| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/10963/И |
| Дугаар | 192/ШШ2026/00464 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2026/00464
2026 01 09 192/ШШ2026/00464
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, **** цамхаг хаягт оршин байрлах “****” ХК /регистрийн дугаар: 2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, ********* тоот хаягт оршин суух *********овогт Нарангэрэлийн***********/регистрийн дугаар: ************/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25,906,866.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдоос ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч **** нь "****" ХК-ийн Андууд тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/201844118533 тоот зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/201844118533 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БГХ/201844118533 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч **** нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/201844118533 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,516,068 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,443,145 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,233 төгрөг нийт 4,966,446 төгрөг төлсөн байна. Зээлдэгч **** нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ****од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал буюу нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал зэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэлд 11,483,931.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12,922,022.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,476,912.64 төгрөг, нотариатын зардалд 24,000 төгрөг, нийт 25,906,866.64 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “**** ХК-ийн нэхэмжлэлтэй ****од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,906,866.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд дараах нөхцөлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Үүнд: 2026 оны 02 дугаар сараас 2027 оны 01 дүгээр сарыг дуустал сар бүрийн 30-ны өдөр 250,000 төгрөгөөр эхний 11 сарын хугацаанд, үлдэх 23,156,866.64 төгрөгийг 12 дахь сард нь, нийт 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрч байна. ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “****” ХК нь хариуцагч ****од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,906,866.64 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 250,000 төгрөгөөр 11 сарын хугацаанд, үлдэх 23,156,866.64 төгрөгийг 12 дахь сард нь тус тус “****” ХК-д хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 250,000 төгрөгөөр 11 сарын хугацаанд, үлдэх 23,156,866.64 төгрөгийг 12 дахь сард нь тус тус “****” ХК-д хуваан төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,484 төгрөгөөс, Төрийн сан /улсын төсвийн орлого/-аас 143,742 төгрөг, хариуцагч ****оос 143,742 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “****” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР