| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0678/э |
| Дугаар | 689 |
| Огноо | 2018-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 689
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Д.Т- нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц- овгийн Д-ы Т-т холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц- овгийн Д-ы Т- Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ажил эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, 0-12 насны, 4 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо 00000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга
Д.Т- нь Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны 000 дугаар гудамжны 00 тоот хашааны гадна 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ч.Х-ын нүүрэн тус газарт мөргөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т-аас: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс:
1.Хохирогч Ч.Х-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...Би 2018 оны 06 дугаар сарын 23-ны орой гадуур өөрийн эзэмшлийн **** УНН улсын дугаартай “приус 20” загварын тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0000 тоот гэр лүүгээ харьсан юм. Тэгээд гудамж руу орох гээд явж байтал нэг эмэгтэй хүн явж байсан. Би хажуугаар нь гарч, үүдэнд очиж зогсоод машинаасаа буутал хойноос нэг залуу, бас миний хажуугаар нь зөрж өнгөрдөг эмэгтэй хоёр над дээр ирээд “тэр залуу намайг яаж яваад байгаа юм бэ” гэтэл нөгөө хамт явж байсан хүүхэн нь “чи машинтайгаа ямар
ширүүн явдаг юм бэ, ус цацчихлаа” гэж хэлсэн. Би уучлаарай гэж хэлээд
уучлалт гуйтал нөгөө Т- гэх намайг мөргөсөн гээд байгаа залуу нь шууд
над дээр явж ирээд миний хамар луу нэг удаа мөргөсөн. Тэгээд хамраас цус
гараад байж байтал хашаанаас манай аав болох Ч, ээж болох Б- нар
гарч ирээд намайг өмөөрөөд манай аав Ч нь тэр залууг надаас салгаад бас
ээж дундуур орж ирээд бид нар хоорондоо маргалдсан юм. Тэгээд тэр залуу манай
аавтай заамдалцаад бас ээж дундуур нь орж байгаад тэр залууд цохиулчихсан юм. Тухайн үед тэр Т- гэх залуу нь намайг машинтайгаа ширүүн явж
эхнэр рүү нь ус цацсан гэж миний хамар луу нь мөргөсөн юм. Тэр залуу намайг нэг л
удаа мөргөсөн. Би тэр залууг ерөөсөө цохиогүй. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Т- манай ээжийг санамсаргүй байдлаар нэг удаа тохой хэсгээрээ цохичихсон юм. ...” гэх мэдүүлэг [1] ,
2.Гэрч Д.Б-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн “...Би 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо 0000 тоот хаяг дээрээ нөхөр охин, төрсөн дүү нарын хамтаар амарч байсан. Тэгтэл 23 цагийн орчимд манай хашааны гадна талд хүү Ч.Х-ын машины дуу гарсан. Тэгэхлээр нь бид нар хүү ирж байгаа юм байна гэж бодоод гэрээсээ гаралгүй гэртээ орж ирэхийг нь хүлээгээд байж байтал хүү орж ирэхгүй 5 минут орчим хугацаа өнгөрсөн. Тэр үед би яагаад орж ирэхгүй байгаа юм болоо гэж бодоод гэрээсээ гараад хашааны хаалгаар гараад гудамж руу хартал 30 орчим гэмээр насны өндөр нуруутай залуу манай хүү Х-ыг замдаад нүүрнээс нь цус гаргасан байдалтай зогсож байгаа нь анх харагдсан. Тэгэхлээр нь би яаж байна аа, юу болсон бэ, яагаад манай хүүхдийг зодож байгаа юм бэ гэж хэлээд дундуур нь ороод нөгөө залуугийн гараас нь татаад салгах гэтэл нөгөө залуу миний зүүн талын нүд болон шанаа орчим руу нэг удаа гараараа хүчтэй цохисон. Тэр үед би гэр лүүгээ буцаж гүйж ороод хүүг чинь зодоод намайг цохьчихлоо гээд нөхөртөө хэлсэн. Тэр үед манай нөхөр болон төрсөн дүү нар гэрээс гараад нөгөө танихгүй залуутай барьцалдаж аваад 102 руу залгаж Ц-д дуудлага өгсөн юм. Ц- нар ирсний дараа би учрыг нь олсон. Тухайн үед манай хүүг цохисон залуугийн эхнэр нь гудамжаар явж байхад нь манай хүү машинтайгаа явж таараад хажуугаар нь зөрж өнгөрөх үедээ шавхай үсэрсний улмаас нөхөртөө орж хэлээд нөхөр нь эхнэрийгээ өмөөрөөд манай хүүгийн нүүр лүү мөргөсөн байсан. Тэгээд би дундуур нь орж салгах гэж байгаад нүд рүүгээ цохиулсан юм. ...” гэх мэдүүлэг [2] ,
3.Гэрч Д.Ч-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...эхнэр болох Б-гийн хамтаар байж байхад 23 цагийн орчим манай эхнэр гэрээс гарч явчихаад буцаад орж ирэхдээ “хүүе гадаа хүүхдийг чинь хүн зодоод байна” гэхээр нь би гараад хашааны үүдэнд явж очтол манай хүү болох Ч.Х-ын хамраас нь цус гарсан байсан. Нэг танихгүй залуу бас нэг хүүхэн 2 хажууд нь зогсож байсан. Тэр залууг “чи яаж байна” гэж хэлээд заамдаж авсан. Тэгтэл тэр залуу “харин танай хүүхэд чинь яаж байгаа юм бэ” гээд тэр залуу намайг зөрүүлж заамдаж авсан. Тухайн үед манай эхнэр болох Б- бид хоёрын голоор боль гээд орсон. Тэр залуу манай эхнэр Б-г гарыг нь тавиулах гэж байгаад тохойгоороо нударчихсан юм. Тэгхээр нь би тэр залууг гараараа шанаа руу нь нэг удаа цохиод авсан. Манай хүү Х- боль гээд салгасан. Би тэр залуу руу дахиад дайртал манай хүү намайг очуулаагүй юм. Манай гэрийнхнээс нэг нь Ц- дуудсан. Ц-гийн алаг тэрэг ирээд бид нартай уулзсан. Бид нар хоорондоо ярьж эвлэрээд салсан. Тухайн үед Х-ыг Т- нь цохиж байхыг нь хараагүй, харин намайг хашаанаас гараад очиход манай хүү Х-ын хамраас нь цус гарсан байсан. Тэр залуу намайг цохиогүй. Би тэр залууг нэг л шанаа руу нь цохисон юм. Тухайн үед би тэр залуутай барилцаад авчихсан байхад манай эхнэр Б- голоор нь орж салгах гэж байгаад тэр залуугийн тохойнд цохигдсон. Тэр залуу гараа татах гэж байгаад тохойгоороо санамсаргүй цохисон юм. Би Т-ыг цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг [3] ,
4.Гэрч Ц.А-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...Т- бид 2 хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо 0000 тоот гэрлүүгээ явсан ба бид автобусны буудал дээр буухад 21 цаг өнгөрч байсан. Буугаад бид хоёр хамтдаа гэр лүүгээ алхаад гудамж руугаа орох гээд явж байтал миний хажуугаар “Приус 20” загварын машин шавхай цацаад өнгөрсөн. Тэр машин 00 дугаар гудамж руу ороод зогсохоор нь нөхөр бид хоёр хойноос нь явж очтол нэг залуу ганцаараа машинаас бууж ирсэн юм. Тэгээд тэр залуу дээр явж очоод манай нөхөр Т- нь тэр залууд хандаж чи болгоомжтой явалдаа шавхай цацаад явчих юм, манай эхнэрийн хувцасыг угааж өг гэсэн. Тэр залуу уучлаарай гэж хэлсэн. Манай нөхөр хариуд нь тэр залууд дахиад чи гудамжаар машинтайгаа болгоомжтой явж бай хүүхэд гараад ирвэл яах юм бэ гэтэл тэр залуу шууд уурлаад манай нөхөртэй барилцаж авсан. Би тэр хоёроос зайгаа бариад зогссон. Тэгтэл хашаан дотроос дахиад тэр залуугийн аав болон ээж нь гэх хүмүүс архи уучихсан байдалтай согтуу гарч ирээд маргалдаад манай нөхөртэй тэр залуугийн аав нь гэх залуу барилцаж аваад тэгтэл тэр хөгшин ах манай нөхрийг цохиод авсан. Харин манай нөхөр хариуд нь тэр хөгшин ахад хандаж би аавгүй хүн, гэхдээ би тань шиг хөгшин хүнийг цохихгүй гээд хэсэг маргалдсан. Тэгээд би голоор нь ороход миний үсийг тэр ээж нь гэх хүн зулгаасан. Би Ц- дуудаарай гээд орилоод нэг хүүхэн гарч ирээд Ц- дуудах шиг болсон. Тэгээд нилээн маргалдсаны дараа Ц- ирээд бид нарыг Ц-гийн хэлтэс дээр авчирсан. Би анх манай нөхөр тэр хоёр барилцаад авахаар нь би холдоод зогссон юм. Тэгэхэд гадаа харанхуй болсон байсан. Гэхдээ манай нөхөр Т- нь надад хэлэхдээ “би тэр залууг нэг удаа мөргөсөн” гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр Т- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Манай нөхөр Шадивланд барилга дээр туслах ажилтан хийж байгаа. ...” гэх мэдүүлэг [4],
5.Д.Т-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би хувиараа барилгын ажил дээр туслах ажилтан хийдэг бөгөөд одоо Шадивлан зусланд барилгын ажил эрхэлж байгаа. Хэрэг гардаг өдөр 2018 оны 06 дугаар сарын 23-ны орой ажлаа тараад шадивлангаас гарч эхнэр болох А-ийн ажил дээр явж очиж эхнэрээ аваад бид хоёр хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 0000 тоот гэр лүүгээ явсан. Гэрийн ойролцоо малчны гудамжинд явж байтал эхнэр бид хоёрын хажуугаар нэг цэнхэр өнгийн “приус 20” маркийн машин аймар хурдтай дайрчих шахаад шавар цацаад өнгөрөөд явсан. Тэр машин нь манай гудамжны хойд талын гудамж, малчны 2 дугаар гудамж руу эргээд орсон. Тэгээд эхнэр бид хоёр хойноос нь явж очтол, тэр машинаас нэг залуу бууж ирэхээр нь би тэр залууд хандаж “хөөе чи аятайхан яваач шавар шавхай цацаад явчих юм, чи манай эхнэрийн хувцасыг угааж өгөөрэй” гэтэл тэр залуу уучлаарай гэж хэлчихээд шууд гэрлүүгээ орох гээд эргэж хараад явахаар нь би тэр залууг чи хувцасыг нь угааж өгөлдөө гэж хэлтэл тэр залуу би уучлалт гуйгаа биз дээ гээд уурласан. Тэгэхээр нь би тэр залууг барьж аваад “чи ингэж болохгүй биз дээ” гээд барьж аваад татаад хамар луу нь хальт нэг удаа мөргөсөн. Тэр залуугийн хашаанаас аав, ээж нь гэх хүмүүс согтуу гарч ирээд надруу дайрсан. Тэгээд тэр хүмүүстэй барилцаж аваад бид нар нилээн удаан маргалдаад, Ц- нар ирсэн. Тэр залуу машинтайгаа явж байгаад гудамжаар эхнэр бид хоёрын хажуугаар гарахдаа шавхай цацаад гарсан. Тэгээд би тэр залуу дээр явж очоод хэлэхэд тэр залуу уучлаарай гэж хэлчихээд шууд гэрлүүгээ орох гээд явахаар нь би хөөе чи хувцасыг нь угааж өг гэж хэлээд тэгээд бид 2 хоорондоо маргалдсан. Би тэр залууг заамдаж аваад 1 удаа л хальт мөргөсөн. Өөрөөр цохиж зодоогүй. Тэр Х- гэх залуугийн аав нь согтуу гарч ирээд намайг гараараа 3-4 удаа цохисон. Тэгэхэд бас Х- намайг боогоод байсан. ...” гэх мэдүүлэг [5],
6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 8045 тоот дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу хаван хавдартай, хамрын нуруу болон баруун нүдний доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай.
2018 оны 06 дугаар сарын 24-ний гавлын 2 байрлалын рентген зургаар: гавал ясанд гэмтлийн шинж тэмдэг илрээгүй. Хамрын яс хугарсан, таславч мурийсан. Хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. КТГ-н шинжилгээнд явсан боловч ирээгүй тул дүгнэлт гаргав.
ДҮГНЭЛТ:
1.Ч.Х-ын хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч О.Болороо/ ...” гэсэн дүгнэлт [6] ,
7.Д.Т-ын иргэний үнэмлэхний лавлагаа [7], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [8], Оршин суугаа хаягын тодорхойлолт [9], Д.Т-ын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар [10], Д.Т-ын нэр дээр /***? УБВ улсын дугаартай Honda civic маркийн тээврийн хэрэгсэл/ бүртгэлтэй тухай авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [11], Д.Т-ын нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо 00000 тоот гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөлд бүртгэлтэй тухай лавлагаа [12] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Т-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т- нь Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хорооны малчны 2 дугаар гудамжны 45 тоот хашааны гадна 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ч.Х-ын нүүрэн тус газарт мөргөж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хохирогч Ч.Х-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Би 2018 оны 06 дугаар сарын 23-ны орой өөрийн эзэмшлийн **** УНН улсын дугаартай “приус 20” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Малчны 2-43 тоот гэр лүүгээ харьсан, ...гудамж руу орох гээд явж байтал нэг эмэгтэй хүн явж байсан ба, хажуугаар нь гараад үүдэнд очиж зогсоод машинаасаа буутал хойноос нэг залуу, бас миний хажуугаар нь зөрж өнгөрдөг эмэгтэй, 2 над дээр ирээд тэр залуу “намайг яаж яваад байгаа юм бэ” гэсэн. Нөгөө хамт явж байсан хүүхэн нь “чи машинтайгаа ямар ширүүн явдаг юм бэ, ус цацчихлаа” гэж хэлсэн. ...би уучлаарай гэж хэлээд уучлалт гуйтал Т- намайг мөргөсөн. ...миний хамар луу 1 удаа мөргөж, хамраас цус гарсан. ...Т- гэх залуу нь намайг машинтайгаа ширүүн явж эхнэр рүү нь ус цацсан гэж миний хамар луу нь мөргөсөн юм. ...” гэх мэдүүлэг [13],
-Гэрч Д.Б-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Би 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ...23 цагийн орчимд манай хашааны гадна талд хүү Ч.Х-ын машины дуу гарсан. ...орж ирэхийг нь хүлээгээд байж байтал хүү орж ирэхгүй 5 минут орчим хугацаа өнгөрсөн. ...гэрээсээ гараад хашааны хаалгаар гараад гудамж руу хартал 30 орчим гэмээр насны өндөр нуруутай залуу манай хүү Х-ыг замдаад нүүрнээс нь цус гаргасан байдалтай зогсож харагдсан. ....Тухайн үед манай хүүг цохисон залуугийн эхнэр нь гудамжаар явж байхад нь манай хүү машинтайгаа явж таараад хажуугаар нь зөрж өнгөрөх үедээ шавхай үсэрсний улмаас нөхөртөө орж хэлээд нөхөр нь эхнэрийгээ өмөөрөөд манай хүүгийн нүүр лүү мөргөсөн байсан. ...” гэх мэдүүлэг [14] ,
-Гэрч Д.Чын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “..2018 оны 06 дугаар сарын 23-ны ...23 цагийн орчим манай эхнэр гэрээс гарч явчихаад буцаад орж ирэхдээ хүүе гадаа хүүхдийг чинь хүн зодоод байна, гэхээр нь би гараад хашааны үүдэнд явж очтол манай хүү болох Ч.Х-ын хамраас нь цус гарсан, нэг танихгүй залуу бас нэг хүүхэн 2 хажууд нь зогсож байсан. ...” гэх мэдүүлэг [15] ,
-Гэрч Ц.А-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Би 2018 оны 06 дугаар сарын 23-ны орой ...манай нөхөр болох Т- нь ирээд бид 2 хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо 0000 тоот гэрлүүгээ явсан юм. ...гудамж руугаа орох гээд явж байтал миний хажуугаар Приус 20 маркийн машин шавхай цацаад өнгөрсөн юм. ...бид хоёр хойноос нь явж очтол нэг залуу ганцаараа машинаас бууж ирсэн юм. ...манай нөхөр Т- нь тэр залууд хандаж чи болгоомжтой явалдаа шавхай цацаад явчих юм аа, манай эхнэрийн хувцасыг угааж өг гэтэл тэр залуу уучлаарай гэж хэлсэн. ...манай нөхөр Т- нь надад хэлэхдээ би тэр залууг нэг удаа мөргөсөн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [16] ,
-Д.Т-ын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар мэдүүлсэн “...Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Малчины 1 дүгээр гудамж 47в тоот гэр лүүгээ явсан. ...малчины гудамжинд явж байтал эхнэр бид хоёрын хажуугаар нэг цэнхэр өнгийн приус 20 маркийн машин аймар хурдтай дайрчих шахаад шавар цацаад өнгөрөөд явсан. ...эхнэр бид 2 хойноос явж очтол тэр машинаас нэг залуу бууж ирсэн. ...би тэр залууд хандаж “хөөе чи аятайхан яваач шавар шавхай цацаад явчих юм, чи манай эхнэрийн хувцасыг угааж өгөөрэй” гэсэн. ...Тэр залуу уучлаарай гэж хэлчихээд шууд гэрлүүгээ орох гээд эргэж хараад явсан. ...Би тэр залууг чи хувцасыг нь угааж өгөлдөө гэж хэлтэл тэр залуу би уучлалт гуйгаа биз дээ гээд уурласан. ...Би тэр залууг барьж аваад чи ингэж болохгүй биздээ гээд барьж аваад татаад хамар луу нь хальт нэг удаа мөргөсөн. ...бид 2 хоорондоо маргалдсан. Би тэр залууг заамдаж аваад 1 удаа л хальт мөргөсөн юм. ...” гэх мэдүүлэг [17],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 8045 дугаартай дүгнэлт [18] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хууль зүйн дүгнэлт:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Д.Т- нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбарыг гаргасан.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
Тухайн өдөр хохирогч нь автомашинаа жолоодон явахдаа гудамжинд явж байсан хохирогчийн эхнэрийн хувцас руу шавхай цацсаны улмаас тэдний хооронд маргаан үүссэн байх ба тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Д.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн зардлыг нэхэмжлээгүй, холбогдох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Т-ын цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Д.Т- нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн торгох ял оногдуулж, 3-5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжийг харгалзан үзнэ үү гэсэн санал гаргаж мэтгэлцсэн.
Шүүгдэгч Д.Т- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Ц-гийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуульд торгох ял оногдуулахад шүүгдэгчийн цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Т- нь тогтмол ажил эрхэлдэг, цалин хөлсийг тодорхойлсон гэх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийн саналыг хүлээн авах боломжгүй байх тул, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Т-ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
[1] Хавтаст хэргйн 6-7 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 64-65 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 10 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 29 дүгээр тал
[8] Хавтаст хэргийн 35 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 33 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 34 дүгээр тал
[11] Хавтаст хэргийн 32 дугаар тал
[12] Хавтаст хэргин 31 дүгээр тал
[13] Хавтаст хэргйн 6-7 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 64-65 дугаар тал.
[18] Хавтаст хэргийн 10 дугаар тал.