Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 723

 

 

 

 

                                             

 

 

 

 

Т.Лхагвадоржид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Ганзориг,

            ялтан Т.Лхагвадоржийн өмгөөлөгч Г.Даваахүү,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,      

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Лхагвадоржийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 201626010565 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овогт Тогоогийн Лхагвадорж, 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 6 дугаар гудамжны 4 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сум дундын 18 дугаар шүүхийн 166 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 10 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 936 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 237 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 7 жил 10 сар 26 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан, /РД:УТ91042039/,

 

            1. Т.Лхагвадорж нь урьд бусдын эд хөрөнгийг булаах, залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” хорооллын 45 дугаар байрны гадна байх автомашины зогсоол дээр иргэн Б.Гантулгаас “...Шинэ мөнгөөр солиулж өгнө...” гэж бэлнээр 10.100.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч бусдад 10.100.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Билиг” их дэлгүүрийн зүүн талд иргэн Ч.Батцэцэгийг 38-30 УБК улсын дугаартай “Тоёота витз” загварын автомашинаар замын хөдөлгөөнд оролцож явах үед нь гар өргөн зогсоож, өөрийгөө ““АПУ” ХК-ийн ажилтан байна, хэдэн дэлгүүрээр ороод борлуулалт хийх хэрэгтэй байна хэмээн түүний автомашинаар үйлчлүүлж, төлбөр 60.000 төгрөгийг өгөлгүй залилан мэхэлсэн, мөн хохирогч Ч.Батцэцэгийн эзэмшлийн “Samsung galaxy S-5” загварын 350.000 төгрөгийн гар утсыг “яриад өгье” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 410.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

3. 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн хойд талд байрлах гэрлэн дохио дээр иргэн Л.Алтанзулыг 01-71 УНА улсын дугаартай, “Тоёота Вактис” загварын автомашинаар замын хөдөлгөөнд оролцож явах үед нь гар өргөн зогсоож, ““АПУ” ХК ийн хяналтын ажилтан байна” гэж өөрийгөө танилцуулан “530.000 төгрөгийг надад өгвөл уг мөнгийг чинь 160.000-аас 170.000 төгрөгөөр өдөрт нь өсгөж өгнө” гэж итгүүлэн түүнээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан-Уул Таур” барилгын гадна бэлнээр 530.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 530.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирог учруулсан,

4. 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солмон” паб-д иргэн Э.Оюунгэрэлд өөрийгөө ““АПУ” ХК-аас явж байна танай пабад шилэн хөргөгч тавьж өгнө” гэж түүнээс 200.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

5. 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 15-17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өн цаг” караоке бааранд иргэн Г.Эрдэнэчимэгт өөрийгөө ““АПУ” ХК-ийн захиргаанаас явж байна, танайх алтан захиалагч болох уу, гэрээ байгуулахад урьдчилгаанд нь 300.000 төгрөг өгөх хэрэгтэй” гэж түүнээс бэлнээр 300.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

6. 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 14-15 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын коллежийн хажуу талын “Сувова” нэртэй пабад иргэн П.Золжаргалд өөрийгөө ““АПУ” ХК-ийн менежер Насан гэж танилцуулан, барьцаатай хөргөгч тавьж өгнө, гэрээ хийнэ” гэж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвийн гадна дагуулан очиж, түүнээс 500.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

7. 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадын 14 дүгээр гудамжны 266 тоотод “Гурвансайхан” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулж байсан иргэн С.Шинэхүүд “АПУ” ХК-иас явж байна” гэж өөрийгөө танилцуулан “хөргөгч дэлгүүрт чинь тавьж өгнө, барьцаа хөрөнгө 400.000 төгрөг байдаг” гэж түүнээс бэлнээр 400.000 төгрөг, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийн хуулбар, иргэний үнэмлэх /эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссоос 58.300 төгрөгөөр үнэлсэн/ зэрэг эд зүйлийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар зэлилан авч, бусдад 458.300 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

8. 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвийн экспресс Хаан банкны бэлэн мөнгөний ATM машин дээр иргэн О.Цэндэд өөрийгөө ““АПУ” ХК-ийн шинээр ажилд орсон ажилтан байгаа юм” гэж танилцуулан “танай дэлгүүрт хөргөгч тавьж өгье, хөргөгчөө тавихдаа 400.000 төгрөгийн бараатай ирнэ, барааг нь зараад мөнгөө авчих” гэж түүнээс бэлнээр 320.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 320.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

9. 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхурангийн 1085 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Тайхар” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Б.Гантөмөрт өөрийгөө ““АПУ” ХК-ийн борлуулалт хариуцсан ажилтан Бархас гэж танилцуулан, танай дэлгүүрт хөргөгч байрлуулж өгнө, барьцаа нь 500.000 төгрөг болно, хоёр ширхэг хөргөгч байрлуулж өгнө” хэмээн түүнээс бэлнээр 750.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 750.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

10. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн булаг” хүнсний дэлгүүрт орж, иргэн Н.Энхжаргалд өөрийгөө ““АПУ” ХК-ийн менежер байна манай компаниас шилэн хөргөгч тавьж өгөх гэж байгаа тул урьдчилгаа мөнгө байршуулах хэрэгтэй” хэмээн түүнээс бэлнээр 1.000.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

11. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сан онон” хүнсний дэлгүүрт иргэн Л.Даваахүүд өөрийгөө ““АПУ” ХК-иас явж байна, дэлгүүрт чинь хөргөгч байршуулна, урьдчилгаа мөнгө шаардлагатай” гэж түүнээс бэлнээр 300.000 төгрөгийг хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийтдээ 14.868.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Т.Лхагвадоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Лхагвадоржийг урьд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байхдаа давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Т.Лхагвадоржийг 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Т.Лхагвадоржийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Т.Лхагвадоржид оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Т.Лхагвадоржийн 2016 оны 3 дугаар сарын 24-нөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 179 /нэг зуун далан ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 12.1 грамм жинтэй, циркон олон жижиг шигтгээтэй, цацарсан талсттай тольтой, дөрвөлжин хэлбэртэй, шар өнгийн зурагдсан сэвтэй хуримын 2 ширхэг хос монетон бөгжийг хохирогч нарын хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Лхагвадоржоос 15.374.360 /арван таван сая гурван зуун далан дөрвөн мянга гурван зуун жар/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гантулгад 10.100.000 (арван сая нэг зуун мянга) төгрөг, Н.Энхжаргалд 1.000.000 (нэг сая) төгрөг, Г.Эрдэнэчимэгт 300.000 (гурван зуун мянга) төгрөг, О.Цэндэд 320.000 (гурван зуун хорин мянга) төгрөг, Л.Даваахүү (Сан Онон ХК) 300.000 (гурван зуун мянга) төгрөг, Ч.Батцэцэгт 410.000 (дөрвөн зуун арван мянга) төгрөг, П.Золжаргалд 500.000 (таван зуун мянга) төгрөг, Б.Гантөмөрт 750.000 (долоон зуун тавин мянга) төгрөг, Л.Алтанзулд 530.000 (таван зуун гучин мянга) төгрөг, Э.Оюунгэрэлд 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, С.Шинэхүүд 458.300 (дөрвөн зуун тавин найман мянга гурван зуу) төгрөг, иргэний нэхэмжлэгч “Начин заан” барьцаалан зээлдүүлэх газар /төлөөлөгч/ /Ч.Жаргалсайхан/-д 466.060 (дөрвөн зуун жаран зургаан мянга жар) төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Сайнбилэгт 40.000 (дөчин мянга) төгрөгийг тус тус олгож, Т.Лхагвадоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Ялтан Т.Лхагвадорж давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсанд гомдолтой байна. Би хэргийг шалгах явцад бүх үйлдлээ үнэн зөв мэдүүлсэн. Одоо байгаа 11 үйлдлээс 9 үйлдэл нь хохирогч болон миний өгсөн мэдүүлгээр хохирол таардаг. Харин 2 үйлдэл нь буюу Ч.Батцэцэг, О.Цэнд нарын нэхэмжилж байгаа зүйлс нь таарахгүй, хохирогч нар худал мэдүүлсэн. Үүнд: Хохирогч Ч.Батцэцэг нь 2014 оны 3 дугаар сараас 4 дүгээр сард 550.000 төгрөгөөр худалдаж авсан “Samsung S-5” загварын гар утас байсан гэдэг боловч миний хохирогчоос авсан утас нь “Samsung frime” загварын гар утас байсан. 2016 оны 1 дүгээр сарын 16-нд “Good” нэртэй ломбарданд тавьсан бичиг гэрчилнэ. Учир нь гар утасны серийн дугаар нь ломбардны бичиг дээр байдаг. Тухайн ломбардны бичиг нь хавтаст хэрэгт авагдсан. Мөн тухайн үед хохирогчийн утсанд байсан дугаарын шүүлэг дээр утасны сериал дугаар байдаг атал хохирогчийн мэдүүлгийг баримталсан. Хохирогч О.Цэнд нь 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр уг хүнд би 320.000 төгрөг машин дотор өгсөн. Үүнийг жолооч харсан. Гэтэл уг машин нь такси учир бид хоёрын хэрэгт оролцохгүй, мөн машин явж байхад би хохирогчтой арын суудалд хамт сууж яваад мөнгө авсан учир жолооч харах боломжгүй байсан. Дэлгүүрээс гарахад дэлгүүрт нь бид хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд гарахдаа дэлгүүрийн орлого гээд цаасан хайрцагтай мөнгөнөөс бүхэл мөнгийг тоолж авсан. Тэр үед хэдэн төгрөг гэдгийг нь би мэдээгүй, дараа нь машинд тоолоход 220.000 төгрөг байсан. Тэр мөнгөө надад өгөөд 80.000 төгрөг АТМ-ээс авч өгнө гэж байсан. Гэтэл хохирогчийн ээж гэх хүн гэрчилсэн байсан. Тэр хүнийг дэлгүүр дотор байхыг би хараагүй, хохирогч бид хоёр гарахдаа дэлгүүрийн хаалгыг цоожлоод гарсан байтал энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна. Мөн анх байцаалт өгөхдөө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх /нэг нь Таван шарын автобусны ард байрлах “Учрал” нэртэй, хоёр дахь нь 1 дүгээр хорооллын 19 дүгээр байранд байрлах Вансэмбэрүү гэх/ караокегаас авсан тус бүр нь 200.000 төгрөгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч нар мэдэж байсан, мэдүүлэг авсан хэдийч шийдвэрлэж өгөөгүй. Учир нь уг хоёр мэдүүлгийг нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Т.Лхагвадоржийн өмгөөлөгч Г.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Лхагвадорж давж заалдах гомдолдоо “гар утасны загвар зөрүүтэй” гэсэн байна. Т.Лхагвадорж залилан мэхлэх аргаар бусдын “Samsung frime” загварын гар утсыг авсан байхад шийтгэх тогтоолд “Samsung S-5” загварын гар утас гэж бичсэн. Эдгээр гар утаснууд үнийн хувьд зөрүү байх магадлалтай. Хэрэв дээрх гар утаснуудын үнэлгээ хоёр өөр байх юм бол хохирлын хэмжээ өөрчлөгдөнө. Энэ нь мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж, гүйцэд биш хийсэн гэх үндэслэл болно. Т.Лхагвадорж 2 хүний үйлдлийг шинээр мэдүүлж байгаа юм шиг байна. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд ийм зүйл ярьж байгаагүй. Өөрийн үйлдсэн 2 хэргийг давж заалдах шатны шүүхэд нэмж хэлэх гээд байгаа юм уу гэж ойлгож байна...” гэв.

 

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...“Samsung frime” загварын гар утас байсан гэж давж заалдах гомдолдоо хэлж байна. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд 2 удаа өгсөн мэдүүлэгтээ “2 жилийн өмнө гадаадад сурч байгаад ирсэн дүүгээсээ “Samsung galaxy S-5” загварын гар утас худалдаж авч байсан” гэсэн. Мөн “АПУ ХК-д ажилладаг гэх өндөр, цэвэрхэн царайтай залууд машинаараа үйлчлээд гар утсаа алдчихлаа” гэж хэлсэн байдаг. Мөн О.Цэндээс 220.000 төгрөг залилсан байхад 320.000 төгрөг залилсан гэж байгаа  нь буруу гэж байна. “15 цагийн орчим АПУ ХК-аас явж байна, хөргөгч тавьж өгнө, урьдчилгаа нь 400.000 төгрөг гэж хэлсэн. Түүнд орлогоосоо 320.000 төгрөг өгсөн. Орой нь тэр залууд залилуулчихлаа гээд ирсэн” гэсэн гэх гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Гэрч өндөр нуруутай, цэвэрхэн царайтай гэж хохирогчийн гадаад төрх байдлыг хэлж байгаа. Т.Лхагвадорж 2 үйлдлээ нэмж шагуулъя гэж байна. Хавтаст хэрэгт түүний ярьж байгаа шиг зүйл огт байхгүй. Мөн Т.Лхагвадоржид залиулуулсан өөр хүн байж магадгүй гэж 2 удаа зар өгсөн. Зарын дагуу хэн нэгэн холбоо бариагүй. Т.Лхагвадоржтой холбоотой өөр хэрэг огт байхгүй. Түүнийг үйлдүүдийг нь бүрэн шалгаж тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

 

            1. Т.Лхагвадорж нь урьд бусдын эд хөрөнгийг булаах, залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” хорооллын 45 дугаар байрны гадна байх автомашины зогсоол дээр иргэн Б.Гантулгаас “...Шинэ мөнгөөр солиулж өгнө...” гэж бэлнээр 10.100.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч бусдад 10.100.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Билиг” их дэлгүүрийн зүүн талд иргэн Ч.Батцэцэгийг 38-30 УБК улсын дугаартай “Тоёота витз” загварын автомашинаар замын хөдөлгөөнд оролцож явах үед нь гар өргөн зогсоож, өөрийгөө ““АПУ” ХК-ийн ажилтан байна, хэдэн дэлгүүрээр ороод борлуулалт хийх хэрэгтэй байна хэмээн түүний автомашинаар үйлчлүүлж, төлбөр 60.000 төгрөгийг өгөлгүй залилан мэхэлсэн, мөн хохирогч Ч.Батцэцэгийн эзэмшлийн “Samsung galaxy S-5” загварын 350.000 төгрөгийн гар утсыг “яриад өгье” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 410.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

3. 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн хойд талд байрлах гэрлэн дохио дээр иргэн Л.Алтанзулыг 01-71 УНА улсын дугаартай, “Тоёота Вактис” загварын автомашинаар замын хөдөлгөөнд оролцож явах үед нь гар өргөн зогсоож, ““АПУ” ХК-ийн хяналтын ажилтан байна” гэж өөрийгөө танилцуулан “530.000 төгрөгийг надад өгвөл уг мөнгийг чинь 160.000-аас 170.000 төгрөгөөр өдөрт нь өсгөж өгнө” гэж итгүүлэн түүнээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан-Уул Таур” барилгын гадна бэлнээр 530.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 530.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирог учруулсан,

4. 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солмон” паб-д иргэн Э.Оюунгэрэлд өөрийгөө ““АПУ” ХК-аас явж байна танай пабад шилэн хөргөгч тавьж өгнө” гэж түүнээс 200.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

5. 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 15-17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өн цаг” караоке бааранд иргэн Г.Эрдэнэчимэгт өөрийгөө ““АПУ” ХК-ийн захиргаанаас явж байна, танайх алтан захиалагч болох уу, гэрээ байгуулахад урьдчилгаанд нь 300.000 төгрөг өгөх хэрэгтэй” гэж түүнээс бэлнээр 300.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

6. 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 14-15 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын коллежийн хажуу талын “Сувова” нэртэй пабад иргэн П.Золжаргалд өөрийгөө ““АПУ” ХК-ийн менежер Насан гэж танилцуулан, барьцаатай хөргөгч тавьж өгнө, гэрээ хийнэ” гэж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвийн гадна дагуулан очиж, түүнээс 500.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

7. 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадын 14 дүгээр гудамжны 266 тоотод “Гурвансайхан” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулж байсан иргэн С.Шинэхүүд “АПУ” ХК-иас явж байна” гэж өөрийгөө танилцуулан “хөргөгч дэлгүүрт чинь тавьж өгнө, барьцаа хөрөнгө 400.000 төгрөг байдаг” гэж түүнээс бэлнээр 400.000 төгрөг, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийн хуулбар, иргэний үнэмлэх /эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссоос 58.300 төгрөгөөр үнэлсэн/ зэрэг эд зүйлийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар зэлилан авч, бусдад 458.300 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

8. 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвийн экспресс Хаан банкны бэлэн мөнгөний ATM машин дээр иргэн О.Цэндэд өөрийгөө ““АПУ” ХК-ийн шинээр ажилд орсон ажилтан байгаа юм” гэж танилцуулан “танай дэлгүүрт хөргөгч тавьж өгье, хөргөгчөө тавихдаа 400.000 төгрөгийн бараатай ирнэ, барааг нь зараад мөнгөө авчих” гэж түүнээс бэлнээр 320.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 320.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

9. 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхурангийн 1085 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Тайхар” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Б.Гантөмөрт өөрийгөө ““АПУ” ХК-ийн борлуулалт хариуцсан ажилтан Бархас гэж танилцуулан, танай дэлгүүрт хөргөгч байрлуулж өгнө, барьцаа нь 500.000 төгрөг болно, хоёр ширхэг хөргөгч байрлуулж өгнө” хэмээн түүнээс бэлнээр 750.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 750.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

10. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн булаг” хүнсний дэлгүүрт орж, иргэн Н.Энхжаргалд өөрийгөө ““АПУ” ХК-ийн менежер байна манай компаниас шилэн хөргөгч тавьж өгөх гэж байгаа тул урьдчилгаа мөнгө байршуулах хэрэгтэй” хэмээн түүнээс бэлнээр 1.000.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

11. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сан онон” хүнсний дэлгүүрт иргэн Л.Даваахүүд өөрийгөө ““АПУ” ХК-иас явж байна, дэлгүүрт чинь хөргөгч байршуулна, урьдчилгаа мөнгө шаардлагатай” гэж түүнээс бэлнээр 300.000 төгрөгийг хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийтдээ 14.868.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Гантулгын “...Мандахын ээж Хишигээ ирээд Мандахын найз мөнгө солиод өгье гэж байна, Мандах гэрээсээ очиж байна гэж хэлсэн. Мөнгө солих хүн “Орчлон хороололд байсан юм шиг байна лээ. Мандах ирээд мөнгө солиулах гэж байгаа хүнээ дуудаад, бид 3 миний жолоодож явсан машинд суугаад боодолтой дандаа 20.000 төгрөгийн дэвсгэрт 5 боодол буюу боодол бүрнээ 100 ширхэг нийт 10.000.000 төгрөгийг тоолж өгөөд мөнгө солиулсаны шан гэж 100.000 төгрөгийг задгайгаар өгсөн, нийтдээ 10.100.000 төгрөгийг өгсөн. Нүдний шилтэй өндөр цагаан залуу байсан. Мандахын хэлсэнээр нэрийг нь Лхагваа гэж хэлсэн. ...нөгөө залуу 45 дугаар байрнаас эгчийнхээсээ мөнгөө сольчихоод аваад гараад ирнэ гэж хэлсэн. Тэрнээс хойш 30 минутын дараа нөгөө залуугийн гар утас руу залгасан чинь утас нь холбогдох боломжгүй болсон...” /1-р хх-ийн 39/,

гэрч Б.Мандахын “...Лхагвадорж надад хэлэхдээ манай эгч талбайн хажуу талын Голомт банкны салбарт ажилладаг, мөнгө солиулж болно шүү гэхээр нь мөнгө солиулах талаар хэлсэн. ...Лхагвадоржтой уулзаад машин дотор орж ирээд бэлэн 10.000.000 төгрөгийг дандаа 20.000 төгрөгийн дэвсгэртээр 5 ширхэгийг тоолж аваад тэрнээс гадна 100.000 төгрөгийг хүүний мөнгө гэж өгөөд нийт 10.100.000 төгрөг бэлнээр өгөөд явуулсан. Тэгээд тэр үед Лхагвадорж эгчийнхээ гэр рүү ороод мөнгөө солиулаад ирье гэж ороод алга болсон юм. ...20 гаруй минут болсоны дараа Лхагвадорж миний гар утас руу залгаад дахиад мөнгө солиулах юм уу, шинэ мөнгө энд үлдэж байна гэж хэлсэн. Би аваад гараад ир, гарч ирэхээр чинь эндээс мөнгө өгье гэж хэлсэн чинь тэрнээс хойш дахиад 20-30 минут болсон. Гарч ирэхгүй болохоор нь дахиад гар утас руу нь залгасан чинь утсаа унтраасан холбогдох боломжгүй болсон байсан...” /1-р хх-ийн 51/,

хохирогч Н.Энхжаргалын: “...2016 оны 3 дугаар сарын 16-ны 12 цаг 30 минутад манай дэлгүүрт үл таних хүн орж ирээд өөрийгөө “АПУ” ХК-ийн менежер байна гэж танилцуулж 3 сарын хугацаатай бараа бүтээгдэхүүн зээлээр өгч, үнэгүй хөргөгч тавьж өгч, хаяг самбарыг чинь “АПУ”-гийн гэрээтээр сольж өгнө, тийм учраас компани дээр очиж гэрээ байгуулж 1.000.000 төгрөг байршуулна гэж хэлээд ...манайхаас 1.000.000 төгрөг авсан...” /1-р хх-ийн 166/,

хохирогч Г.Эрдэнэчимэгийн: “...2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагаас 17 цагийн хооронд байж байтал манай зөөгч Анхтогтох надад “АПУ” компаниас хүн ирчихээд уулзъя” гэж байна гэсэн. ...Тэр залуу надад “АПУ” ХК-ийн захиргаанаас явж байна ...та нар алтан гэрээ байгуулсан уу гэж асуусан. Алтан гэрээ байгуулахаар манайд ямар давуу талтай байдаг юм бэ гэж асуухад тэр залуу 3 сарын хугацаатай 10 сая төгрөгийн бараа зээлээр өгч болдог юм гэж хэлсэн. ...би хэрэгтэй гэсэн баримтуудыг бүгдийг нь бүрдүүлээд бас 300.000 төгрөг өгөөд явуулсан юм. Тэр хүн дэвтэр барьчихсан байсан, дэвтрийн завсар нь олон баримт байсан учраас би итгэчихсэн юм...” /1-р хх-ийн 193-195/,

хохирогч О.Цэндийн: “...2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр би өөрийнхөө ажиллуулдаг 8 нэрийн дэлгүүртээ байж байхад 16-17 цагийн орчим манай дэлгүүрт нэг залуу орж ирээд би “АПУ” ХК-ийн шинээр ажилд орсон ажилтан, барааны захиалга авах гэсэн юм, манай компаниас танайд хөргөгч тавьж өгье, хөргөгчөө тавихдаа 400.000 төгрөгийн бараатай ирнэ, барааг зараад мөнгөө авчих, гэрээ хийгээд хөргөгчөө бараатай нь авна гэж хэлээд Хан-Уул дүүргийн 19 дүгээр үйлчилгээний төвийн орчим ирсэн. ...би бэлэн мөнгө 320.000 төгрөгөө өгсөн. Нөгөө залуу машинаас буугаад ирсэн байхаар нь чи хаачих гэж байна гэтэл та машинд очоод сууж бай би бие засаад ирье гэж хэлсэн. ...би машинд очиж суугаад хүлээсэн, тэгтэл жолооч нь нөгөө хүн чинь яасан бэ хаана байна гэхээр нь би тантай хамт яваагүй юм уу гэхэд үгүй намайг хөлслөөд бүтэн өдөржин хамт явсан таксины мөнгө өгнө гэсэн гээд бид хоёр хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь цагдаа дуудаад өргөдөл бичиж өгсөн...” /1-р хх-ийн 225-227/,

гэрч Ц.Оюуны: “...Би тэр өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Зээлийн 3-92 тоотод байх “шар” дэлгүүрт өөрийн охин Цэндийн хамт байсан юм. Гэтэл 17 цагийн орчим дэлгүүрт нэг өндөр нуруутай нүдний шилтэй өндөр залуу өөрийгөө АПУ компаниас явж байна гэж хэлээд танай дэлгүүрт АПУ-ийн хөргөгч тавьж өгнө урьдчилгаа мөнгө болох 400.000 төгрөг байгаа юм гээд итгэлтэй нь аргагүй яриад байсан. Тэгээд манай охин Цэнд дэлгүүрийн орлогоосоо тухайн үед байсныг хамаад 320.000 төгрөг аваад, үлдэгдэл мөнгийг нь картнаас аваад өгье гээд тэр залуутай хамт машинаар явсан. ...орой нь нөгөө залууд мөнгөө өгөөд залилуулчихлаа ээжээ гээд орж ирсэн...” /1-р хх-ийн 232/,

хохирогч Л.Даваахүүгийн: “...2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны 823 тоотод байрлах “Сан онон” хүнсний дэлгүүрт гаднаас орж ирсэн залуу ...өөрийгөө “АПУ” ХК-ийн ажилтан гэж танилцуулаад, “манай “АПУ” ХК нь харилцагч нартайгаа шууд 8.000.000 төгрөгийн бараа нийлүүлдэг, компаний нэртэй хөргөгчийг танай дэлгүүрт тавьж өгнө, барьцаанд нь 1.000.000 төгрөг тавих шаардлагатай гэсэн. ...Дараа очъё гэж хэлтэл уг залуу гараад явсан. Тухайн өдрөө 17 цагийн орчимд уг “АПУ” ХК-ийн ажилтан гэх залуу дахин орж ирээд, би танай хөргөгчийг ачуулчихлаа, одоо ирнэ гэж хэлсэн. ...Би зөвшөөрөөд буцаж дэлгүүр орж 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” /2-р хх-ийн 13-14/,

хохирогч Ч.Батцэцэгийн: “...2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 10 цаг 30 минутын орчимд өөрийн эзэмшлийн 38-30 УБК улсын дугаартай, “Тоёота Витз” маркын автомашинтай 3, 4 дүгээр хороололд явж байтал “Билэг” их дэлгүүрийн замын зүүн талаас үл таних эрэгтэй хүн гар өргөөд суусан. ...Тэр хүн өөрийгөө надад хэлэхдээ “АПУ” компанийн худалдааны төлөөлөгч гэж хэлээд, толгойтод 4-5 дэлгүүрээр, UB палас руу дэлгүүрээр ороод ...“Астра” дэлгүүр рүү очсон. Дэлгүүрийн гадаа очоод ...дотогшоо дөнгөж орчихоод буцаж гарч ирээд “миний уулзах гэсэн хүн алга байна. Та түр утсаа өгч байгаач, нэг яриадхъя” гэж хэлээд миний утсыг аваад ярингаа “Астра” төвийн ертөнцийн зүгээр зүүн талын хаалгаар дотогшоо орсон. ...15 орчим минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор араас нь орсон чинь дотор байхгүй байсан. ... “Samsung S-5” загварын гар утас байсан. Мөн дээрээс нь тэр өдөр надаар таксигаар үйлчлүүлсэн 60.000 төгрөг болсон байсан. Миний утасны үнэ одоогийн үнээрээ 350.000 төгрөг дээр 60.000 төгрөг ороод нийт 410.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа...” /2-р хх-ийн 45-46/,

гэрч Ч.Амгалангийн: “...Манай эгч Батцэцэг нь ...2014 оны 11 дүгээр сарын үеэр худалдан авч байсан “Samsung galaxy S-5” загварын гар утас барьдаг байсан. Тэгтэл эгч маань 2016 оны 1 дүгээр сарын үеэр нэг уулзсан чинь “АПУ”-д ажилладаг, цэвэрхэн царайтай, өндөр нуруутай, их итгэх царайтай залууд машинаараа таксинд явж үйлчлээд дээрээс нь гар утсаа залилуулчихлаа гэж хэлж байсан. Бор шаргал өнгийн гар утас байсан...” /2-р хх-ийн 49/,

хохирогч П.Золжаргалын: “...2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 14 цаг 30 минутаас 15 цагийн хооронд ...манай бааранд нэг эрэгтэй хүн “АПУ” компанийн гэрээ хариуцсан менежер ажилтай, хөргөгч өгнө, барьцаанд 500.000 төгрөг өгнө. ...1 жилийн дараа 500.000 төгрөгөө буцааж авч болно гэсэн. ...“АПУ” ХК-ийн үйлдвэр лүү явж байх үедээ 500.000 төгрөгөө одоо өгчих, чи үйлдвэр дээр байж бай гэхээр нь 500.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Уг Насан гэх залуу үйлчилгээний төвийн баруун талын Марс гэх дэлгүүр лүү ороод гарч ирнэ гэж хэлээд гарч ирээгүй...” /2-р хх-ийн 77-79/,

гэрч Б.Даваацэрэнгийн: “...2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр манай цалин буугаад эхнэр Золжаргалд цалин буусан гээд орой нь 700.000 төгрөг өгөөд 600.000 төгрөгийг нь данс руугаа хийгээрэй гээд өгсөн. Тэгтэл 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ байж байтал АПУ ХК-ийн ажилтан гээд залуу ирээд хөргөгч өгнө, гэрээ хийхээд 500.000 төгрөгөө өг гэхээр нь эхнэр миний өгсөн цалингаас уг хүнд 500.000 төгрөгийг нь өгч алдсан талаараа орой нь хэлсэн...” /2-р хх-ийн 80-81/,

гэрч П.Ихэржаргалын: “...2016 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр эгч Золжаргалтай хамт Сувово бааранд зөөгчөөр ажиллаж байтал өдөр 15 цаг өнгөрч байхад нэг залуу манай бааранд орж ирээд танай баарны хөргөгч их муудсан байна, “АПУ” ХК-иас гэрээ хийгээд 500.000 төгрөг аваад хөргөгч өгнө гээд эгч Золжаргалтай уулзаад байсан. ...уг хүн ...хөргөгч дотор хийж зарах бүх барааг манайхаас гаргаж өгнө, харин барьцаанд 500.000 төгрөг байх ёстой гээд эгч хүргэн ахын цалин буусан надад мөнгө байгаа гээд нөгөө залуутай явсан...” /2-р хх-ийн 82-83/,

хохирогч Б.Гантөмөрийн: “...2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 хороо, Улаанхуарангийн 1в-1085 тоотод байх “Тайхар” хүнсний дэлгүүрт ...нэг залуу орж ирээд миний нэрийг Бархас гэдэг “АПУ” ХК-иас явж байна, манайх зээл өгч байгаа, урамшуулал зарлаад дуусч байгаа, 5.000.000 төгрөгийн урамшууллыг нэмж өгнө гэж хэлээд урьдчилгаа 500.000 төгрөг болно гэхээр нь би мөнгө байхгүй гээд гаргасан. Тэгээд 3 дугаар сарын 9-ний өдөр тэр залуу дахин ирээд өнөөдөр урамшууллын хугацаа дуусах гэж байгаа, өнөөдөр очиж гэрээ хий гэхээр нь 750.000 төгрөг өгсөн. “АПУ” ХК дээрээс бичиг баримтаа ав гээд хамт явж байгаад Сүхбаатар дүүрэгт байх “Меркури” зах руу ороод эндээс нэг юм аваад гараад ирье гэж хэлээд орсон боловч 1 цаг хэртэй хүлээгээд гарч ирээгүй...” /2-р хх-ийн 114/,

хохирогч Л.Алтанзулын: “...2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр дүү Мөнгөнзулын хамтаар өөрийн эзэмшлийн 01-71 УНА улсын дугаартай, цагаан өнгийн, “Тоёото Вактис” маркийн машинаар явж байхад ...“Хархорин” худалдааны төвийн хойд талд ...хар бараан өнгийн тэмдэглэлийн дэвтэр барьсан залуу гараа өргөсөн. ...уг залууг машиндаа суулгатал “би АПУ ХК-ний хяналтын инженер” гэж хэлсэн. ...тэр залуу замд явж байхдаа ...бөөний төвөөс борлуулалтын захиалга авбал тооцооны 30 хувийг өөрсдөө ашиг болгон авдаг юм. Та хоёрт одоо 530.000 төгрөг бэлэн байвал уг мөнгө чинь тэр дороо л 160.000 төгрөгөөр өсч гарч ирдэг. 530.000 төгрөг дээрээ 160.000 төгрөг нэмж авна” гэж хэлсэн юм. ...тэр залууд итгэсэн. “Хан-Уул тауэр” барилгын нэгдүгээр давхарт байрлах “Голомт” банкны АТМ-ээс 530.000 төгрөг аваад, уг мөнгөө миний машинд сууж байгаад нөгөө залууд өгсөн....” /2-р хх-ийн 142/,

гэрч Л.Мөнгөнзулын: “...2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн үед миний төрсөн эгч Алтанзулын эзэмшлийн 01-71 УНА улсын дугаартай, цагаан өнгийн, “Тоёото Вактис” маркийн машинаар Баянгол дүүрэгт ...”Хархорин” худалдааны төвийн хойд талд байрлах гэрлэн дохио өнгөрөөд явж байхад ...хар бараан өнгийн дэвтэр барьсан залуу гар өргөхөөр нь машиндаа суулгасан. ...уг залуу “би АПУ ХК-ийн хяналтын ажилтан байна, ...та хоёр 530.000 төгрөгийг надад төлбөл уг мөнгийг чинь 160.000-170.000 төгрөгөөр өдөрт нь өсгөж өгнө” гэж хэлсэн. ...Алтанзул эгч энэ хүнд 530.000 төгрөгөө өгөөд, өсгөөд авъя, чи миний картнаас мөнгө аваад ир гэхээр нь би “Хан-Уул тауэр” барилгын нэгдүгээр давхарт байрлах “Голомт” банкны АТМ-д эгч Алтанзулын Голомт банкны картыг уншуулан 530.000 төгрөгийг авсан. Ингээд машиндаа буцаж суугаад “АПУ” ХК-ний хяналтын инжөнөр гэх залууд 530.000 төгрөгөө өгсөн....” /2-р хх-ийн 144-145/,

хохирогч С.Шинэхүүгийн: “...2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 хороонд орших “Гурван сайхан” дэлгүүрт 13 цагийн үед нэг эрэгтэй хүн орж ирээд би “АПУ” компаниас явж байна, хөргөгч тавиулна гэсэн үү гэж хэлсэн. Би тиймээ тавиулна гэж хэлтэл иргэний үнэмлэхээ, дэлгүүрийнхээ тусгай зөвшөөрлийн хуулга, барьцааны 400.000 төгрөгийг бүрдүүлээд намайг дагаад яв гэсэн. ...би энэ хүнд би өөрийн УС56010133 регистрийн дугаартай иргэний үнэмлэх, “Гурван сайхан” дэлгүүрийн тусгай зөвшөөрөлийн хуулбар, бэлнээр 400.000 төгрөгийг өгсөн. ...Иргэний үнэмлэхийн үнэ 15.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 3.300 төгрөг, торгуулийн мөнгө 40.000 төгрөг гэж байсан. Нийт 458.300 төгрөгөөр хохироод байна...” /2-р хх-ийн 180-183/,

хохирогч Э.Оюунгэрэлийн: “...2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 16 цаг 48 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Солмон паб”-д үл таних залуу орж ирээд АПУ ХК-аас явж байна. Шилэн нүүртэй хөргөгч өгнө, бусад дагалдах хэрэгсэл өгнө гэж хэлээд шилэн хөргөгчний барьцаа болгож 200.000 төгрөг, иргэний үнэмлэх, 1 хувь зураг хэрэгтэй гэж хэлээд 200.000 төгрөг авсан. ...“АПУ” ХК-ийн гэрээт борлууллагч залуугаас утсаар асуутал шууд цагдаад хэл манайх ерөөсөө хөргөгч өгнө гэсэн асуудал огт байхгүй. Манай компанийн нэрийг бариад нэг хүн залилан хийгээд яваад байгаа гэж хэлсэн тул цагдаад хандсан...” /2-р хх-ийн 216/,

гэрч Д.Байгалмаагийн: “...Намайг “Солмон” паб-д ажил хийж байтал гаднаас үл таних залуу орж ирээд би “АПУ” ХК-ийн Сонгинохайрхан дүүрэг хариуцсан хүн, танай пабад шилэн хөргөгч өгнө, урьдчилгаа болгож 200.000 төгрөг, иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг 1 хувь, авна гэхээр нь би та бичиг баримтаа үзүүл гэтэл үзүүлж болно гээд ширээний ард суугаад гэрээ хийнэ гээд юм бичээд суугаад байхаар нь би гал тогоо руу ороод Оюунаад хэлсэн. ...Оюунгэрэл ээжээсээ 200.000 төгрөг аваад өгсөн. Тэгтэл залуу гадаа “АПУ” ХК-ийн нэрийн стакан, рунк, хормогч зэргийг авч ирнэ гэж хэлээд гараад явсан. Тэгээд тэр орж ирэхгүй болохоор нь би Оюунгэрэлтэй хоорондоо яриад АПУ-ийн менежер гэх залуу руу утсаар асуутал тийм зүйл байхгүй гэсэн...” /2-р хх-ийн 217/,

гэрч М.Эрдэнэбатын: “...2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 14 цагийн үед нэг залуу ТБД андууд дэлгүүрийн урдаас гар өргөж миний машинд суусан. Тэгээд 5 шар орно гээд 5 шарын орчим нэг баар луу ороод удахгүй гараад ирсэн. Тэгээд хэдэн газраар ороод яваадахья гэхээр нь би зөвшөөрөөд уг залуу Баянхошуу, Толгойт, Зүүн салаа, Баянхошууны хөтөл зэрэг гэр хорооллын захын дэлгүүрүүдээр яваад байсан. ...Баруун салааны задгайд 2 давхар дэлгүүрт нилээд удаж байгаад нэг хүүхэн дагуулж гарч ирээд “АПУ” ХК-наас явж байгаа борлуулагч, шинэ хөргөгч тавьж өгнө гээд миний машинд дэлгүүрийн худалдагч эмэгтэйг суулгаж дагуулж явсан. Хан-Уул дүүрэгт байрлах 19-ийн үйлчилгээний төвийн гадаа ирээд нөгөө эмэгтэйг эртхэн мөнгө төгрөгөө шилжүүльө амар гээд нөгөө эмэгтэйг дагуулаад машинаас буусан. Тэгтэл удахгүй нөгөө хүүхэн ирсэн, надаас нөгөө залуу бие засна гээд явсан ирсэн үү гэхээр нь би сэжиг төрөөд наадах залуу чинь зугтаад явчихаж байгаа юм биш биз дээ, яасан сэжигтэй юм бэ гэхэд, нөгөө эмэгтэй би чамайг энэ хүний жолооч юм байх гэж бодсон шүү дээ гэж хэлсэн. Тэгээд хамт машинаас буугаад хайгаад нөгөө залууг олоогүй...” /1-р хх-ийн 229-231/,

гэрч Ц.Мөнхжаргалын: “...Би “АПУ трөйдинг” ХК-нд 2009 оноос эхлэн хуулийн зөвлөхөөр одоог хүртэл ажиллаж байна. Манай компанид Тогоогийн Лхагвадорж гэдэг хүн өрөөсөө ажилладаггүй. ...” /1-р хх-ийн 50/ гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон,  Т.Лхагвадоржийн үйлдсэн хэрэг нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, ялтныг хуульд заасан үндэслэлээр онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож ял шийтгэл оногдуулж, эдлэх дэглэмийг тогтоосон  байна.

 

Давж заалдах гомдлын тухайд:

Ялтан Т.Лхагвадорж давж заалдах гомдолдоо “...хохирогч Ч.Батцэцэгээс авсан утас “Samsung frime” загварын гар утас байсан. ...хохирогч О.Цэндээс 220.000 төгрөг авсан...” болохыг үнэн зөвөөр шалгаж өгнө үү гэжээ.

 Хохирогч Ч.Батцэцэг нь ...“Samsung S5” маркын гар утастай байсан болох нь “...Та түр утсаа өгч байгаач, нэг яриадхъя” гэж хэлээд миний утсыг аваад ярингаа “Астра” төвийн ертөнцийн зүгээр зүүн талын хаалгаар дотогшоо орсон. ...“Samsung S5” маркын гар утас байсан...” /2-р хх-ийн 45-46/, гэрч Ч.Амгалангийн: “...Манай эгч Батцэцэг нь ...2014 оны 11 дүгээр сарын үеэр худалдан авч байсан “Samsung galaxy S-5” маркийн гар утас барьдаг байсан. Тэгтэл эгч маань 2016 оны 1 дүгээр сарын үеэр ...гар утсаа залилуулчихлаа гэж хэлж байсан. Бор шаргал өнгийн гар утас байсан...” /2-р хх-ийн 49/ гэх мэдүүлгүүдээр,

хохирогч О.Цэнд нь Г.Лхагвадоржид 320.000 төгрөг өгсөн болох нь  хохирогчийн “...би бэлэн мөнгө 320.000 төгрөгөө өгсөн. ...би машинд очиж суугаад хүлээсэн, тэгтэл жолооч нь нөгөө хүн чинь яасан бэ хаана байна гэхээр нь би тантай хамт яваагүй юм уу гэхэд, үгүй намайг хөлслөөд бүтэн өдөржин хамт явсан таксины мөнгө өгнө гэсэн гээд бид хоёр хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь цагдаа дуудаад өргөдөл бичиж өгсөн...” /1-р хх-ийн 225-227/, гэрч Ц.Оюуны: “...17 цагийн орчим дэлгүүрт нэг өндөр нуруутай нүдний шилтэй өндөр залуу өөрийгөө АПУ компаниас явж байна гэж хэлээд танай дэлгүүрт АПУ-ийн хөргөгч тавьж өгнө урьдчилгаа мөнгө болох 400.000 төгрөг байгаа юм гээд итгэлтэй нь аргагүй яриад байсан. Тэгээд манай охин Цэнд дэлгүүрийн орлогоосоо тухайн үед байсныг хамаад 320.000 төгрөг аваад, үлдэгдэл мөнгийг нь картнаас аваад өгье гээд тэр залуутай хамт машинаар явсан. ...орой нь нөгөө залууд мөнгөө өгөөд залилуулчихлаа ээжээ гээд орж ирсэн...” /1-р хх-ийн 232/ гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогддог бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээр хэрэг хэлэлцэх шатанд ялтан Т.Лхагвадорж нь уг мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримтын эх сурвалжийг зааж өгч чадаагүй, түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Т.Лхагвадорж нь давж заалдах гомдолдоо “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх /нэг нь Таван шарын автобусны ард байрлах “Учрал” нэртэй, хоёр дахь нь 1 дүгээр хорооллын 19 дүгээр байранд байрлах Вансэмбэрүү гэх/ караокегаас авсан тус бүр нь 200.000 төгрөгийн хэргийг нэг мөр шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн байх боловч  хэрэгт энэ талаар баримт байхгүй, хэргийг буцааж дахин шалгах шаардлагагүй, хавтаст хэргийн хүрээнд нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.  

Иймээс ялтан Т.Лхагвадоржийн “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Т.Лхагвадоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                               

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН                                                 

                                    ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

                        

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ