| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0661/э |
| Дугаар | 673 |
| Огноо | 2018-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 673
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-ын Б-д холбогдох эрүүгийн 1808 0277 50843 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Ц-ын Б- Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Хархираа суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Г” ХХК-нд гадна пасадчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 0-7 насны 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Толгойтын 00000 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга
Ц.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0000 тоот хашаанд А.А-гийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-гээс: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0277 50843 дугаартай хэргээс:
1.Хохирогч А.А-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо нарангийн голын эцэст найз Х-тэй таарсан. Бид хоёр юм ярьж байгаад Б-гийн гэрт очий гээд би Б- рүү залгаад “уулзъя ганц шил архи ууя” гэж хэлсэн. Тэгээд Б- гэрээсээ гарч ирэхээр нь бид гурав Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0000 тоотод манай гэрт очиж 0,75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архийг хувааж уусан. Архи дуусахад Б- гэртээ очиж дахиад нэг шил архи авч ирсэн. Бид гурав тэр архийг нь хувааж уугаад 23 цагийн үед Б-тэй маргалдаж байсан санагдаж байна. Тэгээд Б- харих гээд би гаргаж өгч байсан юм. Гадаа гараад юу болсныг мэдэхгүй байна. Тухайн үед бид хоёр нилээн согтуу байсан болохоор санахгүй байна. Маргааш нь Б-гийн нүүр шалбарсан байсан. Б- бид хоёр тэврэлдэж яваад давхраараа унасан байж магадгүй. Эмчилгээ хийлгэсэн зардлын баримт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй....” гэх мэдүүлэг [1],
2.Хохирогч А.А-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дахин мэдүүлсэн “...Миний зүүн хөмсөг хавдаж няцарсан, хамар халцарсан байсан. Уг гэмтлийг цуг архи уусан Ц.Б- гэрээс гараад маргалдаж байхдаа баруун гараараа нүүр рүү нэг удаа цохиод газар унагаж учруулсан. Тухайн үед би их хэмжээний согтолттой байсан болохоор сайн санахгүй байсан. Одоо бодоод байхад бид хоёр гэрээс гарахдаа маргалдаад гарсан. Гадаа маргалдаж байхад Б- намайг цохиод би газар унасан....” гэх мэдүүлэг [2],
3.Гэрч А.А-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн үед гэртээ нөхөр Төрбат, аав Агаатав нарын хамт байж байхад миний утас руу дүү Л- залгаад А- хүнд зодуулсан гээд байхын гэрт нь очоод үздээ гэж хэлсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо 0000 тоотод А-гийн гэрт очиход А-гийн толгойны баруун талаас цус гарч, зүүн хөмсөгнөөс цус гарсан согтуу байдалтай түргэн тусламжийн машин ирсэн, түргэн тусламжийн эмч нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд оёдол тавиул гэж хэлсэн. Би А-г аваад гэмтлийн эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Тухайн үед А- гэртээ ганцаараа байсан, өөр хүн байгаагүй. А-гийн толгойн баруун тал зүсэгдэж цус гарсан, зүүн хөмсөг шалбарч хавдаад их хэмжээний цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг [3],
4.Ц.Б-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед ...найз А.А- миний 80430617 дугаарын утас руу залгаад гудманд чинь байна гараад ир ганц нэг юм ууя гэсэн. Би гарахгүй гэртээ амарч байна гэж хэлсэн. Тэгэхэд А- миний утас руу дахиж залгаад гараад ир гэж гуйгаад байхад нь гэрт байсан 0,75 литрийн архи аваад гарсан. Гадаа гарч ирэхэд Х-, А- хоёр байсан. Бид гурав Сонгинохайрхан 2 дугаар хороо Орбит 72-1а тоотод А-гийн гэрт очсон. Миний гэрээс авч гарсан 0,75 литрийн шилтэй архийг хувааж ууж дууссан. А- хөргөгчнөөсөө дахиад 1 шил 0,75 литрийн хэмжээтэй архи гаргаж ирсэн. Тэр архийг бид 3 хувааж уугаад А- бид хоёр хоорондоо маргалдаад гэрээс нь гарсан. Гадаа гараад нэг мэдэхэд бид хоёр хоорондоо цохилцож байсан. Өглөө гэртээ сэрээд утсаа асаагаад А-тэй ярихад “чи надтай маргалдаад намайг зодсон байна” гэсэн. Би гэрт нь очоод эмнэлэг дагуулж явсан. Би А-г нүүр рүү нь гараараа цохисон, хэдэн удаа гэдгийг мэдэхгүй байна. А- миний нүүр рүү гараараа цохиж байсан, хэдэн удаа гэдгийг мэдэхгүй байна. Би шинжээчийн 7038 дугаартай дүгнэлттэй танилцсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. А-гийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг [4]
5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7038 тоот дүгнэлтийн
“...Хэсэг газрын үзлэгт: Толгойн баруун тал духны үстэй хэсэгт 2x0.1 см мэс заслын оёдол бүхий орчны хуйх хүрэн улаан зулгаралт бүхий хавдаж улайсан цус шүүрсэн, зүүн хөмсөгний гадна буланд 1,5x0,1см мэс заслын оёдол бүхий чинэрч улайсан шархтай. Хамрын нурууны баруун дээд талд 1x0,1 см хүрэн ягаан зулгаралттай. Цээжний баруун доод хэсгээр 6-8-р хавирганы орчмоор тэмтрэхэд эмзэглэлтэй, тогшилтийн авиа тод. 2018 оны 06 сарын 02-ны ГССҮТ-н үзлэгт: Тархи доргилт, толгойн үстэй хэсэг духанд няцарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэжээ.
ДҮГНЭЛТ:
1.А.А-гийн биед дух, зүүн хөмсөгт няцарсан шарх, хамрын нуруунд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Ө.Сарангэрэл/...” гэсэн дүгнэлт [5]
6.Ц.Б-гийн иргэний үнэмлэхний лавлагаа [6], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [7], оршин суугаа хаягийн тодорхойлолт [8], Ц.Б-гийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар [9], Ц.Б-гийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа [10], түүний өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа [11], Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [12] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлтийг талууд гаргаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Ц.Б- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаар тогтоолоор шийдвэрлэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа буюу 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагчид 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Б-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0000 тоот хашаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр иргэн А.А-гийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь дух, зүүн хөмсөгт няцарсан шарх, хамрын нуруунд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч А.А-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...Миний зүүн хөмсөг хавдаж няцарсан, хамар халцарсан байсан. Уг гэмтлийг цуг архи уусан Ц.Б- гэрээс гараад маргалдаж байхдаа баруун гараараа нүүр рүү нэг удаа цохиод газар унагаж учруулсан. ...Одоо бодоод байхад бид 2 гэрээс гарахдаа маргалдаад гарсан, гадаа маргалдаж байхад Б- намайг цохиод би газар унасан....” гэх мэдүүлэг [13],
-Гэрч А.А-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 7 дугаар сарын 04-ний мэдүүлсэн “...би Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо 0000тоотод А-гийн гэрт очиход А-гийн толгойны баруун талаас цус гарч, зүүн хөмсөгнөөс цус гарсан, согтуу байдалтай түргэн тусламжийн машин ирсэн, түргэн тусламжийн эмч нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд оёдол тавиул гэж хэлсэн. Би А-г аваад гэмтлийн эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. ...А-гийн толгойн баруун тал зүсэгдэж цус гарсан, зүүн хөмсөг шалбарч хавдаад их хэмжээний цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг [14]
-Ц.Б-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан 0 дугаар хороо 0000тоотод А-гийн гэрт очсон. ...0,75 литрийн шилтэй архи хувааж ууж дуусаад А- хөргөгчөөс дахиад 1 шил 0,75 литрийн хэмжээтэй архи гаргаж ирснийг уугаад А- бид хоёр хоорондоо маргалдаад гэрээс нь гарсан. Гадаа гараад нэг мэдэхэд бид хоёр хоорондоо цохилцож байсан. ...Өглөө гэртээ сэрээд утсаа асаагаад А-тэй ярихад чи надтай маргалдаад намайг зодсон байна гэсэн. ...Би А-г нүүр рүү нь гараараа цохисон, хэдэн удаа гэдгийг мэдэхгүй байна. А-гийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг [15],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7038 тоот дүгнэлт [16] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хууль зүйн дүгнэлт:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Ц.Б- нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбарыг гаргасан.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч А.А- нь шүүгдэгч Ц.Б-г гэртээ амарч байхад дуудаж хамт архидан согтуурсан хохирогчийн буруутай үйл ажиллагаа байна.
Шүүгдэгч Ц.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тус зүйл хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч А.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн зардлыг нэхэмжлээгүй, холбогдох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-гийн цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 500 нэгжтэй 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн санал гаргасан ба шүүгдэгч Ц.Б- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй ба прокурорын шатанд торгуулын ялыг зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Ц.Б- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлогыг харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг хүрээнд шүүгдэгч Ц.Б-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
[1] Хавтсаст хэргийн 16-17 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 18 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 7 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 44-45 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 9 дүгээр тал.
[6] Хавтаст хэргийн 26 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 20 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.
[9] Хавтаст хэргийн 30 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.
[11] Хавтаст хэргийн 32 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 23-25 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 18 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 7 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 44-45 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 9 дүгээр тал.