Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 311/ШШ/2026/00194

 

 

                         Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан, ............ оршин суух, Ш..............ын нэхэмжлэлтэй,

Хүү Б...............гийн асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ш............. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ……….. нь 1987 онд төрсөн. Ж………….тэй 2010 онд танилцаж, 2011 онд бид хуримаа хийсэн. 2017 оны 10 дугаар сарын 13-нд хүү …………..рын …………. төрсөн Ж………… нь 2020 онд гэнэтхэн салахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, миний бие тухайн үед гэр бүлээ аваад үлдэх, хүүхдээ элэг бүтэн амьдруулах хүсэл эрмэлзлэлтэй байсан. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 140/шш2021/00062 дугаартай шүүхийн шийдвэрээр бидний гэрлэлийг цуцалж, хүү Б……….. маань жоохон дөнгөж 3 настай байсан учраас "эхийн асрамжинд үлдээж, гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөлвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх Ж………., эцэг Ш………… нарт мэдэгдсүгэй гэж шийдвэрлэсэн байдаг. Ш……….. миний бие 2021 оны 01 дүгээр сард шүүхийн шийдвэр гарснаас хойш, хүү Б………….тэй нэг ч удаа уулзаагүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хүүхдийн тэтгэмжийг цаг тухай бүрд төлж байсан. Гэвч Ж………….. нь миний хүүхэдтэйгээ уулзах, түүнийг харгалзан дэмжих эрхээр хясан боогдуулж байсан. Улмаар миний бие 2023 оны 01 дүгээр сард миний хүү Б…………….тэй уулзуулахгүй байгаа учир "шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулж өгнө үү" гэж шүүхэд хүсэлт гаргаж Завхан аймаг сум дундын анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг биелүүлж хүүтэйгээ уулзах талаар шүүгчийн захирамж гарсан. Гэвч миний бие хүүтэйгээ уулзаагүй учир 2025 оны 01 дүгээр сараас хойш хүү Б…………тэй уулзуулж түүнийг эсэн мэнд өсөж байгааг нүдээр үзсэний дараа тэтгэмжийн мөнгөө хийнэ гэдэг байдлаар Ж………….т халж байсан. Улмаар Ж……………. нь 2025 оны 12 дугаар сард нас барсан. Миний хүү Б. …………. нь ээжтэйгээ хамт амьдарч байсан хашаандаа нагац эгч Ж………….ынд байгаа гэх мэдээлэл байгаа. Ж………… нь мөн хүү Б…………..тэй уулзуулахгүй миний эцэг байх, хүүхдээ тэжээн тэтгэх асран хамгаалах, эрхийг зөрчиж байна. Одоо миний бие Ш…………. нь шинээр гэр бүлтэй болсон. Эхнэр маань миний хүү Б………..тэй нас чацуу 9 настай хүүтэй, бид дундаасаа мөн баг хүүхэдтэй, цаашид хүү Б………….г өөрийн асрамжинд үлдээж, тэжээн тэтгэж элэг бүтэн амьдрах хүсэлттэй байна. Иймд миний хүү Б…………..г миний асрамжинд үлдээж асран хамгаалагчаар тогтоож өгнө үү. Хүү Б……………..гийн төрсөний гэрчилгээ болон түүнд холбогдох баримт бичгийг Ж…………..оос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.............. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ш...........хүү ............гийн асрах эрхийн маргаантай шүүхэд хандсан. Ж............... гэх хүнтэй тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэлийг буцаахаар шийдсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш........... нь хүү Б.................гийн асран хамгаалагчаар тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Ш...............ын нэхэмжлэлтэй хүү Б.................гийн асран хамгаалагч тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш................ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

4. Нэхэмжлэгч нь давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                                           ШҮҮГЧ                       Т.БАЛЖИННЯМ