Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 674

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Ч.Б- нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овгийн Ч-ийн Б-д холбогдох эрүүгийн 00000000000000дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б- овгийн Ч-ийн Б- Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А” ХХК-д сав хэвлэгч ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч, дагавар 2 хүүхдүүдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Баяндун 0 дүгээр баг, оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баянголын 0000 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 83 дугаартай захирамжаар 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1 жил 9 сар 14 хоногийн өмнө тэнсэн суллагдсан  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга

Ч.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо 0000 тоот хашааны үүдэнд гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч А.О-ийг “Ш-тэй маргалдлаа” гэх шалтгаанаар нүүр толгойн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, баруун нүдний доод зовхи, зүүн шанаа, зүүн чихний ард хөхлөг орчим, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Ч.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнөөс өмнө эхнэр А.О- бид хоёр хэрэлдэж, маргалдсан байсан. А.О-ийн найз Ш- “та хоёр учраа ол” гэхээр нь тухайн өдөр Ш-тэй хамт О- дээр очсон. О- намайг найз Ш-тэйгээ хардаад хэрүүл хийгээд байхаар нь нүүрэн тус газар нь гараараа 1-2 удаа цохичихоод машиндаа суугаад явсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн 00000000000000 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч А.О-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 6  дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...Хамтран амьдрагч Ч- овогтой Б- гэгч нь ...2018 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн үед хашааны үүдэнд ирж агсам согтуу тавьж намайг хүзүү орчим хумсаараа үснээс зулгааж 1 удаа алгадаж зодсон. Ч.Б-тай хамтран амьдарч 3 жил орчим болж байгаа. 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр надтай болон найз нартайгаа архи уусан. Намайг агсам согтуу тавьлаа гээд цагдаад барьж өгсөн. Маргааш өглөө нь Б- Ш- нар эрүүлжүүлэхээс очиж аваад манай нөхөр ямар нэгэн зүйл хэлэхгүй Ш-ийг автобусанд суулгаж өгнө гээд гараад сураггүй алга болсон. Гэтэл найз Ууганцэцэгээс Б-, Ш- хоёр зочид буудалд хоноод явж байгаа сураг гарсан. Түүнээс хойш Б-... сайн уу энэ тэрээ гэж мессеж бичиж байгаад дараа нь чамайг өөр хүнтэй суулгахгүй, хэрэв өөр хүнтэй суувал алаад хамт шатаана гэж заналхийлсэн. Түүнээс хойш сураггүй байж байгаад 6 сарын 23-ны орой 23 цагийн үед хамтран амьдрагч Ч.Б- ганцаараа хашаанд ороод ирэхээр нь гэрийн хаалгаа цоожилсон. Гэтэл гэрийн хаалга эвдэж ирээд гэрийн яндан өшиглөж эвдэж намайг янхан банзал гичий гэж хэл амаар доромжилж чамайг өөр хүнтэй суулгахгүй, надаас салвал гэртээ чинь шатааж ална гэж заналхийлж айлган сүрдүүлсэн. 2018 оны 06 сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад машинтай ирээд хашааны гадаа надад агсам согтуу тавьж нүүр, хүзүүг хумсаараа маажиж 1 удаа алгадаж үснээс зулгааж зодсон. Хамтран амьдрагч Ч.Б- миний нүүр, хүзүүг хумсаараа маажиж, үс зулгаасан, шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...Б- гэгчтэй 2015 оноос эхлэн хамтран амьдарч байгаа бөгөөд, Ч.Б- нь энэ амьдрах хугацаанд 2016 оны 07 сард жирэмсэн болж 4-5 сартай байхад ...намайг хөлөөрөө дэвсэж зодож байсан, тэр үед миний 2 ихэр хүүхэд зулбасан. Тэгээд цагдаа дуудаж бариулсан боловч маргааш нь манай нөхөр гарчихсан байсан. Сүүлийн 1 жилд агсам зантай болоод байгаа юм. Гэхдээ надад гар хүрэхгүй ч гэсэн хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Цаашид Б-ы асуудлыг шүүхээр шийдтэл найзындаа байна. 5 ханатай монгол гэрийг 2017 онд Ч.Б-тай хамтран амьдарч мөнгө нийлүүлж хуучин гэрийг 370.000 төгрөгөөр худалдаж авч байсан, гэрийн хана хуучин муу хаалга байсан, одоо гэрийн хаалгаа 100.000 төгрөгөөр, яндангаа 20.000 төгрөгөөр үнэлнэ. ... гэх мэдүүлэг [1],

 

2.Хохирогч А.О-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дахин мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 03 цагийн орчим гэртээ амарч байтал Ш- гэрт намайг дуудахаар нь гараад очтол согтуу байсан. Бид 2 жаахан хоорондоо маргалдсан. Тэгсэн машинаас Б- бууж ирээд намайг зодсон. Тухайн үед Б- бид хоёр архи уусан байсан. Ш-тэй хардаж маргалдсанаас болж намайг зодсон. ...Гэмтлийг Б- гараараа цохиж учруулсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Маргааш нь надаас уучлалт гуйсан. ...” гэх мэдүүлэг [2],

 

3.Гэрч Б.Мягмарсүрэнгийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед О- эгч 00000000 утсаар уйлаад нөхөр Б- гэрт ирж агсам согтуу тавиад гараад зугтаачихлаа, эгчийн дүү хүрээд ирээч гэхээр нь гэр ойрхон болохоор гүйгээд О- эгчийн гэрт ороход хувцас хунар нь газраар хөглөрсөн байдалтай байсан. О- эгч уйлчихсан Б- сая ирээд агсам тавиад явлаа гэсэн. Би дахиад ирж магадгүй манайд очоод хоночих гээд гэр лүүгээ дагуулж очоод эргээд цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдөл бичиж өгсөн. ...Мөн 2018 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө мөн 03 цаг минутанд О- эгч рүү залгахад Анай нь гэртээ унтаж байна гэсэн, би та манайд ирж хононо гэсэн яасан бэ? гэж асуухад за яахав эндээ унтаж байя гэсэн. 1 цагийн дараа О- эгч өөрийн 00000000 дугаарын утсаар миний 0000000? дугаарын утас руу залгаад мөн уйлчихсан Б- ирээд намайг зодоод байна гэж ярьсан. Би арын гудамжнаас гүйгээд О- эгчийнд очиход тэндний хашааны үүднээс саарал өнгийн суудлын машин зөрөөд явсан. О- эгч хашааны үүднээс над руу наад машиныхаа дугаарыг бичээд аваарай гээд орилоод байсан. Би уг машины араас холоос дугаарыг нь харахад 00-00 дугаартай цагаан саарал өнгийн суудлын машины байх шиг байсан. О- эгчтэй уулзахад бага зэргийн архи үнэртүүлсэн байдалтай уйлчихсан нүүрээ самардуулсан, үс нь сэгсийсэн байдалтай зогсож байсан. Тэндээсээ манай гэрт очиж хоносон юм. ...Б- ирээд зодсон л гэсэн, өөр зүйл яриагүй. 2018 оны 06 сарын 26-наас 27-нд шилжих шөнө 04 цагийн үед О- эгч нөхөр Б-д  зодуулчихлаа гээд манайд очиж хонохдоо надад найз Ш-г саяхан замын цаана харсан, дуудсан чинь зугтаагаад яваад өгсөн гэж ярьж байсан.... Надад нөхөр Б- ирж зодсон гэж хэлсэн Ш- хамт ирсэн гэж яриагүй. ...” гэх мэдүүлэг [3],

 

4.Ч.Б-ы хэрэг бүртгэлтэд яллагдагчаар 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн орчимд О-ийн найз Ш-тэй цуг гэртээ ирсэн чинь О- гарч ирээд Ш-тэй намайг хардаад Ш-тэй хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би машинаас бууж очоод О-тэй хэрэлдээд О-ийн нүүр лүү нь гараараа 1-2 удаа цохиод, буцаж машиндаа суугаад Ш-тэй хамт явсан. Ш- бид хоёр архи уусан байсан. ...Гараараа нүүр лүү нь 2 удаа цохисон, өөр цохиогүй. Ш-тэй намайг хардаад хэрүүл эхэлсэн. Хүлээн зөвшөөрч байна. ..” гэх мэдүүлэг [4],

 

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8113 тоот дүгнэлтэд:

Болсон хэргийн товч: 2018 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн үед хамтран амьдрагч Ч.Б-д зодуулсан гэх.

“...Хэсэг газрын үзлэгт: Духны дунд хэсэгт 1,5х0,3 см, баруун хацарт 2х0,3см, 0,5х0,1см, баруун нүдний доод зовхинд 0,7х0,7см, зүүн шанаанд 0,6х0,6см, зүүн чихний ард хөхлөг орчим 1х0,8см, эрүүний доор 2х0,5см, хүрэн улаан өнгийн зулгаралттай. Баруун хацарт бага зэргийн хаван хавдартай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

ДҮГНЭЛТ:

1.А.О-ийн биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дух баруун, хацар баруун нүдний доод зовхи, зүүн шанаа, зүүн чихний ард хөхлөг орчим эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч эмч М.Аригуунтөгс/ ...” гэсэн дүгнэлт [5],

 

6. Аюулын зэргийн үнэлгээ [6],

 

7. О-ийн эд хөрөнгийн үнэлгээ [7],

 

8. Шүүгдэгч Ч.Б-ы иргэний үнэмлэхийн лавлагаа [8], оршин суугаа хаягийн тодорхойлолт[9] түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [10], Цагдаагийн ерөнхий газрын өргөдөл, гомдол мэдээлэл, зөрчлийн талаарх асап сангаас Ч.Б-ы талаарх лавлагаа [11],  Авто тээврийн үндэсний төвийн Ч.Б-ы нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа [12], Ч.Б-ы “А” ХХК-нд ажиллалаг тухай тодорхойлолт [13], Ч.Б-ы хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлүүлэх тухай хүсэлт [14], хохирогч А.О-ийн хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлүүлэх тухай хүсэлт[15] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Ч.Б- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 148 дугаар тогтоолоор шийдвэрлэж, яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялын саналыг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Б-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 20-11 тоот хашааны үүдэнд гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч А.О-ийг “Ш-тэй маргалдлаа” гэх шалтгаанаар нүүр толгойн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, баруун нүдний доод зовхи, зүүн шанаа, зүүн чихний ард хөхлөг орчим, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч А.О-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 03 цагийн орчимд гэртээ амарч байтал Ш- намайг дуудахаар нь гараад очтол согтуу байсан. Бид хоёр жаахан хоорондоо маргалдсан, тэгсэн машинаас Б- бууж ирээд намайг зодсон. Намайг Ш-тэй хардаж, маргалдсанаас болж намайг зодсон. ...гэмтлийг Б- гараараа цохиж учруулсан....” гэх мэдүүлэг [16]

-Гэрч Б.Мягмарсүрэнгийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө О- эгч өөрийн утсаар миний утас руу залгаад ...уйлчихсан, Б- ирээд намайг зодоод байна гэж ярьсан. ...О- эгчийнд очиход тэдний хашааны үүднээс саарал өнгийн суудлын машин зөрөөд явсан. ...О- эгчтэй уулзахад бага зэргийн архи үнэртүүлсэн байдалтай, уйлсан нүүрээ самардуулсан, үс нь сэгсийсэн байдалтай зогсож байсан. ...О- эгч нөхөр Б-д зодуулчихлаа гээд ...ярьж байсан...” гэх мэдүүлэг [17]

-Ч.Б-ы хэрэг бүртгэлтэд яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн орчимд О-ийн найз Ш-тэй цуг гэртээ ирсэн чинь О- гарч ирээд Ш-тэй намайг хардаад Ш-тэй хэрэлдээд байсан ...тэгэхээр нь би машинаас бууж очоод О-тэй хэрэлдээд О-ийн нүүр лүү нь гараараа 1-2 удаа цохиод буцаж машиндаа суугаад Ш-тэй хамт явсан. ...Гараараа нүүр лүү нь 2 удаа цохисон. ...Ш-тэй намайг хардаад хэрүүл эхэлсэн. ...” гэх мэдүүлэг [18],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8113 тоот дүгнэлт [19], Аюулын зэргийн үнэлгээ[20] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

 

Хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл тухайн хэрэг маргаан нь архидан согтууралт, эр эмийн хардалт, гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас гарсан байна.  

Ч.Б-, А.О- нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байх боловч 3 жилийн  хугацаанд гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хамтран амьдрагч нар байна.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамааруулахаар тодорхойлсон,  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор хуульчилжээ. Хохирогч А.О-, шүүгдэгч Ч.Б- нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан бөгөөд  шүүгдэгч Ч.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.О-ийн бие махбодид халдаж түүнийг зодсон үйл баримт тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Ч.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хамтран амьдрагч А.О-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Б-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч А.О-ээс жирэмсэн байх үед шүүгдэгч Ч.Б- зодсны улмаас хүүхдээ зулбаж байсан талаар мэдүүлсэн боловч дахин хохирогчоор мэдүүлэхдээ “би тухайн үед Ч.Б-тай маргалдсан байсан учраас ийм мэдүүлэг өгсөн, би өөрөө хальтирч унаад хүүхдээ алдсан юм гэж мэдүүлсэн бөгөөд шүүхээс өөр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй гэж үзэж,  прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Шүүгдэгч Ч.Б- нь хохирогч А.О-ийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч А.О- нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлэхдээ “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эвлэрсэн” гэсэн мэдүүлэг гаргасан [21] байх тул хохирогч А.О-ийн  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялын саналыг Ч.Б-д танилцуулж, шүүгдэгч нь  зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ч.Б- нь маргаж, мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Ч.Б- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 83 дугаартай захирамжаар 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1 жил 9 сар 14 хоногийн өмнө тэнсэн суллагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар заасан ба уг зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд бус, саналыг харгалзан шүүгдэгч Ч.Б-ыг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.Б-ы иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 


[1] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 8-9 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[6]  Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.

[7]  Хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[8]  Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[9]   Хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[11] Хавтаст хэргийн 45-48 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 35 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 58 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 57 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 8-9 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.

[21] хавтаст хэргийн 57 дугаар тал