Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 207/МА2019/00094

 

 

*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Хостав ХХК-ийн захирал

Б.Бүрэнтогтоход холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00538 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хостав ХХК-ийн захирал Б.Бүрэнтогтоход холбогдох,

13.880.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие өөрийн танил найз Хостав ХХК-ийн захирал Б.Бүрэнтогтоход 2017 оны 04 дүгээр сард өөрийнх нь хүсэлт гуйлтын дагуу 42.2 тн улаан буудайг 1тн нь 400.000 төгрөгөөр бодож нийт дүн 16.880.000 төгрөгөөр тооцож зээлдүүлсэн. Б.Бүрэнтогтох нь улаан буудайн үнийг нэхэхэд өнөө маргааш өгнө гэх боловч төлөлгүй өдийг хүрлээ. Нийт төлбөрөөс тухайн ондоо 3.000.000 төгрөг төлж түүнээс хойш сайн дураар огт төлбөрөө хийсэнгүй. Иймд Хостав ХХК-ийн захирал Б.Бүрэнтогтохоос 13.880.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Бүрэнтогтох шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Хостав ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд 2017 оны 04 сард 42.2 тн улаан буудайг 1 тонныг 400.000 төгрөгөөр бодож худалдан авсан ба 3.000.000 төгрөгийг төлсөн. Ингээд байж байтал 8.000.000 төгрөгийн үнэтэй хурдан удмын алаг азаргыг нэхэмжлэгч гүүгээ хээлтүүлэх зорилгоор 1 жилийн хугацаатай авч явсан. Жилийн хугацаа болоход буцаагаад авах гэтэл дахин нэг жил байлгаад өгье гэж хэлээд өөрийн адуундаа байлгаж байсан. Би уг сүүлийн хугацаа болоогүй байхад өөрийн азаргыг буцаан авах гээд очтол үхчихсэн гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй. Шалтгаан нь тодорхойгүй үхчихсэн гэж хэлсэн. Ингээд бидний хооронд маргаан үүсч азаргыг төлбөрт тооцохоор болсон. Зөрүү төлбөрийн үлдэгдэл болох 5.880.000 төгрөгийг төлөхөөр болсон. Одоо үлдэгдэл 5.880.000 төгрөгийг төлөхөөс татгалзахгүй. Өрмөгтэй ХХК-аас улаан буудай аваад өгдөг журмаар өгнө гэж тайлбарласан. Өрмөгтэй ХХК, Хостав ХХК хоёр улаан буудай өгөлцөж, авалцаж байх үед алаг адуугаа манай хоёр гэр солилцож байсан. Манай алаг адууг одоо хүртэл өгөөгүй байгаа. Авсан, өгсөн зүйлээ үнэнээр нь хүлээн зөвшөөрч болдоггүй юм уу. Хоорондоо өчнөөн мөнгөний асуудлаар харилцаж байсан. Манайх *******гаас алаг адуугаа авчихвал мөнгийг нь төлнө гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00538 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Бүрэнтогтохоос улаан буудайны үнэ 13.880.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 227.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Хостав ХХК-ийн захирал Б.Бүрэнтогтохоос 227.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

******* ХХК нь нь иргэн Я.Биндэрьяагаас улаан буудай худалдан аваагүй Өрмөгтэй ХХК аас авсан баримт байх бөгөөд тухайн компанийн үйл ажиллагааг нөхөр Чимэгбат нь удирдаж байсан билээ.Иргэн Я.Биндэрьяа нь ******* ХХК д улаан буудай худалдсан талаарх нотлох баримт огт байхгүй байхад иргэн Я.Биндэрьяад төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхэд Өрмөгтэй ХХК - өр төлбөрийн үлдэгдэлтэй болохоо нотолсон баримтыг санхүүгийн тайлангийн баримтыг гаргаж өгөхөд үнэлээгүй атал нэхэмжлэгч өөрийгөө Өрмөгтэй ХХК ийг төлөөлөн нэхэмжлэх эрхтэй болохоо нотлоогүй байхад төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь нэхэмжлэгч түүний нөхөр Чимэгбат нарын компани гэх Өрмөгтэй ХХК ийн адуунд тэдний гуйснаар өгсөн 8.000.000 төгрөгийн үнэ бүхий өөрийн алаг адууг авч чадаагүй талаар мэдүүлдэг ба үүнийг буцаан өгөхгүй байгаа шалтгаан нь манай адууг бас өгөөгүй гэх тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргадаг ба хариуцагч одоог хүртэл 8.000.000 төгрөгийн адуугаа авч чадаагүй. Тухайн үед буцаан авах гэхэд улаан буудайны төлбөрт тооцъё гэж .Өрмөгтэй. ХХК ийн захирал гэх Чимэгбатын хэлж тохиролцсон асуудлыг нэхэмжлэгч үгүйсгэж, манай адууг одоо болтол өгөхгүй байгаа учир алаг адууг нь өгөөгүй гэх тайлбар гаргасан байдлыг шүүх анхаарч үзээгүй, хариуцагчид нэхэмжлэгч улаан буудай хүлээлгэн өгсөн гэх баримт, нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондох өр төлбөрийн тооцоо байгааг нотолсон баримт байхгүй байхад хариуцагчийг буруутган төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 243.1 р зүйлийн худалдах худалдан авах гэрээний нэг тал болох худалдагч нь нэхэмжлэгч өөрөө болохоо нотолсон баримтаар ирүүлээгүй байхад уг заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэлгүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.29 ны өдрийн 142/ШШ2018/00538 тоот шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Я.Биндэрьяа хариуцагч ******* ХХК-д холбогдуулан улаан буудайн үнэ 13.880.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Я.Биндэрьяагаас улаан буудай худалдаж аваагүй гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч ******* ХХК нь 2017 оны 4 дүгээр сард 42.2 тн улаан буудайг 16.880.000 төгрөгөөр худалдан авч 3.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл 13.880.000 төгрөгийг Өрмөгтэй ХХК-д төлөхөөр санхүүгийн тайланд тусгагдсан, Өрмөгтэй ХХК нь Үр тарианы гурил үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон байна.

Шүүх нэхэмжлэгч Я.Биндэрьяа нь Өрмөгтэй ХХК-тай хамаарал бүхий этгээд мөн эсэх, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй байх тул хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын ...Я.Биндэрьяа нь жинхэнэ нэхэмжлэгч биш тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00538 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.350 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ