2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2026/02360

 

 

 

 

 

 

 

   2026         02         11

       191/ШШ2026/02360

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******од оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,, тоотод оршин байрлах “” ХК /рд:/-д холбогдох

 

Даатгалын гэрээний үүрэгт 68,795,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М. хариуцагчийн төлөөлөгч М., Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч М. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК-тай 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 255608062030100008 дугаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, улсын дугаартай улаан хүрэн өнгийн маркийн автомашиныг 78,000,000 төгрөгөөр үнэлж, даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100 хувь хариуцахаар харилцан тохиролцсон. Гэрээнд даатгалын хураамжийг 1 жилд 624,000 төгрөг байхаар тогтоож, гэрээ байгуулсан өдөр даатгуулагч Б.******* нь төлбөрийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн байдаг.

Даатгуулагч нь гэрээний зүйл болох улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр сумын нутаг дэвсгэрт зорчих үед, шөнийн цагаар гэрлийн гялбааны улмаас 3 тооны адуу мөргөсөн зам тээврийн осол гарсан. Энэ талаар ХК-ийн даатгалын шуурхай утас болох дугаарын утас уруу мэдэгдэн бүртгүүлж, улмаар даатгалын нөхөн төлбөр авахаар холбогдох материалыг бүрдүүлэн, гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр авах хүсэлтийг гаргасан. Гэвч ХХК-аас 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1048 дугаар албан бичгээр даатгалын гэрээний 3.1.1-т заасан “...даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдолд бий болгох нөхцөл, орчныг бүрдүүлсэн.” гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно.

Улмаар ХК-ийн уг шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад “даатгуулагчийн санаатай үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан буюу даатгалыг тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх үйлдлийг эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй байна. ...даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу олгож, ...хариу мэдэгдэнэ үү.” гэсэн хариуг ирүүлсэн. Гэтэл хариуцагч ХК нь нэгэнт гарсан шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул даатгуулагч нь гэрээтэй холбоотой маргааныг шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй гэсэн хариуг хүргүүлсэн.

Даатгагч ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй байх бөгөөд хурд хэтрүүлсэн гэх нөхцөл байдал нь баримтаар тогтоогдоогүй, даатгалын гэрээний 3.1.1-т заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй. Учир нь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.ы 2025.09.02-ны өдрийн тодорхойлолт нь жолооч Б.*******ыг хурд хэтрүүлсэн болохыг тогтоосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр биш юм. Түүнчлэн гэрээний 3.1.1-т “замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн” бол гэдэг зохицуулалт байхгүй бөгөөд “даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан бол...” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд даатгуулагчийн зүгээс санаатайгаар адуу мөрдөж, зам тээврийн осол гаргаж, даатгалын тохиолдлыг зориудаар үүсгэсэн зүйл байхгүй.

Зам тээврийн осол нь үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар, эсрэг урсгалын хурц гэрлийн гялбаанд орсны улмаас үүссэн бөгөөд уг нөхцөл байдлыг жолооч буюу даатгуулагч Б.******* зориудаар, санаатайгаар даатгалын тохиолдолд үүсгээгүй юм. Нөгөө талаар даатгалын гэрээний зорилго нь дээрх байдлаар учирч болох гэнэтийн аваар ослын улмаас учирч болох хохирлыг бууруулах зорилготой байхад даатгагч нь гэрээний •үргээ биелүүлэхгүй, гэрээний 3.1-т заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бий болоогүй байхад үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэж үзэж байна.

Даатгалын тохиолдол бий болсонтой холбоотойгоор тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг хийлгэхэд 29,440,000 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон бөгөөд даатгалын тохиолдол бий болсонтой холбоотойгоор оношилгоо хийлгэхэд 160,000 -өгрөг, машин ачилтын төлбөр 180,000 төгрөг, даатгалын үнэлгээний хөлс 2,000,000 төгрөг, засвар үйлчилгээний хөлс 18,300,000 төгрөг, сэлбэг хэрэгслийн зардал 9,615,000 төгрөг, нийт 30,255,000 төгрөг болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол үндсэн эрсдэлээс хамгаалагдахаар заасан бөгөөд гэрээний 2.2-т “Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100-иар тооцож, даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгоно”, гэрээний 2.4-т “Даатгагч хохирлын үнэлгээний зардлыг даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн дүн дээр нэмж олгоно.” гэж тус тус заасан тул хариуцагч ХК нь даатгуулагчид учирсан дээрх хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй.

Иймд хариуцагч ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 30,255,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******ад олгож өгнө үү.

 

1.1.             Шинэ баримттай танилцлаа хурлыг үргэлжлүүлэх боломжтой. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2025.7.30-нд даатгалын гэрээ байгуулж автомашин даатгуулсан. Даатгалын эрсдэлийг 100 хувь хариуцахаар тохиролцож төлбөрийг төлсөн. 2025.8.12-нд гэрлийн гялбаанд орж адуу мөргөж осолд орсон. Энэ талаар даатгагч болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Даатгагч очих боломжгүй гээд зургийг авч явуулах талаар хэлсэн. Цагдаагийн байгууллага үзлэг хийсэн. Нэхэмжлэгчийн ээжийн бие муу байсан тул эмнэлэг явсан. Ээж нь нас бараад дараа нь нөхөн төлбөр авах гэж хүсэлт гаргахад татгалзсан. Санаатайгаар тохиолдлыг бий болгосон гэсэн тул СЗХ-д гомдол гаргасан. Хорооноос татгалзах үндэслэлд хамаарахгүй гээд нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн боловч олгоогүй. Даатгагч эрсдэлийг бүрэн хариуцахаар заасан байдаг. Засварлахад гарсан зардал нь 30,255,000 төгрөг юм. Энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн. Гэрээний 2.2-т зааснаар эрсдэлийг бүрэн хариуцсан боловч төлөөгүй. 2.4-т зааснаар үнэлгээний зардлыг хариуцахаар заасан байгаа юм. Иймд 30,255,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2.                   Хариуцагчийн төлөөлөгч Х., М. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 11 хуудас баримт гаргаж байна. Цагдаагийн газрын тодорхойлолт, ослын газрын дүгнэлт зэрэг баримтууд юм.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Даатгалын тохиолдлын нөхцөлийг өөрөө бүрдүүлсэн байдаг. 3 адуу мөргөсөн гэдэг. Нөхөн төлбөрийн баримтыг хянаж үзэхэд цагдаагийн байгууллагын тодорхойлолтод замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг. Хариуцагч нь даатгалын тухай хуулийн 8.4, гэрээний 5.1.12-т зааснаар хурдыг тодорхойлуулж дүгнэлт гаргуулсан. Энд 100 км.цаг-с доошгүй хурдтай байсан гэдэг. Нэхэмжлэгч нь эхний адууг мөргөөд зогсолгүй цааш явж дараагийн адууг мөргөсөн байдаг. Суурин газраас гадна 80 км.цаг-с хэтрүүлэхгүй гэснийг зөрчсөн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ослын үед дуудлага өгсөн талаар маргаангүй.

 

2.1.             3 адууг мөргөөд мөн 2 дахийг мөргөөд 3 дахь адууг мөргөхдөө  тодорхой зай туулсан байдаг. Энэ нь хурд хэтрүүлсэн гэж дүгнэлтээр тогтоогдож байгаа юм гэв.

 

3.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Даатгалын гэрээ /хх5-6/, мэдүүлгийн маягт /хх7/, аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн тодорхойлолт /хх12/, эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх13/, үнэлгээний тайлан /хх14-20/, оношилгооны хуудас 2 ширхэг /хх21-22/, “Буянт оюу” ХХК-ийн тодорхойлолт /хх23-24/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх25-27, 31, 35/, ажил гүйцэтгэх гэрээ /хх28-29/, зарлагын баримт 3 ширхэг /хх30, 34, 36/, цахим баримт /хх32/, “” ХК-ийн албан тоот 2 ширхэг /хх37, 40-41/, Санхүүгийн зохицуулах хорооны албан тоот /хх38-39/,

3б. Хариуцагчаас: аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн тодорхойлолтын хуулбар /хх55/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зургийн хуулбар /хх56/, дүгнэлтийн хуулбар /хх57-63/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Б.******* нь даатгалын гэрээний үүрэгт 30,255,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч “” ХК нь даатгалын тохиолдлыг өөрийн буруутай үйлдлээр үүсгэсэн гэж маргасан.

 

4.                   Зохигч 2025 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатайгаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулжээ. /хх5-6/

Даатгалын гэрээний зүйл нь маркийн 02-33 улсын дугаартай тээврийн хэрэгсэл байна. Нэхэмжлэгч нь энэхүү тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 3 тооны адуу мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн болон 05-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх12, 55/

Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

4.1.             Даатгалын гэрээний удиртгал буюу эрсдэлийн хамгаалалт гэсэн хэсэгт зам тээврийн бүх төрлийн осол гэсэн байх тул дээрх осол нь гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарна. Энэ талаар хариуцагч маргаагүй.

 

5.                   Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” 1.2.31-т “тууш зам” гэж эсрэг хөдөлгөөний зорчих хэсгүүд нь хоорондоо тусгаарлах зурвас, эсхүл замын хашилтаар зааглагдсан бөгөөд бусад зам болон явган хүний зам, унадаг дугуйн зам, мөн төмөр замтай нэг түвшинд огтлолцоогүй, 5.1 тэмдэг бүхий замыг хэлнэ гэж заажээ.

5.1.             Маргаж буй осол нь тууш замд гарсан гэх үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна. Улмаар хариуцагчаас шүүхэд ирүүлж, нэхэмжлэгч үгүйсгээгүй зам тээврийн ослын талаарх дүгнэлтээс үзэхэд тээврийн хэрэгсэл нь тухайн үед 100.58 км.цагийн хурдтай явсан нь тогтоогдсон. /хх57-63./

Улмаар энэхүү хурд нь замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасныг зөрчсөн болох нь эрх бүхий албан тушаалтан буюу замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн гаргасан 2025 оны 09 дугаар сарын 5-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх55/

 

6.                   Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь даатгалын гэрээний 2.2-т заасныг үндэслэж бүх төрлийн эрсдэл даатгалын тохиолдолд хамаарна гэж маргасан. Гэвч гэрээний энэхүү заалт нь хохирлыг бүрэн хариуцах зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн гэм буруугаас үл хамаарч нөхөн төлбөр олгох заалт биш байна.

 

Иймд нэхэмжлэгч нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байгаа нь даатгалын гэрээний 3.1.1-д нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлд хамаарч, мөн гэрээний 3.1-т зааснаар даатгагч нь нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлийг бий болгожээ.

 

7.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1-д зааснаар хариуцагч “” ХК-д холбогдох 30,255,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД