| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 2526000080089 |
| Дугаар | 2025/ДШМ/75 |
| Огноо | 2025-12-04 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/75
2025 оны 12 сарын 04 2025/ДШМ/75
Б.Д-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Хохирогчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн,
Шүүгдэгч Б.Даваанацаг,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор Б.Д-т холбогдох эрүүгийн 2526000080089 тоот хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б.Д,
Б.Д нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр М гэх газарт 2024 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн орчимд улсын дугааргүй улаан өнгийн Мустанг-5 маркын мотоциклийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тус мотоцикльд зорчиж явсан зорчигч насанд хүрээгүй Х.П-гийн амь нас хохирч "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Д-гийн биеэр эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан найман жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч Б.Д-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, иргэний хариуцагч Б.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-д 11,000,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар Эрүүл мэндийн болон оршуулгын зардалд 7,086,845 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 22,440,000 төгрөг, нийт 29,526,845 төгрөгийг иргэний хариуцагч Б.Б-өөс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-д олгохоор, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/255 дугаар шийттэх тогтоолоор шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан биеэр эдлэх ялыг нэг жилээр тогтоосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасныг баримтлан ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг хэрэглээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Д нь авто осол гаргасан үедээ 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 18 насанд хүрээгүй байсан. Шүүгдэгч Б.Д нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа байдалд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ ... ял оногдуулахыг тэнсэж нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. Хэрэг учрал болсон тэр цаг хугацаанд тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан худалдааны байгууллага хууль зөрчиж насанд хүрээгүй хүмүүст согтуурах ундааны зүйл худалдсан нь энэ гэмт хэрэг гаргах нэг томоохон шалтгаан болсонд хууль шүүхийн байгууллага дүгнэлт хийсэнгүй.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д миний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг бага хэмжээр тогтоож гаргуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Д-гийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээс хүний амь хохирсон хор уршигтай байхад гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэм бурууд тохироогүй, оноосон ял хөнгөдсөн 6 сар хоригдоод суллагдах ял өгсөн. Хохирогч миний сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 34 дахин нэмэгдүүлэхээр гаргахдаа ямар шинж байдлыг харгалзан дүгнэж байгаа тодорхойгүй байна. Миний сэтгэл санааны уй гашуу арилаагүй юм болгон дээр ганцаардаж дүүгээ үгүйлж харамсал их байна. Нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 49,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхээр гаргуулмаар байна. Миний бие гомдол хохиролтой байгаа тул анхан шатны шүүхийн тогтоолыг хянаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч тухайн гэмт хэрэгт холбогдохдоо насанд хүрээгүй байсан. Тухайн гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл нь болгоомжгүй үйлдлээс болсон. Эдгээр хүүхдүүд нэг дор нутагладаг үе тэнгийн хүүхдүүд хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэртээ харих гэж яваад осолдож нэг нь амь насаа алдаж, нэг нь хүнд гэмтэл авсан. Хохирогчийн гомдлыг бид ойлгож байгаа. Хүн үр хүүхдээ алдах шиг хэцүү юм гэж байхгүй. Миний харамсаж байгаа зүйл гэвэл насанд хүрээгүй хүнд согтууруулах ундааны зүйл худалдаж байсан байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Эцэг эхийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байсан. Хүнийг заавал хорих ял эдлүүлснээрээ гомдол арилдаг зүйл гэж байхгүй. Хохирогчийн харуусал гэмшлийг ойлгож байна. Гэхдээ хуульд заасан хэм хэмжээний дагуу шүүгдэгчид аль заалтад ашигтайгаар шийдвэрлэх учиртай. Энэ гэмт хэрэг нь 2-8-н жилийн хорих ял оногдуулах санкцтай. Насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэж насанд хүрээгүй шүүгдэгчийг тэнсэх боломжтой. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээж байгаа. Анхан шатны шүүхээс тогтоосон төлбөрийг төлсөн баримт байгаа. Энэ баримтыг шүүхэд гаргаж өгөв. Энэ хэргийн хамгийн харамсалтай нь хүний амь насаа алдсан явдал юм. Үүнийг ойлгож харамсаж байгаа. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж өгнө үү гэв
Хохирогчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлын үндэслэл нь гэмт хэрэг гарах үед шүүгдэгч нь насанд хүрээгүй байсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг журамлаж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч болно. Тухайн зүйл ангид заасан ялын санкцид хоёроос найман жилийн хооронд тогтоогдсон байгаа учраас хууль хэрэглэхэд боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 8.5 дугаар зүйлийг хэрэглэж оногдуулсан ялын тал хувь буюу 2/1 хувийг багасгаж ял оногдуулсан байгаа. Хөнгөрүүлэх заалтыг хангалттай хэрэглэсэн гэж үзэж байна. Одоо дахин хөнгөрүүлэх нь тухайн гэмт хэргийн нийгмийн шинж чанар, хор уршигтай нийцэхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-ийн гаргасан гомдол нь шүүгдэгч Б.Д-т оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж үзэж байгаа. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-ийн гаргасан гомдол нь хохирол, хор уршгийн төлбөрийг бага хэмжээгээр тогтоосон гэсэн. Тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал оногдуулсан ялтай тохирохгүй байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр гаргахдаа шинж байдлыг харгалзан дүгнэж байгаагаа дүгнээгүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 34 дахин нэмэгдүүлж гаргахдаа юунд үндэслэж дүгнэлт гаргасан нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн хөлсний хэмжээг 49,99 дахин гаргуулсантай нэмэгдүүлсэнтэй гаргуулж 45,99%-тай байгаа. Сэтгэцэд учирсан хохирлын 4 дүгээр зэргээр тогтооход дээд хязгаар нь 45,99 байгаа.
Иймд хуульд заасан 4 дүгээр зэрэглэлийн дээд хэмжээ буюу 45,99 хувиар хохирлоо гаргуулж авмаар байна гэсэн гомдол гарсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би аав дүүтэйгээ хамт амьдардаг байсан. Би дүүгээ алдаад хэцүү байгаа. Бидэнд учирсан сэтгэл санааны хохирлыг бага оногдуулсан. Мөн шүүгдэгчид бага ял оногдуулсан гэж бодож байна. Маш их гомдолтой байгаа гэв.
Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Даваанацагийн үйлдсэн гэмт хэрэг нь шууд санаатай гэмт хэрэг биш байгаа. Харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохирсон нь шууд гэмт хэрэг байдаг. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэдэг зүйл ярьж байгаа. Хүний амь насыг хэзээ ч буцаан сэргээх хохирлыг барагдуулах боломжгүй байдаггүй. Мөн дэлгүүртэй асуудал яриагүй гэдэг агуулгатай зүйл ярьж байна. Зөрчлийн тухай хуульд зөрчилд хариуцлага оногдуулахаар заасан. Энэ талаар гомдол гаргаж шалгуулахад болохгүй зүйл байхгүй. Иймд шүүгдэгчийг тэнсэх боломжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол 2-8-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан. Тухайн санкцид зааснаар хамгийн бага ял оногдуулсан.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлуудтай холбогдуулан хэлэх тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс ... шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасныг баримтлан ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг хэрэглээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Шүүгдэгч Б.Д нь авто осол гаргасан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 18-н насанд хүрээгүй байсан. Шүүгдэгч Б.Д нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа байдалд дүгнэлт хийж тэнсэж өгнө үү... гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Даваадариас... Хохирогч миний сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 34 дахин нэмэгдүүлэхээр гаргахдаа ямар шинж байдлыг харгалзан дүгнэж байгаа тодорхойгүй байна. Миний сэтгэл санааны уй гашуу арилаагүй, ганцаардаж дүүгээ үгүйлж харамсал их байна. Нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 49,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхээр гаргуулмаар байна. Миний бие гомдол хохиролтой байгаа тул анхан шатны шийтгэх тогтоолыг хянаж өгнө үү... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу хуульд заасан шаардлагыг хангаагүй, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулахаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хянан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй”, 1.9-д “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болдог.
Шүүгдэгч Б.Д-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг тогтоох хэсэгтэй зөрүүтэй буюу анхан шатны шүүхээс шүүгдэгчид 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар тодорхойлох хэсэгт дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байдлаар бичсэн, үүнийг тодруулахаар шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг үзэхэд бичлэг шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй, дутуу, мөн өөр шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийг хэрэгт хавсаргасан байна.
Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хянан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үздэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгах ёстой. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял шийтгэлийн талаар гаргасан саналыг анхан шатны шүүх ямар дүгнэлт хийж няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг заахаар тусгасан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 34 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож гаргуулахаар шийдвэрлэхдээ ямар үндэслэлийг заасан нь ойлгомжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй байна. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Д-т энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүх хуралдааныг хойшлуулсан тогтоолд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйл заалтыг буруу бичсэн байгааг мөн дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Л.НЯМДОРЖ