2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/01948

 

                                        

 

                                 2026           02              12

                

 

               192/ШШ2026/01948

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ************ тоот хаягт оршин суух ********** овогт Эрдэнэбилэгийн **** /регистрийн дугаар: **********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, *************д байрлах “*********” ХХК /регистрийн дугаар: 2571595/,  

 

 Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Шангри-Ла оффис 15 давхарт байрлах “**********” ХК,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, ************** тоот хаягт оршин суух *********** овогт Уламбаярын ******** /регистрийн дугаар: ***********/ нарт холбогдох,

 

********** ХК дахь Нуган трэйд ХХК-ийн 900069794 тоот дансыг хаалгах, “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.********ы хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, хувьцаа эзэмшигч нартай гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоосон гэрээ байгуулахыг У.********д даалгах, уг гэрээг байгуулахаас өмнө компанийг төлөөлж гэрээ байгуулах зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахгүй байхыг У.********д даалгах шаардлагауудтай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.****, түүний өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч “*********” ХХК-ийн төлөөлөгч У.********, түүний өмгөөлөгч Г.Мөнхболд,  хариуцагч “**********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.**** нь хариуцагч “*********” ХХК, “**********” ХК, У.******** нарт холбогдуулан данс хаахыг даалгаж, “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.********ы хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, У.********ыг хувьцаа эзэмшигч нартай гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоосон гэрээ байгуулах, уг гэрээг байгуулахаас өмнө хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Э.**** миний бие “*********” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийн хувьцааг эзэмшдэг, 50 хувийн хувьцааг Н.Ганхуяг эзэмшдэг. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хувьцаа эзэмшигч Г.Ганхуягийн саналыг хүлээж авч, түүний охин У.********ыг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.", 59.4-т "Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна.", “*********” ХХК-ийн дүрмийн 8.7-д “Компанийн гүйцэтгэх захирлын шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг санхүүгийн жил дууссанааас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна.", Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно." гэж тус тус заасан боловч компанийн ээлжит хурлыг хуульд заасан хугацаанд хуралдуулах үүргээ гүйцэтгэх захирал У.******** 2 жил дараалан биелүүлээгүй. Иймд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д "Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно." гэж заасны дагуу гүйцэтгэх захирал У.********ы хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т заасан гүйцэтгэх удирдлагын компанийг итгэмжлэлгүй төлөөлөх, хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бүрэн эрх дуусгавар болсон. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д “Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна", “*********” ХХК-ийн дүрмийн 8.12-т “Компанийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус байна." гэж зааснаар 2023 оны 04 сарын 30-ны өдрөөс хойш гүйцэтгэх захирал У.********ы байгуулсан гэрээ хэлцэл, гаргасан шийдвэрүүд бүгд хүчин төгөлдөр бус болох үр дагавар үүссэн. Гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон талаар У.********д удаа дараа сануулж байсан боловч хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах, 2022, 2023 оны компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлээгүй 3 дахь жилдээ орох гэж байна. Хууль болон компанийн дүрэмд зааснаар 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш хугацаанд “*********” ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх нь дуусгавар болсон боловч У.******** нь доорхи хууль бус ажиллагаануудыг хийж ирсэн. Тухайлбал: “*********" ХХК нь ХХБ-нд 404030403 дансыг эзэмшдэг ба 2000 оноос хойш 23 жилийн турш уг дансаар хийгдэх бүх төрлийн гүйлгээг компанийн 2 хувьцаа эзэмшигчийн гарын үсгээр хийхээр банктай гэрээ байгуулж, зарлагын бүх гүйлгээг зөвхөн 2 хувьцаа эзэмшигчийн гарын үсгээр хийж, компанийн санхүүгийн сахилга батыг тогтвортой хадгалж ирсэн. Гэтэл У.******** нь ХХБ-нд хүсэлт хүргүүлж, банкны гүйлгээ хийдэг гарын үсгийг тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч миний зөвшөөрөөлгүйгээр, надад мэдэгдэлгүйгээр хасаж, өөрийн гарын үсгээр гүйлгээ хийдэг болсон байсан. Миний бие 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ХХБ-нд өргөдөл гарган 2 хувьцаа эзэмшигчийн гарын үсгээр гүйлгээ хийх эрхээ сэргээлгэж байсан. Мөн У.******** нь “**********”-нд “*********” ХХК-ийн нэр дээр 900069794 дугаартай дансыг хувьцаа эзэмшигч надад мэдэгдэлгүй нууцаар нээж, компанийн мөнгөн хөрөнгийг хувьцаа эзэмшигчийн хяналтаас гадуур захиран зарцуулж байсан нь илэрсэн. Тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Э.**** миний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хөндөж байгаа тул нууцаар нээсэн дансны зарлагын хөдөлгөөнийг битүүмжлэх тухай хүсэлтийг “**********” ХК-нд гаргасан боловч татгалзсан хариуг ирүүлсэн. Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш тус компанийн гүйцэтгэх удирдлага компанийг төлөөлөн банктай гэрээ хэлцэл хийн данс нээж, компанийн мөнгөн хөрөнгийг хяналтгүйгээр захиран зарцуулж байгаа гүйцэтгэх удирдлагын үйлдлийг таслан зогсоох зайлшгүй шаардлага гарсан. Гүйцэтгэх захирал У.******** нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүйн улмаас гүйцэтгэх захирлын бүрэн эрх 2023 оны 04 дүгээр сарны 30-ны өдөр дуусгавар болсон. Иймд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар гүйцэтгэх захирал У.********ы хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн энэ өдрөөс хойш “**********” ХК-нд 900069794 дугаартай дансыг нээлгэсэн хэлцэл нь Компанийн тухай хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хэлцлийн үр дагаварыг арилгаж, “**********” ХК-нд нээлгэсэн дансыг хаалгах шаардлагатай байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар “**********” ХК-нд “*********” ХХК-ийн нэр дээр нээлгэсэн 900069794 дугаартай дансыг хаахыг “*********” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болон “**********” ХК, иргэн У.******** нарт даалгаж өгнө үү. Мөн гүйцэтгэх захирал У.********ыг хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулж, гүйцэтгэх захирлын компанийг төлөөлөн эрх, үйл ажиллагаа явуулах эрх хэмжээ тодорхой болтол гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг хязгаарлах шаардлагатай байна. Учир нь компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбоотой их хэмжээний хэлцэл, мөн хуулийн 89 дүгээр зүйлд заасан сонирхолын зөрчилтэй хэлцлийг хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл, хяналтгүйгээр хийх боломжтой байна. Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг хязгаарлах шаардлагатай байх тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан компанийн өдөр тутмын үйл ажиллагаа явуулах гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоосон гэрээг хувьцаа эзэмшигч нартай байгуулахыг У.********д даалгаж өгнө үү. Мөн У.********ыг цаашид ямар үйл ажиллагаа явуулахыг мэдэх боломжгүй байх тул хувьцаа эзэмшигчдийн хуралтай гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тодорхойлсон гэрээ байгуулахаас өмнө хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулахгүй байхыг У.********д даалгаж өгнө үү.” гэж тодорхойлсон.

2. Хариуцагч “**********” ХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч “**********” ХК татгалзлын үндэслэлээ: "2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “*********" ХХК нь тус банканд харилцах данс нээлгэхээр хүсэлт гаргаж холбогдох материалыг бүрдүүлж өгсөн байна. Банканд ирүүлсэн “*********" ХХК-ийн дүрмийн 6.3-т “Компанийн гүйцэтгэх захирлыг хувьцаа эмшигчдийн шийдвэрээр сонгож, өөрчилнө" гэж заасан, мөн “*********" ХХК-ийн “000258982" дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Уламбаяр овогтой ********ыг гүйцэтгэх захирлаар томилж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн болохыг баталгаажуулж тэмдэглэсэн байсан. Түүнчлэн "*********" ХХК-ийн гүйцэтгэх захирал У.********ыг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр томилсон байсан тул Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна." гэж заасны дагуу 2022 оны санхүүгийн жил дууссанаас хойших ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, гүйцэтгэх захирлыг томилсон гэж үзэх үндэслэлтэй байсан. Дээрх үйл баримтаас үзвэл У.********ы компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бүрэн хэрэгжиж байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд данс нээх хүсэлтийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл “**********” ХК-нд байгаагүй болно. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна" гэж заасан. Иймд банкны зүгээс Банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасан баримт бичгийг хянан үзээд ажлын таван өдрийн дотор данс нээх, эсхүл эдгээр баримт бичиг хуульд заасан шаардлага хангаагүй бол данс нээхээс татгалзана." гэж заасан тул данс нээхээс татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй тул дансыг нээж харилцагчид үйлчилгээ үзүүлж байгаа болно. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.5 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй." гэж заасан, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8.1 дэх заалтад "харилцагч данс хаалгах хүсэлт гаргасан" бол дансыг хааж болохоор заасан байна. Нэхэмжлэгч Э.**** нь “*********" ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн болох нь тус банканд гаргаж өгсөн эцсийн өмчлөгчийн мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа. Гэвч "*********" ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрхийг эдлэхээр заасан бөгөөд уг зүйлд компанийг төлөөлөн гуравдагч этгээдэд хүсэлт шаардлага гаргах, компанийг төлөөлөн хэлцэл хийх талаар ямар нэг эрх олгогдоогүй байх тул нэхэмжлэгч Э.**** нь "*********" ХХК-ийг дангаараа төлөөлөх эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Э.****ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “**********” ХК-д ирүүлсэн хүсэлтэд харилцагчийн дансыг хаах боломжгүй талаар хариуг хүргүүлсэн болно. "**********" ХК-ийн зүгээс "*********" ХХК-д данс нээх үедээ Монгол Улсын Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, зохицуулагч байгууллагаас тогтоосон хэм хэмжээг чанд мөрдөн ажиллаж, хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэж тайлбарласан.

3.  Хариуцагч “*********” ХХК, У.******** нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч “*********” ХХК, У.******** нар татгалзлын үндэслэлээ: “Нэхэмжлэгч Э.**** нь "Нуган трейд" ХХК, "Нуган трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал У.********, “**********” ХК-нд тус тус холбогдуулан "**********” ХКнд “*********” ХХК-ийн нэр дээр нээлгэсэн 900069794 дугаартай дансыг хаахыг даалгах тухай" нэхэмжлэлийг, “*********” ХХК, “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.******** надад холбогдуулан гүйцэтгэх захирал У.********ы хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. "Нуган трейд" ХХК болон “Нуган трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.******** миний бие нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч Э.**** нь нэхэмжлэлдээ "У.******** нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6, 83.7-д заасны дагуу гүйцэтгэх удирдлагын эрх, үүргийг тодорхойлсон гэрээг болон хувьцаа эзэмшигчдийн хуралтай байгуулаагүй тул..." хэмээсэн нь үндэслэлгүй байна. Учир У.******** миний бие 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023001 тоот "*********" ХХК-ийн эзэмшигчдийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захиралаар томилогдож, ийнхүү шийдвэрийг үндэслэн "*********" ХХК-ийн дүрмийн 3.13-т нэмэлт өөрчлөлт оруулан, Компанийн тухай ийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу У.******** намайг гүйцэтгэх захиралд тооцож өөрчлөлтийг улсын бүртгэлийн газар бүртгүүлж баталгаажуулсан. Тухайн цаг үед манай компанийн 50, 50 хувийн хувьцааг эзэмшигч Э.****, Н.Ганхуяг нар нь "*********" ХХК-ийн өмч хөрөнгийг тэнцүү хуваан авч, "*********" ХХК-ийн үйл ажиллагааг хувьцаа эзэмшигч Н.Ганхуяг дангаар цааш үргэлжлүүлэн авч явах, Э.**** нь өөрийн эзэмшдэг 50 хувийн хувьцаагаа Н.Ганхуягт худалдах зэрэг асуудлуудыг тохиролцож, дансанд байх мөнгө, бараа бүтээгдэхүүнүүдээ тэр үедээ хуваан авч, харин үл хөдлөх хөрөнгүүдээ зарж борлуулах эсвэл тэнцүү хувааж авахаар болж, үүнийгээ тухайн үеийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр илэрхийлэн, баримт бичиг үйлдсэн байдаг. Харамсалтай нь нэхэмжлэгч Э.**** нь хувьцаа эзэмшигч Н.Ганхуягтай тохиролцсон дээрх хэлцлээсээ удаа дараа ухарч, үгүйсгэн, компанийн үл хөдлөх хөрөнгө болон хувьцаа худалдах, худалдан авах үнэ зэрэг дээрээсээ маргаан үүсгэж өдий хүрсэн бөгөөд үүнээс болж компанийн санхүүгийн асуудал бүхэлдээ хүнд байдалд орж, "*********" ХХК болон ажилчдын эрх ашиг хохироход хүрсэн. Тиймээс компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл шаардлага гарч, энэ талаар хувьцаа эзэмшигч Н.Ганхуягтай гүйцэтгэх захирал У.******** миний бие зөвшилцөн, зөвшөөрөл авсны үндэс дээр **********инд "*********" ХХК-ийн нэр дээр 900069794 дугаартай дансыг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасан эрх хэмжээний хүрээнд нээлгэсэн. Үүнд гүйцэтгэх захирал У. ******** би ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, У.******** миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан шиг нууцаар данс нээж, компанийн мөнгөн хөрөнгийг хувьцаа эзэмшигчийн хяналтаас гадуур захиран зарцуулсан үйлдэл хийгээгүй ба нэхэмжлэгч Э.**** нь **********инд "*********" ХХК-ийн нэр дээр нээлгэсэн 900069794 дугаартай дансыг хувьцаа эзэмшигч Н.Ганхуягийн зөвшөөрлөөр нээсэн нь өөрийнх нь ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгааг, энэхүү үйлдэлд яагаад "*********" ХХК хариуцлага хүлээх ёстойг, хувьцаа эзэмшигч Н.Ганхуяг яагаад данс нээх зөвшөөрлийг гүйцэтгэх захирал У.******** надад өгөх эрхгүй болохыг, “*********" ХХК яагаад өөр банкинд данс нээлгэж болохгүй байгаа зэргийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа тодорхой зааж, эдгээрийг баримтаар нотолж, тайлбарлах ёстой гэж үзэж байна. Иймд, "Нуган трейд" ХХК, "Нуган трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал У.********, “**********” ХК-д тус тус холбогдуулан "**********инд "*********" ХХК-ийн нэр дээр нээлгэсэн 900069794 дугаартай дансыг хаахыг даалгах тухай” нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн энэ хэсгийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.2-т зааснаар компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох зэрэг асуудлыг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд "зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурал" шийдвэрлэнэ гэж тодорхой хуульчилж өгсөн байдаг ба хэрэв гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох санал, шаардлага нэхэмжлэгч Э.****т байгаа бол энэ асуудлыг шүүхэд бус, хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж ирж шийдвэрлүүлэх боломжтой юм. Энэ талаарх санал, шаардлагаа компанид бичгээр гаргаж, түүнд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гарах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заасан байх ёстой. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломтой байна гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШЗ2024/22808 дугаар шүүгчийн захирамж, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар Өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.                     

5. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/2-61 дугаар “**********” ХК-ийн итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2564 дугаар "*********" ХХК-ийн хариу тайлбар, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/2-203 дугаар “**********” ХК-ийн итгэмжлэл, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 24/02 дугаартай "*********" ХХК-ийн Транс банканд гаргасан хүсэлт, хавсралтын хамт, "*********" ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 03 дугаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол, "*********" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23083 тоот шийдвэрийн 4 дүгээр хавсралтаар батлагдсан "*********" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын саналын хуудас, “Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн харилцах дансны харилцагчийн хуулга, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2602 дугаар "*********" ХХК-ийн итгэмжлэл, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 9900020742 дугаар Мастер гэрээ.

6. Шүүхээс дараах баримтуудыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн. Үүнд: 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1086 дугаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын албан бичиг, хавсралт баримтуудын хамт, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 9/10122 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, хавсралт баримтуудын хамт.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Э.**** нь хариуцагч “*********” ХХК, У.******** /нэхэмжлэгч тал Гүйцэтгэх захирал гэж тодорхойлсон/, “**********” ХК нарт холбогдуулан ********** ХК дахь Нуган трэйд ХХК-ийн 900069794 дугаартай дансыг хаалгах, “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.********ы хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, хувьцаа эзэмшигч нартай гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоосон гэрээ байгуулах, уг гэрээг байгуулахаас өмнө хэлцэл хийх, гэрээ байгуулах зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахгүй байхыг У.******** /Гүйцэтгэх захирал/-д даалгах шаардлагууд гаргасныг хариуцагч “*********” ХХК, У.********, “**********” ХК нар эс зөвшөөрч маргажээ.

1.1 Нэхэмжлэгч нь хариуцагч “**********” ХК, “*********” ХХК нарт холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 9900020742 дугаартай “Мастер гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх, 58 дугаар зүйлийн 58.3.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцэл гэж үзэж үр дагаврыг арилгуулах /900069794 дугаар дансыг хаалгах/,

1.2 Хариуцагч “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.********д холбогдуулан Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох,

1.3 Хариуцагч “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.********д холбогдуулан “*********” ХХК-ийн хувь нийлүүлэгч нартай Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан гэрээ байгуулахыг даалгах,

1.4 Хариуцагч “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.********д холбогдуулан Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан гэрээг тус компанийн хувь нийлүүлэгч нартай байгуулах хүртэл хугацаанд гэрээ, хэлцэл хийх зэргээр аливаа хэлбэрээр компанийг төлөөлөхгүй байхыг даалгах шаардлагуудыг тус тус гаргасан.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэгч Э.****ийн шүүхэд гаргасан дээрх шаардлагуудыг бие даасан шаардлага байдлаар тус тусд нь шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

3. Нэхэмжлэгч Э.**** нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 9900020742 дугаартай “Мастер гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцэл гэж үзэж үр дагаврыг арилгуулах /900069794 дугаар дансыг хаалгах/ шаардлагын үндэслэлээ:

- “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар дуусгавар болгосон учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.1-д зааснаар “*********” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан, энэ хэлцэл нь хууль зөрчсөн хэлцэл,

 

- Дээрх гэрээг байгуулахдаа гэрээний нэг тал болох хариуцагч “**********” ХК эрхийн талаар ноцтой төөрөгдсөн тул уг гэрээ нь мөн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл,

- “*********” ХХК-ийн дансны гүйлгээг хоёр хувь нийлүүлэгчийн зөвшөөрлөөр хийдэг ажил хэргийн хүрээнд тогтсон заншил байхад нэг хувь нийлүүлэгчийн зөвшөөрөлгүй данс ашиглуулж байгаа гэж тайлбарласан.

 

3.1 Хариуцагч “**********” ХК-ийн зүгээс дээрх шаардлагатай холбоотой татгалзлын үндэслэлээ:

- Улсын бүртгэлд “*********” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн У.********тай гэрээг байгуулсан,

- Компанийн дүрэм болон шаардлагатай бичиг баримтуудыг үндэслэж данс эзэмшүүлэхээр 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 9900020742 дугаартай  “Мастер гэрээ”, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр №:MN440019009000069794 дугаартай “Харилцах дансны гэрээ”-г тус тус байгуулсан нь хууль зөрчөөгүй. Данс эзэмшүүлэх гол тохиролцоо нь талуудын хооронд байгуулагдсан “Мастер гэрээ” юм,

- Ажил хэргийн хүрээнд тогтсон заншлыг гуравдагч этгээд мэдэх боломжгүй гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч Э.**** Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар  хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад “*********” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ:

- “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.******** нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй,

- Хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй нь хувь нийлүүлэгч Э.****ийн мэдээлэл авах, компанийг удирдах эрхийг хязгаарласан гэж тайлбарласан.

4.1 Хариуцагч “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.******** дээрх шаардлагатай холбоотой татгалзлын үндэслэлээ:

- Хувь нийлүүлэгчид 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг хийхэд хувь нийлүүлэгч Э.**** нь дээрх мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан,

- Нэхэмжлэгч Э.****ийн энэ шаардлага нь бие даасан шаардлага биш, өөр хэрэгт гаргасан шаардлагын үндэслэл,

- “*********” ХХК-ийн хувь нийлүүлэгчид өмнө нь хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг хийдэггүй байсан зэргээр тайлбарласан.

5. Нэхэмжлэгч Э.**** нь “*********” ХХК-ийн хувь нийлүүлэгч нартай Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан гэрээ байгуулахыг даалгах шаардлагын үндэслэлээ:

- Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.7-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага нь хувь нийлүүлэгч нартай заавал бичгээр гэрээ байгуулах үүрэгтэй. “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.******** нь бичгээр гэрээ байгуулаагүй буюу ямар эрх олгосон болох нь тодорхойгүй байгаа гэж тайлбарласан.

5.1 Хариуцагч “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.******** дээрх шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ:

- Гэрээ байгуулах үүрэг хувь нийлүүлэгчдийн хуралд байгаа, хариуцагч У.********ы хувьд заавал гэрээ байгуулах үүрэг хүлээгээгүй гэж тайлбарласан.

6. Нэхэмжлэгч Э.**** нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан гэрээг “*********” ХХК-ийн хувь нийлүүлэгч нартай гүйцэтгэх захирал У.******** байгуулах хүртэл гэрээ, хэлцэл хийх зэргээр компанийг аливаа хэлбэрээр төлөөлөхгүй байхыг гүйцэтгэх захирал У.********д  даалгах шаардлагын үндэслэлээ:

- Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.********ы эрх дуусгавар болсон, хувь нийлүүлэгчидтэй бичгээр гэрээ байгуулж эрх олгоогүй тул гуравдагч этгээдтэй компанийг төлөөлж гэрээ хэлцэл хийх эрхгүй гэж тайлбарласан.

6.1 “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.******** дээрх шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ:

- “*********” ХХК-ийн хувь нийлүүлэгч нар хуулийн дагуу шийдвэр гаргаж гүйцэтгэх захирлаар томилсон гэж тайлбарласан.

7. Хэрэгт нотлох баримтаар авагдсан “*********” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компанийн гүйцэтгэх удирдлагаар У.******** бүртгэгдсэн байх ба энэ бүртгэл хүчин төгөлдөр байна.

8. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д: “Энэ хуулийн зорилт нь хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа олгох, хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан байна.  

8.1 Хуулийн дээрх зорилтоос үзвэл тухайн компанийн дотоод үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжгүй “**********” ХК-ийн хувьд “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг У.******** мөн гэж тооцох буюу энэ бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.   

8.2 Иймд “**********” ХК-ийн хувьд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 9900020742 дугаартай  “Мастер гэрээ”-г байгуулахдаа “*********” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн гэж үзэхгүй.  

8.3 Нэхэмжлэгч нь дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн гэрээ гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийн хууль зөрчсөн гэдгийг  “хориг тогтоосон” хэм хэмжээ гэж ойлгоно. “*********” ХХК, түүнийг төлөөлж У.********тай гэрээ байгуулахыг хуулиар хориглоогүй байна.

8.4 Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзсэн. Ноцтой төөрөгдсөн үндэслэлээр шаардлага гаргах эрх гагцхүү тухайн гэрээний талуудад хамаатай байдаг ба харилцах дансны үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 9900020742 дугаартай  “Мастер гэрээ”-ний талууд болох “**********” ХК болон “*********” ХХК нар нь ноцтой төөрөгдсөн талаар шаардлага, тайлбар гаргаагүй болно.

Иймд “*********” ХХК болон “**********” ХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 9900020742 дугаар  “Мастер гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцож үр дагаврыг арилгуулах /900069794 дугаар дансыг хаалгах/ нэхэмжлэгч Э.****ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

9. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар хувь нийлүүлэгчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

/Дээрх шаардлага нь нэхэмжлэлийн бусад шаардлагуудын үндэслэл байхаар боловч нэхэмжлэгч өөрөө “бие даасан шаардлага” гэж тодорхойлсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэр гаргаж шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх үзсэн болно./

9.1 Хариуцагч “*********” ХХК нь 1999 онд байгуулагдсан, 2026 оны байдлаар Н.Ганхуяг, Э.**** нарын хоёр хувьцаа эзэмшигч компанийн хувьцааг 50, 50 хувиар эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар тогтоогдож байна.  

9.2 Хариуцагч “*********” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч буюу нэхэмжлэгч Э.**** нь компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжгүй, эцсийн өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа гэх агуулгаар нэхэмжлэлийн энэ шаардлагаа үндэслэсэн байна.

9.3 Компанийн тухай хуулийн 83, 86 дугаар зүйлүүдэд зааснаас үзвэл 2 буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй компанийн тухайд аль нэг хувьцаа эзэмшигчийг гүйцэтгэх удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд шууд оролцохыг хязгаарлахыг зорьсон байна.  

9.4 Тодруулбал, хэд хэдэн хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд компанийн хувьцаа эзэмшигч гэдэг нь компанийг шууд удирдах, хөрөнгийг “өмчлөх”, өөр бусад байдлаар компанийг “өмчлөх” эрх бүхий этгээд биш юм. Тэрээр гагцхүү хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх боломжтой буюу Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д заасны дагуу ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг удирдахад шууд бус байдлаар оролцох, Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3.1-д заасан байдлаар хяналт тавих, 86 дугаар зүйлд зааснаар эрх ашгаа хамгаалж боломжтой юм.

9.5 Түүнчлэн, компанийн хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг гүйцэтгэх удирдлагад гаргаж болохоор Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зохицуулсан байна.  

9.6 Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээнээс нарийн заагласан, хувьцаа эзэмшигчийг компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохыг хориглосон гэж үзэхээр байна.  

9.7 Нөгөө талаас, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан гарчгаас  үзвэл, уг зүйл /59 дүгээр зүйл/-ээр бүхэлд нь хувьцаа эзэмшигчдийн хурал гэх “бүтэц” болон түүний эрх хэмжээ, уг “бүтэц”-ээс бусад этгээдтэй харилцах харилцааг зохицуулсан гэж үзэхээр байна.  

9.8 Компанийн тухай хуулийн зорилго, зохицуулалтууд, системчлэл зэргээс үзвэл 2 буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигчдтэй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд компанийн нэг хувьцаа эзэмшигч нь бие дааж буюу дангаар гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийн талаар шаардлага гаргах эрхгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, энэ эрхээ хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгөх байдлаар шийдвэрлэх асуудал байна.  

9.9 Тодруулбал, хэд хэдэн хувьцаа эзэмшигчидтэй компанийн тухайд компанийн гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулсан байдаг ба энэ гэрээний үндсэн дээр эрх зүйн харилцаа үүссэн учир хамтын шийдвэрээр буюу хувьцаа эзэмшигчдийн шаардлагаар гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг хөндөх, энэ талаар шаардлага гаргах боломжтой гэж үзнэ.

9.10 Иймд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсон болохыг тогтоолгохыг хүссэн нэг хувьцаа эзэмшигч Э.****ийн дангаар гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

10. Нэхэмжлэгч Э.**** нь “*********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчидтэй Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан гэрээ байгуулахыг гүйцэтгэх захирал У.********д даалгах шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгоно.

10.1 Компанийн гүйцэтгэх удирдлага У.******** нь “*********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчидтэй гэрээ байгуулах талаар хууль болон бусад гэрээгээр үүрэг хүлээгээгүй байна. Ийнхүү гэрээ байгуулах талаар хууль болон гэрээгээр үүрэг хүлээгээгүй тул шүүхийн зүгээс түүнийг албадах боломжгүй байна.

10.2 Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.7-д: “Энэ хуулийн 83.6-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга/ гарын үсэг зурах бөгөөд гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна.” гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтыг мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зорилтын хүрээнд тайлбарлавал энэ нь компанийн хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн эрх, үүрэгтэй холбоотой зохицуулалт гэж үзнэ.   

10.3 Түүнчлэн нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д гэрээ байгуулах талаар заасан хэмээн дээрх шаардлагаа тайлбарласан боловч хуулийн энэ зохицуулалт нь компанийн хувьцаа эзэмшигчид болон гүйцэтгэх удирдлагын хооронд маргаан гарахаас урьдчилан сэргийлсэн компанийн хувьцаа эзэмшигчдэд хамаарах зохицуулалт байна. Иймд энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

11. Нэхэмжлэгч нь “*********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчидтэй Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан гэрээг байгуулах хүртэл хугацаанд гэрээ, хэлцэл хийх зэргээр тус компанийг аливаа хэлбэрээр төлөөлөхгүй байхыг “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.********д даалгах шаардлага гаргасан.

11.1 Дээрх шаардлага нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох шаардлагатай хамааралтай боловч нэхэмжлэгч өөрөө бие даасан шаардлага хэмээн тодорхойлсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийг гаргаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.

11.2 Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасан хуулийн хэрэгжилтийг нэг хувьцаа эзэмшигч дангаар шаардах эрхгүй тул мөн энэ үндэслэлээр компанийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээг шүүх хязгаарлах боломжгүй байна. Иймд энэ шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

12. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.****ээс хариуцагч “*********” ХХК, “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.********, “**********” ХК-иудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн зардал болон тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулахаар заасан тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан “*********” ХХК болон “**********” ХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 9900020742 дугаартай  “Мастер гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, мөн хүчин төгөлдөр бус гэж тооцож “**********” ХК дахь “*********” ХХК-ийн 900069794 дугаартай дансыг хаалгахыг хүссэн хариуцагч “*********” ХХК, “**********” ХК нарт холбогдох нэхэмжлэгч Э.****ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.********ы хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай У.******** /гүйцэтгэх захирал/-д холбогдуулан гаргасан Э.****ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан гэрээ байгуулахыг даалгах тухай “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.********д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Э.****ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан гэрээ байгуулагдах хүртэл гэрээ, хэлцэл хийх хэлбэрээр “*********” ХХК-ийг аливаа хэлбэрээр төлөөлөхгүй байхыг даалгах тухай Нуган трэйд ХХК-ийн гүйцэтгэх захирал У.********д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Э.****ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХИШИГБААТАР