| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0116/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/150 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Хохирогч *******,
Иргэдийн төлөөлөгч Ц.Жавзанпагма,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1814000600052 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 25 тоотод өөрийн аав *******тэй маргалдаж, улмаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр худаг дээр ус түгээж байгаад айлд угаалгын машин зассан юм. Тэгээд тэр айлаасаа хэдэн төгрөг аваад худаг руугаа явах замдаа дэлгүүрээс 0,33 граммын архи худалдаж аваад усан сан дээрээ ирж хүмүүст ус өгөнгөө бүгдийг нь ууж дуусгасан. Орой 17 цагийн үед усан сангаа хаагаад гэрлүүгээ явсан. Тэгээд замдаа дахиад 100 граммын ерөөл архи аваад гэртээ ирээд уусан. Би нилээн согтсон байсан. Гэртээ ирээд уусан 100 грамм архинаас хойш сайн мэдэхгүй байгаа юм. Гэрт ороход манай том баньд Ө 3 жаахан хүүхэдтэй байсан. Манай гэр бүлийн хүн хөдөө явсан байсан юм. Манай том хүүхэд 1 жаахан хүүхэдтэй эхнэр нь хаяж явсан учир хүүхдийг нь би золбин шээс гээд сүүлдээ хүү Ө рүү зайл гээд элдэв нэгээр хэлсэн байсан. Аи архи уухаараа хүнийг хорон үгээр хэлдэг муухай зантай юм. Уг нь манай хүү Ө дуугай суугаад байсан би цааш наашаа яваад хэрүүл өдөөд байсан. Манай хүү Ө намайг дуугай байгаач гээд байсан. Би заримдаа мэдээд заримдаа мэдэхгүй байсан. Би энэ хүүхдийг хэлэхгүй нэгээр хэлсэн юм шиг байгаа юм. Ө намайг дуугуй суу гэж унтаад өг гээд байх шиг байсан. Заримдаа санахаар за гэчихээд эргээд хэрүүл өдөөд байсан. Би энэ хүүхдийг бузарлаад хаячихлаа архинаас л боллоо. Нэг мэдэхэд Ө намайг хатгачихлаа ааваа гэсэн. Тэгээд өөрөө түргэн дуудсан юм шиг байсан. Түргэний эмч ирээд намайг эмнэлэг авч яваад эмнэлэгт хэвтүүлсэн. Би хүүтэйгээ зүгээр харьцдаг. Манай хамгийн том баньд байгаа юм. Эхнэр нь салсанаас хойш эхнэр бид 2-той хамт амьдардаг юм. 3-с доош ангийн 3 хүүхдийг харж цэцэрлэг сургуульд хүргэж өгдөг. Түүнээс бид нарын хооронд янз бүрийн иймээ тиймээ асуудал байхгүй. Ө тухайн үед согтуу байсан эсэхийг мэдэхгүй. Усан сан дээр байхад над руу Ө залгаад ногоо авчихлаа орой ямар хоол хийх вэ гэж асууж байсан. Миний биеийн байдал одоо зүгээр болсон. Надад нэхэмжлэх зүйл болон гомдол саналтай зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-н 36-38/,
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн ... 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өдөр жаахан архи уучихаад гэртээ ирээд байж байсан чинь орой 18:00 цаг өнгөрөөгөөд манай аав гэртээ ирсэн ба гэртээ ирээд архи уучихсан болохоороо надад агсам тавиад, янз бүрийн юм яриад байсан ба би зүгээр л аргадаад байгаад байсан. Тэгээд сүүлдээ миний уур хүрээд би аав бид хоёр барилцаад авсан ба аав намайг чи намайг алчихгүй юу гээд байхаар нь би хүүхдээ хутга аваад ир гэсэн чинь надад хутга аваад ирсэн. Тэгээд тэр хутгыг нь би аваад аавтай ноцолдож байгаад нэг мэдсэн чинь нурууруу нь хатгачихсан байсан. Тэгээд би хутгаар хатгасан газартаа өөрийнхөө цамцыг тайлж цусыг нь боож өгсөн. Тэгээд би өөрөө түргэн тусламж дуудсан. Би түргэн тусламжруу ярихдаа гэрийнхээ хаягийг хэлээд энд хүн хутгалуулчихлаа гээд дуудсан. Тэр үед аав бид хоёр байсан ба *******,*******,******* гээд 3 жаахан хүүхэд байсан.*******, ******* хоёрын нэг нь л хутга аваад ирэх шиг болсон, би яг хэн авчирж өгсөнийг нь би сайн санахгүй байна. Би аавтай ноцолдож байгаад аавынхаа баруун талын нурууруу нь нэг удаа л хутгаараа хатгсан. Тухайн үед аав намайг цохиж зодоогүй ээ, миний биед гэмтэж бэртсэн зүйл байхгүй ээ. Тэр өдрийн өдөр нь би найз Батаа, Ганболд нарын хамт явж байгаад 0,5 литрийн хэмжээтэй ерөөл, 0,33 литрийн хэмжээтэй ерөөл гэсэн архинуудыг хувааж уугаад гэртээ ирсэн байсан. Би тэр үед нэг их согтоогүй байсан, харин аав орой ирэхдээ нэлээд их согтсон ирсэн. Би аавыг 2018 оны 01 сарын 28-ны өдрийн 23:30 цагийн үед л хутгалсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/,
Гэрч*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Баянхонгор аймгийн Баянхонор сумын Номгон 1 дүгээр багийн 10 дугаар байрны 25 тоотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Тэгээд Гурванбуаг суманд манай хамаатны хүн нас барсан тул би ажил явдалд нь оролцохоор 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хөдөө явсан ба манай гэрт манай нөхөр Я, манай хүүхэд Ө, Өгийн хүүхэд болох *******, манай 2 ач нар үлдсэн юм. Тэгээд явсан хойгуур ийм асуудал болсон байна. Би Гурванбулаг сумруу замын унаагаар 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13:20 цагийн орчимд явсан бөгөөд манай гэрт манай нөхөр Я, манай хүүхэд Ө, Өгийн хүүхэд болох *******, манай 2 ач нар үлдсэн. Манай гэр уг нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 3-4-22 тоотод байдаг бөгөөд энэ өвөл Ягийн бие жаахан ядруу байсан тул манай хүүгийн байр болох 10 дугаар байрны 25 тоотод байх байранд өвөлжиж байгаа юм. Ө нь Я бид хоёрын дундаас гарсан хүүхэд бөгөөд Өгийн эхнэр Мөнхцэцэг гэж хүн байсан бөгөөд Өг бага насны хүүхэдтэй нь хаячихаад явсан юм, тэрнээс хойш Я архи уухаараа Өд жаахан уурлаад хүүхдээ загнаад байдаг болсон юм. Ө бол нэг их архи дарс уудаггүй, харин Я болохоор ойр ойрхон архи уучихаад байдаг юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47/,
Гэрч *******лзийдүүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай төрсөн эцэг Я бол архи их уудаг бөгөөд архи уусан үед нь хажууд нь байхад хэцүү байдаг юм. Ер нь бол цохиж зодохгүй боловч үг хэлээрээ янз бүрийн хэлэх хэлэхгүй үг хэлж доромжилдог хэцүү байдаг. Архи уусан үедээ тасарсан ч гэсэн унтахгүй яриад байдаг ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/,
Насанд хүрээгүй гэрч Ө.*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Өвөө согтуу байсан бөгөөд аавыг загнаад байсан. Аав өвөөд хоол хийж өгсөн чинь идэхгүй гэж байсан. Аав хутга аваад өг гэхээр нь би угаалтуурын хажуугийн аяганы тавиураас хутга авч аавд өгсөн. Тэгсэн чинь аав өвөөгийн нурууг зүссэн.*******,******* нар жижиг өрөөнд унтаж байсан. Манайд аав, өвөө, би*******,******* нар л байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/,
Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Яаралтай тусламжийн тасгийн сувилагч ажилтай. Тухайн өдөр би ээлжинд гарч байсан. Тэгтэл цагийг нь сайн санахгүй байна орой нилээн аажуухан 7044103 дугаарын утсанд дуудлага ирсэн чинь “хутгалчихлаа” гээд хаяг өгч байсан. Би сайн санахгүй байна ямар ч байсан эмнэлэг дээр тухайн хүнийг түргэний машинаар авч ирсэн бөгөөд хутгалуулсан хүн нь 50 гаран насны хүн байсан байх. Хүүхэд нь гээд 30 гаран насны залуу ирж байсан. Хүүхэд нь аавыгаа хутгалсан юм байна гэж оёдол тавьж байх үед нь мэдсэн. Тэгээд эмч нар холбогдох эмчилгээгээ хийж би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,
Шинжээч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... *******гийн цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн. 1.8 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаардаг. Согтолтын дунд зэрэгтэй хүн хараа сонсгол, орчноо мэдрэх чадвар үйл хөдлөлөө хянах чадвар, үг яриа зан авирын өөрчлөлт зэрэг нь дунд зэргийн хэмжээнд өөрчлөлт өгсөн байдаг. Тухайн холбогдогчийн бие физилогийн онцлогоос шалтгаалж орчноо мэдрэх чадвар үйл хөдлөлөө мэдрэх чадвар харилцан адилгүй байдаг. ... үг үйлдэлийг нэг бүрчлэн хэлсэн үг үйлдэлээ санах чадвар нь дунд зэрэг байна. Гэхдээ хүний бие физилогоос шалтгаална ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-109/,
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн ... Би 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ хүү Ө.******* болон дүүгийн 2 хүүхэд болох*******,******* нарын хамт байж байтал аав Я орой 18 цаг өнгөрөөгөөд нилээн согтуу ирсэн. Аав ирэхдээ жижиг хавтгай шилтэй архитай ирсэн. Тэгээд тэр архиа гэртээ ганцаараа уусан. Би хоол хийсэн байсан бөгөөд аавд хоол өгөхөд идэхгүй уурлаж уцаарлаад агсам тавиад байсан. Тэгээд намайг “арчаагүй эхнэр хүүхэддээ хаягдсан” гээд манай хүүг “золбин шээс та 2-ыг хоёр гурван жил тэжээлээ” гээд байсан. Тухайн үед би аавыг дандаа агсам тавьдаг юм чинь гээд тоолгүй аргалж байгаад унтуулчихъя гэж бодоод унтуулах гэж оролдоход унтахгүй байсан. Тухайн үед аав манай хүү бид хоёрыг хэл амаар их хурц доромжилсон. Тэгээд би аргадаад барахгүй их уур хүрээд нойлын өрөөнд ороод тамхи татаад ээжтэйгээ утсаар яриад “аав согтуу ирчихээд элдэв бусаар доромжлоод хүү бид хоёрыг хөөж туугаад байна” гэж хэлсэн. Тухайн үед ээж хөдөө ажил явдал болоод явж байсан юм. Тэгээд би ээжийг санаа зоволтгүй ажил явдлаа дуусгаад ир гэсэн юм. Тэр орой ээж аав руу залгахад аав ээжийг “янхан наад машинтайгаа онхолдоод үхээрэй” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би нойлын өрөөнд ороод ээж рүү залгасан юм. Тэгээд нойлоос гарч ирээд аавыг нилээн аргадаж унтуулах гэж үзсэн. Тэгэхэд аав унтахгүй бас л намайг элдэв нэгээр хэлээд байсан. Аавыг би аргадаад унтуулах гээд хүчрээгүй аав намайг мөр, нуруу руу 2-3 удаа цохиод авсан. Тэгээд уур их хүрээд хүүхдээ хутга аваад ир гэж хэлсэнээ мэдэж байгаа нэг мэдэхэд аавын нуруунд далны орчимд хутга зоосон цус гоожсон байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө өмсөж байсан цамцаар цус гоожиж байсныг боогоод түргэн дуудсан. Удалгүй эмнэлэг ирээд аавыг авч явсан. Тухайн үед бөөн юм болоод эмнэлэг, цагдаа ирсэн би өөрөө их айсан болохоор юу болсоныг сайн мэдэхгүй байгаа юм. Яалт ч үгүй цамцаа тайлаад аавын шархыг боогоод эмнэлэг дуудаж байснаа мэдэж байгаа юм. Тухайн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 28-ны едөр 11-12 цагийн орчим манай найз Батаа болон өмнө нь зүс таних залуу билүү дээ тийм нэртэй 2 залуутай 0.33 литрын ерөөл архи 3-уулаа уусан. Би нэг их уудаггүй болохоор 1-2 хундага архи уусан байсан. Дахин архи уугаагүй байсан. Хэрэг үйлдэх үедээ би согтоогүй эрүүл байсан. Манай хүүхэд надад хутга авч өгсөн. Би аавтай хэрэлдэх хооронд дүүгийн 2 хүүхэд жижиг өрөөнд ороод унтсан байсан. Би хүүхдээ хутга аваад ир гэж хэлсэнээ мэдэж байгаа харин хутгалсанаа мэдэхгүй байгаа. Тухайн үед юу болсоноо ч мэдэхгүй дотор давчдаад хагас галзуу байдалтай байсан. Аавын хэлсэн муу муухай үгэнд бачимдаад байсан. Аавд 2-3 жил доромжуулж байсан. Аав 2-3 жилийн үсрээд 30 хоногт нь л эрүүл байдаг байсан. Арчаагүй, эхнэр хүүхэддээ хаягдсан, найз нөхөдгүй, хамт олонгүй, зайл, ална хядна гэж байнга тогтмол хэлдэг. Намайг бол тэгж л хараадаг. Харин манай хүүг золбин шээс гэдэг тэгэхээр нь миний дургүй хүрдэг. Манай хүүхэд бид 2-ыг байнга л зайл гэдэг. Хоёр гурван жил тэжээлгэлээ хүүхдээ аваад зайл гэдэг. Би зүгээр аавыг айлгах санаатай л хутга аваад ир гэсэн. Яах гэж байснаа хэлж мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 116-118/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 112 тоот шинжээчийн ... *******гийн биед баруун далны дотор доод ирмэгээр гадагш чиглэлтэй цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ амь насанд аюултай гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 1831 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн ******* гэж хаягласан цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 64-65/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 1920 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн *******гийн биеэс авсан цус гэж хаягласан цусанд 1.8 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 68-69/,
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2018 оны 03 сарын 07-ны өдрийн нарийн мэргэжлийн эмч нарын ... *******г “сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай” ... гэсэн дүгнэлт /хх-ийн 70-71/,
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2018 оны 03 сарын 07-ны өдрийн нарийн мэргэжлийн эмч нарын ... *******г “сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай” ... гэсэн дүгнэлт /хх-ийн 70-71/,
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн нарийн мэргэжлийн эмч нарын ... Яллагдагч ******* нь хохирогч *******г хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулах үедээ сэтгэцийн хувьд /Хохирогч ******* нь архи уух үедээ өөрийн төрсөн хүү *******г сэтгэл санааны цочролд оруулах үг хэллэг, үйлдлийг олон удаа давтагддаг байсан байна. Энэ нь *******г сэтгэл санааны хүнд дарамтанд оруулж байнга сэдээж байдаг байсан ба ээж Саранцэцэг нь зохицуулж хүү *******г тайвшруулдаг байсан байна. Тухайн өдөр ээж нь хөдөө ажлаар явсан үед хохирогч ******* нь согтуу ирж дахин сэтгэл цочроосон үг хэллэг үйлдлийг хийх үед *******гийн сэтгэлийн дарамт дахин хөндөгдөн гэнэтийн цочролын улмаас өөрийгөө хянах чадвар алдагдан даарх хэргийг үйлдсэн байх магадлалтай байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 167-168/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-тйг 5-11/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 15/,
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасгийн тодорхойлт /хх-ийн 59-60/,
Хохирогч *******гийн өвчний түүхийн дэвтэрийн хуулбар /хх-ийн 74-100/,
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас бусад хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 125-131/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 01 сарын 28-ны өдөр 23:00 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 10 дугаар байрны 25 тоотод өөрийн эцэг *******тэй гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний баруун далны орчим улаан өнгийн иштэй хутгаар хутгалж амь насанд аюултай хүнд гэмтэл буюу цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий хуралдалт гэмтэл санаатай учруулсан болох нь Баянхонгор аймгийн прокурорын газраас 2018 оны 03 сарын 13-ны өдөр үүсгэсэн эрүүгийн 1814000600052 дугаар хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч*******, насанд хүрээгүй гэрч , гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч *******гийн биед хүнд гэмтэл учирсан тухай Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 112 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ******* нь согтолтын дунд зэрэгтэй байсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 1920 тоот шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, *******гийн гэмтлийн хүнд зэргийг тодорхойлох шалгуур шинж, тэдгээрийг нотлох хохирогчийн эмчлүүлсэнтэй холбогдох баримт, эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн иштэй хутга зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэргийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэхэд хохирогч *******гийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч ******* нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хохирогч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй гэж үзлээ.
Хэрэг болсон өдөр хохирогч *******гээс 1.6 промилли спиртийн агууламж илэрч согтолтын дунд зэрэгтэй, шүүгдэгч ******* нь 1.8 промилли спиртийн агууламж илэрч согтолтын дунд зэрэгтэй байсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон ба хохирогч ******* нь согтуурсан үедээ шүүгдэгч *******гийн үгэнд нь орохгүйгээр маргалдсан бөгөөд шүүгдэгч нь тухайн маргааныг өөр хэлбэрээр зохицуулах боломжийг үл хэрэглэж өөрийн төрсөн бага насны хүүхэд болох гээр хутга авчруулж хохирогчийн биед хутгалж түүний биед хүнд гэмтэл учруулсан шүүгдэгч *******гийн үйлдлийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдалд болсон гэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
“Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан” гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ гэжээ.
Хохирогч ******* нь шүүгдэгч *******д хандаж “хүүхдийг нь золбин шээс, эхнэр хүүхэддээ хаягдсан, золбин шээс та хоёрыг хоёр, гурван жил тэжээлээ” гэх зэргээр болон бусад хорон үг хэрэглэж доромжилсон талаархи мэдүүлэг болон Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр шүүгдэгч *******гийн сэтгэлийн дарамт дахин хөндөгдөн гэнэтийн цочролын улмаас өөрийгөө хянах чадвар алдагдан хэрэг үйлдсэн байх магадлалтай талаарх дүгнэлт хэрэгт авагдсан хэдий ч хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь дунд зэргийн согтолттойгоор харилцан маргалдсан үйл баримт тогтоогдсон бөгөөд хохирогчийн зүгээс хэлсэн “хүүхдийг нь золбин шээс, эхнэр хүүхэддээ хаягдсан, золбин шээс та хоёрыг хоёр, гурван жил тэжээлээ” гэх зэргээр болон бусад хорон үг хэрэглэж доромжилсоноос шүүгдэгч ******* нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон гэж үзэх боломжгүй, хохирогч шүүгдэгч нар нь харилцан дунд зэргийн согтолттой байснаас үүдэн тухайн хэрэг маргаан гархад нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч *******гийн сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр “... *******гийн сэтгэлийн дарамт дахин хөндөгдөн гэнэтийн цочролын улмаас өөрийгөө хянах чадвар алдагдан хэрэг үйлдсэн байх магадлалтай ...” гэх шинжээчийн дүгнэлт авагдсан боловч уг дүгнэлтийг шүүх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв.
Учир нь анагаах ухааны ойлголтоор сэтгэцийн өөрчлөлт бүхий хэлбэр нь дотроо эмгэг болон энгийн гэж 2 хувааддаг бөгөөд эмгэг сэтгэл цочирдолд орсон этгээд хэрэг хариуцах чадваргүй байдаг бол энгийн сэтгэл цочирдолд орсон этгээд хэрэг хариуцах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл, энгийн сэтгэл цочирдол гэдэгт санаа сэтгэл нь хүчтэй цочирдсон байхыг хамааруулан ойлгож болдог байх боловч дээрхи сэтгэцийн дүгнэлтэд тухайн өдөр шүүгдэгч *******д ямар төрлийн сэтгэцийн өөрчлөлт, эмгэг, цочрол гарсан эсэхийг тогтоолгүйгээр шууд ... сэтгэлийн дарамт дахин хөндөгдөн гэнэтийн цочролын улмаас өөрийгөө хянах чадвар алдагдан хэрэг үйлдсэн байх магадлалтай ... гэх таамагласан шинж бүхий сэтгэцийн дүгнэлт болжээ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч *******гийн үйлдлийг хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй юм.
Харин Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэн яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан гэдэг нь хэвшмэл маягтай буюу гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл үйлдэн зодсон, эсхүл хууль бусаар хорих, бэлгийн хүчирхийлэлд оруулах, өлсгөх, цангаах, орон гэрээс нь хөөх зэргээр харгис хэрцгий хандан тарчлаасан, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, ичгүүр сонжуургүй догшин авирласан байхыг хэлэх ба энэ нь тус тусдаа хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдох бөгөөд хэрэгт захиргааны арга хэмжээ авагдаж байсан талаарх баримтууд авагдаагүй, аюулгүй байдлын болон эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй байхад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх боломжгүй тул шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгов.
Шүүгдэгч ******* нь хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ хүйтэн зэвсэг болох улаан өнгийн иштэй хутга хэрэглэж үйлдсэн түүнд Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүх шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгийг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******д 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 06 сарын 27-ны өдрөөс эхлэн тооцсугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн иштэй хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА
Д.БАТЦЭНГЭЛ