2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/02849

 

 

 

      

  

    2026         03           12                                    192/ШШ2026/02849

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ************** 9 тоот хаягт оршин суух *********** овогт Одонбаатарын **** /регистрийн дугаар: *************/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, *************9 тоот хаягт оршин суух *********** овогт Гантулгын **** /регистрийн дугаар: ***********/-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 5,400,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттуяа, хариуцагч Г.****, түүний өмгөөлөгч Ш.Буянжаргал, Г.Бүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундармаа нар оролцов.                                                                                             

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.**** нь хариуцагч Г.****эд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “О.**** миний бие нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр аав Ц.Одонбаатарын төрсөн эгч Ц. Нараагаас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хан-уул дүүрэг, 1-р хороо. 120 мянгат, 22-р байрны 09 тоот хаягт байршилтай V-2206003002 дугаартай 29 м2 талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд гэрчилгээгээ хаяж гээгдүүлсэн тул 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин гаргуулсан авсан бөгөөд төрсөн цагаасаа л энэ байранд амьдарч ирсэн бөгөөд одоо эхнэр, 2 хүүгийн хамт амьдарч байна. Г.**** бид хоёр найзууд бөгөөд нэг нэгнээсээ мөнгө төгрөг авч өгөлцдөг болохоор мөнгө байна уу 50 000 000 төгрөгийн хэрэг байна гэж гуйсан учраас надад тийм их хэмжээний мөнгө байхгүй байсан тул байраа барьцаалаад зээл аваад өгөөч гэж гуйсан бөгөөд бэлэглэлийн гэрээгээр дээрх байрыг авсан учраас миний нэр дээр зээл гарах боломжгүй байсан тул Г.**** надад ББСБ-д таньдаг хүн байгаа гэсэн учраас зээл авахын тулд О.**** надтай Г.**** нь дүр үзүүлэн худалдах, худалдан авах тухай 0431 дугаартай гэрээг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан. Г.**** нь танилтай байсан учраас "Жи Эс Би капитал" ББСБ-аас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж түүний данс руу нь шилжиж орсон бөгөөд нэмж хэдэн төгрөгийн зээл авсныг мэдэх боломжгүй байна. Г.**** бид хоёрын хооронд мөнгө төгрөг шилжүүлэн өгч авалцсан байдаг бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд О.**** миний Хаан банкны 5300006164 дугаартай дансны 36 хуудас хуулгаар Г.****ийн 5700927657 тоот данснаас нийт 68 удаагийн гүйлгээгээр 65,632,150 төгрөгийг О.****ын данс руу орж ирсэн, О.****ын данснаас Г.****ийн данс руу нийт 14 удаагийн гүйлгээгээр 38,397,666 төгрөг гарсан бөгөөд зөрүү 27,234,484 төгрөгийг Г.****эд өгөх өглөгтэй, 2024 оны О.**** миний Хаан банкны 5300006164 дугаартай дансны 130 хуудас хуулгаар Г.****ээс О.**** руу 71 удаагийн гүйлгээгээр 42,617,999 төгрөгийг, О.****оос Г.**** рүү 17 удаагийн гүйлгээгээр  18,320,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн байдаг бөгөөд зөрүү 24,297,999 төгрөг нийт 51,532,483 төгрөгийг би Г.****эд өгөх өглөгтэй байна. Гэтэл Г.**** нь өнөөдрийн байдлаар 105,000,000 төгрөгийг надад өгөх ёстой гээд байрыг маань буцааж шилжүүлэхгүйгээр бидний дунд үл ойлголцол үүссэн тул Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Хан- уул дүүрэг, 1-р хороо. 120 мянгат, 22-р байрны 09 тоот хаягт байршилтай V-2206003002 дугаартай 29 м2 талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч” гэж тодорхойлсон.

2. Хариуцагч Г.**** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: “Г.**** би О.****той 2007 оноос хойш найзалж, нөхөрлөсөн. О.****той ярилцаж байгаад 2023 оны эхэн үеэс эхлэн ломбард ажиллуулж, бизнес хийхээр тохирсон. Ингээд түүний эхнэр Б.Намуунзулын нэр дээрх байрыг 2 жилийн хугацаанд түрээсэлж, үйл ажиллагаа явуулахаар тохижилт хийсэн.Тус ломбардын үйл ажиллагааг эхлэх үед хөрөнгийн эх үүсвэрийг миний бие төрлийн ахаас 105,000,000 төгрөгийг 1 сарын 3,0 хувийн хүүтэй зээлж, дээрх тохижилт, түрээсийн төлбөр, шаардлагатай техник хэрэгсэл болон зээлийн үйл ажиллагааны мөнгөн хөрөнгийг бүрдүүлсэн. Харин О.****ын хувьд зээлдэгч нарыг олж ирэх, зээлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад анхаарах, барьцааны зүйлийн чанар, эрхийн доголдлыг шалгах үүрэгтэйгээр оролцсон. Үйл ажиллагаа явуулж эхэлсний дараа О.**** нь их бага хэмжээгээр мөнгө хэрэгтэй байна, хурдан данс руу хийчих, нэгжийн мөнгө явуул, буцаагаад шилжүүлчихнэ гэх зэргээр өөрийн данс руугаа мөнгө авдаг байсан. Найз нөхдийн харилцаатай, хамтран үйл ажиллагаа явуулдаг байсан тул буцаагаад шилжүүлчихнэ гэдэгт итгэлтэй байсан. Мөн О.****ыг хайж, ломбардад эвгүй хүмүүс их ирж, үймээн тарьдаг болсон. Сүүлдээ энэ хүн намайг ална гээд байна данс руу хурдан шилжүүл гээд залгадаг, тэр даруйд нь би шилжүүлдэг байсан. Эцэс сүүлд нь О.**** хар тамхинд орж, метамфетамин төрлийн бодис нууцаар хэрэглэдэг болсныг мэдсэн. Нэг алга болохоороо хэд хоногоор хаана байгаа нь тодорхойгүй болчихдог, ирэхээрээ баахан хар тамхичдыг цуглуулдаг байсан. Ингээд би О.****той уулзаад хэлсэн, одоо чамд ахиж мөнгө зээлэхгүй чиний авсан зээл 46,477,300 төгрөг, энэ зээлд ногдох хохирол (хүү)-д 9,413,417 төгрөг, нийт 55,890,717 төгрөгийн өр төлбөрийг чи үүсгэсэн. Энийгээ төл, төлөхгүй бол шүүхэд хандаж, шийдвэрлүүлнэ гэсэн. О.**** өөрөө зээлийнхээ өр төлбөрт байраа өгье, гэхдээ намайг нэмээд мөнгө зээлбэл шууд нэр дээр чинь шилжүүлж өгнө гэдгээ хэлсэн. Би бол ахиж зээлүүлэх мөнгө байхгүй, чамаас болж ломбардын үйл ажиллагаа зогссон, баахан шүүхийн маргаантай үлдсэн, хэдэн саяар хохирч байна гэдгээ хэлсэн. Тэгээд О.**** байранд нь эхнэр, хүүхэд нь амьдардаг болохоор шууд гаргаж болохгүй, 1 жилийн хугацаанд түрээслээд өгчих, харин түрээсээ хасаад тохиръё гэсэн. Би саналыг нь хүлээн зөвшөөрөөд өмнөх өр төлбөр, түрээсийн төлбөрийг 93,500,000 төгрөгт тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа барьцаанд тавиад 7,000,000 төгрөгийг О.****д шилжүүлж, гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн. Энэ бүх асуудлыг О.****ын ээж Батжаргал овогтой Болортуяа мэдэж байсан. Ээж нь Солонгос Улсад ажиллаж, амьдардаг хүн байдаг. Тэгээд Б.Болортуяа эгч өөрөө Солонгосоос очъё, Монголд ирж байгаад байраа авъя, чи тийзийн мөнгө явуулаад өгөөч гээд 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг шилжүүлэн авсан. Гэвч Б.Болортуяа эгч огт ирээгүй 2024 оны 08 дугаар сард надтай холбогдоод байраа алдмааргүй байна, худалдаж авъя гэсэн. Би орон сууцны лизингийн ilease (гадаад улсаас эх орондоо орон сууц худалдан авах боломжтой) гээд газар очоод уулз гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.Болортуяа эгч очиж уулзаад ирлээ, урьдчилгаа мөнгө бэлдэх хэрэгтэй юм байна, чи урьдчилгаа мөнгө хүүтэй түр хугацаанд олоод өгөөч гэсэн. Тэгээд би 2024 оны 08 дугаар сарын 19-нд найз Алтан-Оргилын дүү болох Замилангаас хүүтэй мөнгө зээлж, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б.Болортуяа эгчийн Хаан банкны 5304969292 тоот дансанд 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд шууд таг алга болсон. Ингээд 1 сар гарины дараа зээл бүтчихлээ гээд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 32,000,000 төгрөгийг "Байрны урьдчилгаа мөнгө" гэдэг гүйлгээний утгатайгаар над руу шилжүүлсэн. (Энэ хугацаанд зээлдэгч замиланд 40,000,000 төгрөгийн хүү болох 8,000,000 төлж хохиролд орсон) Ингээд асуудалгүй болчих юм байна гэж бодсон. Б.Болортуяа эгч өөрөө Солонгосоос очъё, Монголд ирж байгаад байраа авъя, 2024 оны 12 дугаар сард Б.Болортуяа, Б.Баттуяа бид бүгд уулзсан, тэр уулзалтаар "Жи Эс Би капитал ББСБ" ХХК-ийн 50,000,000 төгрөгийн өр 1 төлбөрийг хүүтэй нь төлж барагдуулъя, байраа өгчих гэсэн санал тавихаар нь миний гаргасан зардал, хохирлыг бүрэн барагдуул гэж хэлсэн. Тухайн үед О.**** өөрөө Солонгос Улсын мултивизний хүсэлтээ өгчихсөн байгаа гэр бүлтэйгээ явж, ажил хийгээд бүх төлбөрөө төлж барагдуулна гэж байсан. Тэгээд визний хариу нь 2024 оны 11 дүгээр сард гарсан, виз нь гараагүй. Гэтэл өнөөдөр Б.Болортуяа, төрсөн дүү Б.Баттуяа нь бодит байдалтай нийцэхгүй, ор үндэсгүй худлаа үйл баримт бичээд, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Б.Баттуяа нь энэ бүх нөхцөл байдлыг мэдэж байсан. Мөн О.****ыг хар тамхи хэрэглэдэг гэдгийг мэдсээр байж, өөгшүүлэн хэрэглэдэггүй гээд шүүх хуралд нь өмгөөлөгчөөр оролцоод, хэргээс нь дүүгээ суллаад авч байсан. Гэтэл хуульч, өмгөөлөгч хүн худлаа тайлбар гаргаад явж байгаа нь ёс зүйгүй байна. О.**** бол энэ болсон бүх фактыг өөрөө гэрчлэх хүн, энэ шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бол өөрөө бичээгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв хуралдаа өөрөө оролцох юм бол энэ бүх үйл баримтыг үнэн зөвөөр тайлбарлана. 29м.кв орон сууцаа О.**** буцаагаад авч болно гэхдээ миний гаргасан хохирол, зардал, төлбөрийг бүрэн төлөх хэрэгтэй. Байрны өмчлөх эрх шилжих хүртэлх хугацаанд гаргасан зардал буюу зээл, хохиролд 79,257,717 төгрөг, О.Мөнх- Оргилтой ярьж тохиролцсон байрны түрээсийн төлбөр 18,000,000 төгрөг, түүнээс хойших О.****ын зээлж авсан төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүүнд 42,333,246 төгрөг, нийт 139,590,963 төгрөгийг барагдуулбал би буцаагаад байрыг нь шилжүүлж өгөхөд татгалзах зүйл байхгүй.” гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч Г.**** нь нэхэмжлэгч О.****д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 5,400,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Миний бие Г.**** нь Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат, 22-р байрны 09 тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү-2206003002 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр авсан. Тухайн үед О.**** нь орон сууцанд манай эхнэр, хүүхэд амьдардаг болохоор шууд гаргамааргүй байна. 1 жилийн түр хугацаанд амьдрах боломжоор хангаад түрээслээд өгөөч, түрээсийн төлбөрийг нь зах зээлийн ханшаар нь тооцъё, гэрээний төлбөрөөсөө хасчих гэдэг санал тавьсан. Ингээд би О.****ын эхнэр М.Намуунзулыг эртнээс таньдаг, бага насны хүүхдүүдтэйг нь мэдэж байсан учраас энэ саналыг нь зөвшөөрч, 18,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан гэрээний төлбөрөөс хассан. Гэтэл харилцан тохиролцсон 1 жилийн хугацаа нь өнгөрч, байраа суллаж өг гэдэг шаардлага тавихаар О.****той холбогдох болгонд зугтаж, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Энэ үйл явдалтай зэрэгцэж, ээжийнх нь эгч нь шүүхэд өгсөн байдаг. Нэгэнт шүүх дээр 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэсэн бодит бус нэхэмжлэл гаргаад явж байгаа юм бол би хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа (анх тохиролцсон нэг жилийн хугацаа дууссан) О.****оос Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж заасны дагуу хөрөнгөө эзэмшилдээ буцаан авч, албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ О.**** нь одоог хүртэл амьдардаг гэсэн байна. Мөн тохиролцож, түрээслүүлсэн хугацаа дууссан буюу 2025 оны 03 сарын 01-ний өдрөөс хойших хууль бусаар эзэмшиж, ашигласны хохирол, төлбөрт 5,400,000 төгрөгийг Гаргуулах хүсэлтэй байна. Хэрэв надад анх тохирсон хугацаандаа байрыг суллаж өгсөн бол өөр бусад этгээдэд түрээслүүлж, ашиг олох бүрэн боломжтой байсан. Хохирлын үнийг тодорхойлохдоо О.****той анх тохирсон үнэ буюу 2 өрөө орон сууцыг түрээслүүлэх 1 сарын 1,800,000 төгрөгөөр тооцож гаргасан. Миний бие дээрх төлбөрөөс гадна О.****оос зээлийн төлбөр, хүү, хохирол зэрэг их хэмжээний авлагатай бөгөөд түүнийг тусад нь шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэж тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттуяа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттуяа татгалзлын үндэслэлээ: “О.**** миний бие нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр аав Ц.Одонбаатарын төрсөн эгч Ц.Нараагаас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хан-уул дүүрэг, 1-р хороо. 120 мянгат, 22-р байрны 09 тоот хаягт байршилтай V-2206003002 дугаартай 29 м2 талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд төрсөн цагаасаа л энэ байранд амьдарч ирсэн, одоо ч эхнэр, 2 хүүгийн хамт амьдарч байна. Г.**** бид хоёр найзууд бөгөөд нэг нэгэндээ мөнгө төгрөг зээлдүүлж авч өгөлцдөг байсан болохоор тухайн үед мөнгө байна уу 50,000,000 төгрөгийн хэрэг байна гэж гуйсан учраас надад тийм их хэмжээний мөнгө байхгүй байсан тул байраа барьцаалаад зээл аваад өгөөч гэж гуйсан бөгөөд бэлэглэлийн гэрээгээр дээрх байрыг авсан, дээрээс нь тодорхой орлогогүй учраас миний нэр дээр зээл гарах боломжгүй байсан тул Г.**** нь надад ББСБ болон үл хөдлөхөд таньдаг хүн байгаа гэж хэлснээр зээл авахын тулд О.**** надтай Г.**** нь дүр үзүүлэн худалдах, худалдан авах тухай 0431 дугаартай гэрээг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэдгийг миний бие нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байдаг. Г.**** нь танил талтай байсан учраас "Жи Эс Би капитал" ББСБ-аас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээлийг маш хурдан гаргуулж түүний данс руу нь шилжиж орсон бөгөөд нэмж хэдэн төгрөгийн зээл авсныг мэдэх боломжгүй бөгөөд хэрэв байраа барьцаалж байгаа бол ядаж байрыг нь эдийн засагч нь ирж үзэж үнэлэх ёстой байх. Г.**** бид хоёрын хооронд мөнгө төгрөг шилжүүлэн өгч, авалцсаар нийт 51,532,483 төгрөгийг би Г.****эд өгөх өглөгтэй бөгөөд холбогдох Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар 2023 он, 2024 оноор нь 100 төгрөг үлдээлгүй тооцоолж гаргаж өгсөн болно. Гэтэл Г.**** нь 93,500,000 төгрөгийн өр төлбөрт байраа шилжүүлсэн гэжээ. Бидний хооронд ямар нэгэн хэлцэл болон бичгээр үйлдсэн баримт байхгүй бөгөөд орон сууцыг маань буцааж шилжүүлэхгүйгээр өнөөдрийг хүрсэн, бидний дунд үл ойлголцол үүссэн учраас аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Өнөөдрийн байдлаар эхнэр 2 хүүгийн хамтаар уг байрандаа амьдарч байгааг дахин дурдах нь зүйтэй бөгөөд хэрэв би байраа өр төлбөртөө тооцож худалдсан бол байраа султгаж өгөх байсан биз. Тэгээд ч байраа 93,500,000 төгрөгт тооцож зарж байгаа бол өөр хэн нэгэнд зах зээлийн ханшаар худалдан борлуулах байсан байх. Иймд Г.****ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан.

 

5. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн итгэмжлэл, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0431 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар батлуулсан хуулбар, 001191203 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банк ХК-ийн 5300006164 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариу тайлбар, бүртгэлийн 1122870006 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, бүртгэлийн 1122510172 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, бүртгэлийн 1122590108 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэл.

 

6. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар, хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 001208236 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар батлуулсан хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ЗБ0301240030 дугаар барьцааны гэрээний нотариатчаар батлуулсан хуулбар, 001208236 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 0228 дугаар үйлчлүүлэгчийн боловсруулсан гэрээ гэрчилсэн тэмдэглэлийн нотариатчаар батлуулсан хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ0301240030 дугаар зээлийн гэрээ, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаар зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар батлуулсан хуулбар, Ү-2206002918 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар батлуулсан хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн итгэмжлэлийн нотариатчаар батлуулсан хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ0301230153 дугаар зээлийн гэрээний нотариатчаар батлуулсан хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ0301230097 дугаар зээлийн гэрээний нотариатчаар батлуулсан хуулбар, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банк ХК-ийн 5700927657 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн gtWc5pEdac дугаартай гэрчилгээ. 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны Айл өрхийн цахилгааны төлбөрийн нэхэмжлэл, “Хаан банк” ХК-ийн 5301567267 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Хаан банк” ХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шилжүүлгийн баримт, “Төрийн банк” ХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шилжүүлгийн баримт.

 

7. Хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/10113 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

1. Нэхэмжлэгч О.**** хариуцагч Г.****эд холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 22 дугаар байр, 9 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай орон сууцны  өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 5.400.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд маргажээ.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, хариуцагч нь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах шаардлагатай байсан ба энэ зорилгоор орон сууцны өмчлөх эрхийг түр хугацаагаар шилжүүлсэн, зээл төлөгдсөний дараа өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэж тайлбарласан.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ, талуудын хоорондын хамтран ажиллах гэрээ /ломбард ажиллуулах/ болон өөр бусад тохиролцооны хүрээнд үүссэн өглөг авлагыг 100.000.000 төгрөгөөр тооцож, худалдах-худалдан авах гэрээний төлбөрт суутгасан, орон сууцыг бодитоор худалдаж авсан гэж тайлбарласан.

4. Хариуцагч тал орон сууц албадан чөлөөлүүлэх, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 5.400.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:

- нэхэмжлэгч нь олон хүүхэдтэй, өөр байр сууц байхгүй тул гэрээ байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд орон сууцандаа суулгахаар тохирсон. Энэ хугацаа дууссан тул хууль ёсны өмчлөгчийн хувьд орон сууцыг албадан чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж, 

- орон сууцанд түр суулгахаар тохирсон 1 жилийн хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч байрыг чөлөөлж өгөөгүй тул өөрт учирсан хохирол буюу олох ёстой байсан орлогыг 1 сарын орон сууц хөлслөх гэрээний дундаж үнэлгээ болох 1.800.000 төгрөгөөр тооцож, 3 сарын төлбөрт 5.400.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тус тус тайлбарласан.

5. Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбар зэргээс үзвэл тэрээр 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан, хариуцагч нь хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж орон сууцыг албадан чөлөөлүүлэх, учирсан хохирлыг арилгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

6. Нэхэмжлэгч О.**** нь маргаан бүхий “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г банкнаас зээл авах боломж бүрдүүлэх зорилгоор түр хугацаанд өмчлөх эрхийг шилжүүлж, зээл төлөгдсөний дараа өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон гэж тайлбарлах боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.

7. Хариуцагч Г.**** нь талууд хамтарч ломбард ажиллуулах явцад болон бусад тохиролцооны үндсэн дээр үүссэн өглөг, авлагыг 100,000,000 төгрөгөөр тохиролцон тогтоож, уг дүнг худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцон өмчлөх эрхийг шилжүүлж авсан гэж тайлбарлах боловч мөн л энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.

8. Зохигчид тус бүрдээ “халхавчлагдсан хэлцлүүд” /нэхэмжлэгч тал банкны зээл төлөгдөж дууссаны дараа буцаан шилжүүлэх тохиролцоо байсан гэх, хариуцагч нь хоорондын өглөг авлагыг худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцохоор тохирсон гэх /-ийн талаар зөрүүтэй тайлбар гаргаж, улмаар хэн аль нь эдгээр тайлбараа нотолж чадаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байна. 

9. Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд зээл, тооцооны шинжтэй харилцаа байсан, мөн тодорхой хэмжээний өглөг, авлагын асуудал байсан болох нь тогтоогдож байх боловч 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь маргаан бүхий орон сууцыг бодитоор худалдах, худалдан авах эрх зүйн үр дагаврыг бий болгох зорилгоор байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Түүнчлэн зохигч талуудын хэн аль нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан бодит зорилго, гэрээний төлбөрийн үндэслэл, тооцооны агуулгыг баримтаар хангалттай нотолж чадаагүй бөгөөд худалдах-худалдан авах харилцаанд зайлшгүй шаардагдах үнэ, түүнийг төлөх, төлбөрийг өрөнд суутган тооцох тухай тохиролцоо хийсэн гэж үзэх нөхцөл хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдохгүй байна.

11. Дээрх тохиолдолд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь талуудын бодит хүсэл зоригийг илэрхийлсэн, худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн үр дагаврыг бий болгох зорилготой байсан гэж үзэх боломжгүй бөгөөд уг хэлцэл нь зөвхөн гадаад хэлбэрийн шинжтэйгээр байгуулагдсан гэж шүүх дүгнэв.

12. Өөрөөр хэлбэл талууд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулснаар худалдах-худалдан авах гэрээнд хамаарах эрх, үүргийг бодитоор үүсгэх хүсэл зоригтой байсан нь тогтоогдохгүй байгаа тул уг хэлцлийг бодит хүсэл зоригоо илэрхийлж хийгээгүй гэж үзнэ. Энэ тохиолдолд зөвхөн гадаад хэлбэрийн шаардлага хангасан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх нь зүйтэй.

13. Иргэний хуулийн 56.5-д хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг зохицуулсан бөгөөд уг зохицуулалтын дагуу талуул хүчин төгөлдөр  бус байх хэлцэл хийсэн бол уг хэлцлээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй тул маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

14. Дээр дурдсанаар хариуцагч **** нь Хан-Уул дүүрэг,1 дүгээр хороо, 120 мянгат, 22 дугаар байр, 9 тоот хаягт байрлах 29 м.кв, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхгүй тул орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй, талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг гэрээний үүрэгтэй холоотой хохирол шаардах эрхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.   

15. Энэ шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар зааснаар эрх зүйн үйлчлэлийн хувьд зөвхөн хэргийн оролцогч талуудад үйлчлэх тул шийдвэрт дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгөд хязгаарлагдмал эрх /ипотек гэх мэт/ эдэлж байгаа гуравдагч этгээдийн эрхийг хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

16. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 658,000 төгрөгийг, хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа 171,550 төгрөгийг тус тус тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасантай нийцжээ.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 658,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 171,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 658,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг,1 дүгээр хороо, 120 мянгат, 22 дугаар байр, 9 тоот хаягт байрлах 29 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг О.****д буцаан шилжүүлэхийг Г.****эд даалгаж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 5.400.000 төгрөг гаргуулах тухай Г.****ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 658,000 төгрөгийг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 171,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.****ээс 658,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.****д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ХИШИГБААТАР