| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/12911/И |
| Дугаар | 192/ШШ2026/02538 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2026/02538
| 2026 03 05 | 192/ШШ2026/02538 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ************давхар хаягт байрлах “****” ХХК /регистрийн дугаар: 2626209/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Н***********тоот хаягт оршин суух ******** овогт Лувсаншаравын ***** /регистрийн дугаар: *********/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, *********** тоот хаягт оршин суух ******** овогт Падаагийн **** /регистрийн дугаар: ********/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ************** тоот хаягт оршин суух **********овогт Лувсаншаравын ***** /регистрийн дугаар: ************/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 91,636,004 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин, хариуцагч Л.*****, Л.*****, П.**** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “****” ХХК хариуцагч Л.*****, П.****, Л.***** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 91,636,004 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Л.*****, Д.Сарантуяа нар нь "Транскапитал" ББСБ-тай 085040430076 дугаар "Зээлийн гэрээ”, "Баталгаат ипотекийн гэрээ”, “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцын гэрээ", "Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж 80,000,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор баталгаат ипотекийн гэрээг байгуулж, Л.*****ы нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, туулын 7-2 дугаар гудамж, 55 тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай Г-2206005511 дугаар гэрчилгээтэй өмчилсөн газар газар, П.****ийн нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 7 дугаар хэсэг, 17-3 дугаар гудамж, 14 тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай Г-2206010208 дугаар гэрчилгээтэй өмчилсөн газар, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцын гэрээгээр 0496 УЕЕ улсын дугаартай ногоон өнгийн зүтгүүр, 0049АА улсын дугаартай цэнхэр өнгийн чиргүүл тээврийн хэрэгсэл, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 2,400,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил тус тус барьцаа хөрөнгөөр бүртгүүлэн, хариуцагч нар мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн төлөлтийг хийгээгүй бөгөөд 4 удаагийн гүйлгээгээр төлөлтийг хийж 2025 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн байдлаар үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү 9,677,087 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,935,417 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардалд буюу нотариатын төлбөрт 23,500 буюу нийт 91,636,004 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Л.*****, Д.Сарантуяа нараас үүрэг гүйцэтгэх хугацааг 207 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Зээлдэгч нар зээл авсан өдрөөс хойш 12 удаагийн гүйлгээгээр төлөлтийг хийж, 2025 оны 09 дугаар сарын 30-ны өдөр төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийлгүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хийх талаар удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул зээлийн хугацаа хэтрэлтийн талаар хэлэлцэж 2025 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож шүүхэд нэхэмжлэл гаргах шийдвэр гарсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2028 оны 04 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болно. Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох гэрийн эд хогшил бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул уг гэрээний зүйлээс татгалзаж байна. Иймд хариуцагч Л.*****ас 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 085040430076 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү 9,677,087 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,935,417 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардалд буюу нотариатын төлбөрт 23,500 буюу нийт 91,636,004 төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Л.*****, П.**** нарын нэр дээр бүртгэлтэй баталгаат ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй” гэж тайлбарласан.
2. Хариуцагч Л.***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл авсан тул маргаж байгаа зүйл байхгүй. Авсан зээлээ төлнө. Зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт маргаан байхгүй. Нэхэмжлэгч талын төлөөлөгч 6 сарын хугацаа өгч байна гэж байгаа юм байна. Харин 6 сарын хугацаанд яагаад ч төлж амжихгүй байна. Учир нь яг зээлээ төлдөг үндсэн ажил хийж байгаа машин маань засварт орчхоод байгаа, ямар ч байсан машинаа ачаад хотод аваад ирсэн ч засаж эхлээгүй байна. 80,000,000 төгрөгийн зээл аваад хил, гаалийн оочир дараалалтай холбоотой явсаар байгаад л шүүхийн шатанд хүрээд ирлээ. Ачааны машинаараа ажил хийж байж зээлээ төлдөг юм. 11 дүгээр сарын 23-ны өдөр Замын-Үүд рүү явж байгаад урсгал сөрж машин гарч ирээд зам тээврийн осолд ороод машин маань одоогоор засварт байгаа юм. Жолоочийн буруутай үйл ажиллагаа гээд даатгал нь 24,112,000 төгрөг гаргаад өгснийг нэхэмжлэгч байгууллага татаад зээлд суутгачихсан. Тиймээс би машинаа засаж чадахгүй, нэг ч боолт тайлж чадаагүй л байж байна. Уг нь 36 сарын хугацаатай 80,000,000 төгрөгийн зээл авсан. Нэг сарын төлөлт нь 3,600,000 төгрөг төлөх бөгөөд одоо 24,000,000 төгрөг хасагдсан байх. Одоо 67,000,000 орчим төгрөг үлдсэн байгаа байх. Сард 3,600,000 төгрөгөөр төлөөд яваад байсан зээлийг одоо 6 сарын хугацаанд төлнө гэхээр яагаад ч амжихгүй болчхоод байгаа юм. Хамгийн гол нь машин маань өөрөө босоод ирэх зардал нь 30,000,000 орчим төгрөг болох юм. 67,000,000 төгрөгийг 6 сарын дотор төлөх боломжгүй байна. Гаргах шийдвэрийг л дагая гэж бодож байна гэв.
3. Хариуцагч Л.***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүгээ ажил хийгээд болох байх гэж бодоод нэмэлт барьцаа шаардлагатай гэхээр нь газраа барьцаанд тавьсан, ээж ч адилхан. Ямар ч байсан төлнө. Энэ газарт аав, ээж маань амьдарч байгаа болохоор яаралтай зарж чадахгүй байна гэв.
4. Хариуцагч П.**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 6 сарын дотор төлөх боломжгүй. Өнөөдөр машинаа засвараас гаргаад авах мөнгө байхгүй. Даатгалын мөнгийг бүгдийг нь танайд шилжүүлчихсэн. Ажил хийх гэж авсан машин нь эвдэрчихсэн тул хэрхэхээ мэдэхгүй байна гэв.
5. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 25/1773 дугаар итгэмжлэл, “****” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 085040430076 дугаар Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 085040430076 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралтын хамт, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 085040430076 дугаар Баталгаат ипотекийн гэрээ, Улсын бүртгэлийн 000112569 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар “****” ХХК-ийн мэдэгдэх хуудас, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар “****” ХХК-ийн анхааруулах хуудас, Лувсаншарав овогтой Гантулгын зээл хүүгийн тооцоо.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч “****” ХХК хариуцагч Л.*****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 91,636,004 төгрөг гаргуулах, Л.*****д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Г-2206005511 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, туулын 7-2 дугаар гудамж, 55 тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай газрыг, П.****т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Г-2206010208 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 7 дугаар хэсэг, 17-3 дугаар гудамж, 14 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг тус тус албадан худалдаж үнийг дүнгээс 91.636.004 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагуудыг гаргасан.
2. Хариуцагч Л.***** зээлийн гэрээтэй холбоотой шаардлагын талаар маргаагүй ба зээлийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч П.****, Л.***** нар барьцаа хөрөнгийг албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар талууд маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх үндэслэл болдог.
3. Хариуцагч Л.***** нь нэхэмжлэгч “****” ХХК-тай 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 085040430076 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж 80,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэйгээр зээлж авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. / хавтаст хэргийн 7-10 дугаар тал/
4. Хариуцагч Л.***** нь нэхэмжлэгч “****” ХХК-тай 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 085040430076 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-г байгуулж улсын бүртгэлийн Г-2206005511 дугаартай, Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, туулын 7-2 дугаар гудамж, 55 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай газрыг барьцаалж ипотекийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. / хавтаст хэргийн 15-17 дугаар тал/
5. Хариуцагч П.**** нь нэхэмжлэгч “****” ХХК-тай 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 085040430076 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-г байгуулж улсын бүртгэлийн Г-2206010208 дугаартай, Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 7 дугаар хэсэг, 17-3 дугаар гудамж, 14 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай газрыг барьцаалж ипотекийг улсын бүртгэлд бүртгүүлжээ. / хавтаст хэргийн 19-21 дүгээр тал/
6. “****” ХХК болон хариуцагч Л.***** нарын хооронд байгуулагдсан 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 085040430076 дугаартай зээлийн гэрээ, “****” ХХК болон Л.***** нарын хооронд байгуулагдсан 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 085040430076 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”, “****” ХХК болон П.**** нарын хооронд байгуулагдсан 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 085040430076 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагч нар маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нийт 686,340 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 686,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 686,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан Л.*****ас 91,636,004 төгрөгийг гаргуулж “****” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Л.***** нь 91.636.004 төгрөг төлөх үүргээ эс биелүүлбэл Л.*****ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2206005511 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, туулын 7-2 дугаар гудамж, 55 тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай газар, П.****ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2206010208 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 7 дугаар хэсэг, 17-3 дугаар гудамж, 14 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг тус тус албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Л.*****д холбогдуулан гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 085040430076 дугаартай “Фидуци”-ийн гэрээний үүрэг шаардсан шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 686,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*****ас 616,140 төгрөгийг, П.****, Л.***** нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “****” ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР