Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/72

 

 

2025          12             02                                               2025/ДШМ/72                                   

 

Б.Б , Б.Х нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

Прокурор У.Гантуяа

Хохирогч С.Б гийн өмгөөлөгч Г.Адъяатогтох

Шүүгдэгч Б.Х

           Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогч С.Б гийн гомдлыг үндэслэн Б.Б , Б.Х нарт холбогдох эрүүгийн 2526003470266 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн Б.Б,

Монгол Улсын иргэн, Б.Х

Б.Х нь 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар багт байрлах Дэлгэрэх дэлгүүрийн гадна хохирогч С.Б г зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн зовхи, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Б нь 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багт байрлах Дэлгэрэх дэлгүүрийн гадна хохирогч Д.Ч-ийг  зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хоёр зовхины доор цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, хэвлийд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт  тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Х, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.Х нарыг тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Х нарыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Б.Х нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Б , Б.Х нарт мэдэгдэж, шүүгдэгч Б.Б , Б.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Ч  нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч Б.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд 89,100 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Б нь гомдолтой, эмчилгээгийн зардалд 5,000,000 төгрөгийг нэхэмжилнэ, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Б-ийн эмчилгээгийн зардалд нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Б нь хэлэлцэхгүй орхисон 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлээ шүүгдэгч Х.Б-аас нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч С.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Намайг 2025 оны 7 дугаар сарын 26-ны орой 22 цагт морьтой, согтуу танхайрч дайрч миний толгой нүүр рүү ташуураар цохиж хамар ясны хугарал, зүүн зовхи, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтлүүд учруулж хохироосон. Эдгээр хүмүүсийг танихгүй бөгөөд намайг Б.Х гэгч танихгүй хүн зодсон. Анх хэргийг Даваадорж гэгч хэргийг шалгаад миний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох ач холбогдолгүй гэсэн ч сарын дараа ойлгосон.

 Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохыг ойлгоогүй, хохирлыг гаргуулдаг гэхээр шууд хурал дээр хохирлоо гаргуулах талаар ярьтал боломжгүй гэж шийдвэрлэсэн. Одоогоор миний хоёр нүднээс нулимс гоожиж шөнө унтаж чадахгүй толгой байнга өвдөж маш зовуурьтай байгаа. 2025 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэгт үзүүлж хамрын цөмөрхийг гаргуулсан. Үүнээс хойш бороошилт үүссэнээс хойш хагалгаа хийлгэх заалтай байгаа. Надтай Б.Х гэх залуу огт уулзаагүй, ямар ч хохирол төлбөр өгөөгүй, утсаар ч яриагүй. Миний бие гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зэргээ тогтоолгож хохирол нөхөн төлбөр гаргуулах хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогч С.Б гийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг бүрэн тогтоогдоогүй гэж дүгнэж байна. Морьтой залуучууд давхиж ирж хүний нүүр толгой хэсэг рүү ташуураар цохисон хэрэг гарсан. Ташуураар цохисон гэдгийг хохирогч өөрөө хэлж байгаа. Хохирогчоос мэдүүлэг авахдаа шууд гарын үсэг зуруулж сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох нь чухал ач холбогдолгүй гэж хэлсэн байдаг. Сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт нь сарын дараа гардаг гэдэг байдлаар хохирогч С.Б д ойлгуулсан байсан. Гэмт хэргийг хэдийд яаж үйлдсэн цаг хугацаа нь тодорхойгүй байдаг. Шүүгдэгч нар нь нэг удаа ташуурдсан гэж байгаа боловч ташуураар хохирогч С.Б гийн нүд, хамар, шүд, тохой, гар луу олон газруудад хохирол гэмтэл үүссэн нь шинжээчийн дүгнэлтэд байдаг. Хохирогчид нэг удаагийн цохилтоор морин дээрээс хүний нүүр лүү нь гараараа цохиход гэмтэл гарах боломжгүй. Ташуур хэрэглэснээс болж энэ гэмтэл үүсэх магадлалтай. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх зорилгоор хохирогчийн эрх зүйн мэдлэг дутмаг байдлын ашиглан хэрэг бүртгэлтийн ажиллагаа дутуу явагдсан. Хохирогчийн ярьснаар намайг зодоод зогсохгүй байсан. Хажуу дэлгүүрт хотоос жийп машинтай хүмүүс ирсэн байсан, тэр машиныг эдгээр залуучууд ташуураар хүртэл копудыг нь цохиод байсан гэдэг. Энэ талаар мэдүүлэг өгсөн байдаг. Эдгээр хүмүүсийг хамгаалсан байдлаар хэргийг шалгасанд гомдолтой байна. Хохирогч С.Б  нь эдгээр хүмүүсийг танихгүй. Мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй. Хохирогч С.Б  эмнэлэгт үзүүлж 59,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Энэ 59,000 төгрөгийн хохирлыг төлсөн хүн байхгүй. Хавтаст хэрэгт мөнгийг төлсөн баримт авагдаагүй. Прокурор яллах дүгнэлт болон шүүхэд гаргасан дүгнэлтдээ хохирол төлөгдсөн талаар тайлбарладаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд төлөгдсөн гэж дурдаад байгаа. Гэтэл хавтаст хэрэгт ямар ч төлсөн баримт байхгүй. Шүүхэд хохирол төлөгдсөн гэсэн талаар ямар ч мэдээлэл баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Энэ утгаараа хохирол төлбөр төлөгдөөгүй байхад төлөгдсөн хохирол төлөгдсөнтэй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тогтоол гарч байгаа нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн заалт хангагдахгүй байна. Мөн хохирогч С.Б  гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол биш сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгоё гэсэн давж заалдах гомдлын агуулга байгаа Ийм учраас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлүүд байна гэсэн үндэслэлээр тайлбараа гаргаж байна гэв.

Прокурор У.Гантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогч С.Б гээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгож, эрүүл мэндийн асуудалтай холбоотой хамар ясны хагалгаанд орох 5,000,000 төгрөг гаргуулах талаар гомдол гаргасан байна. Хохирогч С.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох, тогтоолгохгүй талаарх хүсэлтийг бичгээр гаргасан байдаг. Бичгээр гаргасан хүсэлтийг мөрдөгч хүлээж авч хангаж шийдвэрлэсэн. Үүнийг мөрдөгч хохирогчид ойлгуулж тайлбарлаагүй мэдээгүйн улмаас бичиж өгсөн гэдэг байдлаар гомдлоо бичсэн байна. Хохирогч нь анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид хамар ясны хагалгаанд орох 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэдэг агуулгаар мэдүүлгээ өгсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд үүний дагуу улсын яллагчийн зүгээс мөрдөгч хохирогчид тайлбарлаж ойлгохгүйгээр хүчээр хүсэлт бичүүлэн авч хангаж шийдвэрлэх үндэслэлгүй. Шууд ийм утгаар дүгнэх боломжгүй. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хохирогч С.Б  нь эрүүл мэндтэй хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид хамар ясны хугаралтай холбоотой 5,000,000 төгрөгийг баримтаа бүрдүүлж Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон мөн хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн шүүхэд хандаж хохирол, төлбөрөө нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээх саналыг гаргасан. Үүний дагуу анхан шатны шүүх улсын яллагчийн саналын дагуу хохирогч С.Б гийн нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй учраас хэлэлцэх боломжгүй гэж орхиж шийдвэрлэж, цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй хэвээр байгаа. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 1.1-д заасан эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирол шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар мөнгөн төлбөрөөр арилгах эрхтэй гэж хуульчилсан учраас эрхээ хэрэгжүүлэх боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүх шинжилгээний газарт төлсөн баримт нь байгаа. Үүнийг анхан шатны шүүхэд өгөх гэсэн чинь аваагүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч С.Б гийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхэд хохирогч С.Б гээс ... Мөрдөгч миний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох ач холбогдолгүй гэсэн. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохыг ойлгоогүй, хохирлыг гаргуулдаг гэхээр шууд хурал дээр хохирлоо гаргуулах талаар ярихад боломжгүй гэж шийдвэрлэсэн. Одоогоор миний хоёр нүднээс нулимс гоожиж, шөнө унтаж чадахгүй толгой байнга өвдөж маш зовуурьтай байгаа. Миний бие гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зэргээ тогтоолгож хохирол нөхөн төлбөр гаргуулах хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Хохирогч С.Б  нь мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаанд гомдолтой гэдэг бөгөөд анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хамар битүүрээд толгой өвддөг болсон, хамрын хагалгаанд орно, хагалгааны зардал 5,000,000 төгрөг болдог гэсэн талаар мэдүүлсэн байхад үүнийг анхан шатны шүүхээс эмчилгээний зардал 5,000,000 төгрөгийн хохирол учирсан, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт ...гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал...зэргийг ойлгохоор тусгасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно гэж заасан.

Хохирогч С.Б  нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хамар битүүрээд толгой өвддөг болсон, хамрын хагалгаанд орох талаараа мэдүүлсэн, өөрөөр хэлбэл гэмтлийн улмаас бий болсон өвдөлт, зовуурь, шаналалын талаар тодорхой мэдүүлжээ. Гэтэл гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд энэ талаар бүрэн гүйцэд тодруулаагүй байхад анхан шатны шүүхээс хохирогч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б , Б.Х нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Хохирогч С.Б  шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байхад шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт түүнийг шүүх хуралдаанд оролцсон талаар бичээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т  зааснаар шүүгдэгч Б.Б , Б.Х нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.НЯМДОРЖ

                                                                                  Н.ЭНХМАА

                                                                                            Б.ЦЭРЭНПҮРЭВ