөрч өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг / хх-15-27/ өгсөн байх тул шүүгдэгчийн эрх зөрчсөн тухай  гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

8. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.А******* нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 02-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 49 хоног цагдан хоригдсон байгааг дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А******* гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А******* нь  2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 49 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                              ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН