Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2019/00082

 

*******гийн нэхэмжлэлтэй

хариуцагч *******өд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00526 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******өд холбогдох,

1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Анх 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр амьжиргаа цагаан машиныг 3.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлбөрөө төлөхөөр тохиролцож тэрнээс хойш 2.500.000 төгрөгийг 2 хувааж өгсөн. Он гараад машины мөнгөө шилжүүлээгүй байж машины бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан байсан. Тэгэхээр нь би мөнгөө өгчхөөд аваарай гээд машины түлхүүр, аккумуляторыг нь авсан. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эхнэр нь гуйж байгаад 1.000.000 төгрөгийг төлнө гэж бичиг хийж өгөөд машины түлхүүр, аккумулятороо аваад явсан. Өмнө нь оношилгоонд ороогүй байсан. Манай аавын машин байсан. ******* гуай хугацаандаа төлбөрөө төлчихсөн байсан бол оношилгоонд оруулаад бүх юмыг нь янзлаад өгөх байсан. Өөрөө нэг ч төгрөг төлөөгүй авч явчхаад бичиг баримтаа нэрлүүгээ шилжүүлж авсан байсан. Тиймээс үлдэгдэл 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2018 оны 04 сард амьжиргаа цагаан машиныг 3.500.000 төгрөгөөр тохирч, 2.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 1.000.000 төгрөг дутуу байгаа. Миний бие 2018 оны 10 дугаар сард цагдаад баригдаад уг машин нь 2017, 2018 онд үзлэгт хамрагдаагүй тул 200.000 төгрөгийн торгуулийн бичиг баримтын мөнгө 150.000 төгрөг төлж өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Иймээс үлдэгдэл 1.000.000 төгрөг төлөх байснаас 700.000 төгрөг төлнө. Уг мөнгийг 2019 оны 05 дугаар сард төлнө. Би 60 нас хүрэх гэж байгаа. Цагдаа шүүхээр явж үзээгүй. Энх-Амгалан анхнаасаа надад машинаа өгөхдөө оношилгоонд ороогүй машин өгсөн. Би машинаа унаж яваад цагдаад торгуулсан. Би 1.000.000 төгрөгөөс 700.000 төгрөг өгнө. Бусад төлбөрийг нь өгч чадахгүй. 1.000.000 төгрөг өгнө гэж манай эхнэр бичиж өгсөн. Надад төлбөр төлөх хөдөлмөрийн чадвар байхгүй. Би Энх-Амгаланд итгээд 2.500.000 төгрөг өгсөн. Машиныг нь авчихсан нь үнэн гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/526 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******өөс 1.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28.550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 28.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

*******гаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч ******* надад 2019 оны 03 дугаар сарын 28 ны өдөр гардуулж, шүүгчийн туслах Д.Оюунбилэгт тайлбараа шууд бичээд өгсөн. ХХ-ийн 6, 7, -р хуудсанд нэхэмжлэл гардуулсан баримт, нөлөөлөл мэдүүлэг танилцуулсан баримт, тайлбаруудыг бүгдийг 2019 оны 03 дугаар сарын 28 ны өдөр бөглөж, бичсэн. Нэхэмжлэл гардуулж өгөхдөө шууд тайлбар бичээд өгөхөөс илүүтэй, шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бол татгалзлаа нотолсон баримтаа өгөөрэй гэж шуугчийн туслах шаардсан бол би 2017, 2018 оны тээврийн хэрэгслийн татвар нөхөн төлсөн баримтаа өгөх л байсан.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ: "...2018 оны 04-р сард амьжиргаа цагаан машиныг 3.5 сая төгрөгөөр худалдан авах гэрээ хийж аваад 2.5 сая төгрөгийг нь өгсөн. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү..." гэсэн гар бичвэр нь XX-н 4-р хуудсанд байгаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталгаа гаргасан бичвэртэй ижил байх ба баталгаа гаргасан ******* гэсэн гарын үсэг нь миний гарын үсэг биш ээ. 1.000.000 төгрөг дутуу байгаа гэдгийг нь шүүх үнэлээд, үлдэгдэл 1.000.000 төгрөг төлөх байснаас 700.000 төгрөг төлнө гэснийг хариуцагч нотолж чадаагүй гээд байгаа нь үндэслэлгүй. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд туссанаар шүүх зохигчдыг эвлэрэх он мэтгэлцэх боломжоор хангаагүйд гомдолтой байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа юу гэж асуугаад хариуцагч надаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэхийг асуугаагүй, бидний эвлэрэх боломжтой эсэхийг огт асуугаагүй.******* анхнаасаа надад машинаа өгөхдөө оношилгоонд ороогүй машин өгсөн гэдгийг тайлбартаа болон шүүх хуралдаан дээр ******* би хэлсээр байхад энэ тухай *******гаас асуух болон бидний хоорондоо эдгээр байдлуудыг тодруулах, шүүгч өөрөө асуух зэргээр энэ байдлыг тодорхой болгоогүй. Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр татвар төлөгдсөн тухай тэмдэглэл бий. Энэ талаар шүүгч асуусан бол би энэ баримтаа үзүүлэх л байсан.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00526 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг залруулж, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өөс авто машин худалдах худалдан авах гэрээний үүрэгт дутуу төлсөн 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас заримыг төлөхөөс татгалзаж зөвшөөрөхгүй маргасан байна.

Зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр амьжиргаа цагаан гэх машиныг 3.500.000 төгрөгөөр худалдах худалан авахаар тохиролцож гэрээний дагуу ******* нь машинаа Д.Батмөнхийн өмчлөлд шилжүүлж 2.500.000 төгрөгийг Д.Батмөнх төлж 1.000.000 төгрөгийг тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч Д.Батмөнх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ******* нь 2017, 2018 онд оношилгоонд оруулаагүй машин өгснөөс цагдаад баригдаж торгуулсан бичиг баримт шилжүүлэхэд 150.000 төгрөг төлсөн, 300.000 төгрөгийн зардал гарсан гэсэн тайлбар гарган маргасан байна.

Хариуцагч .Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан тайлбараа нотлох баримтаар нотлоогүй хэрэгт нотлох баримт авагдаагүй. Шүүх хариуцагчийн татгалзал нотлох баримтаар нотлогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч нар нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож 870.000 төгрөг өгч авахаар эвлэрсэн нь бусдын эрх ашгийг хөндөөгүй тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасан зүйлд нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00526 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрсэн эвлэрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28.550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 14.275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ