| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 102/2024/07310/И |
| Дугаар | 192/ШШ2026/03032 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2026/03032
2026 03 18 192/ШШ2026/03032
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, ********** 201 тоот хаягт оршин байрлах “*********” ХХК /регистрийн дугаар: ***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, ************ тоот хаягт оршин суух ***********овогт Даваасамбуугийн ****** /регистрийн дугаар: *********/-д холбогдох,
Гэм хорын хохирлын төлбөрт 66,365,288.18 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*********” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “********** овогтой ****** нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Шүрэн Капитал ББСБ ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, Гүйцэтгэх захирлын 11/01/17 дугаар тушаалаар “Зээлийн эдийн засагч" албан тушаалд томилогдон 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Д.****** нь манай компанид ажиллаж байх хугацаандаа өөрийн танил болох Т.*******, Т.******** нарын нэр дээр зээл гарган зээлийг хувьдаа ашигласан байх бөгөөд эдгээр зээл нь өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Т.******* болон Т.******** нарын хувьд манай компаниас зээл авах хүсэлт гаргаж байгаагүй, зээлийн гэрээ байгуулж байгаагүй, өөрийн нэр дээр гарсан гээд байгаа зээлийг огт авч ашиглаагүй тул шаардлагатай арга хэмжээг аван Монгол банкин дах муу зээлдэгчийн мэдээллийг засаж, Д.******тай хариуцлага тооцож өгнө үү гэх хүсэлт, өргөдлийг бидэнд ирүүлсэн. Мөн Д.****** нь Т.******** болон Т.******* нарын нэр дээр гаргасан зээлийг өөрөө хувьдаа авч ашигласнаа өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тайлбар, хүсэлтийг мөн бидэнд ирүүлсэн. Иймд манай компанийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн эрсдэлийн хорооны хурлаар Т.******* болон Т.******** нарын өргөдөл болон Д.******д холбогдох асуудлын талаар хэлэлцэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасны дагуу Т.******* болон Т.******** нарыг хохиролгүй болгох арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т “Энэ хуулийн 498.1, 498.2. 498.4-т зайсан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж заасны дагуу нийт 66,365,288.18 төгрөгийн хохирлыг Д.******гаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Энэхүү гэрээ нь "*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.******д холбогдол гэм хорын хохиролд 66,365,288.18 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага /цаашид "Нэхэмжлэлийн шаардлага" гэх/ бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасантай холбоотойгоор иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Талууд төлбөр тооцоог харилцан тохирч, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулна. Талууд сайн дурын үндсэн дээр харилцан ойлголцож, цаг хугацаа, цаашид тус маргаантай холбогдон гарах зардлыг хэмнэх зорилгоор үүссэн хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж Монгол улсын Иргэний хуулийн 189, 196 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон төлбөрийн үнийн дүнг харилцан тохирсноо баталгаажуулан, дараах үүрэг хүлээж, шүүхийн өмнө энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Талууд харилцан тохиролцон нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 66,365,288.18 төгрөгийн шаардлагаас 6,365,288.18 төгрөгөөс татгалзаж үлдэх 60,000,000 төгрөгийг хариуцагч нь хуваарийн дагуу 2031 оны 04-р сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн Хаан банкны 860005005015286555 тоот дансанд шилжүүлнэ. 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2031 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл сар бүрийн 06-ын өдөр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулна. Энэхүү эвлэрлийн гэрээгээр талууд гэрээний үүргээ шударгаар, гэрээнд заасан хугацаанд биелүүлэхээ баталж байна. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ. Энэхүү гэрээний дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс талуудын эвлэрлийг баталж, шүүгчийн захирамж гаргаснаар гэрээ хүчин төгөлдөр болно. Талууд эвлэрлийн гэрээг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргэн өгч захирамж гаргуулах ба хариуцагч төлбөрөө бүрэн төлж үүргээ биелүүлснээр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээг үндэслэн хуулийн байгууллагад хандан холбогдох шийдвэр гаргуулан албадан гүйцэтгүүлнэ. Энэ гэрээгээр зохицуулаагүй бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хуулийн дагуу зохицуулна. Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгалсан нь хууль зүйн хувьд адил хүчинтэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*********” ХХК нь хариуцагч Д.******д холбогдуулан гэм хорын хохирлын төлбөрт 66,365,288.18 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 6,365,288.18 төгрөгөөр багасгаж, хариуцагч Д.****** нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, үлдэх 59,000,000 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2031 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл сар бүрийн 06-ын өдөр 1,000,000 төгрөгөөр “*********” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 6,365,288.18 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, үлдэх 59,000,000 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2031 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 06-ын өдөр 1,000,000 төгрөгөөр “*********” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 489,732 төгрөгөөс 244,866 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс /100200100941 тоот данс/-ээс, 244,866 төгрөгийг хариуцагч Д.******гаас тус тус гаргуулан нэхэмжлэгч “*********” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР