Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/77

 

 

2025         12              08                                                 2025/ДШМ/77                                

 

И.Б-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

  Прокурор Д.Алимаа /цахимаар/

             Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг /цахимаар/

  Шүүгдэгч И.Б

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан        

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч И.Б , түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гомдлыг үндэслэн И.Б-д  холбогдох эрүүгийн 2227000730154 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 2-р шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар,

Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан. Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 03 хоногийн хорих ялаас хугацаанаасаа өмнө суллаж хяналт тогтоогдсон, Б.И.

И.Б  нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон баг Эрдэнэзуугийн гудамж 1-48 тоотод байрлах гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Ц.А-г  хэвлийн тус газарт нь нэг удаа өшиглөж биед нь элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

И.Б-ийн үйлдлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч И.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 (хоёр) жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 (дөрвөн) жил 05 (тав) сар 03 (гурав) хоногийн хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-д  оногдуулсан 04 (дөрвөн) жил 05 (тав) сар 03 (гурав) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б ийн цагдан хоригдсон 85 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хохирогч Ц.А   цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Б-д  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч И.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

Шийтгэх тогтоолд И.Б намайг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 (хоёр) жилийн хорих ялаар шийтгэж Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил, 05 сар 03 хоногийн хугацаагаар тогтоон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой. Би Ц.А  д хүнд хохирол учруулаагүй тул гомдолтой. Ц.А , О.А  нар нь 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад нэлээн согтолттой 1 шил архи барьсан орж ирсэн. Ц.А   нь архи ууж байгаад надад агсагнаж миний аав Наран шоронгийн атаман байсан. Миний судсаар Нарангийн цус гүйж байгааг чи мэдэж байгаа биз гээд олон зүйл яриад эхлэхээр нь эхнэр Л.Д  эгч рүү залгаад Ц.А  ах архи уугаад муудчихсан байна та ирээд авах уу гэхэд наадах чинь гэрээсээ гарч яваад 10 хоног архи ууж яваа хүн, архидуулдаг хүмүүс нь ирж авна гээд ирээгүй. Тэгээд бид хоёр эвлэрч гар барьж О.А  гэрээс гараад явсан бөгөөд бид хоёр сууж Ц.А  архины талыг уугаад 00 цагийн үед гэртээ харилаа гээд гарсан. Араас нь харахад хаалганы хажуугийн арслангийн суурь дээр сууж тамхи татаж байгаад дээд өргөн чөлөө рүү яваад өгсөн. Би дахин Л.Д  эгч рүү залгаж Ц.А   ахыг урдаас нь тосоод аваач гэж хэлсэн, тэгээд гэртээ ороод байж байтал эхнэр Ж.С  хотоос ирж байгаа автобуснаас буугаад гэртээ орж ирээд бид унтацгаасан. Маргааш өглөө нь 10-11 цагийн үед Л.Д  эгч утасдаад Ц.А  ах чинь 03-05 цагийн үед ирсэн хүнд зодуулсан юм шиг байна гар утас нь байдаггүй гэж хэлсэн. Гэрээсээ гартал гэрийн үүдэнд гар утас, асаагуур нь арслангийн суурийн дээр байхаар нь Л.Д  эгч рүү залгаж хэлэхэд Ц.А   эмнэлэгт байгаа утсыг нь аваачаад өгчих гэхээр нь эмнэлэг дээр очиход дусал залгуулсан байхаар нь яасан бэ гэхэд ах нь юу ч санахгүй байна гэж хэлж байсан. Гэтэл 10 гаруй хоногийн дараагаас намайг гүтгэж өөртөө хүнд гэмтэл учруулсан гэж мэдүүлэх болсон. Ц.А-г ийн өгсөн бүх мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй буюу ухаан алдаад сэрсэн газрууд нь өөр өөр байдаг төдийгүй сүүлд нь мэдүүлгээ нэгтгэн сэрсэн газраас дараалан дурдсан байдаг. Хэргийн газрын үзлэгээр мөрдөн шалгах туршилтаар ч намайг хүнд гэмтэл учруулсан гэдгийг нотлоогүй атлаа ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Би алдаж онож явсан. Одоо 60-н нас дөхөж яваа тул хэрүүл маргаанаас хол байх амар амгалан амьдрах чин хүсэлтэй явдаг учир Ц.А-г ийн эхнэр болох Л.Д  руу 2-3 удаа утасдаж гэрт ирээд нөхрөө аваач гэж 00 цагт гарч явахад нь тосож аваач гэж хэлэх байсан уу гэдгийг анхаарч үзэхийг хүсэж байна. Бүх гэрч нарын мэдүүлэгт намайг зодоогүй гэдгийг нотолж гэрчилсэн байхад шүүх шийтгэх тогтоолдоо яагаад эдгээр нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй зөвхөн намайг яллаж буруутгах талыг барьсанд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хянан үзэж бодитой шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолд И.Б ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 (хоёр) жилийн хорих ялаар шийтгэж Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил, 05 сар 03 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг зөвшөөрөхгүй, гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох: Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу хэргийн бодит байдлыг эргэлзээгүй байдлаар нотлон тогтоож чадаагүй атлаа И.Б ийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсанд гомдолтой байна. Учир нь: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэгдсэн 50 дугаартай яллах дүгнэлт, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч И.Б ийг яллан буруутгаж, ял оногдуулсан нотлох баримтууд нь өмнө үйлдэгдсэн яллах дүгнэлт болон ял оногдуулж байсан 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаартай Шийтгэх тогтоолд дурдсан нотлох баримтуудад үндэслэгдсэн байна.

2. Гэтэл өмнөх шийтгэх тогтоолыг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 сарын 09-ний өдрийн 2024/ДШМ/29 дугаартай магадлалаар И.Б-д  холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хохирогчийн гомдлоор хянасан Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ХШТ/29 дугаартай тогтоолд анхан шатны шүүх И.Б-д  холбогдох хэргийг 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 58 дугаартай шүүгчийн захирамжаар гэмт хэрэг гарсан орон байранд үзлэг, туршилт хийх, гэрч хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад захирамжийг хэвээр үлдээжээ. Шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “Ц.А  , Билгээ надад хандаж та манай эхнэр хүүхдийг зайл гэж хэлсэн байна билээ гэж байснаа гэнэт миний цээж рүү хөлөөрөө тийрч өшиглөсөн, нэг хэсэг ухаан алдаад сэрсэн чинь Билэгээгийн гэрийн хажуу талын Морин жимийн үүдэнд хэвтэж байсан” гэх /2х-х-93 талд/ мэдүүлэг өгч байжээ. Харин мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлд “Алзахгүй бид 2 хоймор хэсэг рүү харсан байдалтай модон сандал дээр зэрэгцээд суусан. И.Б  өөдөөс хараад ширээг тохойгоороо тулаад зогссон /ойролцоогоор 1 алхам/ байж байгаад гэнэт л миний цээж рүү хөлөөрөө тийрч өшиглөсөн, би хойшоогоо газарт унаад өгсөн, тэгээд л би гараад явсан гэснээр ажиллагааг дуусгав” /1х-х-229 талд/ гэж тусгагдсан байна. Дээрх байдлыг нэгтгэж дүгнэвэл шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц хохирогч, гэрч нарын мэдүүлгийг бүрэн бодитойгоор харьцуулан үзэлгүй орхигдуулсан, зөвхөн хэргийн төгсгөл, үр дагаварт тулгуурласан байдлаар хэргийн үйл баримтыг эргэлзээтэй тогтоосон прокурорын шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмын дагуу зөвтгүүлэх байтал хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг гүйцэд тогтоолгүйгээр хянан шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэн шийдвэрлэсэн. /3хх-67 тал/

Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн мөрдөн шалгах нэмэлт ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаар И.Б ийн үйлдлээс Ц.А  д хүнд гэмтэл учирсан гэх байдлыг нотолж тогтоогоогүй атал ял оногдуулсанд гомдолтой байна. Тухайлбал: хохирогч, гэрч нарыг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд гэрч Д.Дашцэрэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “Ц.А  надад хэлэхдээ юу ч санахгүй, согтуу тасарчихсан байсан, хэдэн банди нар зодсон гэж ярьж байсан, зодсон банди нарын содон шинж тэмдгийн талаар хэлээгүй” гэж /1х-х-14 талд/ мэдүүлж байснаа өөрчилж “Ц.А  надад хэлээгүй, эхнэр Л.Д  нь хэдэн согтуу залуучуудад зодуулчихсан, тэр залуучуудыг танихгүй гэж надад хэлснийг нь би хэлсэн” гэж мэдүүлэг өгсөн /3 хх-141 тал/ байдлаар хохирогч Ц.А  , түүний эхнэр Л.Л.Д  нар хоёулаа согтуу залуучуудад зодуулсан гэж хэлж байсан нь нотлогддог.

Гэрч Д.Батцэцэг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Морин жимийн модон хайсыг 2019 онд төмөр хайс болгосон. 150 см өндөр үзүүртэй төмөр хашлагатай, голоороо битүү модтой, хаалгагүй хийгдсэн учир хашлагыг хүн мал орох, давах боломжгүй" гэх /3хх-136 талд/ мэдүүлгээс үзүүрлэсэн төмөр хашлагыг хохирогч Ц.А   давж орох боломжгүй нь тогтоогдсон. Мөн гэрчээр 2025 оны 09 дугаар сарын 09-ны өдөр шүүх хуралд биеэр оролцохдоо хүн, мал орох боломжгүй гэдгийг давтан гэрчилж байсан.

Хохирогч Ц.А-г  гэрч О.А  нарыг 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нүүрэлдүүлэхэд “Ц.А , би гаднаас ороод модон сандал дээр (түшлэгэтэй байсан болов уу) гаднаас ордог хаалга руу нуруугаа харуулаад, Алзахгүй баруун талд ширээний талд модон дээр сууж байсан” гэснийг О.А , “үгүй би түрүүлж ороод хаалганы хажуу талын хана дагуу тавьсан хар өнгийн машины суудал дээр Ц.А  ах бид хоёр зэрэгцээд суусан, И.Б  ах Ц.А  ах бид хоёрын сууж байсан талын эсрэг талд ширээний нөгөө талд сандал дээр сууж байсан. Намайг байхад Ц.А , И.Б  ах 2 хоорондоо маргалдаад сүүлдээ гар барьж эвлэрсэн. Өшиглөсөн гэх үед би байгаагүй гараад явчихсан байсан, намайг гарахад Ц.А  ах сууж байсан газартаа, И.Б  ах ширээний эсрэг талд сууж байсан газартаа үлдсэн” гэжээ. Ц.А  , И.Б д өшиглүүлснийг санаж байна, түүнээс яг хэд өшиглүүлснийг мэдэхгүй, хэзээ гэрээс гарснаа ч мэдэхгүй, ухаан алдаад сэрэхэд И.Б ийн гэрийн гадаа хэвтэж байсан. Морин жимийн модтой хашаанд орсон, ороогүйгээ мэдэхгүй байна, хашаа нь хаалгатай байсан байх" гэх мэдүүлэг өгсөн байдаг. /3хх-178 тал/

Мөрдөн шалгах туршилт хийсэн 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тэмдэглэлд Ц.А   нь хана дагасан суудал байгаагүй гэж хэлээд суудлыг гадагшаа гаргуулаад тухайн айлын гэрийн хаалгыг хааж 2ш жижиг сандал зэрэгцүүлэн тавьж суусан бөгөөд сууж байхад босож ирээд тийрч өшиглөсөн гэж мэдүүлж, өмнөх туршилтад 1 алхам зайд ширээ тохойлдон зогсож байгаад тийрч өшиглөсөн гэсэн мэдүүлгээ сууж байгаад босож ирж өшиглөсөн болгосон. Морин жимийн гадаа сэрсэн гэх газраа хашаа дотор өөр, өөр газар зааж яг хаана сэрснээ зааж чадаагүй.

Уг мөрдөн шалгах ажиллагаанд хана дагуулж тавьсан машины хар суудал нь 2019 оноос хойш одоог хүртэл тавиатай байгааг 2019 онд машин худалдан авсан тээврийн хэрэгслийн тодорхойлолт, бүх гэрч нарын мэдүүлэг нотолж буйг дурдан тухайн сандлыг хана дагуулан тавиад И.Б ийн ажлын ширээ хоёрын дунд 2 ш сандал багтах эсэхийг үзье гэж өмгөөлөгчөөс санал гаргахад туршилтаар хийж үзээгүй нь яллах талыг хэт барьж ирснийг нотолдог.

Бодит байдал дээр хана дагасан ширээ, ажлын ширээ хоёрын хооронд 2 ширхэг сандал багтахгүй нь тогтоогддог болно. /3хх-170,194,199 тал/

Шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаарх хэсэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн /1 хх-ийн 11-12, 44-45, 116, 228, 2х-х-93 талд өгсөн/ мэдүүлгүүд гэрч Л.Л.Д гийн /1 хх-ийн 37,38 талд/ өгсөн, О.А н /1 хх-ийн 56, 57 талд/ өгсөн, шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 11-ний 5455 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Л.Амгалангийн /2 хх-ийн 100 талд/ өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, бичлэг /3 хх-ийн180-183/ тал зэрэг баримтуудаар И.Б ийн гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, бөгөөд шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэх гомдолтой байна. Шийтгэх тогтоолд дурдагдсан нотлох баримтууд буюу Л.Д , Ө.О.А  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Л.Амгалангийн мэдүүлэг, мөрдөн шалгах туршилт зэргээр И.Б ийг хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэдгийг нотолсон, түүний үйлдэл, хохирогчийн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотойг баталсан баримт огт байхгүй тул гэм буруу нотлогдсон гэж дурдсан нь үндэслэлгүй.

Хохирогч Ц.А-г ийн мэдүүлэг нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүйн гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан бусад нотлох баримтаар нотлогдож чаддаггүй тул нотлох баримтаар үнэлж дүгнэх боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх нөхцөл байдал буюу дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол хүчингүй болно гэж заасан. Гэтэл шүүх шийтгэх тогтоолдоо гэрч Л.Л.Д гийн 04-н цагт Ц.А   гэртээ хувцас нь тоос шороо болсон орж ирсэн, хэдэн согтуу залуучуудад зодуулсан гэдэгт нь итгэсэн гэх, гэрч Ө.О.А  миний дэргэд Ц.А-г  цохиж зодоогүй гэх, гэрч Ч.Дуламсүрэн, Ч.Соёлзул нарын ах нь хүнд зодуулчихсан юм шиг байна. Гэр оронд зодоон болсон шинжгүй эмх цэгцтэй байсан гэх, гэрч Д.Д-ийн  “залуучуудад зодуулсан гэж хэлж байсан” гэх мэдүүлгүүдийг яагаад нотлох баримтаар үнэлж дүгнээгүй, няцаасан үндэслэлээ огт дурдаагүйд гомдолтой байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: И.Б ийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд буюу гэмт хэрэг хэзээ, хаана гарсан, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэл, зорилго, зэргийг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Анхан шатны шүүхээс И.Б ийг гэм буруутай нь хөдөлбөргүй нотлогдсон гэж шийтгэх тогтоол гаргасан байгаад гомдолтой байна. Шүүгдэгч И.Б ийг яллаж байгаа үндэслэлүүд нь Монгол Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу хийгдсэн мөрдөн шалгах нэмэлт ажиллагаануудыг улсын яллагч яллах дүгнэлтдээ, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо ч заагаагүй. Учир нь нэмэлт ажиллагаа хийсэн баримтууд нь цагаатгах талын нотлох баримтууд байгаа. Хохирогч Ц.А-г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн эхний мэдүүлэгт бид 2 маргалдаад намайг сандал дээр сууж байхад И.Б босож ирээд миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би ухаан алдаж нэг сэрээд харахад Өргөн чөлөөнд хэвтэж байсан. Дараагийн мэдүүлэгт И.Б гэнэт миний хэвлий рүү тийрч би ухаан алдсан, сэрэхэд “Дээд өргөн чөлөө”-ний “Дэлгэрэх” дэлгүүрийн ойролцоо хашааны буланд хэвтэж байсан гэдэг. И.Б лангуу түшиж зогсож байсан. Би наана нь жижиг сандал дээр сууж байхад миний баруун талд О.А  сууж байсан. Дараагийн 3 дахь удаагийн мэдүүлгээр тухайн үед би архи хэрэглэсэн байсан учраас нэг хэсэг ухаан алдаад сэрсэн чинь И.Б ийн гэрийн хажуу талд “Морин жим”-ийн гадаа хэвтэж байсан гэж өөр өөр зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байдаг. Давж заалдах шатны шүүх хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэрч нарын өгсөн мэдүүлгүүдэд И.Б зодсон гэсэн нэг ч үг байхгүй. Гэрч Д.Д-ийн  мэдүүлэгт тухайн үед Ц.А   юу ч мэдэхгүй согтуу байсан, хэдэн залуучуудад л зодуулсан юм шиг байна гэсэн байдаг. Ямар залуучуудад зодуулсан, содон тэмдгийг нь мэдэж байна уу гэхэд би мэдэхгүй гэж мэдүүлсэн байгаа. Хохирогч Ц.А   би 1 цагт гэртээ орсон гэж мэдүүлээд байдаг. Харин эхнэр нь шөнийн 4 цагт гэртээ орж ирсэн гэдэг. Хохирогч Ц.А   шөнийн 1 цагт И.Билигдэмбэрэлийн гэрээс гарсан гэдэг нь тогтоогддог. Гэтэл Л.Д гийн удаа дараа өгсөн мэдүүлгүүдээр И.Билигдэмбэрэл оройны 9 цагт хохирогч Ц.А-г ийн эхнэр лүү утсаар залгаж манай гэрээс гарлаа шүү, та урдаас нь тосоод аваарай гэдэг. Гэтэл эхнэр нь харанхуй байсан болохоор нь айгаад өмнөөс нь яваагүй. Тэгээд гэртээ унтаж байхад хаалга цохиод байхаар нь хартал үүрийн 4 цаг болж байхад манай нөхөр хамаг хувцас нь шороо, тоос болсон ирсэн гэсэн мэдүүлэг байгаа. Тэгэхээр шөнийн 1 цагаас 4-н цагийн хооронд 3 цаг гаруй хугацаанд хохирогч хаана байсан, хаагуур явж байсан байдал тодорхойгүй. Эхнэр нь би нөхрийгөө хэдэн залуучуудад зодуулсан гэдэгт нь итгэж байсан гэж мэдүүлдэг. Мөн Д эмчид хэлэхдээ ах нь хүнд зодуулсан юм шиг байна гэж хэлсэн. Гэрч Дашцэрэнд бас тэгж хэлсэн байдаг. Хохирогч Ц.А-г ийн И.Б ийн гэрийн гадаа хаясан эд зүйл утсыг нь аваад очиход ах нь хэнд зодуулснаа мэдэхгүй байна гэж хэлж байсан. Эдгээр баримтууд хэрэгт авагдсан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан мөн яллах дүгнэлтэд заасан үндэслэлүүд нь нотлогдож тогтоогдохгүй байна. Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүх 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд 58 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан гэмт хэрэг гарсан орон байранд үзлэг хийх, туршилт хийх, гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх шаардлагатай гэж дүгнэн хэргийг буцаасан байна. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан гол үндэслэл нь шүүгчийн захирамжийн дагуу өгөгдсөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.А-г ийн И.Б надад хандан та манай эхнэр хүүхдийг зайл гэж хэлсэн гэж гэнэт миний цээж хэсэг рүү хөлөөрөө тийрч өшиглөсөн. Тухайн үед би архи хэрэглэсэн байсан учраас нэг хэсэг ухаан алдаад сэрсэн чинь И.Б ийн гэрийн хажуу талын “Морин жим”-ийн үүдэнд хэвтэж байсан гэх мэдүүлэг байдаг. Харин мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлд О.А  бид 2 хоймор луу харсан байдалтай сандал дээр зэрэгцээд суусан байсан. И.Б өөдөөс хараад ширээг тохойгоороо тулаад зогссон байдалтай буюу нэг алхмын зайд зогсож байснаа миний цээж хэсэг рүү хөлөөрөө тийрч өшиглөсөн, би хойшоо газарт унаагүй гэсэн мэдүүлэг тус тус авагдсан байна. И.Б-д  нэг удаа өшиглүүлснээс ухаан алдаад өөрөө босоод гараад явсан уу эсвэл ухаан алдсан байсан уу гэдгийг тогтоогоогүй. Мэдүүлэг бүгд хоорондоо зөрж байна гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдагдсан. 2024 оны 12 дугаар сараас хойш хэрэгт нэмэлт ажиллагаа хийгдэж хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлсэн. Хохирогч Ц.А-г ийн яриад байгаа И.Б ийг өшиглөж байхад хажууд О.А  байсан гэдэг. О.А  мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн анхны үеэс эхлэн үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэрч О.А  би энэ хоёрыг маргаж байхад байгаагүй гэдэг. Нүүрэлдүүлсэн байцаалтыг 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өгөхдөө намайг байхад Ц.А  , И.Б ах 2 хоорондоо маргалдаад сүүлдээ гар бариад л эвлэрсэн. Харин өшиглөсөн гэх үед би байгаагүй гараад явсан байсан, намайг гарахад Ц.А   ах бид 2 хана дагасан сандал дээр сууж байсан, тэндээ Ц.А   ах сууж үлдсэн. Харин И.Б ах ширээнийхээ эсрэг талд л суугаад үлдсэн гэсэн мэдүүлэг өгсөн. Гэтэл нүүрэлдүүлсэн байцаалтаар өмнөх бүх мэдүүлгүүдээ үгүйсгэсэн. Харин хашаа нь хаалттай л байсан байх гэсэн гэдгийг мэдүүлсэн. Хохирогч Ц.А-г ийн сэрсэн газрууд нь бүгдээрээ өөр хоорондоо зайтай өөр өөр газруудад сэрсэн гэдэг. Мөн туршилтад оролцохдоо би ухаан алдаагүй, би арагшаа харж унаад л босоод гараад явсан гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад туршилт хийхэд машины хар сандлыг гаргахад прокурор өөрөө байгаагүй. Тэр хар сандал И.Б ийн ажлын ширээ хоёрын хооронд 2 битгий хэл нэг сандал тавьсан ч багтахгүй зайтай байсан. Энэ хар сандал 2019 оноос хойш тавиатай байсан юм гэдэг нь хэрэгт авагдсан машин худалдаж авсан гэрээ хэлцэл, баримт бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байгаа. Тэгэхээр хэт нэг талыг буюу зөвхөн яллах талыг барьж шалгасанд гомдолтой байгаа. Гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд И.Б ийн гэм буруутай үйлдлийг нотолж тогтоохгүй байна. Мөн Б-ийн мэдүүлэгт тодорхой байгаа. Анхан шатны шүүхээс Батцэцэгийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй, няцааж байгаагаа  дурдахгүй байгаа. Хохирогч өмнө нь өгч байсан бүх мэдүүлгээ үгүйсгэж байхад миний үйлчлүүлэгчийг яллаж байгаад би гомдолтой байна. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу хийсэн нэмэлт ажиллагаагаар үгүйсгэж чадаагүй, нэмэлт ажиллагаагаар энэ хүнийг гэм буруутайг нотолсон нэг ч баримт тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч И.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би давж заалдах гомдолдоо бүгдийг бичиж өгсөн байгаа. Би Ц.А   ахтай танилын хүрээнд байдаг байсан. Тэр өдөр Ц.А   ах манайд архи уусан орж ирээд аавынхаа тухай ярьсан. Манай аав Нарангийн цус миний гараар гүйж байгаа. Чи мэднэ биз дээ гэж надад агсам тавиад байсан. Тэгэхээр нь би авгай руу нь утсаар 2, 3 удаа залгаж хэлсэн. Гэтэл бүх буруугаа над руу чихээд худлаа гүтгэж, намайг яллаад байгаад нь их гомдолтой байна. Прокурор манай ажлын байран дотор 3-н хүн багтана гэж байна. Миний сууж байгаа ширээ хар сандал хоёрын хооронд 3-н хүн багтах зайгүй, нэг сандал багтах ч зайгүй байдаг. Машины суудал гэж яриад байгаа нь суудлын зориулалттай машины суудал байгаа юм. Машиныг хүн тээвэрлэх буюу эхнэртэйгээ хоёулаа багажаа ачаад ийш тийшээ явахын тулд авсан. Анх машин авч суудлыг нь ирснийх нь дараа тэнд тавьсан. Хархорин сумын надаар юм хийлгэдэг хүмүүс тэр сандлыг мэднэ. Энэ нь тодорхой бус байгаа бол захын хүнээс асуухад мэднэ. Прокурор нэг зөрүүтэй зүйлийг ярьж байна. Прокурор CD-д байгаа бичлэгийг хийхэд өөрөө байгаагүй. Тэр сандлыг оруулж ирээд эхлээд миний хэлснээр туршилтын ажиллагааг хийсэн. Дараа нь хохирогчийн хэлснээр оруулж ирж туршилтын ажиллагааг хийсэн. Гэтэл хар сандлыг миний хүсэлтээр оруулж ирж байсан гэж ярьж байна. Энэ 2 жоохон эргэлзээтэй байна.

Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж намайг цагаатгаж өгнө үү гэв.

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Монгол Улсын дээд шүүхээс магадлалыг хүчингүй болгож магадлалд нотлох баримтуудыг дурдаад эргэлзээтэй байна гэдэг үндэслэлээр хүчингүй болгож хэргийг буцаасан. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэх мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын дээд шүүхээс нотлох баримтууд эргэлзээтэй, ажиллагаа дутуу гэж буцаасан. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагааны туршилт, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах шаардлагатай гэж Монгол Улсын дээд шүүхээс тогтоол гаргасан. Үүний дагуу эдгээр 2 ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Туршилт хийх ажиллагааг тухайн хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц аргаар хийх боломжгүй учраас зохих байдлаар хийгээгүй. Харин хэргийн үйл баримт болох хэргийн газар шилэн лангуу, сандал ширээг хэрхэн ямар байдлаар байрласан байсан талаар болон тухайн цаг хугацаанд тухайн газар 3 хүн багтах боломжтой байсан уу гэдэг байдлаар сэргээн дүрслэх зорилгоор хийж гүйцэтгэсэн. Туршилт хийх ажиллагааг 2 байдлаар хийж гүйцэтгэсэн. Хохирогчийн мэдүүлгийг үндэслэж хоёр явган сандлыг оруулж ирж тавиад туршилтыг хийсэн. Шүүгдэгч И.Билигдэмбэрэлийн хэлснээр хар сандлыг оруулж ирээд мөн туршилт хийх ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Хавтаст хэрэгт 2 удаагийн туршилт хийсэн нөхцөл байдал байгаа. Энэ ажиллагааг хоёулаа нэг өдөр хийгдсэн. Энэ туршилт хийх ажиллагааны үр дүнгээр тухайн цаг хугацаанд 3-н хүн багтах боломжтой байсан гэдэг нь давхар тогтоогдсон. Монгол Улсын Дээд шүүхээс хийгдвэл зохих ажиллагаануудыг дутуу, хэргийн бодит байдлыг тогтооход эргэлзээтэй, дүгнэх боломжгүй байна гэдэг үндэслэлээр 2 ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Хохирогч нь согтуу залуучуудад зодуулсан гэсэн атлаа гэнэт И.Б-д  зодуулсан гэдэг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд цугларсан мэдүүлгийн нотлох баримтуудаар хохирогч Ц.А   болон шүүгдэгч И.Билигдэмбэрэл нар нь хоорондоо өр авлага, өс хонзонгийн асуудал байгаагүй болох нь тогтоогдсон. Харин хохирогч Ц.А  , түүний эхнэр н.Л.Д  нараас шүүгдэгч И.Б урьд тэнсэх ялтай байсан учраас танихгүй залуучуудад зодуулсан гэж хэлсэн. Учир нь И.Б ийн эрх зүйн байдлыг дордуулах байх гээд хэлээгүй гэсэн нь мэдүүлгийн зөрүүг арилсан. Тухайн цаг хугацаанд гэрч О.А  би байгаагүй, гэхдээ тухайн цаг хугацаанд шүүгдэгч И.Б ийн ажлын байранд 3-н хүн багтах боломжтой байсан гэдгийг мэдүүлсэн нь давхар нотлогддог. Хохирогчийн хэлснээр шүүгдэгч И.Б намайг шилэн лангуугаа түшиж зогсож байгаад өшиглөсөн гэдэг нь нотлогддог. Харин гэрч О.А  байсан, байгаагүй гэдэг зөрүү нь арилаагүй. 2019 онд машиныг худалдаж авсан даруйд тухайн ажлын байранд сандлыг байршуулсан гэдэг нотлох баримт байхгүй, мэдүүлгийн эх сурвалж байхгүй учраас үнэлэхэд эргэлзээтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэд хэдэн гэрч нарын мэдүүлгийг дурдсан боловч гэм буруутайг нотолсон гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэлгүй байна. Хохирогчийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзсэн байсан. Прокурорын зүгээс хохирогч хэрэгт удаа дараа маш олон удаагийн мэдүүлгийг өгсөн боловч түүний мэдүүлгийг үнэлэхэд эргэлзээ төрүүлэхээргүй байсан. Хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа шууд нэрлэн зааж байгаа нотлох баримт, түүний мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч И.Билигдэмбэрэл хохирогч руу халдсан үйлдэл хийгээгүй гэдэг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Шинжээч эмч Л.Амгалан гэмтэл авснаас хойш үйлдэл хийх боломжтой гэсэн мэдүүлэг өгсөн нөхцөл байдлаас хохирогчийн мэдүүлэгтэй уялдсан, харилцан бие биеийгээ нөхсөн байгаа учраас шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, нотлох баримтаар үнэлэх нь боломжтой. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа нөгөөг нь үгүйсгэсэн талаараа дүгнээгүй. Хохирогчийн мэдүүлгийг шууд үгүйсгэсэн нотлох баримт байхгүй учраас шийтгэх тогтоолд дүгнэж бичих хэрэгцээ шаардлага байхгүй байсан. Мөрдөн шалгах туршилт хийх ажиллагаа, нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа нэлээд удааширсан. Мөн ажлын байранд нь 3-н хүн багтаж суух боломжтой нь удаа дараагийн нотлох баримтуудаар тогтоогдсон учраас хохирогчийн мэдүүлгийг шууд үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн мэдүүлгийг үнэлэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрөхөөргүй байна.

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хохирогчийн мэдүүлэг үндэслэлтэй бөгөөд бусад нотлох баримттай зөрүүгүй учраас Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч И.Б , түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Прокуророос И.Б ийг хохирогч Ц.А-г ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч И.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч И.Б ээс ... Би Ц.А  д хүнд хохирол учруулаагүй, Ц.А   архины талыг уугаад 00 цагийн үед гэртээ харилаа гээд гарсан. Араас нь харж хаалганы хажуугийн арслангийн суурь дээр сууж тамхи татаж байгаад Дээд өргөн чөлөө рүү яваад өгсөн. Маргааш өглөө нь 10-11 цагийн үед н.Л.Д  эгч утасдаад Ц.А   ах чинь 03-05 цагийн үед ирсэн хүнд зодуулсан юм шиг байна гар утас нь байдаггүй гэж хэлж байсан. Гэтэл 10 гаруй хоногийн дараагаас намайг гүтгэж өөртөө хүнд гэмтэл учруулсан гэж мэдүүлэх болсон. Ц.А-г ийн өгсөн бүх мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй буюу ухаан алдаад сэрсэн гэх газрууд нь өөр өөр байдаг. Хэргийн газрын үзлэг болон туршилтаар ч намайг хүнд гэмтэл учруулсан гэдгийг нотлоогүй атлаа ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байгаа тул  үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү...гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгээс ...Хэрэгт авагдсан нотлох баримт Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн мөрдөн шалгах нэмэлт ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаар И.Б ийн үйлдлээс Ц.А  д хүнд гэмтэл учирсан гэх байдлыг нотолж тогтоогоогүй атлаа ял оногдуулсанд гомдолтой. Хохирогч Морин жимийн гадаа сэрсэн гэх газраа хашаан дотор, гадна гэх мэт өөр, өөр газар зааж яг хаана сэрснээ зааж чаддаггүй. Анхан шатны шүүх гэрч Л.Л.Д гийн 04-н цагт Ц.А   гэртээ хувцас нь тоос шороо болсон орж ирсэн, хэдэн согтуу залуучуудад зодуулсан гэх, гэрч Ө.О.А  миний дэргэд Ц.А-г  цохиж зодоогүй гэх, гэрч Ч.Д, Ч.С нарын ах нь хүнд зодуулчихсан юм шиг байна. Гэр оронд зодоон болсон шинжгүй эмх цэгцтэй байсан гэх, гэрч Д.Д-ийн  “залуучуудад зодуулсан гэж хэлж байсан” гэх мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж дүгнээгүй, няцаасан үндэслэлээ шийтгэх тогтоолдоо дурдаагүй. Иймд анхан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу шийдвэрлэж өгнө үү...гэх агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүгдэгч И.Б ийг хохирогч Ц.А-г ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөдөлбөргүй нотлон тогтоож чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ц.А-г ийн мөрдөн шалгах ажиллагаанд анх өгсөн ...Билгээ бид хоёр маргалдаж намайг сандал дээр сууж байхад Билгээ босож ирээд миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би ухаан алдсан нэг сэрээд ухаан ортол “Дээд өргөн чөлөө”-нд хэвтэж байсан. Тэгээд гэр рүү гээ ороход цаг 1 цаг өнгөрч байсан гэх, ... дахин өгсөн мэдүүлэгтээ ... гэнэт миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөж би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь би “Дээд өргөн чөлөө”-ний “Дэлгэрэх” дэлгүүрийн ойролцоо хашааны буланд хэвтэж байсан... Билгээ лангуу түшээд зогссон, архи аягалж байгаад намайг өшиглөсөн, би наад талд жижиг сандал дээр суусан, миний баруун гар талд Алзахгүй мөн сандал дээр сууж байсан... гэх, мөн дараагийн өгсөн мэдүүлэгтээ ...Билгээ надад хандаж та манай эхнэр хүүхдийг зайл гэж хэлсэн байна билээ гэж байснаа гэнэт миний цээж хэсэг рүү тийрч өшиглөсөн. Тухайн үед би архи хэрэглэсэн байсан учраас нэг хэсэг ухаан алдсан, тэгээд сэрсэн чинь Билгээгийн гэрийн хажуу талын Морин жимийн үүдэнд хэвтэж байсан. ...Би өөрөө О.А  баруун талд сууж байсан /өшиглүүлэхэд/...гэх,

Яллагдагч И.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19-20 цагийн үед намайг гэртээ байх үед цонх тогших чимээ гарсан, явж очоод хартал Ц.А  ах, О.А 2 зогсож байсан. Тэгээд би тэр 2-г гэртээ оруулж, Ц.А  ах 1 шил архи гаргаж ирээд би уг архийг хундагласан ба тухайн өдөр манай эхнэр Улаанбаатар хотоос ирж байсан учраас архинаас нь уугаагүй, уруулаа хүргээд л тавиад байсан. ...Миний гаргаж өгсөн архи талдаа орж байхад Ц.А  ах надад хандаж миний судсаар Нарангийн цус гүйж байгаа, миний аав Наран урьд нь шоронгийн атаман байсан мэдэж байгаа биз дээ гээд л хэл амаар доромжлоод, дарамтлаад байсан. Тэгэхээр нь би Ц.А  ахын эхнэр Л.Л.Д  руу утсаар холбогдоод “Ц.А  ах намайг хэл амаар доромжлоод агсам тавиад байна, та ирж авах юм уу” гэхэд хариуд наад хүн чинь гэрээсээ гараад 10 хоног гадуур архи ууж яваа хүн, хонож архиддаг хүмүүс нь авах юм байгаа биз, би очиж чадахгүй гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй Ц.А  ах гараад явсан ба би араас нь цонхоор хартал үүдний довжоон дээр суугаад тамхи татаж байгаа харагдсан. Тэгээд би орон дээрээ хэвтээд 5-6 минут болж байхад хаалга тогших чимээ гарсан, би бодохдоо Ц.А  ахыг байна гэж бодоод очтол манай эхнэр ирчихсэн байсан. Тухайн үед би гэрээс гараад Ц.А  ах байгаа үгүйг нь хараагүй, байсан бол манай эхнэр юун хүн гадаа сууж байгаа юм гэж хэлэх байсан байх...гэх,

Гэрч Л.Л.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Тухайн өдөр 19 цаг өнгөрсөн гэртээ байж байхад Билгээ утсаар залгаад О.Ц.А  ах манайд ирээд архи уугаад муудчихсан байна. Та манайд хүрээд ирэх үү гэхээр нь би амжихгүй өөрөө хүрээд ирнэ биз гэж хэлсэн. 00 цаг өнгөрч байхад И.Б залгаад О.Ц.А  манайхаас гараад явлаа та өмнөөс нь гараарай гэж хэлэхээр нь би зам дагаад ирж байгаа бол би тосож авна гэж хэлэхэд замаар яваагүй хойшоо явчихлаа гэж хэлсэн гэхээр нь Дээд өргөн чөлөө рүү явсан юм байна даа гэж бодоод орой болсон тул айгаад явж чадаагүй. Унтаж байхад хүн хаалга нүдээд байхаар нь очиход манай нөхөр Ц.А   хувцас нь битүү шороо болчихсон зогсож байсан. Би цаг харахад 4-н цаг болж байсан. Тэгээд би хайчаад ирж байгаа юм гэж асуухад би унтлаа гээд том өрөө рүү явчихсан. Би хойд өрөөндөө унтаж байтал ёолоод байсан... гэх,

Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Миний бие 2022 оны 03 дугаар сарын 26-ны 19 цагт Улаанбаатар хотын Драгон төвөөс Архангай аймгийн автобусанд ганцаараа сууж Хархорин суманд 2022 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 01 цагт буугаад гэртээ 01 цаг 10 минутын үед гэртээ ороход нөхөр И.Б  нь гэртээ ганцаараа байсан... гэх,

Гэрч О.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би 2022 оны хавар цаг хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна Хархорин сумын төвд Ц.А  ахтай таарч бид хоёр нэг шил архи уучихаад дэлгүүрээс дахиад нэг шил архи аваад И.Б  ахынд очсон. Очиход И.Б  ах ганцаараа байсан ба Ц.А  ах, И.Б  ах бид гурав авсан архиа хувааж уусан. Тэгсэн чинь И.Б  ах Ц.А  ахад хандан манай эхнэрийг янхан гэсэн байна лээ гээд хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Хэрүүл нь залхаад би гараад явсан. Намайг байхад тэр хоорондоо зодолдоогүй хэрэлдээд байсан...гэх, 

Хохирогч Ц.А, гэрч О.А нараас 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад...хохирогч Ц.А   “би гаднаас ордог хаалгаар ороод л нэг их холдолгүй хана талд модон сандал дээр (түшлэгтэй байсан болов уу) хойшоо хараад, гаднаас ордог хаалга руу нуруугаа харуулаад сууж байсан, О.А  баруун талд ширээний талд модон дээр сууж байсан... гэснийг гэрч О.А  ...би түрүүлээд И.Б ахын байр руу орсон, тэгэхэд хаалганы хажуу талын хана дагасан хар өнгийн машины суудал дээр Ц.А   ах бид хоёр зэрэгцээд суусан, би Ц.А   ахын дээд талд нь, Ц.А ах доор хаалга талд сууж байсан. Яалт ч үгүй машины суудал дээр зэрэгцээд суусан гэж мэдүүлсэн. И.Б ах Ц.А ах бид хоёрын сууж байсан талын эсрэг талд ширээний нөгөө талд сандал дээр сууж байсан. Намайг байхад Ц.А  , И.Б ах 2 хоорондоо маргалдаад сүүлдээ гар барьж эвлэрсэн. Өшиглөсөн гэх үед би байгаагүй гараад явчихсан байсан, намайг гарахад Ц.А   ах сууж байсан газартаа, И.Б ах ширээний эсрэг талд сууж байсан газартаа үлдсэн гэж,

хохирогч Ц.А нь И.Б-д  өшиглүүлснийг санаж байна, түүнээс яг хэд өшиглүүлснийг мэдэхгүй, хэзээ гэрээс гарснаа ч мэдэхгүй, ухаан алдаад сэрэхэд И.Б ийн гэрийн гадаа хэвтэж байсан. Морин жимийн модтой хашаанд орсон, ороогүйгээ мэдэхгүй байна, хашаа нь хаалгатай байсан байх... гэх,

Гэрч Д.Д-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Ц.А  бид хоёр нэг айлын хүргэн юм. Ц.А  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Нэг уухаараа хэд хоног уудаг юм. Тухайн өглөө Ц.А гийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гарсан, хордлоготой байх шиг харагдсан нэг их согтуу харагдаагүй. Надад хэлэхдээ юу ч санахгүй согтуу тасарсан байсан хэдэн банди нар зодсон гэж ярьж байсан... гэх,

Хохирогч Ц.А, гэрч Д.Д нарыг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд гэрч Д.Д-ийн  өгсөн ...болсон явдлын талаар асуухад “юу ч санахгүй согтуу тасарчих байсан, хэдэн банди нар зодсон” гэж мэдүүлсэн байна. Энэ үнэн үү гэж асуухад “Ц.А  надад хэлээгүй, эхнэр Л.Д  нь хэдэн согтуу залуучуудад зодуулчихсан, тэр залуучуудыг танихгүй гэж надад хэлснийг нь би хэлсэн...гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан 5455 дугаартай “...Ц.А-г ийн биед элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт, гэмтлийн шалтгаант цөсний хүүдийг авсан мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт,

Гэрч Д.Б-ийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн ...морин жимийн модон хашлагыг 2019 онд төмөр хайс болгосон. Замаа дагасан Г хэлбэртэй, 150 см өндөртэй төмөр хашлагатай, голоороо шигүү модтой байсан. Хаалгагүй хийгдсэн учир хашлагыг хүн мал орох, давах боломжгүй, өндөр үзүүртэй... гэх мэдүүлгүүд, туршилт хийсэн талаарх тэмдэглэл, бичлэг зэргийг дүгнэн үзэхэд хохирогч Ц.А-г ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдож байгаа хэдий ч шүүгдэгч И.Б ийн үйлдлээс учирсан болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдохгүй байна.

Учир нь: Хохирогч Ц.А-г ийн мэдүүлгүүдийг дүгнэхэд тухайн өдөр хэнд зодуулсан, хэдэн цагт гэртээ харьсан, мөн зарим мэдүүлэгтээ И.Б-д  өшиглүүлсэн гэх боловч аль хэсэгтээ өшиглүүлсэн /цээж, хэвлий/, ухаан ороод сэрэхдээ хаана сэрсэн талаараа эрс зөрүүтэй мэдүүлж, хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, хохирогчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогчийн эхнэр болох гэрч Л.Д , шүүгдэгчийн эхнэр болох гэрч Соёлзул нарын мэдүүлгээр хохирогч Ц.А нь шүүгдэгчийн гэрээс шөнийн 12 цаг өнгөрч байхад өөрөө гарч явсан, шөнийн 4-н цаг өнгөрч байхад гэртээ очсон нь тогтоогдсон.   

Хохирогч Ц.А нь анх өгсөн мэдүүлэгтээ хэдэн залуучуудад зодуулсан, дахин өгсөн мэдүүлэгтээ хэвлий хэсэг рүүгээ өшиглүүлсэн, түүний дараа өгсөн мэдүүлэгтээ цээж хэсэг рүү нь шүүгдэгч И.Б өшиглөхөд О.А  хамт байсан гэж мэдүүлж байгаа боловч гэрч О.А н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон нүүрэлдүүлэн авсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчийг өшиглөсөн гэх үйл баримт тогтоогдохгүй, хохирогчийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй.  

Мөн хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах, гэрч хохирогчийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад хохирогч Ц.А  нь шүүгдэгчийн гэрийн гадна буюу Морин жим пабын үүдэнд хэвтэж байсан, тухайн газрын хашаа нь хаалгатай байсан талаар тайлбарлаж мэдүүлэг өгсөн боловч гэрч Д.Батцэцэгийн мэдүүлгээр уг газар нь 2019 онд төмөр хайсан хашаатай болсон, хашаа нь 150 см өндөр үзүүртэй, төмөр хашлагатай, голоороо битүү модтой, хаалгагүй хийгдсэн нь тогтоогдон хохирогчийн мэдүүлэг үгүйсгэгдсэн.

Шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын давж заалдах гомдлууд нь үндэслэлтэй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Б-д холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хоригдож байсан шүүгдэгч И.Б ийг суллаж, шүүгдэгч нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 85 хоног, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 90 хоног, нийт 175 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Ишжамцын И.Б д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа шүүгдэгч И.Б-ийг сулласугай.
  3.  Ишцамцын И.Б  нь нийт 175 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.