Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 330

 

С.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 293 дугаар магадлалтай, С.Бод холбогдох 201701000100 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ананд овогт Сгийн Б нь Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Быг хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, С.Бын эзэмшлийн “Ниссан примера” загварын 76-51 УНБ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж, тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...хохирогч “Багануур илч” ХХК нь 353.624.427.87 төгрөгийн үнэ бүхий 68 ширхэг втулкийг “Багануур” ХК-д шилжүүлж, хохиролгүй гэсэн албан бичиг гаргаж өгснийг, ...” гэж, тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар битүүмжилсэн С.Бын эзэмшлийн 76-51 УНБ улсын дугаартай, “Ниссан примера” загварын тээврийн хэрэгслийг төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Боос 4.000.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан гомдолдоо: “…Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.02-ны өдрийн 660 тоот магадлал, УДШ-ийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019.10.23-ны өдрийн 536 тоот тогтоолоор хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэхдээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.12-ны өдрийн 579 тоот цагаатгах тогтоолд хийсэн гэм буруугийн асуудал болон цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлийг буруутгасан, хүчингүй болгосон заалт байхгүй, зөвхөн цагаатгасан үндэслэлийг ЭХХШТХ-ийн 39.8 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан агуулга, үндэслэлүүдийг тодорхой илэрхийлсэн байх шаардлагад нийцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг шууд гэм буруутайд тооцож шийдвэрлэж байгаа нь ЭХЕА-ийн 1.3 дугаар зүйл, ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж, хуулийг буруу хэрэглэн гэм буруутайд тооцсон гэж үзэж эс зөвшөөрч ЭХХШТХ-ийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан доорхи үндэслэлийг гаргаж байна. Үүнд:

1. Ял сонсгосон прокурорын тогтоолд заасан гэм буруугийн үндэслэлийн талаар:

1.1.С.Б нь 2015.05.01-ний өдрөөс 2017.02.17-ны өдрийн хооронд “Багануур-Илч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа толгой компани болох “Багануур” ТӨХК-ийн ТУЗ-өөс үүрэг болгосон шийдвэрээр олон жил хуримтлагдсан их хэмжээний өр төлбөрийг барагдуулах ажиллагааг өөрийн эрх хэмжээний дотор гүйцэтгэсэн байх бөгөөд харилцагч байгууллагуудын хооронд үүссэн өр авлагыг хууль ёсоор барагдуулах зорилгоор иргэний шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг шийдвэрлэх явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу эвлэрэн хэлэлцсэн болон эвлэрлээр шийдвэрлэсэн өр авлагыг барагдуулж, толгой компани “Багануур” ТӨХК-д зайлшгүй шаардлагатай сэлбэг хэрэгсэл /втулка/-ийг авч компанийн үндсэн хөрөнгөд бүртгэсэн байхад их хэмжээний буюу 356.833.475 төгрөгийн хохирол учруулсан мэтээр буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, энэ тооцоолол нь өөрөө эрх зүйн болон санхүүгийн хувьд шууд буруу тооцсон дүн гэж үзнэ.

1.2.Байгууллагын үндсэн хөрөнгөд авагдсан сэлбэг нь “Багануур Илч” ХХК-д ашиглагддагүй гэж гол буруутгах үндэслэлээ гаргаж байгаа нь хэт нэг талыг барьсан шинжтэй байх бөгөөд “Багануур Илч” ХХК нь уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэггүй, харин уг сэлбэг нь толгой компани болох “Багануур” ТӨХК-ийн тоног төхөөрөмжид нэн шаардлагатай, бусад газруудаас өндөр үнээр авдаг сэлбэг болох нь тогтоогдож байгаа, толгой компанийн ТУЗ-ийн шийдвэрээр гаднаас авдаг эдгээр сэлбэгийг охин компаниас авах нь өр авлагыг барагдуулах зөв арга зам гэж үзэж шийдвэр гаргасан толгой компанийн ТУЗ-ийн хурлын протокол хэрэгт авагдсан нь уг буруутгаж буй ашигладаггүй сэлбэг авсан гэж буруутгаж буйг шууд үгүйсгэж байна.

1.3.Эд хөрөнгийн үнэлгээгээр хохирол гэх одоо байгууллагад байгаа эд хөрөнгийн бодит үнэлгээг /1хх-ийн 165-170 дугаар хуудас/ 393.000.000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд яллагдагчаар татсан тогтоолд нийт хохирлыг 356.833.475 төгрөгөөр тооцсон нь С.Бын хувьд хохирол учруулсан байдлыг шууд үгүйсгэж байна. ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталбал эдийн засгийн үнэлгээгээр биет байдлаар байгууллагын үндсэн хөрөнгөд байгаа эд хөрөнгийг хохиролд тооцох ямар ч үндэслэл байхгүй байна.

1.4.Ажилчдын хэрэгцээнд 16.0 сая төгрөгөөр худалдан авсан Хьюндай Старекс маркийн микроавтобусны үнэлгээг 12.0 сая төгрөгөөр тооцож гаргасан байх боловч уг автомашиныг худалдан авах эрхийг толгой компаниас олгосон байх ба хэнээс худалдан авснаар бус ажлын шаардлагад нийцэж буй эсэх, тухайн үеийн зах зээлийн ханштай таарч буй эсэх нь гол шаардлага бөгөөд эдгээр байдлаас үзэхэд 4.0 сая төгрөгийн зөрүү гарч байгаа мэт боловч НӨАТ-ыг тооцоогүй /тооцвол 2,8 сая төгрөг/, ЭХТА-ийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлын үлэмж хэмжээнд хүрэхгүй байна.

1.5.Компанийн тухай хуулиар охин компани нь төрийн болон хувийн өмчийн хэлбэрийг үл харгалзан уг хуулийн 6 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн хувьд зөвхөн толгой компанийн өмнө хариуцлага хүлээхээр заасан нь охин компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгогдсон байсан С.Бын зүгээс үүссэн өр авлагыг барагдуулах зорилгоор явуулсан үйл ажиллагаа байх ба толгой компанид шаардлагатай сэлбэгийг өрөндөө авсан шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзэх шийдвэрийг зөвхөн толгой компани болох “Багануур” ТӨХК-ийн ТУЗ шийдвэрлэх ёстой атал охин компанийг хохирогч гэж үзэж байгаа нь уг хуулийг зөрчиж байна.

2. Хэргийг шийдвэрлэх талаарх санал хүсэлт:

2.1.С.Бод холбогдох хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Удаан хугацаанд хуримтлагдсан өрийг барагдуулах үүрэг шийдвэрийн дагуу явуулсан үйл ажиллагаанд зөрчил байгаа боловч энэ нь эрүүгийн гэмт хэрэг гэж тооцох хэмжээнд хүрэхгүй, хохирол учирсан болох нь тогтоогдоогүй, толгой компанид шаардлагатай эд хөрөнгө болох нь тогтоогдож байгаа, хувьдаа хууль бусаар эд зүйл авч байгууллагад хохирол учруулаагүй, өрөнд авсан эд зүйл нь байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд авагдсан зэрэг нөхцөл байдлууд нь гэм бурууг үгүйсгэх шууд хангалттай үндэслэл болж байна. /ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг баримтлах/

2.2.ЭХХШТХ-ийн 16.9 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /ИХШХШТХ-ийн 40 дугаар зүйлийн 40.4 дэх заалт/-ыг баримталбал өмнө гарч хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон /зөвхөн дээд шатны шүүхийн шийдвэрээр уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн заалттай/ шийдвэрийг гэм бурууг нотлох баримт болгох ямар ч хуулийн үндэслэл байхгүй гэж үзнэ.

2.3.Байгууллагын балансад авлагаар бүртгэгдсэн тооцоог эдийн засгийн агуулгаар нь өртэй газраас олж авчирч биет байдлаар байгууллагад өр барагдуулсан үйл ажиллагаа нь авлага барагдуулсан үйл баримт болохоос биш байгууллага /компани/-ийн эд хөрөнгийг хувьдаа авч хохирол учруулсан үйл баримт биш болох нь шууд тогтоогдсон, маргаангүй байдал гэж үзнэ.

2.4.Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоолд гэмт хэрэг үйлдсэний дараа төлбөрөө төлсөн мэтээр тодорхойлсон нь үнэн байдалтай нийцэхгүй, гэмт хэрэгт шалгуулахаар гомдол гаргах үед хохирол гэх зүйл уг хэрэгт байхгүй байсан, байх ч үндэслэлгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотлох баримт цугларсан, хохиролгүй байсан нь нотлогдсон маргаангүй байдал гэж үзэж байна.

2.5.Өнөөдрийн байдлаар “Багануур Илч” ХХК нь хуулийн этгээдийн хувьд татан буугдаж Улсын бүртгэлээс хасагдсан нь уг компани нь хохирогч биш болохыг шууд тодорхой харуулж байгаа болно.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн С.Бын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнд заавал байх үлэмж хэмжээний хохирол учирсан, эсвэл учруулсан гэх гол шинж /объектив болон субъектив тал/ байхгүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул ЭХХШТХ-ийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг баримтлан хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж энэхүү гомдлыг гаргав. Хүлээн авч хуульд зааснаар хянаж, С.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож ял шийтгэсэн. Энэ хэрэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр цагаатгагдаж шийдвэрлэгдсэн. Гэтэл прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцох байдлаар анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирол учирсан, хохирлыг барагдуулсан гэх утгаар дурдсан. Байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд авагдсан 393.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, “Багануур” ТӨХК-ийн экскаваторт ашигладаг, гадаад улсаас өндөр үнээр авдаг 68 ширхэг втулка нь хэрэглэгдээд дууссан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас байгууллагад хохирол учирсан байхыг шаардана. Гэтэл учраагүй хохирлыг учруулсан мэтээр гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Дээрх зүйл ангид өөр төрлийн эд зүйлээр сольж байгууллагад хохирол учруулсан гэх шинж байхгүй. Авах найдлагагүй болсон өр авлагыг барагдуулсан аж ахуйн үйл ажиллагааг гэмт хэрэгт тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүний үйлдсэн гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. “Багануур илч” ХХК нь “Багануур” ТӨХК-ийн охин бөгөөд менежментийг нь хэрэгжүүлдэг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Быг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор О.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Бод холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдал, үйл баримтад нийцэж үндэслэл бүхий гарсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Бод холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б нь “Багануур-Илч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байхдаа хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Монгол керамик” ХХК-иас авах 284.791.475 төгрөгийн авлагад 2 болон 3 өрөөтэй хоёр ширхэг орон сууц, 4 ширхэг автомашины зогсоол тус тус хүлээн авсан боловч тухайн эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулж, оронд нь өөрийн хүргэн Д.Эрдэнэсүрэнгийн хамт БНХАУ-аас оруулж ирсэн, “Багануур илч” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаанд шаардлагагүй, 3519.05.02.302 маркийн втулка буюу техникийн сэлбэгийг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр “Монгол керамик” ХХК-ийн төлөх төлбөрт тооцон хүлээж авсан,

мөн “Эрэл” ХХК-иас авах 42.000.000 төгрөгийн авлагад R33-1800 маркийн 7 ширхэг Белазын дугуйг нэг бүрийг нь 6.000.000 төгрөгөөр тооцон хүлээн авсан боловч өөртөө ашиг олох зорилгоор тухайн 7 ширхэг дугуйг нэг бүрийг нь 7.500.000 төгрөгөөр тооцон, НӨАТ орсон дүнгээр “Багануур илч” ХХК-д 57.750.000 төгрөгөөр худалдаж, оронд нь дээр дурдсан аргаар буюу 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 8 ширхэг втулкыг төлбөрт тооцон хүлээж авсан,

мөн өөрийн хамаарал бүхий “Онь тэнгэрийн бичиг” ХХК-иас авах 26.042.000 төгрөгийн авлагын оронд 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр дээрх аргаар 5 ширхэг втулкыг төлбөрт тооцон хүлээж авсан,

мөн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хамаарал бүхий “Мон Энерго Строй” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндэй Старекс” загварын 12.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг “Багануур Илч” ХХК-д 16.000.000 төгрөгөөр борлуулсан зэрэг үйлдлээр “Багануур илч” ХХК-д нийт 356.833.475 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч С.Б нь “Багануур” Төрийн өмчит хувьцаат компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани болох “Багануур илч” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 02 дугаар тогтоолоор /1хх-176/ “Багануур илч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон, хөлсөөр ажиллах гэрээний дагуу /2хх-78/ ажиллаж байсан тул С.Бын албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж тус компанид 356.833.475 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлд заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх эрүүгийн эрх зүйн зарчмыг баримтлан С.Бын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргээр зүйлчилж, хэргийг шийдвэрлэсэн нь зөв болно.

Шүүгдэгч С.Бын албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж “Багануур илч” ХХК-д учруулсан 356.833.475 төгрөгийн хохирол нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д заасан их хэмжээний хохиролд хамаарч байна.

Энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Багануур илч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нь /1хх-21/ анх 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр С.Бын үйлдсэн гэмт хэргийн талаар Авлигатай тэмцэх газарт гомдол /1хх-7/ гаргасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр С.Бод Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Багануур илч” ХХК-ийн төлөөлөгч Г.Т нь С.Бын нийлүүлсэн 68 втулкыг буцаан өгч, тус компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл удаа дараа гаргаж байсан /1хх-27, 4хх-112/ боловч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 536 дугаар тогтоолоор /6хх-89/ С.Бод холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсний дараа “Багануур илч” ХХК-иас 68 ширхэг втулкыг “Багануур” ТӨХК-д шилжүүлж, С.Боос хохирол нэхэмжлэхээс татгалзаж буй тухайгаа 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот албан бичгээр /6хх-123/ шүүхэд мэдэгдсэн нь шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үгүйсгэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Боос “Багануур Илч” ХХК-д 16.000.000 төгрөгөөр борлуулсан “Хьюндэй Старекс” загварын тээврийн хэрэгслийн үнийн зөрүү 4.000.000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэсэн шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийн нотлогдсон байдлыг хянаж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Б нь “Багануур илч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байхдаа “Монгол керамик” ХХК, “Эрэл” ХХК-иас төлбөрт шилжүүлсэн эд хөрөнгийг “Багануур илч” ХХК-д шилжүүлэхгүйгээр, өөрөө захиран зарцуулж, улмаар төлбөр төлөх аж ахуйн нэгжүүдтэй дүр үзүүлсэн, хуурамч хэлцэл хийх замаар өөрсдийн БНХАУ-аас импортлон оруулж ирсэн, “Багануур илч” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаанд шаардлагагүй, тухайн үед худалдан авахаар төлөвлөөгүй байсан 68 ширхэг втулкыг “Багануур илч” ХХК-ийн дүрмийн 9.11-д /5хх-22/ заасны дагуу Төлөөлөн Удирдах зөвлөлд танилцуулахгүйгээр төлбөрт тооцож авсан, мөн өөрийн хамаарал бүхий бүхий “Мон Энерго Строй” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндэй Старекс” загварын 12.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг “Багануур Илч” ХХК-д 16.000.000 төгрөгөөр борлуулсан үйлдлүүд нь тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч С.Бын үйлдлийн улмаас “Багануур илч” ХХК-д хохирол учраагүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Быг цагаатгах талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 293 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН