| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0128/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/151 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1814000020108 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монос Петролиум” хүнсний дэлгүүрт худалдагч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 00 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг TS рестораны орчмоос иргэн *******ын гээгдүүлсэн Huawai маркийн гар утсыг олж өөртөө ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг TS рестораны орчмоос иргэн *******ын гээгдүүлсэн Huawai маркийн гар утсыг олж завшсан болох нь ...
Хохирогч *******ын 2017 оны 12 сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн ТS ресторанд байгууллагын шинэ жилээ тэмдэглэсэн. Тэгээд шөнийн 00 цагийн орчимд шинэ жилийн арга хэмжээ дуусаад хувцас тайлсан өрөөндөө ороод гадуур хувцасаа өмсөөд гэртээ хариад гар утсаа үзэхэд 01 цагийн орчимд миний гар утас байгаагүй. Тэгээд буцаагаад залгаад үзхэд холбогдохгүй байсан. Тэгээд машинд үлдээчихсэн байх гэж бодоод машиндаа үзхэд машинд бас байхгүй байсан. Тэгээд тэр шөнөдөө 01 цаг өнгөрч байхад буцаад ТS ресторанруу очиж утсаа хайж үзэхэд байгаагүй юм. Тухайн үед би манай байгууллагын ажилчид л олчихоод цааш нь хийчихсэн маргааш ажил дээр аваад ирэх байх гэж бодоод нэг их тоогоогүй. Тэгээд маргааш нь ажилчидаасаа асуухад миний утсыг авсан хүн байгаагүй. Тэгээд 25-ны өдөр Юнетейлын төв дээр очиж утсаа олж болох талаар асуухад цагдаагаас прокурорын зөвшөөрөлтэй албан бичиг авч ирж байж олддог гэхээр нь цагдаад өргөдөл өгсөн юм. 2017 оны 12 сарын 22-ны орой шинэ жилийн арга хэмжээ дуусаад гадуур хувцасаа өмсөхөөр хувцас сольдог өрөөрүү орохдоо бол гар утсаа аваад орж байсан юм. Тэгээд хувцасны өрөөнд жаахан саатаад манай ажилчид бас хоорондоо маргалдаад байхаар нь нөгөө залуучуудыг салгаж нааш цааш нь болгочихоод гэртээ хариад утсаа үзтэл л байгаагүй. 2017 оны 03 сард Гуанжу хотоос 1.200.000 төгрөгөөр авсан. Монголд зарагдаж байгаа үнэ ханшийг нь бол мэдэхгүй. Шаргал өнгийн гадаргуутай барын нүүрний зурагтай цоохор гэртэй 2017 онд үйлдвэрлэгдсэн утас байсан. Манай байгууллага нь Моноспетролиум ХХК-ны ажилчидтай цуг шинэ жилээ тэмдэглэдэг юм. Тэр компани нь манай эхнэрийн компани ба тус компанид хамгийн сүүлд шинээр ажилд орсон ******* гэдэг эмэгтэйг сэжиглэж байна. Утасны дугаар нь 88515108, 88074940. Яагаад гэвэл намайг хамгийн сүүлд гарч явхад тэр эмэгтэй байсан ба манай ажилчид авсан бол маргааш нь надад авч ирж өгөх ёстой. Утасны дэлгэц нь зөвхөн миний баруун гарын долоовор хурууны хээгээр л нээгдэнэ. Баянхонгор аймагт бол нээж ашиглах боломжгүй гэж бодож байна. Сүүлд бодоод байхад гадаа ч хаясан байж магадгүй юм байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-36/,
Насанд хүрээгүй гэрч *******ийн ... ******* нь орж ирээд нөгөө маргалдаж байсан хүмүүсийг салгачихаад буцаад гараад явсан. Маргааш нь ******* нь утсаар залгаад гар утас байхгүй байна гэж байсан. Тэгээд л удалгүй олдчихсон гэж сонссон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,
Шүүгдэгч *******гийн ... Миний бие 2017 оны 11 дүгээр сараас "Монос Петролиум" хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилласан юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын "Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ТS" ресторанд Онцгой байдлын газартай хамт зохион байгуулагдсан юм. Тэгээд тухайн өдөр ******* гэх хүн манай компаний жижүүрээр гарч байсан ба манайх тэр хүнээр шинэ жилийн арга хэмжээнд хүргүүлэн ирсэн юм. Тэгээд шинэ жилийн арга хэмжээ дуусахаар нь тэр хүнээр хүргүүлэх санаатай гадаа байгууллагын ажилтан *******гийн хамт зогсож байсан юм. Тэгээд *******руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би нөхөрлүүгээ залгаад дуудсан юм. Тэгээд тэр намайг найзынхаа хамт ирж авсан юм. Найзыг нь ******* гэж байсан утас дугаарыг нь бол мэдэхгүй байна. Гар утас олсон болохыг минь ******* мэдээгүй. ТS рестораны хаалганаас гараад рестораны хойд хэсэгрүү нь очоод 97-79 БНХ улсын дугаарын тээврийн хэрэгслийн хажуу хэсгээр нь зогсож байхад Huawai маркийн гар утас машины урд хаалганы харалдаа дэлгэц нь хагарсан байдалтай хэвтэж байсан. Би гар утсыг олж авчихаад *******гийн дэргэд очиж зогссон юм. Түүнд гар утас олсон болохоо хэлээгүй юм. Би нөгөө гар утас олсон талаар замдаа хэлээгүй. Гэртээ очсоны дараагаар хэлсэн юм. Манай нөхөр найзтайгаа цуг ирсэн. Би *******г хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь нөхөрлүүгээ залгахад найзынхаа хамт ирж намайг авч явсан. Би өөрийнхөө үйлдсэн хэрэгтээ ихээр гэмшиж байна. Надад хөнгөн ял оноож өгнө үү ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70/,
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64/,
Хохирогч *******т Huawai маркийн гар утасыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20/ зэрэг болон хэрэгт аваглсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч ******* нь гээгдүүлсэн эд хөрөнгө болох Huawai маркийн гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан болох нь хэргийн 20 дугаар талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА