Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/76

 

 

 

 

 

 

2025          12              08                                               2025/ДШМ/76                                  

 

Б.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Б.Цэрэнпүрэв, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

    Прокурор Б.Буяндалай,

    Яллагдагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох,

  Яллагдагч Б.Ж

             Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/874 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Ж-д холбогдох эрүүгийн 2526000580191 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.Ж

Б.Ж нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймаг дахь .. газрын .... тус аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт ажиллахдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөрийн хяналтад авагдсан Н.Б-ийн шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн мөнгөнөөс өөрийн төрсөн эгч Б.Ц-ийн Хаан банк дахь 50 дугаартай данс руу 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, төрсөн дүү Б.Нарантуяагийн эзэмшлийн Голомт банк дахь 60 дугаартай данс руу 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, нагац дүү Б.Нандин- Эрдэнийн эзэмшлийн Хаан банк дахь 55 дугаартай данс руу 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, хүү Ж.Бат-Эрдэнийн эзэмшлийн Хаан банк дахь 55 дугаартай данс руу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 400,000 төгрөг, найз С.Мөнхзулын эзэмшлийн Хаан банк дахь 53 дугаартай данс руу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг буюу нийт 4,500,000 төгрөгийг, мөн Д.Л-ээс бэлнээр төлсөн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 500,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 400,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 300,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны үеийн 500,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 500,000 төгрөг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 500,000 төгрөг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1,000,000 төгрөг буюу нийт 6,700,000 төгрөгийг тус тус хувийн хэрэгцээндээ зарцуулан өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийг,

Мөн тэрээр албан тушаалын байдлаа ашиглаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бичиг хэргийн зардлыг ялтнаас гаргуулан авдаг хэмээн хуурч, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт хохирогч С.Б-аас 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 50,000 төгрөг, хохирогч Д.Т-ээс  50,000 төгрөгийг тус тус авч залилсан гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Ж-ийн үйлдлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Б.Ж-д холбогдох эрүүгийн 2526000580191 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Прокурор газарт буцааж, яллагдагч Б.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Миний бие 2526000580191 дугаартай Б.Ж д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг 2025 оны 09 дүгээр 12-ны өдөр шүүхэд хүргүүлсэн. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/874 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байх тул дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.

Шүүгчийн захирамжид ...яллагдагч Б.Ж гийн гаргасан хүсэлтүүдийг харгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 дахь заалтад зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй байна гэж дүгнэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулаагүй, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй байна. Учир нь: ...яллагдагч Б.Ж гийн гаргасан хүсэлтүүд нь үндэслэлтэй байна. Иймд хүсэлтэд дурдсан дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул яллагдагч Б.Ж д холбогдох эрүүгийн 2526000580191 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ...” гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хэргийн үйл баримтын талаар яллагдагч Б.Ж  нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймаг дахь ... газрын .... тус аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт ажиллахдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөрийн хяналтад авагдсан Н.Б-гийн шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн мөнгөнөөс өөрийн төрсөн эгч Б.Ц-гийн Хаан банк дахь 50 дугаартай данс руу 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, төрсөн дүү Б.Н-гийн эзэмшлийн Голомт банк дахь 60 дугаартай данс руу 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, нагац дүү Б.Нандин-Эрдэнийн эзэмшлийн Хаан банк дахь 55 дугаартай данс руу 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, хүү Ж.Б-ийн эзэмшлийн Хаан банк дахь 55 дугаартай данс руу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 400,000 төгрөг, найз С.М-ын эзэмшлийн Хаан банк дахь 53 дугаартай данс руу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг буюу нийт 4,500,000 төгрөгийг, мөн Д.Л-ээс бэлнээр төлсөн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 500,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 400,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 300,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны үеийн 500,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 500,000 төгрөг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 500,000 төгрөг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1,000,000 төгрөг буюу нийт 6,700,000 төгрөгийг тус тус хувийн хэрэгцээндээ зарцуулан өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийг,

Мөн тэрээр албан тушаалын байдлаа ашиглаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бичиг хэргийн зардлыг ялтнаас гаргуулан авдаг хэмээн хуурч, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт хохирогч С.Б-аас 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 50,000 төгрөг, хохирогч Д.Т-ээс 50,000 төгрөгийг тус тус авч залилсан авч, залилсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэж прокурор яллах үйлдсэн.

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч буй үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн11дэх хэсэгт Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж заасан байхад шүүгч урьдчилсан хэлэлцүүлгээс гарах шийдвэртээ “...гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй байна.” гэж дүгнэжээ. Гэтэл яллагдагч Б.Ж д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан түүний гэм бурууг нотолсон нотлох баримтуудыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлаагүй, мөн гэмт хэргийн шинж, сэдэлт, зорилгын оролцогч талууд санал, дүгнэлт гаргаагүй байхад ийнхүү дүгнэж байгаа нь хууль зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдэх бөгөөд үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх эрх, үүрэг нь шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэж буй шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тодорхойлсон бөгөөд яллагдагч Б.Ж гаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүд нь түүнийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, улмаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн үйл баримт болоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэхгүй буюу хэрэгт хамааралгүй нөхцөл байдлуудыг тодруулсан агуулгатай байхад чухам ямар шалтгаан, үндэслэлээр хүсэлтэд дурдсан мөрдөн шалгах ажиллагаануудыг бүхэлд нь нэмж хийлгэх шаардлагатай гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн аливаа шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн хэлэлцэж буй асуудалд хууль зүйн дүгнэлт хийснээр тодорхой, ойлгомжтой болох байтал анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/874 дугаартай захирамжийн гол үндэслэлийг энэхүү эсэргүүцлийн эхэнд дурдсанчлан хэт ерөнхий дүгнэж, мөн хуульд заасан текстийг нэмж бичсэн учраас тодорхойгүй, ойлгомжгүй байдлыг бий болгож байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй ч “...“Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол"-ын тогтоох хэсгийн 1 дэх заалтад яллагдагчийн нэр, хэргийн дугаарыг буруу бичсэнийг дурдах нь зүйтэй байна.” хэмээн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолыг үйлдэх үед гаргасан техникийн шинжтэй буюу агуулга хувьд ямар нэгэн эргэлээ төрүүлэхгүй алдааг захирамжийн төгсгөлд дурдсан байна.

Гэтэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн байцаалтад зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй аль ч ажиллагаа хамаарах боловч мөрдөн байцаалтаар “хийгдсэн ажиллагаа” зөрчилтэй болохыг шүүх тогтоосон, зөрчлийг гаргасан шатанд нь буцааж дахин засуулахаас өөрөөр үнэлэх, үгүйсгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон, эсхүл шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гэж үзсэн ажиллагаанууд хамаарахын зэрэгцээ уг үндэслэл тодорхой, ойлгомжтой байх шаардлагатай бөгөөд энэхүү шаардлага мөрдөн байцаалтаар “огт хийгдээгүй” ажиллагааг хийлгэхээр буцааж байгаа тохиолдолд ч мөн адил хамаарна.

Харин анхан шатны шүүхийн үндэслэлтэй гэж үзсэн яллагдагч Б.Ж гийн нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлтүүд нь хэрэгт авагдсан нэг ч нотлох баримтад үндэслээгүйн зэрэгцээ хэргийн бусад оролцогч болох гэрч, хохирогч нарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэсэн агуулгатай байгаа нь “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг тогтоосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна.

Прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцож яллагдагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай хүсэлтүүдийг дээрх байдлаар үгүйсгэсэн тайлбар гаргаж, улмаар тэдний хүсэлтэд дурдсан нөхцөл байдлуудыг тодруулахаар шүүх хуралдаанд гэрч Т.Х, хохирогч Д.Л, С.Б, Д.Т нарыг оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд хандан гаргасан боловч шүүх хүсэлтийг огт шийдвэрлээгүй, мөн хариу тайлбарт дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр ...дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж, мөн зүйл, хэсгийн 6.10-т “шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлт” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 2025/ШЗ/874 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлагад нийцээгүй. Энэ нь яллагдагч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэсэн хүсэлтүүдийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн. Тухайн ажиллагаануудыг ямар үндэслэлээр зайлшгүй хэрэгт хийх шаардлагатай, тодруулах шаардлагатай талаарх дүгнэлтийг хийгээгүй. Гэмт хэрэг үйлдсэн сэдэл, зорилгыг тогтоогоогүй байна гэж дурдсан. Шүүгчийн захирамжид гэмт хэрэг үйлдсэн сэдэл, санаа зорилгын тогтоогдоогүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэсэн заалтыг зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр болсон. Анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах хэмжээ хязгаарыг тогтоосон. Яллагдагчийн гаргасан хүсэлт нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ хязгаараас давсан, хэрэгт хамааралгүй зүйлүүдийг шалгуулахаар хүсэлт гаргасан байна.  Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хувьд Д.Л, Н.Б гэдэг хүмүүсээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналтад байсан ялтнуудын төлсөн төлбөрийг хувьдаа албан тушаалын байдлаа ашигласан гэх хэрэг байгаа. н.Н гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, цагдан хорих байрны даргаар ажилладаг хүн. Энэ хүний хууль бус үйлдлийг шалгуулмаар байна гэсэн. Учир нь намайг энэ хэрэгт зориуд гүтгэхийн тулд мөнгө авсан, Лувсанпүрэв гэдэг хүнтэй уулзаж надад мөнгө гэж шахаж шаардаж өгсөн. Мөн Бүжинлхам, Түмэндэмбэрэл гэдэг хүнтэй Түвшинзул гэж шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг шийдвэр гүйцэтгэгч байгаа. Үүнийг шалгах үндэслэл энэ хэрэгт авагдсан баримтаас баримтыг шалгаж шийдвэрлэх ёстой. Гэтэл хэрэг дотор дээр зүйлийн талаарх байгаа баримт авагдаагүй. Иймд үүнийг шууд үнэлэх боломжгүй. Т, Х-тай дуудаад уулзсан, дарамталсан Т-ийн ард А гэж хүн байгаа. Энэ 2 хүнийг би шүүх хуралдаанд оролцуулъя гэсэн. Тэгээд өөрсдөөс нь асуухаар хууль сануулж авсан мэдүүлгийг үндэслэж хэргийг цааш нь шалгах уу, үгүй юу гэдгийг нь шийдвэрлэх гэсэн хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Хууль бус үйлдэл явуулсан гэмт хэргийг зориуд зохион байгуулж энэ хүмүүсийг дарамтлаад шахаж шаардаад надад мөнгө өгсөн гээд хэлээдэх гээд энэ хүмүүс хэлүүллээ гэдэг нөхцөл байдлыг шууд үнэлэх боломжгүй. Энэ зөвхөн Б.Ж гаас гарсан үг өгүүлбэр юм. Н.Б, Д.Л хоёроос авсан мөнгө 2022 оны 11 дүгээр сараас эхлэн 2 жил гаран үргэлжлээд явж байгаа. Хэрэгт авагдсан тэр дансны хуулгаар тогтоогдож байгаа. Батаахүүгийн шилжүүлсэн мөнгөнүүд нь бүгд дансаар хэвшсэн байгаа. Б.Ж гийн хамаарал бүхий болох төрсөн эгч, дүү, хүүхэд гэсэн хүмүүс рүү нь дандаа дансаар шилжүүлсэн. Тодорхой цаг хугацаанд Д.Л гэдэг хүнээс бэлнээр өгсөн. Мөнгийг бэлнээр өгөхдөө мөнгөнийх нь эх сурвалжуудыг шалгаж үзсэн. Шийдвэр гүйцэтгэгч Б.Ж-д миний төлөх ёстой мөнгийг төлөөд өгөөч гэж хэлээд би дансанд нь 1,000,000 төгрөг хийсэн гэж өөрөө мэдүүлэг өгсөн. Анх дамжуулж өгсөн хүнээс нь мэдүүлэг авсан. Лувсанпүрэв над руу яриад ажилтай явна. Мөнгийг чиний дансанд хийе гэсэн мэдүүлгээ өгсөн. Энэ цаг хугацаанд нь мөнгө ороод бэлнээр гаргаад авсан баримтууд байгаа. Эдгээр баримт байхад шууд үгүйсгээд зориуд хүнийг гүтгэх зорилгоор хамт ажилладаг шийдвэр гүйцэтгэгч нарын үйлдэл шууд дүгнэж болохгүй. Тийм учраас энэ ажиллагаануудыг хийх шаардлагагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тухайн үед яллагдагч Б.Ж  ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдсан. Ахлах шийдвэр гүйцэтгэгч учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахгүй хорихоос өөр төрлийн шийдвэр гүйцэтгэж хяналт тавих ёстой байсан. Тэгэхэд манай дарга удирдлагуудаас надад тэнсэнтэй хөрөнгө, орлого хураагаад баталгаатай арга хэмжээтэй хүмүүсийг хариуцуулсан гэх мэтээр өөрөө хууль бус зүйл хэлж байсан. Хамгийн гол нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаад хүнээс мөнгө авсан аваагүй гэдэг нь чухал. Хийх ёсгүй юмыг нь дарга нь үүрэг өгөөд хийлгэж гэмт хэрэг үйлдсэн нь зөвтгөх үндэслэл болохгүй. Тэр хүмүүс яагаад гэвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Шийдвэр гүйцэтгэх байгууллагад албаны шалгалт явагдах үеэр асуудлын талаар тайлбар авсан. Д.Л, Н.Б, С.Б гэдэг хүнтэй уулзаж тайлбар авсан. Гэтэл гэмт хэрэг гэж үзээд байгаа үйлдлийн талаар магадгүй чи надаас мөнгө 50,000 төгрөг авсан бол очоод хэл гээд хэлсэн ч байж магадгүй. Тийм учраас шалгах шаардлагагүй. Н, Т, Х гэдэг хүмүүсийг Бүжинлхам хохирогчоор тогтоогдсон 4 хүнтэй утсаар холбогдсон байна уу, үгүй юу гэдгийг 2023 оноос хойш лавлагааг нь авъя гэсэн ажиллагаа байгаа. Цаг хугацааны хувьд үүрэн холбооны операторуудаас дуудлагын түүх гаргуулахад сүүлийн 3 сарыг гаргаж өгдөг. Нэг хүн утсаар ярьсан байлаа гэхэд түүнийг үнэлээд л зориуд худал мэдүүлэг өг гээд тохирсон байна гэж үзэх боломжгүй. Яллагдагч Б.Ж  шүүхэд энэ байдлаар гэрчийн хэлээд байгаа агуулгатайгаар хэргийг үгүйсгэхээр байна уу, үгүй байна уу гэдгийг нь анхаарч үзэх нь зүйтэй. Мөн үр дагаврын хувьд хэрэгт хамааралгүй зүйл байдаг. Н-гийн хууль бус үйлдлүүдийн талаар гомдол гаргаад Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгуулсан боловч татгалзсан. Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан. Яллагдагчийн гаргасан ажиллагаануудыг яагаад зайлшгүй хийж ёстой талаар огт дүгнэлт бичээгүй. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар хүсэлтэд дурдсан ажиллагаануудыг хийх шаардлагагүй буюу хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шийдвэрлэх боломжтой нотлох баримтууд авагдсан байхад хэргийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатын шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч Б.Ж  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор намайг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тодорхойлох ёстой. Тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалд заасан ажил үүрэг гүйцэтгэнэ. Тухайн ажил үүргийнхээ хүрээнд албан тушаалаа урвуулан ашигласан, албан тушаалаар хүлээсэн бүрэн эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж ойлгох байх. Ажлын байрны тодорхойлолт нь яагаад ямар шаардлагагүй гээд байгаа вэ. Миний бүрэн эрхэд хамаарч байсан уу, үгүй юу гэдгийг тогтоолгох ач холбогдолтой. Мөн Д.Л болон түүний хамаарал бүхий хүмүүсээс яригдаад байгаа мөнгийг аваагүй гэж хэлдэг, нөгөө хүмүүс нь өгсөн гэж хэлдэг, тэгэхээр өгсөн гэсэн мэдүүлгийг л нотлох баримт байгаа. Өөр нотлох баримт байхгүй. Гэтэл мэдүүлгийг давхар нотлох гэсэн зүйл байдаг. Би З.Т, С.Б нараас мөнгө аваагүй гэдэг талаараа Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид дахин хүсэлт өгсөн байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт С.Б, З.Т гэдэг гэрчүүдийг оролцуулъя гэхэд оролцохгүй оролцуулдаггүй. Н.Б 1,000,000 төгрөгийг буцаан авсан, түүнд өгөхөд хамт байсан Ц гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авхуулъя гэхэд хүсэлтийг прокурор, мөрдөгч нар хангахаас татгалзаад байдаг. Гэтэл хэргийг эцэслэн шалгаж тогтоож байж шүүх рүү шилжүүлэх ёстой. Гэтэл эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад хүсэлтийг хангахгүй байгаа нь хүний эрхийг зөрчиж байна. Түвшинзултай 2024 оны 9 дүгээр сард уулзсан байдаг. Энэ талаараа Бүжинлхам надад өөрөө хэлсэн. С.Б гэрчийг шүүх хуралдаанд нүүрэлдэхэд татгалзах зүйл байхгүй. Түвшинзул дуудаж уулзаад юу ярьсан талаар нь бичиж авснаа CD-д буулгаад нотлох баримтаар хэрэгт хавсаргуулж өгсөн байдаг. Батаахүүгийн төлсөн мөнгийг яагаад тушаахгүй байсан гэхээр Н чиглэл өгсөн учраас хамааралтай хүмүүс гэдгийг шалгуулахаар хүсэлт өгсөн. Прокурор, мөрдөгч нар зөвхөн намайг л буруутай гэдэг өнцгөөс хараад  хэргийг шийдвэрлүүлэх гээд байгаа нь хуульд заасан яллах, цагаатгах талын аль алийг барихгүй байна. Прокурор хүнийг яллах гэж байгаа бол хөдөлшгүй нотлох баримттай ярих ёстой. Практик яриад хүнийг яллаад байж болохгүй. Б.Ж гийн хараад байгаа өнцгөөс шалгаж тогтоогоод эцэст нь тогтоож явъя гэсэн санаа байхгүй байна. Энэ хэрэгт тодорхойгүй маш олон зүйл байгаа. Шалгуулахыг хүссэн хүсэлтүүдээ бүгдийг нь шалгуулж хүний эрхийг хангаасай л гэж хүсэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурор хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг шүүхээр шийдвэрлэх боломжтой гэсэн гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг буцааж байгаа нь хуулийн заалтыг зөрчсөн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэдээж явагдаагүй. Шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шатанд хийгдэх ажиллагаа биш, нотлох баримт шинжлэн судлахгүй, прокурор аль нэг талуудын санал дүгнэлтээ гаргадаггүй учраас зөрчсөн гэж байгааг өмгөөлөгчийн хувьд үндэслэлгүй байна. Тийм учраас шүүх нотлох баримтыг тухайн үйлдлийн сэдэлт үйл, гэмт хэргийн сэдэл, зорилгыг тогтоох шинжтэй дүгнэлт хийсэн нь буруу. Б.Ж-гийн гаргасан хүсэлтийн гол үндэслэл Н.Б, О, З.Т, С.Б эдгээр хүмүүстэй харьцах хууль бус үйлдлүүд нь яалт ч үгүй Шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга Наваантуяатай холбоотой байдаг. С.Б, З.Т нарт давуу байдал олгохын тулд Б.Ж гийн хяналт дээр байгаа хүмүүс дээр ялаас хугацаанаас нь өмнө суллуулахаар байгууллагаас нь албан тоот хүртэл ирж байгаа. Тэгэхээр хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох баримтад үндэслэсэн хэргийг бүрэн дүүрэн шалгах ёстой. Анхан шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэж байгаа асуудал нь зайлшгүй нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа дутуу байна гэсэн үндэслэлээр буцааж байгаа учраас энэ заалтыг заагаагүй орхигдуулсан байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолтууд нотлох баримт хангаж байна уу эсэхийг тодруулах шаардлагатай. Ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгчийн ажил үүргийг албан тушаалтнуудын шахалт шаардлагаар хийж байсан, тухайн үед байгууллагын дарга байсан Х, Ц нар мэдэж байгаа учраас мэдүүлэг тодорхой болгох шаардлагатай гэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Анхан шатны шүүхээс Б.Ж д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулаагүй, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй байна, мөн яллагдагч Б.Ж гийн гаргасан хүсэлтүүд нь үндэслэлтэй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.  

Давж заалдах шатны шүүхэд прокуророос ... шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй. Яллагдагч Б.Ж-д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан түүний гэм бурууг нотолсон нотлох баримтуудыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлаагүй, мөн гэмт хэргийн шинж, сэдэлт, зорилгын оролцогч талууд санал, дүгнэлт гаргаагүй байхад ийнхүү дүгнэж байгаа нь хууль зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлт болсон. Мөн Б.Ж-гийн нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлтүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, хэргийн бусад оролцогч болох гэрч, хохирогч нарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулах агуулгатай байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Анхан шатны шүүхээс яллагдагч Б.Ж-гийн хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаар дүгнэлт хийгээгүй, үндэслэл тодорхойгүй, прокуророос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй байх тул энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлуудыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана.

Гэтэл анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хуулийн дээрх заалтад хамаарахгүй асуудлаар буюу нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулаагүй, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж заасныг зөрчжээ.

          Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/874 дүгээр захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.Ж д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/874 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар яллагдагч Б.Ж-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.