Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2019/00080

 

 

Бочаров Г.Е-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

******* ТӨҮГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00453 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Бочаров Г.Е-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ТӨҮГ /******* ХХК/ -д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 81.155.484 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Багдатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Багдат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Бочаров Г.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Бочаров.Г.Е нь ******* ХХК-ийн материал техникийн хангамжийн баазын даргаар ажиллаж байгаад 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/750 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдаж Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 558 дугаар шийдвэрээр ажилдаа тогтоогдсон. Дээрх ажилгүй байсан хугацааны цалинг шүүх гаргуулахаар шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 01880 тоот тогтоол 2018 оны 12 дугаар сарын 17-нд гарсан боловч өдий хүртэл ******* ХХК миний ажлыг шийдвэрлэж өгөөгүй байна. Иймд Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 558 дугаар шийдвэр гарснаас хойш өдийг хүртэл хугацааны буюу 9 сарын цалингийн нөхөн олговор 30.620.034 төгрөг, 19.215 ам.долларыг тус тус гаргуулж өгнө үү. Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд намайг ажилд авахгүй бол нэхэмжлэлийн хэмжээг нэмэгдүүлэх болно. Нийт 81.155.484 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Багдат нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Бочаров Г.Е-ийн цалин одоо бол нэмэгдсэн. Түүнээс хойш ажилчдын цалин 3-4 дахин нэмэгдсэн. Тийм учир бид ******* ХХК-с гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжилж байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа 10 сар 19 хоногийн мөнгийг гаргуулахаар нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бочаров Г.Е-ийг "Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах" нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 208.05.29-ны өдрийн 142/ШШ2018/00558 тоот шийдвэрээр: "Ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн гэрээнд заасан хэмжээгээр *******-ээс гаргуулж олгохоор" шийдвэрлэсэн. Түүнийг ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийг эцэслэн хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2018.12.17-ны өдрийн 001/ХТ2018/01880 тоот тогтоолд: "Давж заалдах шатны шүүх ******* ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан тодорхойлолтыг үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Бочаров Е.Г. нь нэхэмжлэлдээ дээр дурдсан шүүхийн шийдвэрийг үндэслэж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн байх боловч түүний нэхэмжлэлийн тооцоо, цалингийн тооцооны баримт нь дээрх шүүхийн шийдвэрүүдийн цалингийн тооцооны баримт, тооцоололтой зөрүүтэй байх учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00453 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ТӨҮГ-аас /******* ХХК/ 11.479.500 төгрөг, 16.020 ам доллар гаргуулан нэхэмжлэгч Бочаров Г.Е-д олгож, нэхэмжлэлээс 19.140.534 төгрөг, 3.195 ам долларыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч ******* ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 426.281 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Багдат давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэн орох ёстой боловч шүүх хуралдаан болох өдөр хүртэл хариуцагч ажилд авсан тушаал гаргаагүй байхад шүүх нэхэмжлэл гаргасан өдрийг хүрэл тооцож нөхөн олговрыг дутуу гаргуулсан. Хэрэгт ******* ХХК-наас цалингийн тодорхойлолт гаргуулж өгсөн байхад шүүх 2010 оны хөдөлмөрийн гэрээгээр тооцож нөхөн олговрыг дутуу тооцсон. Иймд шийдвэрийг зөвтгөж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Бочаров Г.Е нь хариуцагч ******* ТӨҮГ /******* ХХК/ -д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 30.620.034 төгрөг, 19.215 ам доллар нийт 81.155.484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлага, цалингийн тооцооны баримт нь шүүхийн шийдвэрт бичигдсэн цалингийн тооцооны баримт, тооцоололтой зөрүүтэй байх учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх нэхэмжлэгч Бочаров Г.Е-ийн ажилгүй байсан хугацааны олговрийг тодорхойлохдоо хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 29-ний өдрийн № 558 дугаартай шийдвэрээр нэг сарын цалин хөлс 1780 ам доллар, 1.275.500 төгрөг буюу ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан хэмжээгээр тооцож үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан зохицуулалттай нийцсэн байна.

Харин шүүх нэхэмжлэгч Бочаров Г.Е-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг зөв тооцоолж гаргасан боловч ажилгүй байсан хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцсон нь буруу байна.

Талууд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох талаар харилцан тохиролцсон болох нь шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Бочаров Г.Е-ийн ажилгүй байсан хугацааг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр буюу 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 10 сар 14 хоногоор тооцож хариуцагчаас олговор 13.585.560 төгрөг /1275500х10 сар х14хоног/, 18.959 ам доллар /1780х10 сар х14хоног/ -ыг тус тус гаргуулж нэхэмжлэгч Бочаров Г.Е-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17.034.474 төгрөг, 256 ам долларыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Багдайгийн шүүхэд гаргасан давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул ...ажилдаа орсон тушаал гаргаагүй байхад шүүх нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцсон нь буруу байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэх гомдлыг хүлээн авах боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ/2019/453 дугаар шийдвэрийн ...Хөдөлмрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ТӨҮГ-аас /******* ХХК/ 11.479.500 төгрөг, 16.020 ам доллар гаргуулан нэхэмжлэгч Бочаров Г.Е-д олгож, нэхэмжлэлээс 19.140.534 төгрөг, 3.195 ам долларыг тус тус хэрэгсэхгүй болгосугай... гэснийг Хөдөлмрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ТӨҮГ-аас /******* ХХК/ 13.585.560 төгрөг, 18.959 ам доллар тус тус гаргуулан нэхэмжлэгч Бочаров Г.Е-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17.034.474 төгрөг, 256 ам долларыг тус тус хэрэгсэхгүй болгосугай... гэж шийдвэрийн 2 дахь заалтанд 426.281 төгрөг гэснийг 475.509 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч Бочаров Г.Е нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ