Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1045

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б******* оролцуулан “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нэээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Э*******” ХХК-ийн МВ-00******* тоот тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн захирал Д.Б******* 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тус компани Х******* аймгийн Д******* сумын нутагт У гол хэмээх газарт 93.87 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан. 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 30 жилийн хугацаатайгаар энэхүү тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. 2009 оны урт нэртэй хууль гарснаар манай компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын дагуу сэргээлгэх боломжтой эсэх талаар хүсэлтийг хариуцагч талд өгсөн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл сэргээгдэх боломж байхгүй гэсэн хариуг өгсөн учраас бид шүүхэд хандсан. 2012 оны 295 тоот Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын тушаалаар цуцалсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар цуцалж байна гэж ярьдаг. Нөхөн олговор олгоогүй байж цуцалсан. Бид энэ байдал дээр нь хангалттай гомдол гаргаад явж байсан. Манай зүгээс төрийн байгууллагын удаа дараа гаргасан тогтоол, журмуудад хүндэтгэлтэй хандсан. Бид 30 жилийн ашиглалтын эрхтэй байсан, маш их хэмжээний хөрөнгө оруулсан учраас эргээд сэргээх гэж гаргаж байгаа бүх нөхцөл байдалд хүлээцтэй хандаж, хүсэлтийг тухайн үед нь гаргасан боловч шийдээгүй. Дахин тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлт өгсөн боловч тусгай зөвшөөрлийг цуцалсан байна гэсэн хариуг өгсөн байдаг. Иймд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 тоот шийдвэрийн “Э*******” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус захиргааны акт тул үүнийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж, МВ-00******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М******* 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрээр Х******* аймгийн Д******* сумын нутагт орших У гол нэртэй 93.87 гектар талбай бүхий ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон. 2009 онд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдан гарсан. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу 4.1-д заасан газрын хил заагийг Засгийн газар тогтооно гэж заасан. Дээрх зүйлд зааснаар Засгийн газар 2011 оны 174 тогтоолоор 7211 солбицлыг геологи уул, уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. ******* тоот тусгай зөвшөөрөлтэй талбай нь хэсэгчилсэн байдлаар давхцалтай байсан. 2010 онд 289 тоот Засгийн газрын тогтоол батлагдсан. Энэ тогтоол нь урт нэртэй хуульд нийцүүлээд нөхөн олговор олгох журмыг баталсан. Журмын дагуу энэ хуульд хамрагдаж буй компаниуд руу мэдэгдсэн. Мэдэгдсэн нөхөн олговор авах хүсэлтээ ирүүлээгүй байвал цуцалсан байдлаар  шийдвэрлэсэн. Мэдэгдлийг зарим компани руу явуулсан. Өдөр тутмын хэвлэл болон ашигт малтмалын веб сайтаар дамжуулан мэдээлсэн. “Э*******” ХХК нь нөхөн олговрын 4.2-т заасан хугацаанд хүсэлт гаргаагүй. Манай байгууллагаас 69 компани нөхөн олговор авах хүсэлтээ ирүүлсэн гэж албан бичгийг Сангийн яам руу явуулсан. Тухайн үеийн сангийн яамны дэд сайд нь хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуй нэгжид нөхөн олговор олгох үндэслэлгүй гэж дурдсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасныг баримтлан тусгай зөвшөөрлийг цуцалсан. Уг шийдвэрийг гаргахаас өмнө мэдэгдлийг 2012 онд албан бичгээр нэхэмжлэгч компанид хүргүүлсэн бөгөөд энэ нь  Ашигт малтмалын газрын 2012 оны шуудангийн бүртгэлийн дэвтрээр нотлогдож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар дээд шатны  албан тушаалтанд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  А.Д******* 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь Х******* аймгийн Д******* сумын нутагт У гол хэмээх газарт 93.87 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан. 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 30 жилийн хугацаатайгаар энэхүү тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. 2009 оны урт нэртэй хууль гарснаар манай компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын дагуу сэргээлгэх боломжтой эсэх талаар хүсэлтийг хариуцагч талд өгсөн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл сэргээгдэх боломж байхгүй гэсэн хариуг өгсөн учраас бид шүүхэд хандсан. 2012 оны 295 тоот Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын тушаалаар цуцалсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар цуцалж байна гэж ярьдаг. Нөхөн олговор олгоогүй байж цуцалсан. Бид энэ байдал дээр нь хангалттай гомдол гаргаад явж байсан. Манай зүгээс төрийн байгууллагын удаа дараа гаргасан тогтоол, журмуудад хүндэтгэлтэй хандсан. Бид 30 жилийн ашиглалтын эрхтэй байсан, маш их хэмжээний хөрөнгө оруулсан учраас эргээд сэргээх гэж гаргаж байгаа бүх нөхцөл байдалд хүлээцтэй хандаж, хүсэлтийг тухайн үед нь гаргасан боловч шийдээгүй. Дахин тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлт өгсөн боловч тусгай зөвшөөрлийг цуцалсан байна гэсэн хариуг өгсөн байдаг. 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 тоот Кадастрын хэлтсийн даргын шийдвэр илт хууль бус захиргааны акт байна. 00******* тоот тусгай зөвшөөрлийг сэргээлгэхийг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрээр Х******* аймгийн Д******* сумын нутагт орших У гол нэртэй 93.87 гектар талбай бүхий ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон. 2009 онд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдан гарсан. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу 4.1-д заасан газрын хил заагийг Засгийн газар тогтооно гэж заасан. Дээрх зүйлд зааснаар Засгийн газар 2011 оны 174 дүгээр тогтоолоор 7211 солбицлыг геологи уул, уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. ******* тоот тусгай зөвшөөрөлтэй талбай нь хэсэгчилсэн байдлаар давхцалтай байсан. 2010 онд 289 тоот Засгийн газрын тогтоол батлагдсан. Энэ тогтоол нь урт нэртэй хуульд нийцүүлээд нөхөн олговор олгох журмыг баталсан. Журмын дагуу энэ хуульд хамрагдаж буй компаниуд руу мэдэгдсэн. Мэдэгдсэн нөхөн олговор авах хүсэлтээ ирүүлээгүй байвал цуцалсан байдлаар шийдвэрлэсэн. Мэдэгдлийг зарим компани руу явуулсан. Өдөр тутмын хэвлэл болон ашигт малтмалын веб сайтаар дамжуулан мэдээлсэн. “Э*******” ХХК нь нөхөн олговрын 4.2-д заасан хугацаанд хүсэлт гаргаагүй. Манай байгууллагаас 69 компани нөхөн олговор авах хүсэлтээ ирүүлсэн гэж албан бичгийг Сангийн яам руу явуулсан. Тухайн үеийн сангийн яамны дэд сайд нь хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуй нэгжид нөхөн олговор олгох үндэслэлгүй гэж дурдсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасныг баримтлан тусгай зөвшөөрлийг цуцалсан. Цуцалсан тухайгаа компаниуд руу мэдэгдэл явуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчээс “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Э*******” ХХК-ийн МВ-00******* тоот тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч  “Э*******” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын ашиглалтын МV-00******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, цуцлуулах өргөдлийг гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газраас тус өргөдлийг хүлээн авч, Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, Сангийн яамны дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн талбайг буцаан олгох асуудлыг шийдээгүй тул өргөдлийг шийдвэрлэх боломжгүй тухай албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлжээ. 

“Э*******” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2001 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 120 дугаар шийдвэрээр Х******* аймгийн Д******* сумын нутаг, У гол нэртэй 93 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар олгож шийдвэрлэсэн байна. 

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлан гаргаж, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж, мөн зүйлийн 4.3-т “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ. 

Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийг заагийг хэсэгчлэн тогтоосон байх бөгөөд уг хилийн зааг дотор “Э*******”  ХХК-ийн МV-00******* дугаартай тусгай зөвшөөрлөөр эзэмших талбай нь хэсэгчлэн хамрагдсан болох нь уг тогтоол болон хариуцагчаас ирүүлсэн ашигт малтмалын кадастрын тойм зургаар тус тус тогтоогдож байна. 

Ашигт малтмалын газрын  Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам, Сангийн яамны дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичиг зэргийг баримтлан ““Э*******”  ХХК нь “нөхөн олговор авах хүсэлтээ нөхөн олговрын журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эс, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн эзэмших МV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байх бөгөөд тийнхүү шийдвэрлэсэн үндэслэлдээ: өдөр тутмын сонин болох “Зууны мэдээ” сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрүүдийн 239/240 дүгээр дугааруудад болон “Үндэсний шуудан”, “Үнэн” сонинуудад, хариуцагч байгууллагын www.wram.gov.mn цахим хуудсаар болон нөхөн олговор олгох журмын дагуу нэхэмжлэгч компанид нөхөн олговор авах хүсэлтээ ирүүлээгүй,  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж заасныг болон Сангийн яамны дэд сайдын 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичиг зэргийг дурдан тодорхойлжээ.

Эндээс үзвэл Ашигт малтмалын газраас “нөхөн олговор авах тухай хүсэлтээ ирүүлэх” тухай албан бичгийг хүргүүлсэн, нэхэмжлэгч аж ахуйн нэгж уг албан бичгийг хүлээн авсан эсэх дээр талуудын аль аль нь маргахгүй байх бөгөөд нэхэмжлэгч талаас Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу нөхөн олговор олгоогүй атлаа “0” төгрөгийн нөхөн олговор олгов гэсэн үндэслэл гарган тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг нь цуцалсан нь хууль бус гэж үзэн маргасан нь үндэслэлтэй байна.

Учир нь Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлээр нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөн олговор авах тухай хүсэлт гаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй” байхаар журам тогтоожээ. Энэ заалтаас үзвэл “нөхөн олговор олгохгүй байх” тухайн нэг тохиолдлыг зохицуулсан байгаа болохоос тусгай зөвшөөрлийг цуцлахаар тогтоосон зохицуулалт биш байна. 

Журмын 5 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах харилцааг журамласны дотор буюу журмын 5.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ. Харин Ашигт малтмалын тухай хуулиар Ашигт малтмалын газарт “нөхөн олговор олгоогүй” тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалтыг тусгаагүй байна.

Иймд дээрх хуулийн зохицуулалт болон журмын дээрх заалт нь “нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах” эрхтэй байхад хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ нь Сангийн яамны дэд сайдын албан бичгээр “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлтээ 90 хоногийн дотор гаргаагүй тул “0” төгрөгийн нөхөн олговор олгосноор тооцно” гэж тайлбарлаж байгаа нь буруу байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг “0”-тэй тэнцүүлэн олгох эрхийг хариуцагч байгууллага болон бусад байгууллагад олгоогүй байхад нэхэмжлэгч ““Э*******” ХХК-ийг хүсэлтээ гаргаагүй гэсэн үндэслэлээр нөхөн олговрыг “0” гэж үзээд, түүнийгээ олгосонд тооцон зохих шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг зөрчсөн шийдвэр болжээ.

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 174 дүгээр тогтоолын Хянавал хэсэгт “...тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг хуульд өөрөөр заасан байхад тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 295 дугаар шийдвэрийн холбогдох заалт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасантай нийцээгүй тул хууль бус захиргааны акт гэж үзнэ” гэжээ. 

Мөн хариуцагч захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргахдаа хуулийн тухайн зүйлд зааснаар буюу 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж зааснаар тус зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болох нь шүүх хуралдаан дээр гаргасан “Мэдэгдээгүй” гэсэн тайлбараар тогтоогдож байх тул маргаан бүхий актыг хуульд заасан журмын дагуу гаргаагүй болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийг “нөхөн олговор авах хүсэлтээ ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр түүний нөхөн олговор авах эрхийг хязгаарлаж, улмаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцалж шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын / хуучин нэрээр/ шийдвэр хууль бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоож, “Э*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан  нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Э*******” ХХК-ийн МВ-00******* тоот тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан талсан 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧАНЦАЛНЯМ