2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2026/01665

 

 

 

                                        

                                              2026         02          05

                                     192/ШШ2026/01665

            

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, ************тоот хаягт оршин суух Боржигон овогт Чойжамцын **** /регистрийн дугаар: ******/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.**** нь ажилласан жил тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “Миний бие Санхүүгийн техникум сургуулийг төгсөөд Улсын банкны Өвөрхангай аймаг дах Банкны конторт /Одоогоор Монгол банк/ 1988 оны 08 сарын 4-ний өдрөөс хянагч нягтлан бодогчоор ажилд орсон. Намайг 6 настай байхад төрсөн аав Чойжамц нас барж, түүнээс хойш төрсөн дүү, ээжийн хамт амьдарч байгаад 1977 онд ээж маань хойд эцэг С.Амгаабазартай ханилж, бид хамт амьдарсан. Ээж маань 1987 онд нас барж, би 1988 онд сургууль төгсөж ирэхэд хойд аав ажилд оруулж өгсөн. Өвөрхангай аймаг дах Банкны конторт анх ажилд орсон. Тушаалыг гаргахдаа хойд ааваар овоглож Амгаабазарын **** нэрээр бичсэн байна. Мөн 1991 оны 08 дугаар сард ажилд дэвшүүлэн томилох, 09 дүгээр сард ажлаас чөлөөлөх тушаалуудад А.**** нэрээр бичигдсэн байна. 1991 оны 09 дүгээр сард аймгийн Хаан банканд томилогдсон, ажилд дэвшүүлсэн зэрэг тушаалуудыг Р.**** нэрээр гаргасан байна. Чойжамц овогтой **** миний төрсөн цагаас өнөөг хүртэлх бүх бичиг баримт төрсөн аав Чойжамцаар бичигдэж, бүртгэгдсэн, тэтгэвэр тогтоолгох гэтэл тушаалуудад эцгийн нэр зөрүүтэй шалтгаанаар, 1988-1994 оны ажилласан жилийг ажилласнаар тооцохгүй гэсэн болно. Өвөрхангай аймаг дах Банкны конторын 1988 оны 08 дүгээр сарын 06-ны өдрийн 41/84 тоот тушаалд Амгаабазарын **** нэрээр ажилд томилсон, 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 41/51 тоот тушаалд А.**** нэрээр ажилд дэвшүүлсэн, 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 41/54 тоот тушаалд А.**** нэрээр ажлаас чөлөөлсөн, мөн Өвөрхангай аймгийн Хаан банкны 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалд Р.**** нэрээр ажилд томилсон, 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07 тоот тушаалд Р.**** нэрээр ажлаас чөлөөлж, өөр албан тушаалд томилсон байна. Иймд Ч.**** намайг Өвөрхангай аймагт 1988 оноос 1998 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан болохыг тогтоож өгнө үү” гэж тайлбарласан.

 

            2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймаг дахь Улсын банкны конторын даргын 1988 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 41/84 тоот Ажилд түр томилох тухай тушаалын хуулбар, Өвөрхангай аймаг дахь Улсын банкны конторын даргын 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 41/51 тоот тушаалын хуулбар, Өвөрхангай аймаг дахь Монгол банкны даргын 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 41/54 тоот тушаалын хуулбар, хавсралын хамт, Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн хоршоолол банкны захирлын 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот Ажилд томилох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт, гэрч Б.Уранбилэг, Ч.Түмэнбаяр нарын гэрчийн тодорхойлолт, Өвөрхангай аймаг дахь Хөдөө аж ахуйн хоршоолол банкны 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07 тоот тушаалын хуулбар, Өвөрхангай аймаг дахь Хаан банкны 2002 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаар тодорхойлолт, 2002 оны Монголын хөдөө аж ахуйн төв банкны 24 дугаар ажилтны үнэмлэх, 1070494 дугаар Иргэний паспорт, 54 дугаар гэрлэсний гэрчилгээ, 61ХО252 дугаар диплом, бүртгэлийн 1841 дугаар диплом, 1996 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар баярын бичиг, гэрч Б.Уранбилэг, Ч.Түмэнбаяр, Д.Болд нарын гэрчийн мэдүүлэг.

 

            3. Шүүхээс дараах баримтыг цуглуулсан. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 9/11853 дугаартай албан бичиг, А.Арвижих-Одын төрсний бүртгэлийн лавлагаа, А.Арвижих-Одын нас барсны бүртгэлийн лавлагаа, Д.Мэндсайханы төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Мэндсайханы нас барсны бүртгэлийн лавлагаа, Д.Баттогтохын төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Баттогтохын нас барсны бүртгэлийн лавлагаа, Ч.**** болон Б.Уранбилэгийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Уранбилэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Э.Уянгын иргэний бүртгэлийн лавлагаа, Ч.Түмэнбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, А.Галсанчойнжидын иргэний үнэмлэхийн лавлагаа, Э.Бүгүнүтэйгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Ч.****ын ХААРТ-1 маягтын хуулбар, 41 дугаар нас барсныг бүртгэх, төрөгсдийг бүртгэх анкет, 277099 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 0469153 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 147521 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 795968 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 54 дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 301 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн 109 дугаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Улсын бүртгэлийн 270 дугаар Хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 135 дугаартай албан бичиг, Өвөрхангай аймаг дахь Хөдөө аж ахуйн хоршоолол банкны захирлын 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар тооллого явуулах тухай, 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар Шагнах  тухай, 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар Тооллого явуулах комисс томилох тухай тушаалуудын хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/13516 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, Өвөрхангай аймаг дахь Хөдөө аж ахуйн хоршоолол банкны захирлын 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар Ажилд томилох тухай тогтоол, 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаалуудын хуулбар, Өвөрхангай аймаг дахь Монголбанкны салбарын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/02 дугаар албан бичиг, Улсын банкны Өвөрхангай дахь конторын даргын 1988 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 41/84 тоот, 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 41/51 тоот, 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 41/54 тоот тушаалуудын хуулбар.

                       

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.****ын нэхэмжлэлийн шаардлага /хүсэлт/-ыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн

135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.” гэж заажээ.

 

2. Ажиллаж байсан байдлаа тогтоолгох Ч.****ын хүсэлт нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана.” гэж заажээ.

 

4. Нэхэмжлэгч Ч.**** нь Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, зүүн наран 17 гудамж, 33 тоот хаягт оршин суудаг болох нь Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын харьяаллын дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 5 дугаар тал/

 

  5. Нэхэмжлэгч Ч.**** нь  Өвөрхангай аймгийн “Улсын банк”-нд 1988 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хянагч нягтлан бодогчоор, Өвөрхангай аймгийн “Улсын банк”-нд 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд кассын эрхлэгчээр, Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн хоршооллын банк-нд 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нэг дүгээр тооцооны кассын эрхлэгчээр, 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1998 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хяналт шалгалтын байцаагчаар тус тус ажиллаж байсан болох нь:

 

- Гэрч Б.Уранбилэгийн: “... Би 1987 оны 08 дугаар сарын 04-ны өдөр одоогоор Монгол банканд хянагч нягтлан бодогчоор ажилд орсон. Ороод нэг жил болсны дараа 1988 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ч.**** ажилд орж байсан. Өвөрхангай аймаг дахь Улсын банкны контор одоогоор Монгол банканд хянагч нягтлан бодогчоор ажилд орсон. Эвлэлийн гишүүний бүртгэлд хуучны улаан паспортоор Чойжамц гэдэг овогтой бүртгүүлж байсан. Сүүлд С.Амгаабаатар гэж хойд эцэг нь болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг,

 

- Гэрч Ч.Түмэнбаярын: “... аав өнгөрөөд ээж С.Амгаабазар гэх хүнтэй суугаад 10-аад жил амьдарсан. Зарим хүмүүс бид нараас овог нэрийг маань асуухгүйгээр л хойд эцгийг маань андуурч бичдэг байсан. Тухайн үед хүүхэд байсан болохоор анзаардаггүй байсан. 277099 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Чойжамц овогтой **** нь 41/84 тоот, 41/51 тоот, 41/54, 01 тоот, 07 тоот ажилд орсон гарсан шилжсэн тушаалуудад бичигдсэн Амгаабазарын ****, Р.**** мөн, би баталж байна...” гэх мэдүүлэг,

 

- Гэрч Д.Болдын: “Би Монгол банканд 1974 оноос хойш ажилласан. 1982-1989 он хүртэл тус банканд хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байсан. Ч.**** 1988 онд анх манайд ажилд орсон. Түүнээс хойш л мэддэг болсон. Ч.**** 1988 оноос 2006 он хүртэл Монгол банканд хамт ажилласан. Тухайн үед Хөдөө аж ахуйн банк гэх мэтээр хуваагдаж байсан...” гэх мэдүүлэг,

 

- Улсын банкны Өвөрхангай дахь конторын даргын 1988 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 41/84 тоот, 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 41/51 тоот, 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 41/54 тоот тушаалуудын хуулбар,

 

- Өвөрхангай аймаг дахь Хөдөө аж ахуйн хоршоолол банкны захирлын 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар Ажилд томилох тухай тогтоолын хуулбар,

 

- Өвөрхангай аймаг дахь Хөдөө аж ахуйн хоршоолол банкны захирлын 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаал, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар тооллого явуулах тухай, 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар Шагнах  тухай, 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар Тооллого явуулах комисс томилох тухай тушаалуудын хуулбар.

 

- 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 9/11853 дугаартай албан бичиг,  ХААТР-1 маягтын хуулбар, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/13516 дугаартай албан бичиг, ХААТР-1 маягтын хуулбар,

 

- 277099 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 0469153 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 147521 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 795968 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбар,

 

- Улсын бүртгэлийн 270 дугаар Хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа,

 

 -2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 135 дугаартай Өвөрхангай аймгийн Архивын тасгийн албан бичиг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

6. Иймд нэхэмжлэгч Ч.**** нь Өвөрхангай аймгийн “Улсын банк”-нд 1988 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хянагч нягтлан бодогчоор, Өвөрхангай аймгийн “Улсын банк”-нд 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд кассын эрхлэгчээр, Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн хоршооллын банк-нд 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нэг дүгээр тооцооны кассын эрхлэгчээр, 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1998 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хүртэл хяналт шалгалтын байцаагчаар тус тус ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн нь зөв ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Чойжамцын **** /регистрийн дугаар: ЙЮ65092411/ нь Өвөрхангай аймгийн “Улсын банк”-нд 1988 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хянагч нягтлан бодогчоор, Өвөрхангай аймгийн “Улсын банк”-нд 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд кассын эрхлэгчээр, Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн хоршооллын банк-нд 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нэг дүгээр тооцооны кассын эрхлэгчээр, 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1998 оны 05 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл хяналт шалгалтын байцаагчаар тус тус ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ХИШИГБААТАР