| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2426004090111 |
| Дугаар | 2025/ДШМ/80 |
| Огноо | 2025-12-18 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/80
2025 оны 12 сарын 18 2025/ДШМ/80
С.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн,
Шүүгдэгч С.Б ,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/277 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор С.Б-д холбогдох эрүүгийн 2426004090111 тоот хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, С.Б
С.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар баг .... зүүн талын авто зам дээр согтуугаар тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.Ц-ын амь насанд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Сүхбаатарын Баярсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч С.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч С.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-д оршуулгын зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт нийт 53,780,972 төгрөгийг төлсөн, шүүгдэгч нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт баримтаар төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н нэхэмжилсэн оршуулгын зардлаас 525,716 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 13,223,523 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нэргүй нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/277 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасныг баримтлан нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах хуулийн боломж байна гэж үзэж байна. Шүүгдэгч С.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээж, үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас үрэгдэж, үр хүүхдүүд нь өнчрөл хагацал үзсэнд ихээхэн гэмшиж, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан мөнгөөр үнэлж болох хохирлыг төлж барагдуулсан, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байгаа болно.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/277 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Б-д нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасныг баримтлан нэг жил болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаагүй. Харин шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээж, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хүний амь насыг юугаар ч төлж чадахгүй хэдий ч хохирлыг шүүгдэгч сайн дураараа төлж барагдуулсан. Шүүгдэгчид 1 жил 6-н сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил хүртэл хугацаагаар хорих ялаар багасгаж болох боломж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас тухайн хэрэг болсон. С.Б нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч адилхан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэхдээ хүний амь нас хохирсон гэдгийг зөвтгөөд байгаа юм байхгүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж байгаа. С.Б нь Өвөрхангай аймгийн нутгийн хүн биш, 2-оос дээш насны 5-н нялх хүүхэдтэй гэр бүлтэй. Эдгээр нөхцөл байдлыг нь харгалзан үзнэ үү. С.Б нь чадлаараа зүтгэж байгааг харгалзан үзэж түүнд оногдуулсан 1 жил 6-н сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас 6-н сараар багасгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Би эхнэр 5-н хүүхэдтэй. Надад оногдуулсан ялаас багасгаж өгнө үү гэв.
Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож С.Б ыг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8-н жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 1 жил 6-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр гарсан. Шүүгдэгч С.Б ы үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр зэргийг харгалзан анхан шатны шүүхээс дээрх ялыг оногдуулсан нь үндэслэл бүхий шийдвэр гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс ... Шүүгдэгч С.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь: Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирч буйг тухайн хэргийн нөхцөл байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хор уршигт нийцсэн эсэх талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н нэхэмжилсэн оршуулгын зардлаас 525,716 төгрөгийн зардлыг талийгаачийн оршуулга, буяны үйл ажиллагаатай холбоотой зайлшгүй гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн, түүнчлэн 13,223,523 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн боловч үүнд ямар баримтууд хамаарч байгааг тодорхой дурдаагүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/277 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Б-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ