Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 58

 

Х.Бат-Оргилд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

          Шүүгдэгч Х.Бат-Оргил

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан ялтны давж заалдах гомдлоор Х.Бат-Оргилд холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х.Бат-Оргил нь 2016 оны 06 дугаар сарын 03-10-ны хооронд Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Хоёр хайрханы хоолой гэх газраас нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэн улсын дугааргүй Даюун-150 маркийн мотоциклиор тээвэрлэн, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Баруун гашуун гэх газарт 101.85 кг цагаан гоёог хатааж хадгалан байгаль орчинд 6620250 төгрөгний хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Х.Бат-Оргилд Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: Х.Бат-Оргилыг байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчиж нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог зохих зөвшөөрөлгүй түүж, бэлтгэсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бат-Оргилыг 3 сар, 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бат-Оргилд оногдуулсан 3  сар, 1 хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бат-Оргилоос 33101250 төгрөгийг гаргуулан Өмнөговь аймгийн Байгаль хамгаалах санд оруулж, шүүгдэгч Х.Бат-Оргил нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирүүлээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар Х.Бат-Оргилын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 500000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, цэнхэр өнгийн, Супер Даюун маркийн мотоциклийг хураан авч улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар Х.Бат-Оргилд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан Х.Бат-Оргилын гомдолд: Миний биө нь баруун чих төрөлхийн сонсголгүйн улмаас эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар тогтоогдож одоо группт байдаг.

Би анхан шатны шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдож байгаа бөгөөд хоригдох хугацаанд бөөр давсаг өвдсөний улмаас шээсний өнгө хувирч өвдөж байгаа болно. Учир нь би давсагны чулуу авхуулах мэс заслыг хийлгэж байсан ба үүний улмаас сумын эмчийн байнгын хяналтанд байж эмчилгээ хийлгэдэг.

Хоригдсон хугацаанд эмчилгээ тасалдсаны улмаас биеийн байдал улам муудсаар байна. Иймд миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас баривчлах ялыг биечлэн эдлэх боломжгүй байдалд хүрээд байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Х.Бат-Оргилд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргаж байна. Х.Бат-Оргил нь 2016 оны 06 дугаар сарын 03-10-ны хооронд Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Ихэр хайрханы хоолой гэх газраас нэн ховор

ургамал болох цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн, улсын дугааргүй dayun-150 маркын мотоциклиор 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн Баруун гашуун гэх газар 101 кг, 85 гр гоёог хатааж байгаль орчинд 6620050 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Х.Бат-Оргилд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 86 дугаартай шийтгэх тогтоолоор байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсэн. Энэ хэргийн хохирол болох 33101250 төгрөгийг байгаль хамгаалах санд төлүүлэхээр шийдвэр гарсан. Ялтан Х.Бат-Оргил нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн байдлаар гомдлоо гаргасан. Х.Бат-Оргил нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрдөг. Өмгөөлөгчийн хэлж байгаа тайлбарт хариу тайлбар хэлэхэд шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй гэж байна. Энэ талаар гаргасан дүгнэлтийг өмгөөлөгч И.Олонмөнх болон ялтан Х.Бат-Оргил нарт танилцуулсан, ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, гаргасан дүгнэлттэй санал зөрөлдөөгүй нь сая шинжлэн судалсан нотлох баримтаас харагдаж байна. Шинжээч нарт Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсанаар шинжээч нар нь эрх, үүргийнхээ дагуу дүгнэлтээ гаргасан. Заавал шинжээчийн дүгнэлт гэж бичнэ гэсэн үг үсэг, хуулин дээр байхгүй. Шинжээч томилсон тогтоолын дагуу дүгнэлт гаргаж байгаа гэдгээ шинжээч нар бүрэн ойлгож, хуулийн дагуу дүгнэлтээ гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна. Х.Бат-Оргилын хувьд Эрүүгийн хуулинд заасан хамгийн доод хэмжээний баривчлах ялыг шүүхээс оногдуулсан бөгөөд баривчлах ялыг тэнсэх ойлголт хуулинд байхгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандахаас:  Миний бие давж заалдах шүүхийн шатнаас ялтан Х.Бат-Оргилын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгчийн хувьд дараах хоёр үндэслэлийг хэлье. Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байдаг. Энэ тогтоолоо тухайн үед мөрдөн байцаалтын шатанд ажиллаж байсан өмгөөлөгч И.Олонмөнхөд танилцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлд заасан шинжээчид асуулт тавих эрхийг зөрчиж байна. Энэ тогтоолоороо Жамъян, Шинэбаяр нарыг томилсон байдаг ба эдгээр шинжээч нар нь шинжээчийн дүгнэлт биш, үнэлгээний тайлан гаргаж ирүүлсэн. Үнэлгээний тайланг яагаад дүгнэлт биш байна гэж үзээд байна вэ гэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 162 дугаар зүйл дээр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийг тусгана гэсэн байдаг. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх хэсэгт тодорхой дурьдсан байна. Мөн анхан шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэхэд эд мөрийн

баримтаар хураагдаж ирсэн мотоцикль, хүрзийг хэргийн оролцогчдод биечлэн танилцуулаагүй хуралдааныг явуулсан. Иймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Бат-Оргилоос: 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр анхан шатны шүүх хурал болсон. Түүнээс хойш 10-аад хоногийн дараа миний давсагруу хатгуулж өвдөөд байгаа. Байнга эмчийн хяналтанд байдаг. Одоо ч гэсэн зовиуртай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч Х.Бат-Оргилын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд

Шүүгдэгч Х.Бат-Оргил нь 2016 оны 06 дугаар сарын 03-наас 10-ны хооронд Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Хоёр хайрханы хоолой гэх газраас 101,85 кг нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэг /цагаан гоёо/-ийг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэн, улсын дугааргүй Даюун-150 маркийн мотоциклиор тээвэрлэн, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хатааж хадгалан байгаль орчинд 6620250 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхгэрэл, гэрч Б.Гантуяа, С.Мөнхсайхан, А.Хүдэр-Эрдэнэ, шүүгдэгч Х.Бат-Оргил нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, улсын байцаагчийн акт, хураагдсан эд зүйлийг устгасан тухай тэмдэглэл, эд мөрийн баримт зэргээр тус тус нотлогдон тогтоогджээ гэж  анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Х.Бат-Оргил нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн ба түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруу, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шинж чанарт тохирчээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтоож болохоор Эрүүгийн хуульд заасан байна.

Гэтэл анхан шатны шүүхээс Х.Бат-Оргилд хорих ял оногдуулаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нөхөн төлөөгүй байх тул түүнд оногдуулсан баривчлах ялыг шүүх тэнсэж, хянан харгалзах хууль зүйн үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах нь шинжээч томилсон тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгчид танилцуулаагүй, шинжээч нар нь

дүгнэлт биш тайлан гаргасан, шүүх хуралдаанд эд мөрийн баримтуудыг шинжлэн судлаагүй учир хэргийг мөрдөн байцаалтанд шилжүүлж өгөхийг хүссэн тайлбарыг гаргасан боловч “Ашид билгүүн” ХХК-ий 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээний тайланд Х.Бат-Оргилын эзэмшлийн улсын дугааргүй, 2014 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Dayun 150 маркийн мотоцикль нь 2016 оны 06 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнээр 500000 төгрөгний үнэтэй болохыг тодорхойлж үнэлгээний ажлыг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болгон дүгнэлт үйлдэж, үнэлгээний дүгнэлт гаргасан гэж гарын үсгээ шинжээч нар зурсан /хх-36-38/ ба шинжээчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан яллагдагч, өмгөөлөгч нар танилцаад /хх-39/ маргаан үүсгээгүй, хавтас хэрэгт эд мөрийн баримтуудыг гэрэл зургаар бэхжүүлэн авч /хх-10, 35, 69/ шүүх хуралдаанд эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж /хх-92/ оролцогч нараас эд мөрийн баримттай холбогдуулан асуулт асуух эрхийг олгожээ.

Харин Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Б.Эрзоригийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шинжээч томилж, эд зүйлийн үнэлгээ тогтоолгох тухай тогтоолыг сэжигтэн, яллагдагчийн өмгөөлөгч И.Олонмөнхөд танилцуулаагүй нь хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болоогүй, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр  нөлөөлөөгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Бат-Оргилын “анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж тэнсэн хянан харгалзаж өгөхийг хүссэн” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэг, мөн хуулийн 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х.Бат-Оргилын “анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж тэнсэн хянан харгалзаж өгөхийг хүссэн” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           П.ДОЛГОРМАА

                                      ШҮҮГЧИД                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                    Х.ГЭРЭЛМАА