| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 183/2024/06314/И |
| Дугаар | 192/ШШ2026/02711 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2026/02711
| 2026 03 10 | 192/ШШ2026/02711 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 04 дүгээр хороо, ****************Засгийн газрын XII байрны баруун жигүүр хаягт оршин байрлах “****” /регистрийн дугаар: *****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 08 дугаар хороо, *********** тоот хаягт оршин байрлах “*****” ХХК /регистрийн дугаар: *****/-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18,700,000 төгрөг, алданги 9,350,000 төгрөг, нийт 28,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “**** нь "*****" ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр №2022/74 дугаартай "Ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ" байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч тал нь Ашигт малтмал, газрын тосны газрын портал системийг шинэчлэх зорилгоор байгууллагын www.mrpam.gov.mn цахим хуудасны сайжруулан хөгжүүлсэн хувилбарыг хийж, захиалагч талд актаар хүлээлгэн өгөх харилцааг зохицуулсан. Уг гэрээний 4.2-т зааснаар гүйцэтгэгч тал календарийн 90 хоногийн дотор ажлыг гүйцэтгэн, захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд “*****" ХХК-нь гэрээ ёсоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба гэрээний үндсэн хугацаа 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөр дууссан байна. Гэрээнд заасан ажлын хөлс нь нийт 18.700.000 /Арван найман сая долоон зуун мянган/ төгрөг байсан бөгөөд захиалагч тал гэрээ ёсоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дээр дурдсан ажлын хөлсийг 100% гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 2 хоногийн дотор буюу гүйцэтгэгч талын Голомт банкны 1410005243 дугаар дансанд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн байдаг. Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2/2312 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр "...өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд 2024 оны 05 дугаар сарын 27- ны дотор бүрэн хүлээлгэн өгөх, энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд гэрээний 6.1-д заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг мэдэгдэж байна." гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн тус газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3/3217 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр "...өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх, эс биелүүлсэн тохиолдолд гэрээний 10.4-т заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн мэдэгдлийг тус тус гүйцэтгэгч талд хүргүүлсэн байна. "*****" ХХК-ийн захирал Н.Наранхүүтэй 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга болон Төрийн захиргааны удирдлагын газрын Цахим шилжилтийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан, Дотоод сүлжээ, техник инженер О.Нямжав нар биечлэн уулзалт хийж гэрээний биелэлтийг хангаж төрийг хохиролгүй болгох талаар шаардсан. Тус уулзалтаар "*****" ХХК-ийн захирал Н.Наранхүү нь манай газарт хандаж "Ажил гүйцэтгэх гэрээний талаар баталгаа" гаргасан байдаг бөгөөд уг баталгаанд "... Бид алдаа дутагдлаа арилган уг ажлыг 2024.09.05-ны байдлаар бүрэн дуусгаж, хүлээлцэнэ гэдгээ энэхүү бичгээр мэдэгдэж байна" гэсэн баталгааг өөрийн биеэр бичиж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд "*****" ХХК нь гэрээ ёсоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд ажлаа хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хоног тутам нийт хөлсний 0,5%-ийн алдангийг хүлээнэ”, 10 дугаар зүйлийн 10.4-т "Талуудын хэн нэг нь гэрээний нөхцөлийг зөрчвөл талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Талууд тохиролцоонд хүрэхгүй бол асуудлыг Монгол Улсын иргэний хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ" гэж заасны дагуу дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч “****” нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын нэхэмжлэлтэй, “*****" ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Оюунболд миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т "Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эвлэрэх эрхтэй." гэж заасны дагуу нэхэмжлэлээс татгалзаж байна. Учир нь хариуцагч тал болох "*****" ХХК-ийн зүгээс гэрээ ёсоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж нэхэмжлэгч байгууллагын цахим сайт болох MRPAM.GOV.MN - Цахим портал системийг зохиох, хөгжүүлэх гэрээ амжилттай хэрэгжиж, бүрэн дүгнэгдсэн гэж үзэж, акт үйлдэн, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “****” нь хариуцагч “*****” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18,700,000 төгрөг, алданги 9,350,000 төгрөг, нийт 28,050,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “****”-ын нэхэмжлэлтэй хариуцагч "*****" ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18,700,000 төгрөг, алданги 9,350,000 төгрөг, нийт 28,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР