Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 85

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2019/00085

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

*******т холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00520 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

17.866.667 төгрөг гаргуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 8-р байрны 10 тоотод байрлах 45 м.кв талбайтай 3 орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК нь *******тэй 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах 04 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр ******* нь компанийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7 хорооллын 8-р байрны 10 тоот хаягт байрлах орон сууцны гэрээгээр тохирсон үнэ 61.875.000 төгрөгийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, компани нь дээрх хаягт байрлах орон сууцыг худалдан авагч *******т хүлээлгэн өгч, байрны үнэ бүрэн төлөгдсөний дараа орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг *******ийн нэр дээр гаргаж өгөх үүргийг тус тус хүлээсэн. Компаний зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцыг гэрээ байгуулсан өдөр болох 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр *******т хүлээлгэн өгсөн. ******* нь гэрээгээр тохиролцсон ёсоор орон сууцны үнийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөрт багтаан хуваарийн дагуу төлж дуусгах байсан гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж удааширсан. Компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй юм. Иймд *******тэй 2018 оны 10 сарын 10-ны өдөр гэрээг цуцалж энэ талаар болон орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэн. ******* нь орон сууцыг хүлээн авсан өдрөөс хойш өдийг хүртэл компанийн орон сууцанд амьдарсаар байна. ******* нь орон сууцны үнэ 61.875.000 төгрөг төлөх байснаас 4.000.000 төгрөгийг төлсөн байна. Энэхүү 4.000.000 төгрөгийг гэрээний 4.5-д зааж тохиролцсон ёсоор орон сууцанд амьдарсан нийт хугацаагаар тооцон төлсөн суутган авсан. Харин компанийн байранд амьдарсан хугацааны төлбөрийн зөрүү 17.866.6667 төгрөг болж байгаа болно. Иймд *******ээс орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр болох 17.866.667 төгрөгийг гаргуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 8 байрны 10 тоот хаягт байрлалтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч ******* Солонгос улсад ажиллахаар явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх хуулийн үндэслэл байхгүй. Түүний шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтийг харгалзан үзээд орон сууцыг албадан чөлөөлүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн нөхөр болох н.Өвгөнхүү үйлдвэрлэлийн осолд ороод ажилгүй болсон байсан. Байнгын эмчилгээ, сувилгаа хийсний үр дүнд буцаж ажилдаа ороод одооноос гайгүй болж байгаа. ******* нь тодорхой хэмжээний зардал гаргаад Солонгос улсруу явсан учраас шүүх хуралд оролцох боломжгүй байна. Компанид учруулсан хохирлыг зөвшөөрч байна. Орон сууц зарагдахгүй компаниуд аргаа барж байгаа энэ үед байрыг албадан чөлөөлүүлэхгүйгээр цаашид хөлслүүлэх боломж олгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00520 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 262 дугар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т заасныг баримтлан хариуцагч *******ээс 12.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.866.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч *******ийн эзэмшлээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 8-р байрны 10 тоотод байрлах 45 м.кв талбайтай 3 орон сууцыг албадан чөлөөлүүлж, Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, 247.283 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 70.200 төгрөг, 206.950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

Миний бие Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7 дугаар хорооллын 8 дугаар байрны 10 тоот хаягт байрлах орон сууцанд ******* ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан орж, одоог хүртэл амьдарч байна. Манай гэр бүлд санхүүгийн хүндрэлд оруулсан үйл явдлууд ар араасаа гарсан учраас гэрээний үүргээ биелүүлж чадаагүй юм. Тухайлбал: Миний нөхөр Д.Өвгөнхүү Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт ажилладаг ба одоо амьдарч байгаа орон сууцандаа орсноос хойш 8 сарын дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 28- ны өдөр ажлын байран дээрээ, ажил үүргээ гүйцэтгэж байгаад үйлдвэрлэлийн осолд орсны улмаас биедээ хүнд гэмтэл авч, ажлаа хийлгүй, удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн, мөн эдгэрч ажилдаа орсон боловч хөнгөн ажилд томилогдсон шалтгаанаар цалингийн хэмжээ нь багассан, саяхныг хүртэл гадуур эмчлүүлж, эм тарианд мөнгө ихээр зарцуулдаг байсан, мөн миний бие 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр амаржиж хүүтэй болсноор гэртээ хүүгээ харж байгаа зэргээс шалтгаалж өрхийн орлого бидний хэрэглээнд хүрэхгүй байгаагаас миний бие БНСУ-д ажиллахаар яваад ирсэн юм. Гэтэл намайг байхгүйд, намайг оролцуулалгүйгээр, надад холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн нь миний эрхийг зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн манай гэр бүлд учирсан санхүүгийн хүндрэлийг харгалзан үзэлгүйгээр, бага насны хүүхэдтэй, одоо оршин суугаа байрнаас өөр амьдрах газаргүй байгаа зэрэг шалтгааныг харгалзан үзэлгүйгээр орон сууцнаас албадан чөлөөлөхөөр гаргасан шүүхийн шийдвэр гаргасан байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2019/00520 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан гэрээний үүргийн дагуу төлөх төлбөр 17.866.667 төгрөг гаргуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 8-р байрны 10 тоотод байрлах 45 м.кв талбайтай 3 орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...гэрээний үүргээ биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч байгаа ба санхүүгийн хүндрэл гарч нөхөр маань биедээ хүнд гэмтэл авч ажлаасаа гарч эм тарианы мөнгө их хэмжээгээр шаардагдах болсон учир байрны төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн, одоо гэрээг өөрчлөн сунгаж, компанид оруулах зохих төлбөр тооцоог хийх боломжтой болж байгаа тул эвлэрэх боломж олгож өгнө үү гэх тайлбар гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж улмаар 45 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 61.875.000 төгрөгөөр худалдан авсан ба урьдчилгаа төлбөр 4.000.000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул нэхэмжлэгч тал 2018 оны 10 дугаар сарын 10 ны өдөр 3 өрөө орон сууцыг чөлөөлж хүлээлгэн өгөх, гэрээний дагуу төлөгдөх төлбөр-17.886.667 төгрөг төлөхийг мэдэгджээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэх санал гаргасныг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр хүлээн зөвшөөрөөгүй, тэрээр орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Ц.Энхтуяагаас 12.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.866.667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тус сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 8-р байрны 10 тоотод байрлах 45 м.кв талбайтай 3 орон сууцыг албадан чөлөөлүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэг хэлэлцэх шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон, хариуцагчийн өмгөөлөгч Батмөнх-очирын гаргасан хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах тул хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүх татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагч *******ийн гаргасан ...намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, санхүүгийн хүндрэл, бага насны хүүхэдтэй, өөр амьдрах газаргүй байгаа зэрэг шалтгааныг харгалзан үзэлгүйгээр орон сууцнаас албадан чөлөөлж шийдсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ