Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 953

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнийг оролцуулан “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нэээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Н*******” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжийн Ц.*******эд холбогдох хэгийг хүчингүй болгуулах” 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С*******, түүний өмгөөлөгч Р.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, гуравдагч этгээд Ц.*******ийн өмгөөлөгч Ц.Ц*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот захирамжаар иргэн Ц.*******эд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Маахуурын 22 тоот хаягт 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон байна. Уг газар нь манай компанийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд 2011 оноос эхлэн Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хын баталсан Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж баригдаж байгаа тухайн үеийн “С” одоогийн “Т” хотхоны батлагдсан орон сууцны хотхоны автомашины зогсоолын орц, гарц, мөн автомашины зам, явган хүний зам, орчны тохижилт хийх газартай давхцуулан олгосон байх нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэж байна. Иргэн Ц.*******эд дээрх газрыг олгосноор манай компани Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу баталж хэрэгжүүлж буй хотхоны оршин суугчдын автомашины зогсоол эзэмших, явганаар зорчих, аюулгүй амар тайван амьдрах эрхийг хангаж чадахгүй, автомашины зогсоолын гарц, орцыг нээж чадахгүй, хотхоны орчны тохижилт, автомашины зам, явган зорчигчдын замыг барьж байгуулж чадахгүй эдийн засаг, компаний бизнесийн нэр төрөөр хохирсоор байна. 

Иймд Газрын тухай хуулийн 31.3, 33.1.1, 35.3.5 дугаар заалтуудыг зөрчиж Нийслэлийн Засаг дарга 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А/08 тоот захирамжаар иргэн Ц.*******эд эзэмших эрх олгосон нь хууль бус тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот захирамжийн иргэн Ц.Мөнхбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн утга нь “Н*******” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” хотхоны барилгын төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1051 дугаартай захирамжаар үйлчилгээний орон сууц барих зориулалтаар 900 м.кв бүхий газар эзэмших эрх өгч, үүний дагуу газар эзэмших гэрчилгээ олгогдсон. “Н*******” ХХК-ийн газартай давхцуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот захирамжаар иргэн Ц.*******эд газар олгосон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан ч шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрсэн. Иргэн Ц.*******эд газар олгосон асуудал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасан заалтыг зөрчсөн. Мөн түүнчлэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөнд заагдсан газартай давхцуулан олгосон гэдэг нь нотлох баримтаар харагдаж байна. Иймээс Ц.*******эд холбогдох заалтыг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн ондоо эзэмшүүлэх ёстой төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг хууль бусаар олгосон. 2011 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд орсон газар дээр давхцуулан олгосон. Энэ нь газрын тухай хуулийн 33.4-т заасныг зөрчсөн тул захирамжийн Ц.*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Ерөнхий төлөвлөгөөг баталсан тухай хавтаст хэрэгт авагдсан байгаа. Монгол Улсын Их Хурлаас Улаанбаатар хотыг 2020-2030 онд хөгжүүлэх талаар хуульчилсан хууль байдаг. Энэ хуулийн дагуу ерөнхий төлөвлөгөөг баталдаг. Батлагдсаныхаа дагуу газар олголт явагддаг. Газар олголт явагдахдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол явагддаг. Барилга хоорондын зай 40 метрээс багагүй байна гэж заасан байдаг. Тухайн орон сууцжуулж байгаа газрууд нь тухайн жилийнхээ ерөнхий төлөвлөгөөг баталж явах ёстой байдаг. Газрын тухай хуулийн 33.1-д заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа ерөнхий төлөвлөгөөний дагуу Засаг дарга тогтоодог. Төлөвлөгөөнд эзэмшүүлсэн үеэс бусдад эзэмшүүлэхийг хориглосон байдаг. 2011 онд тухайн газарт бүтээн байгуулалт явагдана, орц, гарц, орчны тохижилт, зам байна гэдгийг ерөнхий архитектор Х, хэлтсийн дарга Одбаяр, хариуцсан архитектор Хорлоо нар өөрсдөө батлаад хийсэн байхад Газрын алба хуулиа зөрчиж газар олгосон байна. Газар эзэмшигч Ц.*******э Нийслэлийн Өмчийн харилцааны газарт дуудлага худалдааны журмаар олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг. Гуравдагч этгээд нь дуудлага худалдаагаар олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байхад Нийслэлийн Засаг дарга нь дуудлага худалдаа явуулахгүйгээр тухайн газрыг хууль бусаар олгосон байдаг. Иймд учраас ерөнхий төлөвлөгөөний даалгавар 2011, 2015 онд хийгдсэн. Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Уртнасангаас хариу тайлбарыг ирүүлсэн байдаг. Ерөнхий төлөвлөгөөний барилга, авто замын орц, гарц, явган хүний зам, орчны тохижилт, авто зогсоол, ногоон байгууламж зэрэг тусгагдсан хот байгуулалтын баримт бичиг бөгөөд батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан. 2011 оноос энэ ерөнхий төлөвлөгөө нь Монгол Улсын хуулиараа хүчин төгөлдөр үйлчилж байна. Газрын алба нь өөрдсөө зөрчиж газар олгосон. Газрын тухай хуулийн бусдын газар эзэмшилтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй гэсэн заалтаа зөрчсөн” гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот захирамжийн Ц.*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя гэдэг. Нэхэмжлэлийн үндэслэл нь манайх 2013 оны Нийслэлийн Засаг даргын А/1051 тоот захирамжаар 900 м.кв газар зээмшдэг. Газраа эзэмшээд байх хугацаанд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар бусдын эзэмшиж буй газартай давхцсан байна гэдгээр эрх ашиг нь хөндөгдсөн гэдэг. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. “Н*******” ХХК нь 2013 оны А/051 тоот захирамжаар 3 нэгж талбайрын дугаар бүхий газар эзэмшиж явдаг. 1600 м.кв талбайгаа 1350 м.кв болгон өөрчлөөд явдаг. Тухайн кадастрын зураглалаараа ямар нэгэн давхцал байдаггүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харагддаг. Ерөнхий төлөвлөгөөгөөр зураг хийгдсэн байхад уг талбайтай давхцуулаад газар олгосон байна гэж ярьдаг. Тухайн хэсэгчилсэн төлөвлөгөөг хийсэн байдаг. Үүн дээр ямар нэгэн давхцал ярих шаардлагагүй. Газрын мэдээллийн санд бүртгэгдсэнээрээ газрыг нэгж талбар болгон өөрийн гэсэн зураглалтай. Тэр зураглалыг харьцуулж үзээд давхцалтай эсэх асуудал нь тодорхой харагдана. Нэхэмжлэгчийн ерөнхий төлөвлөгөө гэж яриад байгаа зурганд орсон байна гэдэг утгаараа уг компанийн эрх ашиг хөндөгдөхгүй юм. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот захирамжаар олгогдсон газар нь нэхэмжлэл гаргаж байгаа аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Нийслэлийн Засаг дарга Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн бариад тухайн асуудлыг шийддэг. Тэр хавийн газар нутаг аль хэдийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байдаг. Тухайн нэгж талбар дээр тэр орчмын газрыг тодорхой хэмжээний орон сууцны зориулалтаар өгнө гэсэн ерөнхий төлөвлөгөө хийгддэг. Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгээр нэхэмжлэгчийн эрх ашиг яаж хөндөгдөөд байгаа юм бэ? Тэгэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Тав. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Н*******” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг гаргахдаа манай эзэмшил газартай давхцуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот захирамжаар иргэн Ц.*******эд олгогдсон газрыг давхцуулсан гэдэг утгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Тухайн давхцал байна уу гэдгийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас лавлагаа гаргуулж, хавтаст хэрэгт авагдсан байдаг. Тус албан бичигт дурдсаны дагуу Нийслэлийн кадастрын мэдээллийн санд 2014 оны 04 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарын архивт байх нэгж талбарын 18646311252493 дугаартай 900 м.кв талбайтай “Н*******” ХХК-ийн эзэмшлийн газрын кадастрын мэдээллийн санд 2015 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл бүртгэлтэй байх нэгж талбарын 18646311277495 дугаартай 700 м.кв талбайтай Ц.*******ийн эзэмшлийн газартай давхцаагүй зураглалыг нь тодорхой гаргаж, давхцалгүй байна гэж ирүүлсэн. 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Захирамж нь 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гарсан. Захирамж гарснаас хойш “Н*******” ХХК-ийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ захирамж гарсныг “Н*******” ХХК мэдэж байсан. Ц.*******ийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Т” хотхоны зүүн талд залгаа 700 м.кв амины орон сууцны зориулалттай газрыг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр худалдаж авсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаад газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хийгээд нотариатаар батлуулж, мөн орон сууц захиалан бариулах тухай гэрээ, арилжааны гэрээ хийсэн. Газрын эрх шилжүүлэх хариу төлбөрт 130.7 м.кв бүхий орон суууц шилжүүлэх тухай арилжааны гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу тодорхой нэг өрөө байрыг Ц.*******эд шилжүүлсэн. Бусад байруудыг 2016 оны 01 дүгээр сард ашиглалтад орохоороо өгнө гэсэн. Дээрх гэрээ, хэлцэл нь маргаж буй газрыг давхцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд худалдан авсан байна. Энэ захирамжийг гарсан гэдгийг мэдээд өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Тухайн газрын албанд өөрсдөө нэрээ шилжүүлэв гэсэн байдлаар Ц.*******э хүсэлт гаргах тухай бичгийг гараар нь хийлгэсэн. 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуур толгойд байрлах 700 м.кв газар эзэмших эрхийг Цогбаярын *******э би “Н*******” ХХК-д шилжүүлэн өгөх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч газар эзэмших гэрчилгээг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гараар нь бичүүлж аваад холбогдох гэрчилгээ, кадастрын зургийн хамт “Н*******” ХХК өөрсдөө шилжүүлж авсан. Ц.*******э бол манай хүү. Би өөрөө 4 хүүтэй. Манай хүүхдүүд оюутан байсан. Манайх 7 гараажтай байсан. Гаражаа бусдад түрээслэн оюутныхаа төлбөрийг хийдэг байсан. Мөн дотор нь 2 айл буулгаад хашаа татсан байсан. Газар эзэмших эрх шилжүүлсний дараа гаражаа буулга, айлуудаа нүүлгэ гэсний дагуу манай хүүхдүүд гаражаа буулгаж, айлаа нүүлгэсэн. Албан ёсоор “Н*******” ХХК-д хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсний дараахад “Н*******” ХХК нь анхны олгогдсон 2014 оны А/642 дугаар тоот захирамжийг хүчингүй болгохоор Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаад Баянзүрх дүүргийн Засаг дарга 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/272 тоот захирамжаараа хүчингүй болгосон. Үүнийг үндэслээд Нийслэлийн Засаг дарга 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр захирамж гаргасан. Тэгээд “Н*******” ХХК-ийн захирал С.Б******* манай хүү Ц.*******ийг дуудаад анхны захирамж чинь хүчингүй болсон, 1 өрөө байраа авбал ав гээд захирамжийг миний хүүд гардуулсан. Тэгээд би хуульч болохоороо хүүгээсээ захирамжийг нь аваад тухайн үед Баянзүрх дүүргийн Газрын алба болон Засаг даргад нь хандсан. Хариу өгөхгүй болохоор нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 866 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргын А/272 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр гараад хүчин төгөлдөр болсны дараа манай хүү Ц.*******э “Н*******” ХХК-ийн захирал С.Б*******эд шийдвэрийг авчирч өгсөн. Тухайн үед С.Б******* би мэдээгүй байна гэдэг. Баянзүрх дүүргийн Засаг даргад дарамт учруулж хэд хэдэн удаа гомдол гаргах гэж үзсэн боловч нэгэнт хүчин төгөлдөр болсон шийдвэр нь хуулийн дагуу хүчинтэй үлдсэн. Уг шийдвэрийг харахад анхнаасаа гэрээг хийхдээ энэ залууд ганц өрөө байр өгч, газрыг авах боломжтой гэдэг байдлаар хандаж хийсэн нь Баянзүрх дүүргийн Засаг даргын анхны гарсан захирамжийг хүчингүй болгосноос харагддаг. Уг захирамжийг яагаад хүчингүй болгож байна гэхээр Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний захирамжийг хүчингүй болгох үндэслэлийг нь тавьсан. Газрыг хашаа татаад авъя, дээр нь байгаа гаражийг буулгая, айлуудыг нь нүүлгэе, хашаагаа татаж авсны дараа уг үйл ажиллагааг явуулж байгаа нь ерөнхийдөө “Н*******” ХХК нь энэгазрыг анхнаасаа давхцалгүй, эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрч хийгдсэн. Тэгэхээр 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гарсан захирамжид тухайн үед шүүхэд хандан нэхэмжлэл гаргаагүй. Бидний зүгээс 06 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл гаргасны дараа 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед манай 2 хүү уулзаад явж байсан. Миний хувьд уулзаагүй. С.Б******* гэдэг хүнийг ямар хүн гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэддэг байсан. Энэ гэрээ хэлцлийг хийхдээ би өмгөөлөгч авсан. Өмгөөлөгчтэй явсны дагуу эдгээр хэлцлүүд хуулийн дагуу хийгдсэн. Үүнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, давхцаагүй байна. Өөр байдлаар Газрын тухай хуулийн 3 заалтыг бариад Нийслэлийн Засаг даргын А/08 тоот захирамжаар Ц.*******эд олгосон газрыг хууль бус хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна гэсэн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар давхцаагүй. Давхцалгүй гэдэг нь ойлгомжтой байна. Мөн тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаар төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмших тухайн шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүрэг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэсэн байна. Энэ төлөвлөгөөний дагуу 2015 онд олон жил үйл ажиллагаа явуулж байсан амины орон сууц барих бодолтой байсан газарт Баянзүрх дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамжаа гаргаад олгосон байдаг. Зүгээр 2 удаагийн албан даалгавар авсан байдаг. Нэг нь 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гарсан. Нөгөөх нь 2014 онд гарсан. Энэ төлөвлөлтийн даалгавар орчинтой уялдуулан ногоон байгууламжийн шийдэл гаргах, барилгын гадна гэрэлтүүлгийг цогцоор нь төлөвлөх, зөвшөөрөлгүй хашаа хайс барьж зэргэлдээх барилга байгууламжийн орц, гарцыг хаахгүй байх гэсэн байгаа. Энэ төлөвлөлтийн даалгаврын дагуу манай газрыг худалдаж авчихаад манай компанийн эрх ашгийг хөндлөө гэсэн асуудлыг ярьж байна. Иргэн Ц.*******эд олгогдсон 700 м.кв амины орон сууц барих газар нь хуулийн дагуу гарсан газар байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Зургаа. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Н*******” ХХК-ийн зүгээс Газрын тухай хуулийн 3 зүйл заалтыг барьж нэхэмжлэлээ гаргасан байдаг. Нэхэмжлэлдээ газар давхцсан, шийдвэр гаргахдаа төлөвлөгөө батлуулаагүй байж гаргасан, газар эзэмшигчийн эрх, үүрэгт холбогдох асуудлаар нэхэмжлэлийг гаргасан байдаг. Давхцаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тодорхой байдаг. Үүнийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2/1359 дугаар албан бичгээр хангалттай тодорхой байдаг. Иргэн Ц.*******э болон “Н*******” ХХК-ийн газар нь давхцалгүй байна гэдгийг шүүхэд гаргаж өгсөн. 

Төлөвлөгөө батлуулсан буюу төлөвлөгөө хуульд нийцэж байсан гэдгийг нотлох 2 баримт байдаг. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь захирамжаараа хангийн анх Ц.*******ийн олголтыг олгосон байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нь 2014 оны А/642 гэсэн захирамжаар 487 иргэнд газар олгосон байдаг. Энэ 487 иргэнд Ц.*******э хамаардаг. Иргэн Ц.*******эд хамаарах заалтыг хүчингүй болгосныг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 866 тоот шийдвэрээр хүчин төгөлдөр байсныг хүлээн зөвшөөрч захирамжийг хэвээр үлдээсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. “Н*******” ХХК-ийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүйгээс үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг хүчин төгөлдөр гэдгийг өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрсөн гэдэг нь тодорхой байна. Газрын тухай хуулийн 35.3.5-д заасан газар эзэмшигчийн эрх үүрэгтэй холбоотой асуудал нэхэмжлэлд огт хамааралгүй юм. Газар эзэмших эрхийг арилжааны гэрээний үндсэн дээр өөрсдөө авчихаар, өөрсдийнхөө эрх үүрэгтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н*******” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжийн Ц.*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Н*******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1051 дүгээр захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар нэгж талбарын 18646311252493 дугаар бүхий 900 м.кв газрыг эзэмших эрх олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

Гуравдагч этгээд Ц.*******эд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/642 дугаар захирамжаар 700 м.кв газар эзэмшүүлж, уг газар эзэмших эрхээ Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжаар баталгаажуулсан байна. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “...манай компанийн эзэмшил газартай давхцуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжаар иргэн Ц.*******эд амины сууцны зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус” гэсэн бөгөөд шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хийсэн маргаан бүхий газарт хийсэн үзлэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн 2/1359 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Н*******” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18646311252493 дугаартай 900 м.кв газар нь Ц.*******ийн эзэмшлийн нэгж талбарын 18646311277495 дугаартай 700 м.кв газартай давхцалгүй болохыг тодорхойлсон кадастрын мэдээллийн сангийн зураг болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбараар маргаан бүхий газар ямар нэг давхцалгүй болох нь бүрэн нотлогдсон. 

Гуравдагч этгээдийн тайлбар болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2/1511 дүгээр албан бичигт хавсарган ирүүлсэн нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006-2015 оны архивын зурган мэдээллийг агаарын зурагтай харьцуулсан зургуудаас үзэхэд гуравдагч этгээд Ц.*******э маргаан бүхий газрыг 2006 оноос хойш ашиглаж, эзэмшиж байсан нь тогтоогддог бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын аль аль нь энэ талаар маргаагүй. 

Мөн Ц.*******э, “Н*******” ХХК-ийн захирал С.Б******* нар 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх тухай гэрээ, Газрын эрх шилжүүлэх, хариу төлбөрт нийт 130.7 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, орон сууц шилжүүлэх тухай арилжааны гэрээ, Орон сууц захиалан бариулах тухай гэрээг тус тус байгуулж, Ц.*******ээс өөрийн эзэмшлийн 700 м.кв газрыг “Н*******” ХХК-д шилжүүлж, хариу төлбөрт “Н*******” ХХК-иас нийт 130.7 м.кв бүхий 4 ширхэг орон сууцыг Ц.*******ийн өмчлөлд шилжүүлэн авахаар тохиролцжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Ц.*******ийн газар эзэмших эрхийн талаар маргаж байгаагүй болох нь нотлогддог. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...барилга хоорондын зай 40 метр байх ёстой. ...ирээдүйд гуравдагч этгээдийн эзэмшил газарт барилга баригдахыг үгүйсгэхгүй” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэхээр байна. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/08 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн шийдвэр нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/642 дугаар захирамжаар Ц.*******эд газар эзэмшүүлсэн шийдвэрийг баталгаажуулсан шийдвэр бөгөөд тухайн жилийн нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг тогтоох шаардлагагүй, мөн дээрх А/08 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/642 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн зэрэг нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндсөн үйл баримт гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга, Хот байгуулалтын хэлтсийн дарга, Баянзүрх дүүрэг хариуцсан архитектор нар 2011 онд тухайн үеийн “С” орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг баталсан байх бөгөөд тухайн зургаас үзвэл барилгын гаражийн орц, гарц буюу авто зам, ногоон байгууламжийн төлөвлөгөөг гуравдагч этгээд Ц.*******ийн эзэмшил газартай давхцуулан хийсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудад үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн иргэн Ц.*******эд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороололд амины сууцны зориулалтаар 700 м.кв газар эзэмшүүлсэн А/08 дугаар захирамж нь нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжийн Ц.*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжийн Ц.*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.АДЪЯАСҮРЭН