Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 207/МА2019/00079

 

*******гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00491 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: *******гийн хүсэлттэй

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Дагвын Довдонгийн нөхөн олговор гаргуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг,

Хүсэлт гаргагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч О.Сарантуул прокурор Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие ******* нь 1946 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. Эцэг Дагва овогтой Довдон нь 1941 онд баривчлагдан 1943 оны 03 сарын 15-ны өдөр шүүхийн цаазын бичгийн тусгай ангийн 43,45,48-р зүйлд зааснаар 7 жил хорих ялаар шийтгэгдсэн байдаг. Улсын дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 385-р тогтоолоор эцэг Довдонг цагаатгасныг миний бие 1997 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 723 тоот бичгээр хариу авч, Улсын дээд шүүх 1997 оны 12 дугаар сарын 04-ний өдөр аавыг минь цагаатгасан үнэмлэхийг надад олгосон юм. Ингээд Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын шаардлагын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлж Баянгол дүүргийн шүүхэд нөхөн олговор авах эрхтэй, нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийг гаргаж 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1117 дугаар шийдвэр гарч 1 сая төгрөгийн нөхөн олговор авсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсны улмаас Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст очиж нөхөн олговор авах хүсэлт гаргахад таны өргөдлийг хүлээн авахгүй. Загдсүрэн гэдэг хүн байр авсан байна гэсэн. Ингээд би Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад намайг заавал урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүл гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би 2018 оны 03 дугаар сарын 05-нд өөрийн төлөөлөгч өмгөөлөгчийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс руу дахин явуулж, албан ёсоор өргөдлөө өгч, шийдэж өгөхийг хүссэн. Ингээд уг өргөдлийн хариуг 2019 оны 03 дугаар сарын 22 ны өдөр шуудангаар авсан юм. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажилтан хэлэхдээ Загдсүрэн гэдэг хүн нөхөн олговор авахаар тогтоогдсон юм байна. Аавыг баригдах үед Загдсүрэн гэдэг хүн гэрт нь байсныг надад үзүүлсэн лавлагаанаас харсан. Тухайн үед УАБХТ-ын тусгай архивын лавлагаанд эхнэр Загдсүрэн гэж бичигдсэн байдаг боловч ямар ч гэр бүлийн баталгаа байхгүй улсын бүртгэлд бүртгэгдээгүй байдаг. Гэтэл Загдсүрэн гэдэг хүнд байр өгсөн асуудлыг надад хамаатуулж миний нөхөн олговор авах эрхийг үгүйсгэж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд ******* намайг хилс хэрэгт хэлмэгдэн, шийтгэгдэж, цагаатгагдсан эцэг Д.Довдонгийн үр хүүхдэд олгох нөхөн олговорыг авах эрхтэй этгээд мөн болохыг тогтоож, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст ******* намайг нөхөн олговор авах эрх бүхий этгээдээр бүртгэхийг даалгаж, хуулийн 13-р зүйлийн 13.2.2-т зааснаар нөхөн олговор гаргуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00491 дугаар шийдвэрээр:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2,13.2.2-т заасныг баримтлан нөхөх олговор авах эрхтэй этгээд мөн болохыг тогтоолгох, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст нөхөн олговор авах эрх бүхий этгээдээр бүртгэхийг даалгах,нөхөн олговор гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч *******гийн Төрийн банкны 100210000941 тоот дансанд төлсөн 70.200 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч ******* давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00491 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие ******* нь 1946 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. Эцэг Дагва овогтой Довдон нь 1941 онд баривчлагдан 1943 оны 03 сарын 15-ны өдөр шүүхийн цаазын бичгийн тусгай ангийн 43,45,48-р зүйлд зааснаар 7 жил хорих ялаар шийтгэгдсэн байдаг. Улсын дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 385-р тогтоолоор эцэг Довдонг цагаатгасныг миний бие 1997 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 723 тоот бичгээр хариу авч, Улсын дээд шүүх 1997 оны 12 дугаар сарын 04-ний өдөр аавыг минь цагаатгасан үнэмлэхийг надад олгосон юм. Ингээд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст очиж нөхөн олговор авах хүсэлт гаргахад таны өргөдлийг хүлээн авахгүй. Загдсүрэн гэдэг хүн байр авсан байна гэсэн. Хэлмэгчдийн төрүүчийн болон сүүлд сууж байсан хүнээс төрсөн, үрчилж авсан хүүхэд нэгэн адил тэтгэмж авах эрх эдэлнэ гэсэн байдаг. Орхон аймгийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 717 дугаартай шүүх хуралдаанд нэхэмжлэл гаргах эрх үүсдэг байхаар зохицуулсан тул шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 491 дугаартай шүүхийн шийдвэрт ******* нь хилс хэрэгт хэлмэгдэн, шийтгэгдэж, цагаатгагдсан Д.Довдонгийн төрсөн хүүхэд бөгөөд нөхөн олговрыг авах эрхтэй этгээд мөн боловч түүнтэй адил эрхтэй хэлмэгдэгчийн эхнэр Л.Загдсүрэн нөхөх олговрыг авсан байх тул цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст *******г нөхөн олговор авах эрх бүхий этгээдээр бүртгэхийг даалгах боломжгүй байна гэсэн шийдвэр гарсан. Иймд миний бие дээрх шийдвэрт гомдолтой байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст миний нэрийг бүртгэж авахыг даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

******* намайг хилс хэрэгт хэлмэгдэн, шийтгэгдэж, цагаатгагдсан эцэг Д.Довдонгийн үр хүүхдэд олгох нөхөн олговрыг авах эрхтэй этгээд мөн болохыг тогтоож, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст нөхөн олговор авах эрх бүхий этгээдээр бүртгэхийг даалгаж, нөхөн олговор гаргуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан байна.

Шүүх нөхөх олговрыг эрх бүхий этгээдэд нэг удаа олгохоор зохицуулсан байх бөгөөд хэлмэгдэгч Д.Довдонгийн эхнэр Л.Загдсүрэнд хуулийн дагуу орон сууц олгосон байх тул нэхэмжлэгч ******* нэхэмжлэх эрхгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хэлмэгдэгч Д.Довдон нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн хорих ялаар шийтгэгдэж улмаар цагаатгагдсан байх ба нэхэмжлэгч ******* нь хуулиар олгогдсон 1.000.000 төгрөгийн нөхөх олговор, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д ...хэлмэгдэгчийн эхнэрт /нөхөр/ ...орон сууц, гэр олгоно гэж заасны дагуу хэлмэгдэгч Д.Довдонгийн эхнэр Л.Загдсүрэн 13.5 сая төгрөгийн орон сууц тус тус авсан байна.

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд ...нэг удаагийн гэснийг хасч, 1/13 дугаар зүйлийн 13.2.2-д хорих ялаар шийтгэгдсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгохоор зохицуулсан байна.

Дээрх хуулийн өөрчлөлтөөр Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгэгдсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/-ээс гадна төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 сая төгрөг нөхөх олговор авах эрх үүссэн тул нэхэмжлэгч *******г нөхөх олговор авах эрхтэй этгээд мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

******* нь хуульд заасны дагуу нөхөх олговор -40 сая төгрөг авах эрхтэй тул түүний гаргасан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст ******* намайг нөхөн олговор авах эрх бүхий этгээдээр бүртгэхийг даалгаж, нөхөн олговор гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүх шийдвэрлэх шаардлагагүй юм.

Иймд нэхэмжлэгч *******гийн гаргасан хилс хэрэгт хэлмэгдэн, шийтгэгдэж, цагаатгагдсан эцэг Д.Довдонгийн үр хүүхдэд олгох нөхөн олговрыг авах эрхтэй этгээд мөн болохыг тогтоож, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст ******* намайг нөхөн олговор авах эрх бүхий этгээдээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэх гомдлын зарим хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00491 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2,13.2.2-т заасныг баримтлан нөхөх олговор авах эрхтэй этгээд мөн болохыг тогтоолгох, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст нөхөн олговор авах эрх бүхий этгээдээр бүртгэхийг даалгах, нөхөн олговор гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ......Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2,13.2.2-т заасныг баримтлан нөхөх олговор авах эрхтэй этгээд мөн болохыг тогтоож, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст нөхөн олговор авах эрх бүхий этгээдээр бүртгэхийг даалгах, нөхөн олговор гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ