| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 102/2024/01826/И |
| Дугаар | 192/ШШ2026/00627 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2026/00627
|
2026 01 14 |
192/ШШ2026/00627 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, ******** тоот хаягт оршин суух Урианхад овогт Эрдэнэбатын **** /регистрийн дугаар: РЭ91030445/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, *********** тоот хаягт оршин байрлах “*****” ХХК /регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, ************* тоот хаягт оршин байрлах “*********” ХХК /регистрийн дугаар: 2772205/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, ********** тоот хаягт оршин байрлах “*********” ХХК /регистрийн дугаар: **********/ нарт холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.**** нь хариуцагч “*****” ХХК, “*********” ХХК, “*********” ХХК нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ”Э.**** нь “*****” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 20170611 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо /одоогоор 07 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт баригдаж байсан Оршил хотхоны Б блокын 13 дугаар давхарт 76.8 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан байна. Тухайн үед “*****” ХХК нь “*********” ХХК-ийн туслан гүйцэтгэгчийн хувиар тодорхой тооны орон сууцнуудыг өөрийн ажлын хөлсөндөө авч байгаа гэж тайлбарлан худалдан борлуулах эрхтэй гэж 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04/283 дугаартай албан бичгийг үзүүлж байсан байна. Тэрхүү албан бичигт миний худалдан авсан орон сууцыг “*****” ХХК нь төлбөртөө тооцон авч байгаа, “*********” ХХК нь худалдан борлуулах эрхгүй талаар бичсэн байжээ. Э.**** нь 20170611 дугаартай гэрээний дагуу орон сууцны үнэ болох 115,200,000 төгрөгийг бүрэн төлж, орон сууцаа хүлээн авч, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй, өөрийн өмчлөлийн орон сууцаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна. Э.**** нь “*****” ХХК-д өөрийн захиалсан орон сууцны өмчлөх эрхийг олж авах шаардлагын хүрээнд зохих хүсэлтийг гаргахад “*********” ХХК-д хаяглан албан бичиг үйлдэж өгсөн ба Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх тодорхойлолтыг “*********” ХХК-иас авах шаардлагатай гэжээ. Ингээд “*********” ХХК-ийн захирал н.Амаржаргалд өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлтээ уламжлахад “*****” ХХК-тай төлбөр тооцооны үлдэгдэлтэй байгаа талаараа хэлж, одоогийн байдлаар тодорхойлолт өгөхгүй, шүүхээрээ асуудлаа шийдүүл гэсэн байна. Э.**** нь хоёр хуулийн этгээдийн хоорондын гэрээний маргаанаас шалтгаалж шударга өмчлөгч, эзэмшигчийн хувиар өөрийн худалдан авсан орон сууцаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй хохирсоор байна. Иймд Э.****ыг Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо Оршил хотхон 85 дугаар байрны 62 тоот 76.8 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг “*********” ХХК болон “*****” ХХК-иудад даалгаж өгнө үү.” гэж тодорхойлсон.
2. Хариуцагч “*****” ХХК, “*********” ХХК нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.
3. Хариуцагч “*********” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч “*********” ХХК татгалзлын үндэслэлээ: “Хариуцагч “*****” ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ анх хариуцагч “*****” ХХК, “*********” ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжигдэх орон сууц байсан. Тэгээд гэрээний төлбөрт шилжигдэх орон сууц буюу нийт 30 үл хөдлөх хөрөнгөөс “*********” ХХК-ийн зүгээс “*****” ХХК-д 29-ийг шилжүүлсэн нэг хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй буюу “*****” ХХК нэхэмжлэгчийн гэр бүлийн хамаарал бүхий “*****” ХХК-ийн нэг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлээгүй. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөл, хэсгийн баталгаа хэсэг байгаа. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээ 4,400,000,000 төгрөгийн хөлсний үнэтэй. Үүний 3 хувь нь баталгаа буюу барилгын 3 жилийн хугацаанд 3 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ баталгааны төлбөрийг хариуцагч буюу “*****” ХХК-д шилжүүлнэ гээд талууд харилцан тохиролцсон. Гэвч барилгын 3 жилийн хугацаанд доголдол илэрсэн. Мэргэжлийн хяналтын акт тавигдсан 2020 онд энэ актын дагуу доголдлыг “*********” ХХК-ийн зүгээс засаж сайжруулсан. Туслан гүйцэтгэгч “*****” ХХК-ийн зүгээс ямар нэгэн байдлаар засаж сайжруулаагүй учраас гэрээний баталгааг өнөөдрийг хүртэл манайх шилжүүлэхгүй байгаа. Яагаад гэвэл нэхэмжлэгч хэдийгээр орон сууц захиалгын гэрээг “*****” ХХК-тай байгуулсан хэдий ч тус орон сууц захиалгын гэрээний 2.1 дүгээр зүйл дээр энэхүү ажил гүйцэтгэх гэрээг үндэслэл болгож өмчлөх эрхийг шилжүүлнэ гэсэн заалт байгаа. Тэгэхээр энэ гэрээний асуудал шийдэгдэж байж тухайн орон сууц захиалгын гэрээний өмчлөх эрхийн асуудал шилжинэ гэдэг нөхцөл байдал байгаа. “*********” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн эрх ашгийг ямар нэгэн байдлаар хохироохгүй үүднээс манайх өнөөдрийг хүртэл орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаагүй. Манайх зөвхөн “*****” ХХК-тай асуудлаа шийдчих юм бол энэ ажил гүйцэтгэх гэрээний баталгаа гээд байгаа энэ зүйлийнхээ баталгаанд аваад өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийг нь шилжүүлэхгүй байгаа баталгаа гэсэн орон сууцаа нэхэмжлэгчид шилжүүлээд өгөхөд асуудалгүй гэдэг зүйл яригдаж байгаа юм. Мөн дээрээс нь нэхэмжлэгчийн зүгээс төлбөрөө бүрэн төлсөн гээд байдаг. Гэвч “*****” ХХК болон нэхэмжлэгч 2 нэг ашиг сонирхолтой. Баталгааныхаа зүйлсийнхээ төлбөрийн хариу төлбөрийг төлөөгүй мөртлөө баталгаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчээр нэхэмжлэл гаргуулаад авах “*****” ХХК-ийн ашиг сонирхол байгаа юм. Нэхэмжлэгч хууль ёсны өмчлөгч үү, эзэмшигч үү гэдэг нөхцөл байдлыг тогтоох үүднээс манай компанийн зүгээс төлбөр төлсөн баримт нь хэрэгт авагдсан юм уу, үгүй юм уу, үүнийг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтийг гаргасан шалтгаан нь энэ байна. Хоёрдугаарт ажил гүйцэтгэх гэрээний 5.2, 5.6 дугаар зүйл дээр байгаа гүйцэтгэлийн баталгаа болон чанарын баталгаа буюу орон сууц гүйцэтгэлийн баталгаанд өмчлөлийг шилжүүлэхгүй байгаа орон сууц хугацаанд гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, эсхүл дутуу гүйцэтгэсний улмаас гаргасан материалын дутагдал, ажил гүйцэтгэлтэй холбоотой үүссэн алдагдал, эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч өөрийн зардлаар засуулах, уг зөрчил доголдлыг арилгаагүй тохиолдолд захиалагч, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж гэрээний тусгай нөхцөлд заасан гүйцэтгэлийн баталгаанаас суутгана буюу энэ орон сууцаар суутгаж баталгааныхаа төлбөрийг гаргуулах эрхтэй хүртэл заалт байгаа юм. Гэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаад ингээд яваад байгаа учраас иргэний эрх ашиг хөндөгдөх учраас “*****” ХХК-тай энэ асуудлаа зохицуулаад 3 талт эвлэрлийн гэрээ байгуулаад явъя гээд тооцооны үлдэгдлийн баталгаа, “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирал зөвшөөрсөн. “*********” ХХК нийт 176,000,000 төгрөгийн өр төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ өнөөдрийг хүртэл төлөөгүй, гүйцэтгэлийн баталгаанд байгаа энэ хөрөнгийг манайх гэрээнд заасны дагуу бол захиран зарцуулах эрхтэй ч гэсэн нэхэмжлэгчийн эрх ашгийн үүднээс өнөөдрийг хүртэл “*****” ХХК-ийг хүлээсэн байдалтай байсан. Тэгэхээр нэхэмжлэгч болон “*****” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 2.1 дэх заалтыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болоогүй байгаа буюу өмчлөх эрх нээгдээгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан.
4. Гуравдагч этгээд “***********” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Э.****ын нэхэмжлэлтэй "*****" ХХК, "*********" ХХК, "*********" ХХК нарт холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээд "***********” ХХК нь дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2025/00079 дугаар магадлалаар "******" ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх асуудлыг тодруулах нь зүйтэй гэж үзсэн байх бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/Ш32025/11568 дугаар захирамжаар "*********" ХХК-ийг, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 192/Ш32025/33290 дугаар захирамжаар "***********" ХХК-ийг "бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр" хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар тус тус захирамжилсан байна. Тус иргэний хэргийн маргаан бүхий Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо, 8Б байрны 62 тоот, 76.8 м.кв орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхдээ манай байгууллагын нэрээр буюу "******" ХХК-ийн нэрээр хүсэлт өгч, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан байдаг. Гэвч маргаан бүхий орон сууц манай байгууллагад хамааралгүй бөгөөд өмнө тус орон сууцтай холбоотойгоор манай байгууллагад үл хөдлөх хөрөнгийг ашиглах, эзэмших, өмчлөх зэрэг захиран зарцуулах эрх бий болоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх эсэх нь манай байгууллагын аливаа эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй болно. Жич манай байгууллагын нэр өөрчлөгдсөн талаар "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа" хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул ахин шүүхэд гаргаж өгөх шаардлагагүй гэж үзлээ.” гэжээ.
5. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0063 дугаар итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 68 дугаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 20170611 дугаар Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02/24 дугаар “*****” ХХК-ийн “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаар ************СӨХ-ийн тодорхойлолт, Төрийн банк ХК-ийн харилцах дансны харилцагчийн хуулга, төлбөр төлсөн баримт.
6. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 01-ний 01/257 дугаар "*********" ХХК-ийн итгэмжлэл, “*****” ХХК-ийн итгэмжлэл, хариу тайлбар, 9011168039 дугаар “*****” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/338 дугаар "*********" ХХК-ийн итгэмжлэл, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 69 дүгээр төрсний бүртгэлийн лавлагаа, 2020 оны 07 дугаар сарын 09-ний 2020/351 дугаар “Доголдол арилгуулах тухай” албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралтын хамт, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0/2017/023 дугаар орон сууц захиалгын гэрээний хуулбар, хавсралтын хамт, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дулаан алдалтын дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0/2018/059 дугаар Орон сууц захиалгын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ОХ-АГГ/02-01-2016 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрээний тусгай нөхцөл болон хавсралт баримтууд, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2017/252 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0066966 дугаар шалгалт хийсэн тухай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02-03/3903 дугаар Хуулийн хэрэгжилтийг хангуулж, арга хэмжээ авч ажиллах тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өргөдөл, гомдол гаргах маягт, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн гомдол, оршин суугчдын өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 24/59 дугаар ********* ХХК-ийн тодорхойлолт, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 24/76 дугаар ********* ХХК-ийн итгэмжлэл, 000081502 дугаар хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/183 дугаар ********* ХХК-ийн итгэмжлэл, .
7. Гуравдагч этгээдээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2-10/74 дугаар итгэмжлэл, 000141846 дугаар хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар.
8. Шүүхээс дараах баримтуудыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн. Үүнд: 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10-3/950 дугаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1009 дугаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын албан бичиг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-12/84 дугаар Номин реалтор ХХК-ийн тайлбар, хавсралт баримтуудын хамт, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9/5353 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, хавсралт баримтуудын хамт, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 9/7999 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, хавсралт баримтын хамт, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5/8095 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, хавсралт баримтуудын хамт.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Э.**** нь хариуцагч “*****” ХХК, “*********” ХХК, “*********” ХХК-иудад холбогдуулан Баянзүрх дүүрэг, 07 дугаар хороо, Оршил хотхон 8Б байр /Б блок/, 13 дугаар давхар, 62 тоот хаягт байрлах 76.8 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримтыг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “*********” ХХК, “*****” ХХК-иуд зөвшөөрч, “*********” ХХК эс зөвшөөрснөөр маргажээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, “*****” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 20170611 дугаартай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” байгуулж нэхэмжлэлд дурдсан орон сууцыг 115,200,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч мөнгийг төлсөн ба 2017 оноос өнөөдрийг хүртэл тус орон сууцанд амьдарч байгаа боловч “*****” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй,
2.1 Хариуцагч “*****” ХХК-тай дээрх гэрээг байгуулах үед тус компанид орон сууцны захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн, өөрөө захиран зарцуулах эрхээсээ татгалзсан талаар “*********” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04/283 дугаартай албан бичгийг надад үзүүлж хуулбарыг өгсөн тул өмчлөх эрхийг шилжүүлэх шаардлагыг “*********” ХХК-д холбогдуулж гаргасан,
2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “*********” ХХК-д маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн тухай баримт гарч ирсэн тул тус компанийг хамтран хариуцагчаар оролцуулсан хэмээн тайлбарласан.
3 Хариуцагч “*********” ХХК, “*****” ХХК нар нэхэмжлэлийг зөвшөөрсөн бол хариуцагч “*********” ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч “*********” ХХК татгалзлын үндэслэлээ: “ ... *****” ХХК-д ажлын хөлсөнд тооцож маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ОХ-АГГ/02-01-2016 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан ба энэ гэрээгээр хүлээсэн үүргээ “*****” ХХК биелүүлээгүй. Мөн бидний энэ тохиролцооны талаар нэхэмжлэгч болон “*****” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 2.1-д байгаа тул нэхэмжлэгч бидний энэ тохиролцоог мэдсэн. Иймд өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үндэслэлгүй гэж тайлбарласан.
4. Маргаан бүхий орон сууцны анхны өмчлөгч нь “*********” ХХК байсан ба өнөөдрийг хүртэл орон сууц тус компанийн өмчлөлд байгаа болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар тогтоогдож байхаас гадна энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
5. Хариуцагч “*********” ХХК болон “*****” ХХК-иуд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ОХ-АГГ/02-01-2016 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, энэ гэрээний дагуу “*****” ХХК нь Оршил хотхоны барилгын ажлыг хийж гүйцэтгэх, энэ ажлын хөлсөнд тооцож “*********” ХХК Оршил хотхон орон сууцны А блокын 13,14,15 дугаар давхар А1-3, А1-2, Б блокын 12,13 дугаар давхар А2-13, А2-14 дугаар бүхий орон сууц, 4 ширхэг дулаан зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн авахааар тохиролцсон,
5.1 Нэхэмжлэгч Э.**** хариуцагч “*****” ХХК нар 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 20170611 дугаартай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-г байгуулж энэ гэрээний дагуу Э.**** нь 115,200,000 төгрөг төлөх, “*****” ХХК маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүргийг харилцан хүлээсэн ба төлбөр тооцоог Э.**** бүрэн төлсөн боловч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй болохыг хариуцагч “*****” ХХК зөвшөөрсөн,
5.2 Хариуцагч “*********” ХХК-д маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх шилжээгүй болохыг нэхэмжлэгч болон бусад хариуцагч нар мөн зөвшөөрсөн ба хэрэгт авагдсан бичмэл баримтаар тогтоогдсон.
6. Хариуцагч “*********” ХХК нь хариуцагч “*****” ХХК-тай байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04/283 дугаартай “Тодорхойлолт гаргах тухай” албан бичгийг хариуцагч “*****” ХХК-д хүргүүлсэн талаар хариуцагч “*********” ХХК маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.
7. Нэхэмжлэгч болон хариуцагч “*****” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Э.****д шилжүүлэх үүргийг “*********” ХХК хууль болон гэрээнд заасны дагуу хүлээсэн эсэх, “*********” ХХК-иас “*****” ХХК-д өгсөн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04/283 дугаартай “Тодорхойлолт гаргах тухай” албан бичиг аливаа эрх зүйн үр дагавар үүсгэх эсэх, түүнчлэн “*********” ХХК нь “*****” ХХК-ийн үүргийн зөрчлийг Э.****аас шаардах эрхтэй эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
8. Хариуцагч “*********” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04/283 дугаартай “Тодорхойлолт гаргах тухай” албан бичгээр илэрхийлсэн түүний хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т: “хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.” заасны дагуу тайлбарлах нь зүйтэй.
8.1 Хариуцагч “*********” ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан:
- “ ... хариуцагч “*****” ХХК, “*********” ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжигдэх орон сууц байсан юм. Манайх зөвхөн “*****” ХХК-тай асуудлаа шийдчих юм бол энэ ажил гүйцэтгэх гэрээний баталгаа гээд байгаа орон сууцаа нэхэмжлэгчид шилжүүлээд өгөхөд асуудалгүй ...“ гэх тайлбар,
- Нэхэмжлэгч Э.****ын: “ ... *****” ХХК нь “*********” ХХК-ийн туслан гүйцэтгэгчийн хувиар тодорхой тооны орон сууцуудыг өөрийн ажлын хөлсөндөө авч байгаа гэж тайлбарлан худалдан борлуулах эрхтэй гэж 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04/283 дугаартай ********* ХХК-ийн албан бичгийг үзүүлж байсан байна. Тэрхүү албан бичигт миний худалдан авсан орон сууцыг “*****” ХХК нь төлбөртөө тооцон авсан байсан ... ” гэх тайлбар,
- орон сууцны өмчлөх эрхийг эхлээд “*****” ХХК-д шилжүүлэхээр “*********” ХХК гэрээ байгуулсан, дараа нь “*********” ХХК-д шилжүүлэх тухай мөн “*********” ХХК гэрээ байгуулсан, буцаагаад “*****” ХХК-д шилжүүлэхээр тохирсон нөхцөл байдал зэргээс үзвэл “*********” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04/283 дугаартай албан бичгээр “*****” ХХК-тай гэрээ байгуулсан аливаа гуравдагч этгээдэд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байна. Энэ нь тодорхой бус этгээдэд хандаж гаргасан Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.4-т заасан саналын дуудлага юм.
8.2 Хариуцагч “*********” ХХК-ийн дээрх хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 123, 124 дүгээр зүйлүүдэд заасан шаардах эрх, өр шилжүүлэх хүсэл зориг биш, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хэлцэлд төлөөлүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхээргүй байна.
9. Хариуцагч “*********” ХХК-ийн илэрхийлсэн дээрх саналыг “*****” ХХК-иар дамжуулан нэхэмжлэгч Э.**** хүлээж авсны үндсэн дээр “*****” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 20170611 дугаар “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-г нэхэмжлэгч Э.**** байгуулжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч “*********” ХХК-ийн эрх зүйн үр дагавар үүсгэсэн хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч Э.**** хүлээн авснаар “*********” ХХК болон Э.**** нарын хооронд мөн эрх зүйн харилцаа үүссэн байна.
10. Иргэний хуулийн системчлэлээс үзвэл үүрэг үүсгэх хэлцэл /Иргэний хуулийн 243.1/-ийг өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл /Иргэний хуулийн 110.1 / буюу өмчийн хэлцлээс тусгаарлаж зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн үүргийн хэлцэл хийснээр хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй бөгөөд хуулийн энэ зохицуулалтын дагуу хөрөнгийн хууль ёсны өмчлөгч биш этгээд ч /”*****” ХХК/ тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр бусдад амлаж болох юм. /үүргийн хэлцэл/
10.1 Мөн өмчийн хэлцлийг үүргийн хэлцлээс тусгаарлах дээрх зарчмын дагуу хөрөнгө /орон сууц/-ийн өмчлөх эрхийг шилжүүлэх амлалтыг нэг этгээд /”*****” ХХК/ өгч болох бол бодитоор өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг өөр этгээд /”*********” ХХК/ хүлээж болдог. Өөрөөр хэлбэл, нэг хөрөнгийн талаар 2 этгээд үүрэг хүлээж болох юм. /нэг нь амлалт, нөгөө нь бодит үйлдэл/
11. Энэ хэргийн тухайд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Э.****д шилжүүлж өгөхөөр “*****” ХХК амлалт өгсөн буюу Э.****тай үүргийн хэлцэл /Иргэний хуулийн 243.1/ хийсэн бол орон сууцны өмчлөх эрхийг бодитоор шилжүүлэх үүрэг /Иргэний хуулийн 110.1/-ийг “*********” ХХК Э.****ын өмнө хүлээсэн байна. Иймд Э.**** нь “*********” ХХК-иас Иргэний хуулийн 243.1, 110.1-д зааснаар хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг шаардах эрхтэй юм.
12. Хариуцагч “*********” ХХК болон “*****” ХХК нар нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ОХ-АГГ/02-01-2016 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан, энэ гэрээний дагуу “*****” ХХК Оршил хотхоны барилгын ажлыг гүйцэтгэх, хариу төлбөрт нь “*********” ХХК “*****” ХХК-д өөрийн өмчлөлийн орон сууцаа өгөх үүрэг хүлээжээ. Хариуцагч “*****” ХХК-ийн өмнө хүлээсэн энэ үүргээ “*********” ХХК биелүүлэхдээ хэнд ч шилжүүлж болох ”эрхийн бичиг” /2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04/283 дугаар албан бичиг/-ийг өгөх замаар гүйцэтгэсэн байна.
Иймд “*****” ХХК болон “*********” ХХК-ийн хооронд үүссэн энэхүү дотоод харилцаанаас үүссэн маргааны хариуцлагыг нэхэмжлэгч Э.**** хүлээн үндэслэлгүй юм. Иймд “*****” ХХК гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр орон сууцны өмчлөх эрхийг Э.****д шилжүүлэхээс татгалзсан “*********” ХХК-ийн татгалзал үндэслэлгүй байна.
13. Хавтаст хэргийн 7 дугаар талд “*********” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04/283 дугаар албан бичиг авагдсан /шийдвэрийн үндэслэл болсон/. Энэ албан бичиг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч ийм агуулга бүхий албан бичгийг “*****” ХХК-д хүргүүлсэн талаар “*********” ХХК тайлбарласан, албан бичгийн агуулгын талаар маргаагүй тул энэ баримтын эх хувийг шаардаж авахаас шүүх татгалзсан болно.
14. Хариуцагч “*********” ХХК болон нэхэмжлэгч Э.**** нарын хооронд хууль болон гэрээнд заасан аливаа эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Мөн нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан ба хариуцагч “*****” ХХК нь орон сууцны хууль ёсны өмчлөгч биш байна. Нэхэмжлэгч Э.**** нь дээр дурдсанаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг “*********” ХХК-иас шаардах эрхтэй ба энэ шаардлагыг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч нар хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй болно.
15 Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өмчлөх эрхийг шилжүүлэх, шаардлагатай бичиг баримтыг даалгах шаардлагыг 3 хариуцагчид холбогдуулан гаргасныг процессийн хувьд зөвтгөж үүрэг бүхий этгээд болох ********* ХХК-д даалгаж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн.
16. Нэхэмжлэгч нь өмчлөх эрх тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа 140,400 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасантай нийцээгүй байна. Иймд мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар дутуу төлсөн 593,550 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулна.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул хариуцагчаас 733,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг тус тус баримтлан шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж Баянзүрх дүүрэг, 07 дугаар хороо, Оршил хотхон 8Б байр /Б блок/, 13 дугаар давхар, 62 тоот хаягт байрлах 76.8 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг Э.****д шилжүүлж өгөхийг “*********” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс “*****” ХХК, “*********” ХХК-иудад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 593,550 төгрөгийг нэхэмжлэгч Э.****аас нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “*********” ХХК-иас 733,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.****д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР