| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2023/04932/И |
| Дугаар | 191/ШШ2025/10222 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/10222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 21-6 тоот хаягт байрлах Ангар бридж ХХК /Регистрийн дугаар *******/-д холбогдох,
365,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 376,387,350 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,
хариуцагчийн төлөөлөгч Д.,
хариуцагчийн өмгөөлөгч А. /ҮД:/,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Сант баян бэрх ХХК нь Ангар бридж ХХК-тай 2022 оны 05 сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж дайрга зөөх тэгшлэх нягтаршуулалт хийх тоо хэмжээг 30,000 м3 буюу нэгжийн үнийг 15,000 төгрөгөөр нийт 450,000,000 төгрөгөөр тохирсон гэрээ хийсэн. Гэрээнд заасан тоо хэмжээ болон ажилбарууд нэмэгдэж түүнчлэн түрээсийн техник 1 сар 13 хоногоор төлөвлөж түрээсэлсэн учраас нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаагаа удаа дараа удирдлагуудтай уулзаж ярилцсан боловч шийдвэртэй хариу өгөөгүй улмаас кемпийг буулгахаас аргагүй байдалд хүрсэн. 2022 оны 05 сарын 07-ны өдрөөс 08 сарын 12-ны өдрийг хүртэл нийт 45,495 м3 дайрга зөөсөн ба сийрэгжилтийг 1,3 аар тооцвол 35,000 м3 дайрга зөөж тэгшилж нягтруулж ажилласан. 35,000 м3 дайргыг нэгжийн үнэ болох 15,000 төгрөгөөр тооцвол 525,000,000 төгрөгийн ажил хийсэн. Талууд ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 05 сарын 02-ны өдөр байгуулсан, 05 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэл рүү техник хэрэгсэл, кемп, ажилчдын байрлах гэр орныг зөөж, 05 сарын 07-ны өдрөөс ажил эхэлсэн. Ажил эхлээд сар бүр ажлын гүйцэтгэл бичиж санхүүжилтээ захиалагч талаас авч байсан. 2022 оны 05 сарын 07-ны өдөр ажил эхлээд 06 сарын 06-ны өдөр эхний нэг сарын гүйцэтгэл гарсан. Ажлын санхүүжилтийг 6 удаагийн дансны гүйлгээгээр 160,000,000 төгрөгийг манай компанийн данс руу шилжүүлсэн. Гэрээт ажлын үлдэгдэл болох 365,000,000 төгрөгийг удаа дараа нэхэмжилсэн боловч хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Мөн хаяг тодорхойгүй тул эрэн сурвалжлуулж *******т оршин суудаг нь тогтоогдсон. 2022 оны 08 сарын 12-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн актаар хариуцагч: Ангар бридж ХХК-аас 365,000,000 төгрөгийн ажпын авлагатай болно. Хариуцагч талаас гаргаж өгсөн Ц.ий дугаартай данснаас манай ерөнхий инженер О.ы дугаартай данс руу нийт 4 удаагийн гүйлгээгээр нийт 3,750,000 төгрөг орсон байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 361,250,000 төгрөг болсон. Иймд Ангар бридж ХХК-иас гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл болох 361,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Манай компани гэрээний үүргээ зөрчөөгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сант баян бэрх ХХК 2022 оны 05 сарын 07-ны өдрөөс 08 сарын 12-ны өдөр хүртэл нийт 35,000 м3 талбай нягтаршуулах газар шорооны ажил буюу 525,000,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д 450,000,000 төгрөг буюу 30,000 м3 газар шорооны ажил хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан бөгөөд тоо хэмжээ нэмэгдсэн талаар тухай бүрт ажлын талбай дээр мэдэгдэж ажилласан. Тухайн ажлын талбайд нийт 96 хоног буюу 2022 оны 05 сарын 07-ны өдрөөс 08 сарын 12-ны өдөр хүртэл ажилласан. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 307,404,000 төгрөгийн ажил нь зөвхөн 2022 оны 05 сарын 07-ны өдрөөс 07 сарын 07-ны өдрийг хүртэл 60 хоногийн ажлын гүйцэтгэл бөгөөд үлдэгдэл 36 хоногийн төлбөрийг хариуцагч тал өнөөдрийг хүртэл төлөөгүй. Сөрөг нэхэмжлэлд 222,685,350 төгрөгийн нэмэлт зардал гарсан гэж дурдаад байгаа боловч Сант баян бэрх ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас бодитоор 222,685,350 төгрөгөөр хохирсон нь тогтоогдохгүй байна. Сант баян бэрх ХХК нь 96 хоног ажлын талбай дээр гэрээнд заасан ажлыг хийж, гэрээний тоо хэмжээнээс илүү ажлыг гүйцэтгэсэн. Үлдсэн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ нь бидний хооронд байгуулсан гэрээнд хамааралгүй болно. Иймд тухайн илүү тоо хэмжээний асуудлаас үүссэн 222,685,702 төгрөгөөр хохирсон гэх асуудал нь манайд хамааралгүй, сөрөг нэхэмжлэлийн тооцоогоо бодитой бус гаргасан гэж үзэж байна. Түүнчлэн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 153,702,000 төгрөгийн алданги тооцохдоо сөрөг нэхэмжлэлд хүлээн зөвшөөрсөн 307,404,000 төгрөгөөс алданги тооцсон байна. Бид өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгээс алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Ангар бридж ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Сант баян бэрх ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 365,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2022 оны 05 сарын 02-ны өдөр Сантбаян бэрх ХХК-тай Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт байрлах ХХК-ийн уурхайгаас Чойбалсан хот руу тавигдаж байгаа авто замын ажил 16,2 км замыг 100 хувь бүрэн дуусгах 1 сарын хугацаатай буюу 2022 оны 06 сарын 15-ны өдөр дуусгаж хүлээлгэн өгөх гэрээг байгуулж хоёр талаас гарын үсэг зуралцаж баталгаажуулан, урьдчилгаа болох 80,000,000 төгрөгийг Улаанбаатар хотоос хөдлөхөд 40,000,000 төгрөг, техник хэрэгсэл, ажиллах хүч газар дээр очсоноос хойш 40,000,000 төгрөг гэрээнд заасан ёсоор, Дорнод аймагт байх шатахуун түгээх станцаас 2022 оны 05 сарын 06, 09, 17-ны өдрүүдэд зээлээр нийт 46,820,000 төгрөгийн түлш авч Сантбаян бэрх ХХК-д шилжүүлэн өгсөн. Тус компани гэрээт ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй бөгөөд бидний тооцооллоор нийт 307,404,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн ажлыг дутуу үлдээж явсан. Манай байгууллагаас 391,644,427 төгрөг өгсөн, төлбөрийн үлдэгдэл байхгүй. Нэхэмжлэгч талаас 35,000 мЗ ажил хийж гүйцэтгэсэн гэж байгаа боловч мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэхэд 20,493 мЗ ажил хийж гүйцэтгэсэн нь нотлогдсон. Сант баян бэрх ХХК-тай гэрээ байгуулснаас хойш тухайн төслийг дуусгахад нийт зардал 530,089,350 төгрөг гарсан. Сант баян бэрх ХХК тухайн төслийг гүйцэтгэлгүй хаяж явснаас үүссэн нэмэлт зардал 138,444,923 төгрөг болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний алданги хийж гүйцэтгэсэн ажлын 50 хувьтай тэнцэхүйц мөнгөн дүн 153,702,000 төгрөг байна. Тухайн үед манайх гүйцэтгэгч байсан учраас гүйцэтгэгч компанийн тамгыг дарж өгдөг байсан. Нэхэмжлэгч тал сүүлд олон хоног ажилласан гэж байгаа ч тухайн үед ажил зогсонги байдалтай техникийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй, хоол унд байхгүй, түлш байхгүй байдлаас болж маш олон хоногийн хугацаа алдсан. Түүнийг тооцоолохгүйгээр үлдсэн ажил нь хамаагүй гэдэг байдлаар тайлбарлаад байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээгээр ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй. Манай компани тус төслийг бүрэн дуусгахын тулд Улаанбаатар хотоос тоног төхөөрөмж ажиллах хүч авчран дахин 222,685,350 төгрөгийн зардал гарсан. Нэхэмжлэгч талаас кемп ачиж явсан гэж хэлж байна. Тухайн үед манай байгууллагын гал тогоо, кемп, гэр орныг ашиглаж байсан, үүнийг буруу тайлбарлаж байна, баримт нотолгоогүй хамаагүй ярьж болохгүй байх. Ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн шаардлагад нийцүүлэн алданги 153,702,000 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүйд тооцож, нийт 376,387,350 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сант баян бэрх ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байх хугацаанд санхүүжилтийг тодорхой хугацаанд өгч байсан боловч инженер техникийн түрээсийн төлбөрийг өгдөггүй байснаас болж Ц. бид хоёр тухайн хүмүүс рүү өөрсдийн данснаас мөнгө шилжүүлж байсан. Тухайн үед хоол хүнс, тогоочийн цалингийн мөнгийг шилжүүлж байсан. Дорнод аймгийн Петровис агуулах, группийн агуулахаас түлш авч байсан ба тухайн үед ажиллаж байсан н. гэх инженертэй холбогдоход танайх өөрсдөөсөө шилжүүлчих гэсэн аман хэлэлцээр явагдаад түлшний төлбөрийг шилжүүлсэн. Дорнод аймгийн махны ченж н.Батбаатар гэх хүнд мөнгө шилжүүлж байсан. н.Улаанаа гэх жолооч мөн хүүхдийн төлбөр нэхэгдээд байна гээд мөнгийг нь шилжүүлж байсан баримт байгаа. Манай зүгээс гэрээний үүргээ биелүүлсэн. Сант баян бэрх ХХК-ийн захирал А. буулаа гээд ярихад яасан бэ гэж асуухад ёс зүйгүй үгээр хараагаад ажлаа орхиод явсан. Нэхэмжлэгч талаас ажил хаяад явахад ганцхан жолооч нь үлдсэн, биднээс зөвшөөрөл авахгүйгээр түлшнээс хүртэл хулгай хийгээд аваад явсан байсан. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс маш их зардал гарсан. Геодезийн дүгнэлт гаргахад талуудаас инженерүүд нь байлцаад шалгасан, гэтэл инженерүүд нь гарын үсэг зурахгүй явчихсан байсан. Ажил гүйцэтгэх гэрээг Улаанбаатар хотод байгуулсан, гэтэл нэхэмжлэгч талаас гэрээ байгуулсан өдрөөс эхэлж ажилласан гэж тухайн өдрөөс эхэлж мөнгө нэхэмжилж байгаа нь шударга бус байна. Нэхэмжлэгч талаас ажлаа хаяж явсныг тогтоосон нотлох баримт байна. Хэрвээ хаяад яваагүй бол нотлох баримт байх байсан. Тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэлийг Ангар бридж ХХК-ийн захирал Д. баталж өгсөн. Хариуцагч талаас үлдсэн ажлыг үргэлжлүүлж хийж нэмэлт зардал гарсан. Алдангийг буруу зөрүү бодсон зүйл байхыг үгүйсгэхгүй, гэхдээ Сант баян бэрх ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тодорхой харагдаж байна гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
3. Хэрэг бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-1-2, 3/, Сантбаян бэрх ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-5/, 2022.05.02-ны Ажил гүйцэтгэх гэрээ /1хх-6-8/, Сантбян бэрх ХХК-н ХААН банкны дугаартай дансны хуулга /1хх-9-10, 227-288/, ажлын гүйцэтгэлийн баримт, ажлын тоо хэмжээ /1хх-11-20/, Монгол шуудан ХК-ийн баримт /1хх-21, 22/, мэдэгдэл /1хх-23, 24/, тооцооны үлдэгдлийн баталгаа /1хх-25/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн албан бичиг /1хх-26/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.14-ний дугаар шийдвэр /1хх-27/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.27-ны өдрийн 183/ШЗ2022/17984 дугаар захирамж /1хх-28/, итгэмжлэл /1хх-29, 169, 220/, говь ХХК-н нэхэмжлэл /1хх-106-107/, 2024.11.15-ны хариу тайлбар/1хх-214-215/, О.ы ХААН банкны дугаартай дансны хуулга /1хх-239-250, 2хх-1-23/, ХААН банкны 2025.09.30-ны тодорхойлолт /2хх-39/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Ангар бридж ХХК-н хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /1хх-33-34/, 2023.09.04-ний хариу тайлбар /1хх-45/, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-46, 47-61, 117-133/, 2022.05.02-ны Ажил гүйцэтгэх гэрээ /1хх-62-64/, Сантбаян бэрх ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл /1хх-65, 66/, Ангар бридж ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /1хх-67, 68-69/, Ангар бридж ХХК-н Хаан банкны дугаартай дансны хуулга /1хх-70-72/, Ц.ий ХААН банкны дугаартай дансны хуулга /1хх-73-98, 172-174/, Ц.ий Ариг банкны дансны хуулга /1хх-99/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-100-104/, итгэмжлэл /1хх-116, 175/, Гранд инженеринг ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-137/, Дорнод аймгийн Чойбалсан хотоос Дашбалбар сум чиглэлийн 16.2 км хайрган замын төслийн ажлын тоо хэмжээ /1хх-138-168/, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /1хх-171/, Д.ын ХААН банкны дугаартай дансны хуулга /1хх-180-202/, 2024.10.01-ний тайлбар /1хх-212/, итгэмжлэлээс татгалзах хүсэлт /2хх-55/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Сант баян бэрх ХХК нь хариуцагч Ангар бридж ХХК-д холбогдуулан гэрээт ажлын хөлсний үлдэгдэл 365,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн шилжүүлсэн байсан 3,750,000 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган хариуцагчаас 361,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
4. Зохигчийн хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
5. Ангар бридж ХХК болон Сант баян бэрх ХХК 2022 оны 05 сарын 02-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр талууд дараах үүргийг хүлээхээр харилцан тохиролцжээ. Үүнд:
- ажил гүйцэтгэгч Сант баян бэрх ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт байрлах ХХК-ийн уурхайгаас Чойбалсан хот руу тавьж буй авто замын ажил 16,2 км замыг 2022 оны 05 сарын 02-ны өдрөөс 06 сарын 15-ны өдрийг хүртэл буюу 1 сар 13 хоногийн хугацаанд 100 хувь бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх,
- захиалагч Ангар бридж ХХК нь гэрээт ажлын төлбөр 450,000,000 төгрөгийг төлөх, уг мөнгөнөөс урьдчилгаа 80,000,000 төгрөгийн 40,000,000 төгрөгийг Улаанбаатар хотоос хөдлөхөд, 40,000,000 төгрөгийг талбай дээр техник хэрэгсэл бүрэн очсоны дараа олгох, ажил гүйцэтгэгчээс гүйцэтгэл бичиж өгснөөр төлбөрийг ХААН банкны дугаартаөй данс руу шилжүүлэх. /1хх-ийн 6-8/
6. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний агуулга, тохиролцооноос үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг хүлээнэ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар хариуцагч Ангар бридж ХХК нь ХХК-ийн захиалгаар СТСЕ Мон ХХК-ийн гүйцэтгэж байсан замын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээт ажлын хүрээнд Сант баян бэрх ХХК-тай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргаагүй.
Иргэний хуулийн 347 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчийг оролцуулж болох бөгөөд энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болж, ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцах ба хариуцагч Ангар бридж ХХК нь дээр дурдсан ажлын ерөнхий гүйцэтгэгч СТСЕ Мон ХХК-тай тохирсон гэрээт ажлыг нэхэмжлэгч Сант баян бэрх ХХК-аар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, Ангар бридж ХХК нь туслан гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг ерөнхий гүйцэтгэгчийн өмнө хариуцах үүргийг хүлээнэ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Сант баян бэрх ХХК гэрээний дагуу 307,404,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн ч гэрээний төлбөрт 391,644,427 төгрөгийг шилжүүлсэн тул төлбөрийн үлдэгдэл байхгүй, мэргэжлийн байгууллагын хэмжилтээр 20,493 мЗ ажил хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон, гэрээт ажлыг дуусгалгүй хаяж явснаас нэмэлт зардал гарах нөхцөл байдлыг бий болгож Ангар бридж ХХК-ийг хохироосон гэх тайлбарыг гаргасан.
Дээр дурдснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрээний дагуу нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, ажил гүйцэтгэсэн хугацаа, төлбөл зохих ажлын хөлсний талаар маргаж мэтгэлцсэн.
8. Нэхэмжлэгч тал 2022 оны 05 сарын 02-ны өдөр гэрээ байгуулж, 05 сарын 07-ны өдрөөс гэрээт ажлыг эхлүүлж, ажлын гүйцэтгэлийг гаргаж хариуцагч талд хүргүүлж байсан гэх тайлбарыг гаргасан ба уг тайлбартай холбогдуулан дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд:
- 2022.05.07 2022.06.06-ны хооронд далангийн дүүргэлтийн ажил 63,890.27 м3, ухмалын ажил 25,751.60 м3, ургамлын үе /хөрс/ ажил 19,780.89 м3, ул хөрс нягтруулах ажил 197,808.90 м3, нийт 314,872.67 м3, тайлант гүйцэтгэлийн тоо хэмжээ далангийн дүүргэлтийн ажил 7,641.01 м3 /1хх-ийн 11-13/
- 2022.06.07 - 2022.07.07-ны хооронд далангийн дүүргэлтийн ажил 71,531.28 м3, ухмалын ажил 25,751.60 м3, ургамлын үе /хөрс/ ажил 19,780.89 м3, ул хөрс нягтруулах ажил 197,808.90 м3, нийт 307,231.66 м3, тайлант гүйцэтгэлийн тоо хэмжээ далангийн дүүргэлтийн ажил 12,097.70 м3 /1хх-ийн 14-18/
- 2022.05.07 2022.08.18-ны хооронд 05.08-ны өдрөөс 06.01-ний өдөр хүртэл 5 машин түрээслэн нийт 17,565 м3 дайрга шороо зөөсөн, 06.14-ний өдрөөс 07.21-ний өдрийн хүртэл 5 машин түрээслэн нийт 21,450 м3 дайрга шороо зөөсөн, 08.01-ний өдрөөс 08.18-ны өдөр хүртэл 5 машин түрээслэн нийт 45,495 м3 дайрга шороо зөөсөн, шорооны сийрэгжилтийг 1.3-аар тооцож 35,000 м3 дайрга зөөж тэгшлэн нягтруулсан. /1хх-ийн 19-20/
Сант баян бэрх ХХК нь дээр дурдсан гэрээт ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан 2022 оны 08 сарын 23, 26-ны өдрүүдэд гэрээт ажлын төлбөр 525,000,000 төгрөгийг төлөхийг шаардсан мэдэгдлийг Ангар бридж ХХК-д хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1хх-ийн 23, 24/
9. Талуудын хооронд байгуулсан гэрээт ажлын хэмжилтийг Гранд инженеринг ХХК хийж гүйцэтгэж байсан талаар зохигч маргаагүй бөгөөд тус компани Сант баян бэрх ХХК-ийн 2022 оны 05 сарын 11-ний өдрөөс 08 сарын 04-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн Дорнод аймгийн Чойбалсан хотоос Дашбалбар сум чиглэлийн 16,2 км хайрган замын төслийн ажлын тоо хэмжээг нийт 20,493.6 м3 гэж хэмжиж тодорхойлсон нь хэрэгт баримтаар авагдсан. /1хх-ийн 138-168/
Нэхэмжлэгчийн 2022 оны 05 сарын 07-ны өдрөөс 08 сарын 12-ны өдрийг хүртэл нийт 45,495 м3 дайрга зөөсөн, шорооны сийрэгжилтийг 1,3-аар тооцвол 35,000 м3 дайрга зөөж тэгшилж нягтруулж ажилласан гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсан геодезийн хэмжилтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч, баримтаар үгүйсгэж няцаагаагүй, хариуцагчийн энэ талаарх тайлбар, татгалзал үндэслэл бүхий байна.
Хэрэгт нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн тус компанийн нэгтгэн гаргасан тооцооллын баримтад 35,000 м3 шороо зөөвөрлөсөн талаарх тооцоо гаргасан байх боловч уг баримт нь Сант баян бэрх ХХК-ийн өөрийн гаргасан тооцоо байх бөгөөд хариуцагч тал танилцаж баталгаажуулаагүй байх тул тус баримтаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг тодорхойлох нь учир дутагдалтай. /1хх-ийн 19-20/
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Сант баян бэрх ХХК нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу 20,493.6 м3 дайрга шорооны ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул ажлын төлбөрт нийт 307,404,000 төгрөг /20,493.6 м3 х 15,000 төгрөг/-ийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээт ажлын хөлсөнд 2022.05.03-ны өдөр 40,000,000 төгрөг, 2022.05.06-ны өдөр 7,000,000 төгрөг, 2022.05.09-ний өдөр 33,000,000 төгрөг, 2022.06.18-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022.07.20-ны өдөр 40,000,000 төгрөг, 2022.07.31-ний өдөр 10,000,000 төгрөг, ерөнхий инженерийн дансаар дансаар 4 удаагийн гүйлгээгээр нийт 3,750,000 төгрөг буюу гэрээний төлбөрт нийт 163,750,000 төгрөг шилжүүлэн авсан гэх тайлбар баримтаар тогтоогдож байх тул гэрээт ажлын нийт хөлс 307,404,000 төгрөгөөс төлбөрт шилжүүлэн авсан 163,750,000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 143,654,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. /1хх-ийн 9-10/
10. Хариуцагч Ангар бридж ХХК нь нэхэмжлэгч Сант баян бэрх ХХК гэрээт ажлыг тохирсон хугацаанд гүйцэтгээгүй үндэслэлээр нэхэмжлэгчээс алданги 153,702,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
Зохигчийн хооронд 2022 оны 05 сарын 02-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнд гэрээт ажлыг хийж гүйцэтгэх хугацааг 2022 оны 05 сарын 02-ны өдрөөс 06 сарын 15-ны өдрийг дуустал 1 сар 13 хоногийн хугацаатай байна гэжээ. /1хх-ийн 6-8/
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч тал 2022 оны 06 сарын 15-ны өдөр буюу гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж дуусгаагүй нь тогтоогдож байх боловч гэрээт ажлын гүйцэтгэлийг тухай бүрт нь хариуцагч талд мэдэгдэж байсан, гэрээнд заасан хугацаа өнгөрснөөс хойш тус компанийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг хариуцагч талын эрх бүхий этгээд хүлээн зөвшөөрч баталгаажуулж гарын үсэг зурж байсан, тухайлбал 2022 оны 07 сарын 07-ны өдөр ажлын хоёрдахь гүйцэтгэлийг баталгаажуулсанаар нотлогдож байгаа, мөн санхүүжилтийг тухай бүрт нь өгөөгүйгээс ажлыг гүйцэтгэх хугацаа хойшилж түрээслэсэн техник хэрэсглийн төлбөрийг төлөхөд хүндрэлтэй болсон гэх тайлбар гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй бөгөөд гэрээт ажлыг тохирсон хугацаанд гүйцэтгэх боломжгүй, нэхэмжлэгч ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, олговол зохих санхүүжилтийг хугацаанд өгөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6.1-д талууд энэхүү гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги тооцно гэсэн байх ба зохигч анз тогтоосон гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан, хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр алданги шаардах эрхтэй байх боловч гэрээт ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд дуусгаагүй нөхцөл байдал нь дээр дурдсанаар гэрээт ажлын санхүүжилттэй холбоотой хариуцагчийн үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчээс алданги гаргуулах шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч нь алдангийн тооцооллыг нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүн болох 307,404,000 төгрөгөөс тооцоолж 153,702,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох зохицуулалтад нийцээгүйг дурдах нь зүйтэй.
11. Хариуцагч нь нэхэмжлэгч Сант баян бэрх ХХК гэрээт ажлыг дуусгалгүй орхиж явсны улмаас ажлыг дуусгахад 138,444,923 төгрөгийн нэмэлт зардал гарсан үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ангар бридж ХХК нь ХХК-ийн захиалгаар СТСЕ Мон ХХК-ийн гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Чойбалсан хотоос Дашбалбар сум чиглэлийн 124.2 км хайрган хучилттай авто замын барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсны хувьд ажлын үр гүйцэтгэлийг ерөнхий гүйцэтгэгчийн өмнө хариуцах үүргийг хүлээх бөгөөд хариуцагч гэрээт ажлыг үргэлжлүүлэн хийж дуусгахад нэмэлт зардал гарсан гэж тайлбарлаж байх боловч уг нэмэлт зардал нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас гарсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
Тухайлбал, хариуцагч Ангар бридж ХХК нь ерөнхий гүйцэтгэгч СТСЕ Мон ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй бөгөөд хариуцагч ямар хэмжээний замын ажлыг хийж гүйцэтгэхээр ерөнхий гүйцэтгэгч компанитай тохиролцсон нь тодорхойгүй, нэхэмжлэгч Сант баян бэрх ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 16.2 км хайрган хучилттай замын ажлыг үргэлжлүүлэн хийхэд 138,444,923 төгрөгийн нэмэлт зардал гарсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэмэлт ажлын төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.
Мөн хариуцагч нь тухайн төслийг дуусгахад гарсан нийт зардал 530,089,350 төгрөг болсон гэж тодорхойлж байх боловч нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн гэрээт ажилтай холбоотой ийм хэмжээний нэмэлт зардал гарсан болох нь баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй. Хариуцагч нь гэрээт ажилтай холбоотой төлсөн гэх банкны дансны хуулга баримтыг нотлох баримтаар ирүүлсэн боловч гэрээт ажлын төлбөрт шилжүүлсэн мөнгө болон нэмэлт зардлын тооцооллыг нарийвчлан зааглаж тодорхойлоогүй болно.
12. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Ангар бридж ХХК-аас гэрээт ажлын төлбөрийн үлдэгдэл 143,654,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сант баян бэрх ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 217,596,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Сант баян бэрх ХХК-аас гэрээт ажлыг бүрэн дуусгахад гарсан нэмэлт зардал 138,444,923 төгрөг, алданги 153,702,000 төгрөг, нийт 292,146,923 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,982,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,039,887 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ангар бридж ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 876,220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сант баян бэрх ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ангар бридж ХХК-аас 143,654,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сант баян бэрх ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 217,596,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Сант баян бэрх ХХК-аас гэрээт ажлыг бүрэн дуусгахад гарсан нэмэлт зардал 138,444,923 төгрөг, алданги 153,702,000 төгрөг, нийт 292,146,923 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,982,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,039,887 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ангар бридж ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 876,220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сант баян бэрх ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР