2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2026/01063

 

 

 

 

 

2026           01             22

192/ШШ2026/01063

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, ************* тоот хаягт оршин суух Урианхан овогт Сүхбаатарын **** /регистрийн дугаар: *************/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, *************** тоот хаягт оршин суух Боржигон овогт Ганбатын ***** /регистрийн дугаар: ************/-д холбогдох,

  Зээлийн гэрээний үүрэгт 14,784,007.4 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэвээн, хариуцагч Г.*****, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангуа, гэрч Ц.Төгсжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч С.**** хариуцагч Г.*****д холбогдуулан 14,784,007.4 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Г.***** нь нэхэмжлэгчээс мөнгө зээлэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс ээж Г.Отгончулууны эзэмшлийн Хаан банкны 5035304399 тоот дансаар 9 удаагийн гүйлгээгээр нийт 4358.3 ам.доллар буюу 14,784,007.4 төгрөгийг шилжүүлэн авсан байдаг. Г.***** нь тус зээлээ 2021 оны 01 дүгээр сард төлөхөөр бичиг хийж өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл огт төлөөгүй байна. Г.*****ийн 99650981 дугаараар холбогдон 2023 оны 10 дугаар сард уулзахаар тохирсон боловч уулзалтад ирээгүй байдаг. Мөн эвлэрүүлэн зуучлалд хандсаны дагуу уулзалтад ирсэн хэдий ч өмгөөлөгчөөс зөвлөгөө авч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоно гээд дахин ирээгүй байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу өргөдөл гаргах өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар 1 ам.доллар нь 3,392.15 төгрөгтэй тэнцүү байх тул Г.*****өөс 14,784,007.4 төгрөгийг гаргуулахаар байна. Иймд Г.*****өөс 4358.3 ам.доллар буюу 14,784,007.4 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тодорхойлсон.

2. Хариуцагч Г.***** нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Хариуцагч Г.***** би нэхэмжлэгч С.****ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Г.***** би С.****тэй 2020 оны зун танилцаж үерхэж байсан бөгөөд бид цаашид гэр бүл болно гэж зорьж байсан ч таарч тохирохоо болиод аргагүйн эрхэнд салсан. Тухайн үед С.****ийн амьдарч байсан орон сууц нь банкны зээлэнд хураагдах гээд байна, засвар хийчихвэл зараад өрөө төлмөөр байна, засвар хийж өгөөч гэхэд нь би зөвшөөрч байрных нь засварыг бүрэн хийж өгсөн. Тийнхүү засварын ажлын хөлсөнд 8,000,000 төгрөг өгье гэсэн болохоор нь 3 өрөө байрных нь засварыг хийж өгсөн. Засварын ажлын хөлсөө ээж н.Отгончулууны дансаар 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөг тус тус авсан. Тухайн үед би С.****ээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус зээлсэн бөгөөд энэ зээлээ ээжийнхээ дансаар авсан. Миний бие С.****ээс нэг ам доллар авч байгаагүй болно. Иймд С.****ийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,784,007.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэж тайлбарласан.

  3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0633 дугаар итгэмжлэл, гар бичмэл бүхий баримт, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн дансны хуулга, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 00003 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай албан бичиг, Монгол банкны үнийн мэдээлэл бүхий хүснэгт, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 110 дугаар Арвин дэм хадгаламж зээлийн хоршооны тодорхойлолт, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019294 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 272 дугаар зээлийн тэмдэглэл.

  4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: *********ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт.

5. Шүүхээс дараах баримтуудыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн. Үүнд: 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13/6708 дугаар, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13/7168 дугаар, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14д/2560 дугаар, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14/3667 дугаар, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14/4685 дугаар, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 14/6062 дугаар, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 14/6548 дугаар Шүүх шинжилгээний Ерөнхий газрын албан бичиг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 29/2141 дугаар Хаан банк ХК-ийн албан бичиг, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2/182 дугаар Монцамэ агентлагийн албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хаан банк ХК-ийн албан бичиг, гарын үсгийн чөлөөт загварууд, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0125/2515 дугаар Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, хавсралтын хамт, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч С.**** хариуцагч Г.*****д холбогдуулан түүнд зээлдүүлсэн гэх 14,784,007.4 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан. Хариуцагч Г.***** нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, хариуцагчтай хамтын амьдралтай байх хугацаандаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нийт 9 удаагийн үйлдлээр 4358.3 ам доллар зээлдүүлсэн боловч буцааж төлөөгүй гэж тайлбарласан.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ, нэхэмжлэгчтэй хамтын амьдралтай байх хугацаандаа өөрийн ээж 5035304399 тоот дансаар нийт 10,000,000 төгрөгийг хүлээж авсан нь үнэн. Үүнээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр авсан 2,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр авсан 1,000,000 төгрөгийг зээлсэн тул эргүүлж төлнө. Үлдэх төлбөрийг засварын ажлын хөлсөнд тооцож авсан тул эргүүлж төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.

4. Хэрэгт зохигчдын гарын үсэг бүхий бичмэл баримт нотлох баримтаар авагджээ. Энэ баримтад зурсан гарын үсэг хариуцагч Г.*****ийн гарын үсэг мөн болохыг Шүүх шинжилгээний ерөнхий газар тогтоосон байна./хавтаст хэргийн 5 дугаар тал/

5. Дээрх баримтад: ... Ганбат овогтой *****д 2020.11.13-ны өдөр 5,000,000 төгрөг хүүгүй зээлсэн, 2010.11.17-ны өдөр 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн. 2021.01.17-ны өдөр нийт 7,400,000 төгрөг буцааж өгөх болно... гэж бичигджээ. Энэ бичвэрээс үзвэл уг баримтыг талууд 2020 оны 11 сарын 17-ны өдөр үйлдсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүү тогтоосон зээлийн тохиролцоо гэж үзэхээр байна.

5.1 Дээрх баримтад 2010.11.17 гэж бичсэн нь 2020 оныг андуурсан техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байна. Учир нь баримтын үргэлжлэлд ... 2 сарын хугацаатай зээлсэн. 2021 оны 01 сарын 17-ны өдөр буцааж өгнө... гэж бичигджээ.

5.2 Дээрх гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөний хэмжээ болон цаг хугацаа нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч С.****ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулганд бичигдсэн гүйлгээнүүдтэй тохирч байна.

6. Хариуцагч Г.***** дээрх гэрээний дагуу авсан 7,000,000 төгрөгийг буцаан төлсөн болохоо нотлоогүй, хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар 7,400,000 төгрөгийг Г.*****өөс гаргуулах нь зүйтэй.

7. Түүнчлэн, хариуцагч Г.***** нь дээрх гэрээний үнийн дүнтэй хамаагүй 2020 оны 12 сарын 14-ны өдрийн 702.99 ам доллар /тухайн үеийн ханшаар 2,000,000 төгрөг болж байгаа талаар хариуцагч маргаагүй/, мөн өдрийн 351.49 ам доллар /тухайн үеийн хангаар 1,000,000 төгрөг болсон талаар мөн хариуцагч маргаагүй/ буюу нийт 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан хэмээн тайлбарлаж, энэ шаардлагыг зөвшөөрсөн.

8. Хариуцагч Г.***** нь дээрх мөнгүүдийг засварын ажлын зардал хөлсөнд тооцож авсан гэх боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй. Ийнхүү хариу төлбөртэй засварын ажил хийж гүйцэтгэхээр тохирсон болохоо хариуцагч нотлоогүй гэрчийн мэдүүлсэн ажлын хөлс гэх 1,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох боломжгүй байна.

9. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 10,400,000 төгрөг /7,400,000 төгрөг болон 3,000,000 төгрөг/-ийг хариуцагч Г.*****өөс гаргуулж нэхэмжлэгч С.****т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

10. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 231,871 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.

10.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,871 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 181,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан Г.*****өөс 10,400,000 төгрөгийг гаргуулан С.****т олгож, нэхэмжлэлээс 4,384,007.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,871 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.*****өөс 181,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.****т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР